Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02128

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 11 өдөр Дуга210/МА2023/02128

 

 

Б.Хатандарийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/02318 дугаар шийдвэртэй,

 

Б.Хатандарийн нэхэмжлэлтэй

 

ТЖТБ ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, компанид учруулсан хохирол 8,858,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Ти Эм Эл ГХОХХК-ийн охин компани болох*******ХХК-д анх 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үйлдвэрийн менежер албан тушаалд ажилд орсон. Б.******* намайг улмаар ажиллаж байх хугацаанд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ерөнхий захирлын тушаалаар ажлаас халсан. Би уг тушаалыг хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байх тул*******ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 тоот Б.*******д холбогдох сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.2. Иймд*******ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 тоот Б.*******д холбогдох сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, үйлдвэрийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Тушаал гаргасан ерөнхий захирал Х.Тэгшээг харж байгаагүй, Өвөрмонгол хүн байдаг гэж хүмүүс ярьж байсан, хүний нөөцийн менежер гэх И.Туул нь манай компанийн ажилтан биш, Ти Эм Эл ХХК-д ажилладаг, тухайн үед н.Сэргэлэн гэх хүн хариуцаж ажиллаж байсан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.******* нь*******ХХК-ийн үйлдвэрийн менежерийн албан тушаалд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа хүний нөөцийн менежер Н.Отгонтуяатай хувийн таарамжгүй харилцаатай болж, үүнээс үүдэн Н.Отгонтуяа болон үйлдвэрийн ажилчдаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тухай гомдлууд ирсэн.

Гомдлын дагуу Ти Эм Эл ГХОХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанаас Б.*******, Н.Отгонтуяа нараас тайлбар авч, нөхцөл байдалтай танилцахад Б.Хатандарийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн, ажилчдыг дур мэдэн амраасан, үйлдвэрийн Ван даргатай зөвшилцсөн гэж өөр хүн ажилд авах, ажлын байрнаас явуулах зэргээр хүний нөөцийн албаны үйл ажиллагааг дур мэдэн гүйцэтгэсэн, хүний нөөцийн ажилтан Н.Отгонтуяаг ажлаас халуулах талаар үйлдвэрийн ажилчидтай уулзаж хэлэлцсэн, ажилд орохдоо диплом хуурамчаар өгсөн зэрэг зөрчлүүд гаргасан нь харуул хамгаалалтын албаны гэнэтийн шалгалт хийсэн тэмдэглэл, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр, Н.Отгонтуяа, Б.******* нартай хийсэн уулзалтын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар, Н.Отгонтуяагийн өргөдөл, Тианжин гүнеэ их сургуулийн бүртгэлд Б.******* гэх хүний дипломын мэдээлэл байхгүй тухай сургуулиас ирүүлсэн мэйл зэргээр тус тус тогтоогдсон.

2.2. Үйлдвэрийн менежер албан тушаал нь ажилчдыг өдөр тутам зохион байгуулж, үйлдвэрийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах өндөр хариуцлагатай албан тушаал бөгөөд Б.Хатандарийн гаргасан дээрх зөрчил болон түүний хувийн харилцаагаа урвуулан ашиглаж өөртөө давуу эрх олгох байдлаар шударга бус байдлыг үүсгэж, өөртөө таарамжгүй нэгнийг ажлаас халуулах зорилгоор ажилчдыг турхирч байсан үйлдэл нь компанийн эв нэгдлийг хангах, нийт ажилтны эрх тэгш байх эрхийг хангах үнэт зүйл, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, цаашид компанийн ажиллах хүч, үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан.

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 тоот сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн тухайд нэхэмжлэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн, ажилчидтай зүй бус харилцаж, ажилчдыг ажлын байрнаас хөөн явуулсан, ажлаас хална гэх мэтээр дарамталсан, ажилтны биеийн эмзэг хэсэгт хүрсэн, үйлдвэрийн Ван даргатай зөвшилцсөн гэж иргэнийг ажилд авах байдлаар хүний нөөцийн үйл ажиллагааг дур мэдэн гүйцэтгэсэн, хүний нөөцийн ажилтан Н.Отгонтуяаг ажлаас халуулах талаар ажилчидтай уулзаж хэлэлцэх зэргээр бусдыг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болгож байсан нь нотлогдсон тул сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд нэхэмжлэгч Б.Хатандарийн дээрх зүй бус үйлдлүүд нь компанийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22/174 тоот, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 22/177 тоот сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.*******ХХК-ийн хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр нь Итали, Австри улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хуванцар савыг дахин боловсруулж түүхий эд болгон экспортод гаргах үйл ажиллагаа эрхэлдэг 150 гаруй гадаад, дотоодын ажилчинтай компани юм.

Үйлдвэрийн хамгийн чухал сектор болох үйлдвэрлэл нь үйлдвэрийн даргын удирдлага дор явагддаг учир үйлдвэрийн тоног төхөөрөмж, өдөр тутмын үйл ажиллагааны орчуулга хийх үйлдвэрийн менежер албан тушаалыг бий болгож тухайн албан тушаалд Хятад хэлний өндөр мэдлэгтэй, үйлдвэрийн менежмент, бизнесийн удирдлагаар төгссөн байх шалгуур тавьсан.

3.2. Тухайн үед хариуцагч нь өөрийгөө БНХАУ-ын Аж үйлдвэрийн их сургууль бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн гэж 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр анкет бөглөж, бакалаврын болон магистрын дипломын хуулбарыг өгсөн.

Үйлдвэрийн менежер албан тушаал нь үйлдвэрийн дарга /БНХАУ-ын иргэн/-ын тушаал, зааврыг Хятад хэлнээс Монгол хэл рүү амаар, бичгээр үнэн зөв орчуулж ажилчдад хүргэх, ажилчдыг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг доголдолгүй хэвийн явуулах үндсэн үүрэг хүлээсэн, хэлний өндөр мэдлэг, удирдах ур чадвар, мэргэжил, ёс зүй шаарддаг дунд шатны албан тушаал байсан учир хариуцагчийн БНХАУ-ын нэр хүндтэй сургуулийг төгссөн тухай анкетын мэдээлэл, дипломыг үндэслэж хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

3.3. Гэтэл хариуцагч нь ажилд орсноос хойш ажлын байран дээр согтуу ирсэн, үйлдвэрийн даргын тушаал, зааврыг ажилчдад буруу орчуулж үйлдвэрийг бүтэн өдөр амрааж үйлдвэрийг их хэмжээний алдагдалд оруулсан, үйлдвэрийн даргатай хувийн харилцаа үүсгэж давуу байдал олох замаар бусад ажилчдад ажлын байрны дарамт үзүүлж ажлаас хөөж явуулж байсан зэрэг гомдлууд ирсэн бөгөөд эдгээр зөрчил нь шалгалтаар илэрсэн төдийгүй Б.******* нь аж үйлдвэрийн их сургуулийг төгсөөгүй болох нь тогтоогдсон. Б.Хатандарийн БНХАУ-ын Аж үйлдвэрийн их сургуулийг төгссөн гэх бидний хооронд гэрээ байгуулах үндэслэл болсон бодит нөхцөл байдлын талаар худал мэдүүлж, шийдвэрлэх ач холбогдол бүхий дипломыг хуурамчаар үйлдэж, ажил олгогчийг төөрөгдүүлж хуурч мэхэлсэн үйлдэлд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргаж байна.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээр хохирлыг барагдуулах үндэслэлээр түүний ажиллах хугацаандаа авсан цалин болох 8,858,480 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Б.Хатандарийг хуурамч бичиг баримт ашиглан ажилд орсон болохыг тогтоож түүнтэй байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ХГ/22/111 тоот, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ХГ/22/115 тоот хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, компанид учруулсан хохирол болох 8,858,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Намайг ажилд авахад ийм шаардлага тавиагүй, мөн ажлаас хууль бусаар чөлөөлөхдөө ч энэ тухай дурдаагүй, дипломыг хуурамч болохыг тогтоосон баримт байхгүй.

Хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж, цалингаа авч байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хатандарийг хариуцагч*******ХХК-ийн үйлдвэрийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 12,488,372 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,885 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Б.Хатандарийн нэхэмжлэлтэй*******ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанаас 30 минут хоцорч очиход шүүх хурал хуралдаад шийдвэрээ танилцуулаад дууссан байсан. Шүүх хуралд түгжрэл гацааг тооцолгүй хоцорч очсон нь миний буруу.

Гэхдээ тус хэргийн шүүх хуралдаанууд тодорхой шалтгаануудаар хойшилж байсан буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирдэггүй тохиолдлууд байсан бөгөөд хариуцагч тал ажилтныг оролцуулах нь зүйтэй гээд дахин ийм байдал гаргавал шүүх хуралдаанаа үргэлжлүүлнэ гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэж өмнөх хуралдаан хойшилж байсан.

Миний бие хоцорч байгаа талаар шүүгчийн туслахад утсаар хэлсэн бөгөөд шүүгчийн өмнөх хурал дуусаагүй байна гэж надад хэлсэн байдаг. Шүүх хуралдааны цагаас хоцорч байгаагаа туслахад мэдэгдсээр байхад шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ялгаварлахгүй эрх тэгш зарчимд үндэслэн явагдана гэснийг, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэснээр нэхэмжлэгч ирээгүй байхад шүүх хуралдааныг хойшлуулж байсан мөртлөө хариуцагчийг ганц удаа хоцроход шүүх хурлыг явуулсан нь ялгаварласан, эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим бүх шатанд хэрэгжих, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцоно, тэгш эрхтэй оролцоно гэснийг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үндсэн суурь зарчим болох мэтгэлцэх зарчимыг хэрэгжүүлэлгүй хариуцагчийн үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох эрхийг ноцтой зөрчиж зөвхөн нэг талын тайлбар байр сууриар хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2. Нэхэмжлэгч*******ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны 22/174, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох шаардлага гаргасан. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлсэн эсэх нь шүүхийн шийдвэрээс харахад эргэлзээтэй бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзнэ.

Учир нь Б.******* нь дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн байхад түүнийг үнэлээгүй буюу дотоод журам, хөдөлмөрийн гэрээний талаар судалсан шүүхийн материалд дурдагдааүй байна. Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хариуцагчаас гаргаж өгсөн тайлбар нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн учраас сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж байгаа талаар дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

6.3. Нэхэмжлэгчийн хуурамч бичиг баримт диплом ашиглан ажилд орсон асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй мөртлөө өмнөх шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй нөхцөл байдлаас шалтгаалан сөрөг нэхэмжлэлтэй холбоотой албан ёсны баримт бичиг гаргуулах хүсэлт гаргах боломжийг шүүх хаасан.

Хэрвээ сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгсөн байсан бол түүнээс шалтгаалан хуурамч бичиг баримттай холбоотой асуудлаар холбогдох Боловсролын яамнаас лавлагаа нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж тавих боломжтой байсан. Сөрөг нэхэмжлэлийг гардуулаад хуулийн хугацаанд бичгээр хариу тайлбар ирүүлээгүйг шүүх анхаарч үзээгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/02318 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч байгууллага Б.*******д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан бөгөөд Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч байгууллагын гаргасан тушаал үндэслэлгүй бөгөөд хүчингүй болох үндэслэлтэй. Учир нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирал биш гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан тушаал. Иймд Б.*******д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлсөн тушаал эрх бүхий этгээдийн гаргасан хүчин төгөлдөр тушаал биш. Тушаал хүчингүй болж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх ёстой. Мөн Б.Хатандарийн зөрчил гаргасан талаарх үйлдэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, компанид учруулсан хохирол 8,858,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.а.*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалын 1 дэх заалтаар ...Үйлдвэрийн менежер албан тушаалтай Баттогтох овогтой ******* /РД: МЛ95010509/ нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр оффисын ажилчдад буруу мэдээлэл өгч нийтээр амраасан зөрчил гаргасан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай. гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Б.*******д сахилгын шийтгэл ногдуулсан.

 

3.б.*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын 1 дэх заалтаар Үйлдвэрийн менежер албан тушаалтай Баттогтох овогтой *******/РД:МЛ95010509/ нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.7-ын 2-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь гэрчийн мэдүүлэг, зөрчил гаргагчийн тайлбар, камерийн бичлэгээр тогтоогдсон тул компанийн эв нэгдлийг хангах, шударга бус үйлдлийг хориглох, эрх тэгш ажил үүргээ гүйцэтгэх нийт ажилчдын нийтлэг ашиг сонирхолд харшлах ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах арга хэмжээг авсугай. гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Б.Хатандарийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

3.в.*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/178 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох тухай тушаалын 1 дэх заалтад Үйлдвэрийн менежер албан тушаалтай Баттогтох овогтой *******/РД: МЛ95010509/-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Б.Хатандарийг ажлаас чөлөөлсөн.

 

4. Хариуцагч байгууллага нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 дугаар тушаалаар Б.*******д нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

 

Учир нь нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр оффисын ажилчдад буруу мэдээлэл өгч нийтээр амраасан болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд уг үйл баримтыг Б.******* нь ... буруу ойлгож, амраасан гэж зөвшөөрсөн байхад анхан шатны шүүхийн сахилгын зөрчилд тооцохгүй талаар дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Б.Хатандарийн тараасан ташаа мэдээлэлд үндэслэн байгууллагын ажилчдыг амраасан үйлдэл нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр оффисын ажилчдын төлөвлөсөн ажлыг саатуулсан тул сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймд, анхан шатны шүүх нөхөн ажилласан, журам зөрчөөгүй гэх үндэслэлээр*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн дүгнэлтийг залруулна.

 

5. Анхан шатны шүүхийн*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тухай дүгнэлт үндэслэлтэй.

 

Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ноцтой зөрчилд тооцно.

 

Анхан шатны шүүхийн тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.7.2-т заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг нотолж байгаа гэрч И.Туул, Б.Амарбаясгалан, Ч.Агиймаа гэх ажилтнууд нь хариуцагч*******ХХК-д албан тушаал эрхэлдэггүй, Ти Эм Эл ХХК-д ажилладаг бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 тугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гаргасан үйл баримтыг нотлох үүргээ биелүүлээгүй талаар дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

6.*******ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/178 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох тухай тушаал нь хариуцагч байгууллагын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг тодотгосон, засварласан агуулгатай ба анхан шатны шүүх Б.Хатандарийн гаргасан гэх ноцтой зөрчил нь баримтаар тогтоогдохгүй үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хамаарал бүхий 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/178 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох тухай тушаалыг хүчингүй болгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагчийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч*******ХХК-ийн үйлдвэрийн менежерээр 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс жинхлэн ажиллаж сард 1,500,000 /үндсэн цалин 550,000 төгрөг, нэмэгдэл цалин 950,000/ төгрөгийн цалин авч байсан нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын төлөлтийн тодорхойлолт, хариуцагч байгууллагаас гаргасан тодорхойлолт зэрэг бичгийн баримтад үндэслэн ажилгүй байсан хугацааг 8 cap, 7 хоногийн хоногоор тооцож, цалинтай тэнцэх хэмжээний олговорт 12,488,372/нэг хоногт ногдох цалин 69,767/ төгрөгийг хариуцагч*******ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх-ийн 5, 136/.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон... гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэлд олон шаардлага байгаа бол шаардлага тус бүрийг шийдвэрлэхээс гадна тус бүрийг нь зохицуулсан хуулийн зүйл, заалтыг баримтална.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа уг шийдвэрийн тогтоох хэсэгт дурдаагүй, орхигдуулсан алдаа гаргасныг залруулна.

 

8.а. Ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсний үр дагавар буюу Б.Хатандарийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

8.б. Анхан шатны шүүх*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал,*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/178 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох тухай тушаал,*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг ажилд эгүүлэн тогтоох шаардлагын үндэслэл гэж буруу дүгнэж шийдвэрлээгүй орхигдуулсан алдаа гаргасныг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...ТЖТБ ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал,*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/178 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Хатандарийг хариуцагч*******ХХК-ийн үйлдвэрийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 12,488,372 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч*******ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай болгосон өөрчлөлтийг оруулна.

 

8.в. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан алдаа гаргасныг залруулна.

 

Хариуцагч нь ... Б.Хатандарийг БНХАУ-д их сургуульд суралцаж, бакалаврын болон магистрын зэрэг хамгаалсан диплом нь хуурамч болох нь баримтаар тогтоогдож байна. гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч байгууллага шаардлагаа нотлохоор нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Тианжин гүнгеэ /технологийн их сургууль/-иас цахим шуудангаар авсан Б.Хатандарийн дипломын дугаар, мэргэжил, овог нэр тохирохгүй байна гэх агуулгатай баримт нь их сургууль төгссөн болохыг шууд үгүйсгэсэн баримт гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

9. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9.а. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагаас товлогдсон шүүх хуралдааны товтой танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан ба 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагт шүүх хуралдаан эхэлж, 16 цагт дууссан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны товыг лавлах, шүүх хуралдаанд хоцрохгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх нь талуудын хариуцлага бөгөөд шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд, хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

9.б. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргаагүй атлаа хэрэв шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн тохиолдолд хүсэлт гаргах боломжтой байсан талаар гомдол үндэслэлгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эхэлж, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа түүнээс хойш хүсэлт гаргах хэлбэрээр эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/02318 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан*******ХХК -ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/177 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал,*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/178 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Хатандарийг үйлдвэрийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож,*******ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 12,488,372 төгрөг гаргуулан Б.*******д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгаажуулалт хийлгэхийг хариуцагч*******ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс*******ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/174 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч*******ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хохиролд 8,858,480 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 214,765 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР