Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00638

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 27 210/МА2023/00638

 

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03095 дугаар шийдвэртэй,

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

МУЗГ-т холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 307,515,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б- ХХК нь 2013 оны 04 сарын 26-ны өдөр С- АҮЦ- ХХК /нэр өөрчлөгдөж АҮЦ- ТӨХК болсон/-тай байгуулсан түрээсийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 00Б хаягт байх 1.232 м.кв талбайтай, өөрийн өмчлөлийн 5 давхар байрны тодорхой хэсгийг түрээслүүлсэн. МУЗГ-ын 2013 оны 03 сарын 02-ны өдрийн 76 дугаар тогтоолоор С- АҮЦ-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэх чиглэл өгсөн. Гэтэл ЗГ-ын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 9 тоот тогтоолоор АҮЦ-" ТӨХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж, комисс байгуулагдсан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, татан буулгах комисст төлбөр барагдуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч түрээсийн төлбөрийг төлж барагдуулахаас аль аль нь татгалзсан. Төрийн өмчийн хорооны 2018 оны 02 сарын 19-ний өдрийн А-1/467 тоот албан тоотыг хүлээн авч удаа дараа хүсэлт гаргасны эцэст 2018 оны 07 сарын 31-ний өдөр хамтарсан комисс дээрх компанийн хөрөнгүүдийг тоолж хүлээлцэн, түрээсийн байрыг суллаж, энэ өдөр Б- ХХК-д хүлээлгэн өгсөн тул энэхүү 5 дугаар сар хүртэлх төлбөрийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, татан буулгах комиссоос төлбөр төлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн, АҮЦ-ыг ЗГ-ын тогтоолоор байгуулж, татан буулгасан 100 хувийн төрийн өмчит компани юм. Хэрэгт авагдсан компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч нь ЗГ-ыг төлөөлж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж тусгагдснаас үзвэл Засгийн газар өөрөө хувьцаа эзэмшигч тул анх татан буулгах комиссыг томилсон ЗГ-ыг хариуцагчаар татсан.

Анх С- АҮЦ- ХХК-тай 2013 оны 04 сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 05 сарын 01-ний өдрөөс эхлэн 501 тоотод орших 130 м.кв 3 өрөөг 1 м.кв-ыг 35.000 төгрөгөөр тооцож нэг сард 4,550,000 төгрөгөөр түрээсэлсэн. Мөн нэмэлт гэрээгээр 2013 оны 06 сарын 10-ны өдрөөс 502 тоотын 86 м.кв 4 өрөөг адил нөхцлөөр тооцож нэг сард 7,560,000 төгрөгөөр, дараа нь 2013 оны 8 сарын 01-ний өдрөөс 203 тоотын 40 м.кв 1 өрөөг нэг м.кв тутамд 35,000 төгрөгөөр тооцож нэмж түрээслэснээр нэг сарын түрээсийн төлбөр 8,960,000 төгрөг болсон. Түрээслэгч нь 2014 оны 03 сарын 01-нийг хүртэлх гэрээний төлбөрийг төлж түүнээс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй, төлбөр төлүүлэх хүсэлтэд түрээсийн зардал нь 2014 оны төсөвт тусгагдаагүй гэх шалтгаанаар төлбөрийн хугацааг хойшлуулж байсан.

Түрээслэгч нь 2014 онд 202, 502 тоот өрөөг буцаан өгөх хүсэлт гаргаснаар 2014 оны 06 сараас түрээсийн нэг сарын төлбөр 4,550,000 төгрөг болсон. 2015 оны 04 сард үлдсэн бараагаа 501 тоотын гурван өрөөний нэг 77 м.кв талбайд хурааж энэ хугацаанаас хойш төлбөр нэг сард 2,695,000 төгрөгөөр тооцсон. Түрээсийн төлбөрийн тооцоог 2014 оны 12 сарын 31-ний байдлаар 58.170.000 төгрөгөөр, 2015 оны 3 сарын 31-ний байдлаар 71.820.000 төгрөгөөр, 2015 оны 4 сарыг дуустал 74.515.000 төгрөгөөр тус тус тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, 2017 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл 136.500.000 төгрөгийн түрээсийн авлага хуримтлагдсан. Энэхүү төлбөрийг 2018 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл буюу татан буулгах комисс өрөөг суллаж авах хүртэлх хугацаагаар тооцоход 77 м.кв өрөөний төлбөр 1 сарын 2.695.000 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 207.515.000 төгрөг байна. Б- ХХК нь түрээсийн гэрээний үүргийн зөрчил, үлдэгдэл төлбөрийн талаар удаа дараа бичгээр, биечлэн уулзах болон утсаар нэхэмжилсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд МУЗГ-аас АҮЦ- ТӨХК-ийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 207.515.000 төгрөг, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алдангийг хоног тутамд 0,5 хувиар тооцон 100.000.000 төгрөг, нийт 307.515.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б- ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байсныг 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 0001- дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.10-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо татан буулгах комисс ажиллаж байгаа, шүүхээс гадуур тухайн комисст хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн. Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Компанийн тухай хуульд зааснаар татан буулгах комисс ажиллаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

МУЗГ-ын тухайд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй болно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар заасан эрхийн хүрээнд МУЗГ-ын 2018 оны 09 дүгээр тогтоолоор АҮЦ- ТӨХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж, татан буулгах комиссыг байгуулсан. Мөн хэрэгт авагдсан баримтаар татан буугдсан хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болохоос Засгийн газар биш. Мөн 34 хувийн хувьцаа эзэмшигч болно. Үүнээс гадна Иргэний хуульд зааснаар гэрээний үүргийн биелэлт шаардах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн. Нэхэмжлэгч 2013 оноос хойш өнөөг хүртэл гэрээний үүргийг шаардаж байсан эсэх, хугацаа хэтрүүлсэн эсэхийг харгалзах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар МУЗГ-аас 74.515.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б- ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 233.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1.695.523 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 530.525 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 1. Анхан шатны шүүх талуудын 2015 оны 04 сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэл 74,515,000 төгрөгөөр баталгаажуулсан баримтыг үндэслэж, нэхэмжлэлийг 74,515,000 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн. Гэтэл энэхүү тооцоо нийлсэн актаас хойш удаа дараа талууд албан тоотоор харьцаж, түрээсийн гэрээний хугацаа үргэлжилж байсан, зөвхөн энэ тооцоо нийлсэн акт хүртэл түрээсийн талбайн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн 2013-2018 онуудын буюу түрээсийн гэрээний төлбөрийг бүрэн хангаагүй.

2. Шүүх 2013 оны 04 сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээнүүдийн хугацаанд дүгнэлт өгөөгүй. Талуудын хооронд нийт 3 түрээсийн гэрээ болон нэмэлт гэрээ байгуулагдсан. Б- ХХК-ийн С- АҮЦ- ХК-д түрээсийн өрөөнүүд болон төлбөр тооцооны талаар удаа дараа тодорхой тайлбарлаж, хандсан.

3. Хөрөнгө хүлээлцсэн тухай 2018 оны 07 сарын 31-ний өдрийн актаар түрээсэлж байсан 77.м.кв талбайг суллаж "Б-" ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгсөн. Шүүхээс Нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн хэргийн 14 дэх талд авагдсан тооцооллоос үзвэл 2015 оны 4 сараас төлбөрийг сард 2,695,000 төгрөгөөр 77 м.кв талбайд өрөөг суллаж өгсөн" гэж дүгнэсэн атлаа 77 м.кв талбайг суллаж өгөх хүртэлх хугацаагаар төлбөрийг тооцоогүй.

4. Шүүх "...хуралдааны явцад 501 тоот өрөөний зөвхөн 77 м.кв талбай хэсэгт эд хогшлыг хураасан, бусад хэсэгт төлбөр тооцогдоогүй тухай тайлбар, мен нэхэмжлэлийн 2 дахь хуудасны доороос 4 дэх мөрөнд тооцоолсон байдлаар энэ үеэс гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна. Мөн Б- ХХК-ийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн ББ/27 тоот Төрийн Өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн албан бичгээр тогтоогдсон" гэж дүгнэхдээ, 2018 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг тооцсон тухай дурдсаныг гэрээний хугацаа дуусгавар болсон тухай ойлголт биш болохыг анхаараагүй.

5. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т заасныг харгалзалгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, 74,515,000 төгрөгт ногдох алданги 37,257,500 төгрөгийг тооцоогүй.

Төрийн Өмчийн Хорооны 1/803 тоот албан бичгийн дагуу "Б-" ХХК нь 2016 оны 12 сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал 77 м.кв талбайд эд хөрөнгөө хурааж, лацдаж, эзэмшиж, ашигласаар байсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т зааснаар нэг жилийн хугацаатай байхаар, цуцлах санал гаргаагүй бол сунгагдсанд тооцно гэж заасан. Иймд 77 м.кв талбайн түрээсийн гэрээний хугацаа сунгагдсан тул хүчин төгөлдөр түрээсийн гэрээний дагуу 2015 оны 04 сарын 30-ны өдрөөс 2018 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 39 сарын хугацааны түрээсийн төлбөр 105,105,000 төгрөг байхад шүүх хангаж шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч биш этгээдийг буюу ЗГ-ыг хариуцагч гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Засгийн газар болон "Б-" ХХК-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Мөн "АҮЦ- ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар биш. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар юм. Засгийн газар бүрэн эрхийн хүрээнд үүсгэн байгуулах шийдвэрийг гаргаж, улмаар 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор АҮЦ- ТӨХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.3-т төрийн өмчит болон терийн емчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтооно гэсний дагуу "АҮЦ-" ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг тогтоосон.

Маргаж буй үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Нэхэмжлэгч "Б-" ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжилснийг 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 0001- дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.10-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр болсон.

Татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй байгаа. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлээс хасалт хийлгэснээр татан буугдсанд тооцдог ба АҮЦ- ТӨХК нь улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байгаа. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар АҮЦ- ТӨХК-ийг татан буулгасан. Төрийн зохицуулалтын газрын даргын 2018 оны 1 сарын 30-ны өдрийн А/36 дугаар тушаалаар тус аж ахуйн нэгжийг Татан буулгах комисс байгуулагдан ажиллаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: ЗГ-ын шийдвэрээр С- аж үйлдвэрийг үүсгэн байгуулж, 2018 оны 01 сарын 19-ний өдөр татан буугдсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн хувиар өр төлбөрийг төлөх үүрэгтэй гэж зохицуулсан учраас хуулийн дагуу шаардсан. АҮЦ- газрын дүрмийн 2.1-д зааснаар компанийн нийт хувьцааны 34 хувийг төр эзэмшинэ. Уг дүрмийн 1.4-т зааснаар компанийн бусад хувьцааг хувийн өмчлөлийн компани худалдан авах хүртэл хугацаанд хувь эзэмшигчийн бүрэн эрхийг ЗГ-ыг төлөөлж, Төрийн өмчийн хороо хэрэгжүүлнэ гэж зохицуулсан. Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн хувьцааг гаргасан бусад хувийн хэвшлийн байгууллагад хувьцаа эзэмшсэн талаарх тодорхойлолтыг авахад хувьцаа эзэмшээгүй, хувь хөрөнгө аваагүй байсан тул ЗГ-ыг хариуцагчаар татсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон маргаанд Төрийн өмчийн хороог хариуцагчаар татаж байсан. Уг маргаан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн татан буулгах комисс нь 2021 оны 07 сарын 13-ны өдрийн А0001-тоот албан бичгээр өрийг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн тул шүүхэд хандсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна гэжээ.

7. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гомдолд тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчдын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

2. Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч МУЗГ-т холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр болон алдангид нийт 307,515,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б- ХХК нь С- АҮЦ- ТӨХК-тай 2013 оны 04 сарын 26-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээгээр түрээслүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн, түрээслэгч нь 2014 оны 03 сарын 01-нийг хүртэлх түрээсийн төлбөрийг төлж түүнээс хойш 2018 оны 07 сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр 207,515,000 төгрөгийг төлөөгүй тул алданги 100,000,000 төгрөгийн хамт нийт 307,515,000 төгрөг гаргуулна гэх агуулгатай тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд гаргасан.

 

4. МУЗГ-ын 2013 оны 03 сарын 02-ны өдрийн 76 дугаар тогтоолоор С- АҮЦ- ХХК-ийг байгуулж, тус компанийн хувьцаа эзэмшигчээр Төрийн өмчийн хороо /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар/ улсын бүртгэлд бүртгэгджээ. /1хх 54, 100-101/

Үүнээс хойш Төрийн өмчийн хорооны 2015 оны 09 сарын 03-ны өдрийн 551 дүгээр тогтоолоор С- АҮЦ- ТӨХК-ийн оноосон нэрийг АҮЦ- ТӨХК болгон өөрчилсөн байна. /1хх 100, 108/

4.1. МУЗГ-ын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 9 дугаар тогтоолоор АҮЦ- ТӨХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж, улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 01 сарын 30-ны өдрийн А/36 тоот тушаалаар АҮЦ- ТӨХК-ийг татан буулгах комиссын бүрэлдэхүүн, ажиллах удирдамжийг тус тус баталж, улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь АҮЦ- ТӨХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хариуцаж, татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг томилсон байна.

4.2. Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Татан буулгах комиссыг томилсноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжих бөгөөд уг комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн өмнөөс шүүх хуралд төлөөлөн оролцоно гэж заасны дагуу АҮЦ- ТӨХК-ийг татан буулгах комисс нь мөн хуулийн 27 дугаар зүйл, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд тус тус зааснаар татан буулгах ажиллагааг эрхлэн явуулж, АҮЦ- ТӨХК-ийг татан буугдаж байгаа талаар нийтэд мэдээлж, өр, авлага бүхий этгээдэд мэдэгдэх, нэхэмжлэгчдийн өргөдлийг хүлээн авч, хуульд заасан дарааллын дагуу зохих төлбөрийн шаардлагыг барагдуулах ажиллагааг явуулахаар хуульчилжээ.

 

5. Дээрх үндэслэлээр татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэл, өргөдлийг хэнд, ямар журмаар гаргах болон өр төлбөрийг барагдуулах журмыг хуулиар тусгайлан зохицуулсан байхад анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ.

 

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан буулгах комисст гаргасан, татан буулгах комисс ажиллаж байгаа нөхцөлд тус комиссоос нэхэмжлэгчид ямар хариу өгсөн эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.7, 32.8, 32.11, Компанийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу татан буулгах комисс нь татан буугдаж байгаа хуулийн этгээдийн өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж дуусгах журамтай.

 

7. Энэ тохиолдолд шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч нь татан буулгах комисст нэхэмжлэлээ гаргасан гэж, хариуцагч нь татан буулгах комисс ажиллаж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласанаас дүгнэвэл Төрийн өмчит компанийг татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй байна. Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б- ХХК-ийн хариуцагч МУЗГ-аас түрээсийн гэрээний үүрэгт 307,515,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар МУЗГ-т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 307,515,000 төгрөг гаргуулах тухай Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,322,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЭНЭБИШ