Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02019

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02019

 

 

Ш.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/03666 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Эрдэнэбатад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 72,700,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.Эрдэнэбаттай 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0155 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 55,923,594 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон.

Хариуцагч Б.Эрдэнэбат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул холбогдох зээл 55,923,594 төгрөг, зээлийн хүү 16,777,078 төгрөг, нийт 72,700,672 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ш.*******оос 25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар зээл авсан дээр маргахгүй. 2018 оны 1 сараас сар бүр 1,250,000 төгрөгөөр тооцож, нийт 15,000,000 төгрөгийг төлж биелүүлсэн.

2.2. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 55,923,594 төгрөгийн зээлийг Ш.*******оос аваагүй, өмнөх зээлсэн мөнгөний хүүг нэмж тооцон 55,923,594 төгрөг гэж бичиж зээлийн гэрээг дахин байгуулсан ч надад бодитоор 55,923,594 төгрөгийг зээлдүүлээгүй.

Иймд 2017 онд зээлсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 55,923,594 төгрөгийн зээлийг Ш.*******оос аваагүй тул 72,700,672 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэбатаас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62,700,672 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 521,454 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Эрдэнэбатаас 174,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2020 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 0155 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох хуулийн зохицуулалттай.

4.2. Хариуцагч Б.Эрдэнэбат Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Ш.*******оос хариуцагч Б.Эрдэнэбат мөнгө зээлээгүй, аваагүй гэдгээ нотлох үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч нь гаргаж өгөөгүй, нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/03666 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ш.******* нь зээлийн гэрээний үүрэгт 72,700,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 62,700,672 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0155 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ш.******* нь 55,923,594 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр Б.Эрдэнэбатад зээлдүүлэхээр тохиролцсон байна.

 

3.а. Дээрх Зээлийн гэрээ-ний 3.4-д Бэлнээр 2020.09.30 өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө. гэж тохиролцсоныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний шууд үгийн утгаар тайлбарлахад 55,923,594 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.

 

3.б. Хариуцагч Б.Эрдэнэбат нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа ... 55,923,594 төгрөг зээлээгүй, ийм мөнгө ч надад хүлээлгэж өгөөгүй. гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа тохиолдолд нотолгооны хуваарилалтын хувьд зээлдүүлэгч Ш.******* нь зээлийн гэрээгээр 55,923,594 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримтыг нотлоно.

 

3.в. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүх шийдвэрлэх хүртэл хугацаанд зээл шилжүүлэх зорилгоор өөрийн болон бусдын данснаас авсан бол уг дансны хуулга, эсхүл мөнгөн хөрөнгө хүлээлцсэн зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаагүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримтыг гаргуулах талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

3.г. Анхан шатны шүүх мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн талаарх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч Б.Эрдэнэбатын зөвшөөрсөн хэмжээгээр 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/03666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР