Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 5

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул                                               

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                        О.Доржмаа

Хохирогч                                         А.А-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Чинбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын М-д холбогдох эрүүгийн 201609000587 дугаартай 171/2016/0236/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Харчу овогт Б-ын М- /РД: МЖ96092219/ 1996 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн хүнд машин механизмын засварчин, жолооч мэргэжилтэй, “Мөнх дэгжих гал” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 4 дүгээр хэсэг, 42 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Дархан сумын 8 дугаар баг, 15 дугаар байрны 19 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.М- нь 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 25 дугаар байрны гадаа хохирогч А.А-ыг зүй бус харьцаа гаргахад түүнтэй маргалдаж, улмаар А.А-ыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаартай  шийтгэх тогтоолоор

-Шүүгдэгч Харчу овогт Б-ын Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Харчу овогт Б-ын М-д 400 /дөрвөн зуун/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатай зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.М-д анхааруулж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Б.М- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөрт 388.000 төгрөг төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч А.А- нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гэрэл зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, 1 ширхэг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Хохирогч А.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Түүний гэмт хэрэг үйлдсэн байдал нь шөнө оройн цагаар бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, чанга орилж, хашгирч байх үед “та нар ингэж шинэ хороололд ирээд чанга ярьж болохгүй шүү” гэсэн үл ялиг зүйлээр шалтаглаж, миний эрх чөлөөнд халдан догшин авирлаж танхайрсан байхад хэргийг анхнаасаа буруу зүйлчилсэн бөгөөд миний хувьд энэ хүнд дээрх байдлаар амгалан тайван байдлыг сануулснаас өөр ямар ч гэм хор хүргээгүй. Би түүний биед хүрч цохиж зодоогүй, надтай цуг явж байсан залуу тэр хоёр маргалдаж цохилцсон тусдаа үйлдэл байхад яагаад намайг шалтгаангүй зодож бүхэл бүтэн 5 шүднээс минь салгаж хохироож байгаа юм бэ. Намайг ингэж хохироох хохирогч миний ямар буруутай үйлдэл нөлөөлсөн болоод энэ хэргийг танхайн сэдэлтээр биш хувийн сэдэлтээр зүйлчилснийг ойлгохгүй байна.

Би хэрхэн зодуулж, хохирсон байдлаа үнэн зөвөөр хууль сануулж мэдүүлэг авахад хэлсэн бөгөөд тухайн үед Б.М- намайг гараараа биш нүүр рүү маань өвдөглөж, улмаар өшиглөсөн гэдгийг би мэдүүлгээрээ өгсөн ч энэ талаар тухайн үед хамт байсан хүмүүс “сайн хараагүй” гэсэн үндэслэлээр Б.Мөнх-Эрдэний “гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон” гэдэг мэдүүлэгт тулгуурлаж байгааг би одоо хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь хянаж хэргийн зүйлчлэл, түүний гэм бурууд тохирсон эсэхийг хянаж өгнө үү” гэжээ.

Хохирогч А.А- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хохирлын талаар ялтан болон түүний ар гэрийнхний зүгээс анхаарал тавьж хохирогчтой уулзсан. Хохирогч болон түүний ар гэрийнхэнтэй огт уулзалдаагүй гэх асуудал байхгүй. Би өмгөөлөгчийн хувьд хохирлыг төлж барагдуул гэж Б.М-д хэлж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” гэв.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Б.Мөнх-Эрдэнийн үйлдэлд зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 25 дугаар байрны гадаа хохирогч А.А-ыг зүй бус харьцаа гаргахад түүнтэй маргалдаж, улмаар А.А-ыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэж, уг ял эдлэхээс санаатай зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг анхааруулж, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 388.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, Б.М-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь ....хууль ёсны ба үндэслэлтэй байх.... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Хохирогч А.А-ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал тухайн гэмт хэрэг нь хувийн сэдэлттэй бус, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн байх ба шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл нь түүний үйлдэлд тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, түүнчлэн Б.Мөнх-Эрдэнийн цохих, өшиглөх үйлдлийн улмаас хохирогч А.А-ын биед тархи доргилт, 5 шүдний бүрэн мултрал, хажуугийн шүднүүдийн хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй байдал, баруун шанаа, зүүн өвдөг орчмын цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирч түүний эрүүл мэндэд бодитой хохирол учирсан байхад анхан шатны шүүхээс ...шүд хийлгэх эмчилгээний зардал нь зайлшгүй гарсан бодит зардал биш тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй... гэж хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан хохирлын хэмжээг үндэслэл бүхий тогтоогоогүйгээс хиймэл шүд хийлгэхэд ямар үнэ, ханштай талаарх ажиллагааг огт хийгээгүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар дүгнэлт хийгээгүй, уг ажиллагааг хийх нь хохирогчид учирсан хохирлыг барагдуулах, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд нөлөөлөхөөр байна.

Эдгээрээс дүгнэхэд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлж болохоор зөрүүтэй байх тул дээр дурдсан ажиллагаануудыг мөрдөн байцаалтаар гүйцэд шалгаж, хэргийг зөв зүйлчлэн ирүүлсний эцэст шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөн залруулах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Хохирогч А.А-ын давж заалдах гомдол үндэслэлтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2, 317.1.4, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.2.1, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 319.1.4, 321, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,   шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.М-д урьд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                       ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                     Ц.АМАРЖАРГАЛ