Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 11

 

“Мөнхийн үсэг групп” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Ч.Тунгалаг, Ц.Сумъяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сонинбаяр, Д.Жамсранжав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 534 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 495 дугаар магадлалтай, “Мөнхийн үсэг групп” ХХК-ний нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны А/171 дүгээр тушаалаар батлагдсан Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагч Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Мөнхийн үсэг групп” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2014 онд Татварын ерөнхий газраас зарласан ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерт оролцсон боловч Татварын ерөнхий газраас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн, Сангийн яаманд гомдол гаргаснаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/5898 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хууль бус журамд нийцүүлж дахин хийх үүргийг захиалагчид өгсөн ч Татварын ерөнхий газраас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай компанийг дахин тендерт шалгараагүй болох талаар мэдэгдсэн. Компанийн зүгээс Сангийн яаманд дахин гомдол гаргасан боловч тус яамнаас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн.

Тендерт 2 аж ахуйн нэгж оролцсон бөгөөд Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт 2 багцад үнэлгээ хийхэд тендерт оролцогчид бүх шаардлагад нийцсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т зааснаар хамгийн бага харьцуулах үнийн саналаар “Үндэсний үнэт цаас” ХХК-ийг шалгаруулсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шалгарсан аж ахуйн нэгжийн тендерийн 2 багцад өгсөн нэгж үнээр тендерийн техникийн тодорхойлолтын дагуу онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, наах төхөөрөмж суурилуулах, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэхэд үйлдвэрлэлийн өөрийн бодит өртгөө ч нөхөхгүй, хэрэгжих боломжгүй үнийн саналыг захиалагч “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хэрэв уг нэгж үнээр 2 багц тус бүрт тендерт шалгарагч онцгой албан татварын тэмдэг хэвлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх тохиолдолд Сангийн яамнаас 2009 онд зарласан тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх тендерт "Үндэсний үнэт цаас" ХХК шалгарсны дагуу энгийн оффсет хэвлэлийн аргаар онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлж байгаа тохиолдолд дахин давтагдах нөхцөл байдал үүсээд байгаа төдийгүй онцгой албан татварын тэмдгийн талаарх төрийн бодлого хэрэгжих боломжгүй болж байна. "Үндэсний үнэт цаас" ХХК нь өмнө нь тамхины онцгой албан татварын тэмдгийг үйлдвэрлэхдээ хуулиа зөрчин нэг ижил дугаартай кодоор үйлдвэрлэж байсан. Энэ талаар бид гомдол гаргасан. Үүний дагуу гуравдагч этгээд нь тамхины онцгой албан татварын тэмдгийг дугаарлаж эхэлсэн. Импортын тамхины хувьд өнөөдрийг хүртэл хуулиа зөрчиж нэг тэмдэгтэйгээр явж байна.

Хуульд заасны дагуу тендер зарласан эсэх, тендер шалгаруулалт хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэх талаар захиалагч болон төрийн захиргааны төв байгууллагад удаа дараа гомдол, тайлбар гаргах зэргээр хандсан боловч тодорхой үндэслэлтэй хариу өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тендерийг хуульд бүрэн нийцүүлж явуулсан. ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан. Энэхүү тендерийн материалыг 4 компани авч, тендерт “Мөнхийн үсэг групп” ХХК, Top of Form

“Үндэсний үнэт цаас” ХХК-иуд оролцож, материалаа ирүүлснийг Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо архи, дарсны тэмдгийн багц болон тамхины тэмдгийн багц тус тус 2 багцад үнэлгээ хийхэд тендерт оролцогчид тендерийн бүх шаардлагыг хангасан. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасныг үндэслэн хамгийн бага харьцуулах үнийн саналаар “Үндэсний үнэт цаас” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргасан бөгөөд энэ тухай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2а/2785 тоот албан бичгээр “Үндэсний үнэт цаас” ХХК тендерт шалгарсан болохыг, мөн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2а/2786 тоот албан бичгээр “Мөнхийн үсэг групп” ХХК-д тендерт шалгараагүй болохыг тус тус мэдэгдсэн.

Нэхэмжлэгч гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгээр тендерийн баримт бичгийн дахин хянаад энэ талаар “Мөнхийн үсэг групп” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2а/3100 тоот албан бичгээр тендерт шалгараагүй тухай болон тендерт шалгараагүй үндэслэлийн хамт хүргүүлсэн. Мөн “Үндэсний үнэт цаас” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2а/3099 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацаанд гэрээ байгуулахыг дахин мэдэгдэж, ТЕГ-ТШ-2014/04-SР14058, ТЕГ-ТШ-2014/04-SР14049 дүгээр гэрээг байгуулаад байна.

Захиалагч болон Үнэлгээний хороо тендерийн үнийг тогтоох эрхгүй бөгөөд үнийг тендерт материалаа ирүүлж байгаа компани ирүүлдэг учраас тухайн компани хариуцлагаа хүлээгээд явна. “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн санал болгосон тэмдгийн загвар "Мөнхийн үсэг групп" ХХК-ийн санал болгосон тэмдгийн загвараас хэд хэдэн давуу талтай байсан. Иймд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч Үнэлгээний хорооны дарга А.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан. Тендерт "Мөнхийн үсэг групп” ХХК, "Үндэсний үнэт цаас" ХХК-иуд оролцож, материалаа ирүүлснийг Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо архи, дарсны тэмдгийн багц болон тамхины тэмдгийг тус тус 2 багцад үнэлгээ хийхэд тендерт оролцогчид тендерийн бүх шаардлагыг хангасан. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасныг үндэслэн хамгийн бага харьцуулах үнийн саналаар "Үндэсний үнэт цаас" ХХК-г шалгаруулж, захиалагчид зөвлөмжийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн.

“Үндэсний үнэт цаас” ХХК болон “Мөнхийн үсэг групп” ХХК-иуд нь онцгой албан татварын тэмдгийг олон жил үйлдвэрлэсэн. Тендер шалгаруулалтыг 2 удаа явуулахад хоёулаа шаардлагад нийцэж байсан, гагцхүү үнийн хувьд ялгаатай байсан. Иймд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түмэнжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэл нь "Үндэсний үнэт цаас" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Манай компани 2009 оноос шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд олон технологиудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн.

Манай компанийн 2 багцад өгсөн нэгж үнээр техникийн тодорхойлолтод тусгагдсан систем нэвтрүүлэхэд үйлдвэрлэлийн өөрийн бодит өртгөө нөхөхгүй гэжээ. Гэвч “Үндэсний үнэт цаас” ХХК нь дээр дурдсанчлан 2009 оноос эхлэн шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, программ хангамжийг шинэчлэн сайжруулж үйлдвэрт нэвтрүүлснээр үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний нэгж өртгийн үнэ буурсан, түүнчлэн 2 багцад санал болгосон үнийг бодит өртгөө нөхөх эсэхийг нэхэмжлэгч үнэлэх, дүгнэх ямар ч боломжгүй юм. Манай компанийн үнийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтуудыг зөрчиж хамгийн бага үнэ, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг орхигдуулан өндөр үнэ санал болгосон тендерийг захиалагч Татварын ерөнхий газар сонгон шалгаруулах хууль зүйн үндэслэлгүй. Өөрсдийн хийж чадахгүй гэх хардлагаар бичсэн, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан.

Манай компанийн санал болгосон тэмдгийн загвар нь тендерийн тодорхойлолтод бүрэн нийцсэн дээд зэргийн нууцлалтай, орчин үеийн мөнгөн дэвсгэртүүдийн гол нууцлал болох тусгай OVI будаг ашиглах, бар кодын шинэ системийг бий болгосон, тэмдэг бүр нь давтагдахгүй дугаартай, тусгай мэдээлэл агуулсан программ хангамж, ухаалаг утсаар шалгах боломжтой төдийгүй торгон хэвлэл, өндөр хэвлэл, дижитал хэвлэлийн аргуудыг хэрэглэхээр бэлтгэл ажлаа дуусгаад байна.

Тендерт шалгарч гэрээ байгуулснаар тусгай зориулалтын цаас, будаг, тоног төхөөрөмж худалдан авахад таван зуу орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Татварын ерөнхий газраас онцгой албан татварын загварыг баталсны дагуу гэрээг дахин байгуулж, ирүүлсэн загварын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс онцгой албан татварын тэмдгийг хэвлэж эхэлсэн. Иймд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 534 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг баримтлан “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 495 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 495 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

"Мөнхийн үсэг групп" ХХК-ийн нэхэмжпэлтэй, Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны А/171 дүгээр тушаалаар батлагдсан Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд "Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 534 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж" шийдвэрлэсэн.

 

Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцож буй оролцогчийн хувьд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэгдүгээрт

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 495 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгт "... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаагүй байх тул ... гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ... шийдвэрлэв" гэжээ.

Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Шүүх хуралдааны дэг гэсэн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 101-114 дүгээр зүйлд заасан журмаар зохицуулагдана" гэсний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар "... хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг ... шийдвэрлэнэ" гэжээ. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг хуралдаан даргалагчийн зүгээс тайлбарласнаар хэргийн оролцогч нараас хүсэлт байгаа эсэхийг лавлахад ганцхан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан байдаг бөгөөд шүүхээс тухайн хүсэлтийг шийдвэрлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхэлсэн байдаг.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлэлцүүлэгийн шат буюу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш шүүхэд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэлэлцүүлэгийн шатанд гаргасан хүсэлтийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааны дэгийг зөрчин хүлээж авах боломжгүй.

Гэвч Давж заалдах шатны шүүх ийнхүү нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг анхааралгүй зөвхөн хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт

Дээрх магадлалын ХЯНАВАЛ хэсэгт "... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... би хуульч биш, хэргийн талаар сайн мэдэхгүй, тайлбар гаргах боломжгүй нотлох баримт байхгүй... түүний хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг зөрчсөн" гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа адилхан эрх, үүрэгтэйгээр маргаанд оролцох эрхийг олгосон байдаг. Ийнхүү анхан шатны шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн байх тул хэргийн талаар сайн мэдэхгүй, нотлох баримт байхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй.

Түүнчлэн хуульч биш мэдэхгүй байх нь хэргийг шийдвэрлэхэд саад болох ёсгүй юм.

Гуравдугаарт

Мөн дээрх магадлалын ХЯНАВАЛ хэсэгт нэхэмжлэгч "Мөнхийн үсэг групп" ХХК-ийн хууль зүйн туслалцаа авах эрх болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх нь зөрчигдсөн байна" гэжээ.

 

Гэтэл энэхүү маргааныг анхан шатны шүүх 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэрэг үүсгэж 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хурал зарласнаас хойш зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтүүдийн улмаас шүүх хурал 8 удаа хойшилж 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шийдсэн байдаг. Анхан шатны шүүх шийдвэртээ нзхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдааны товуудыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ч удаа ирээгүй, гурав дахь дээр нь хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэсэн байдаг. Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралд оролцох эрхийг нь хангалттай хангасан байдаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн үндэслэлтэй байдаг.

Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа нь шүүх хуулийг буруу хэрэглэж хэргийг шударгаар шийдвэрлэгдэх боломжгүй болгож байна.

Иймд дээрх тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Bottom of Form

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.1, 88.3.3-т тус тус заасантай нийцжээ.

Тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадоржоос анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан “...миний хувьд техникийн талаас мэдээлэл өгөхөөр хуралд ирсэн /нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлах боломжгүй/, ...манай өмгөөлөгч Н.Мандахад нотлох баримт байгаа”, “...манай өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхцсан, ...шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцмоор байна” гэсэн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан “...  хэрэг  хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн байхад нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн  69.2-т заасны дагуу шүүх “... хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл уг хэргийг хянан шийдвэрлэх” эрхтэй, энэ нь хэргийн оролцогчийн “шүүх хуралдаанд биечлэн оролцох” эрхийг хангаагүй гэх үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 88115523, 91910332 дугаар утсанд холбогдож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, Н.Мандах нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Н.Мандахын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн” гэсэн дүгнэлт үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дээрх байдлаар зөрчсөн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 495 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХТУЯА