Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 7

 

Ц.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

                                   

Прокурор                                       Д.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ц.Гэнэндулам                                 

Хохирогчийн өмгөөлөгч               Л.Азжаргал /онлайнаар/  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 170/А шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Д.Энхтуяагийн бичсэн давж заалдах эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Л.Азжаргалын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн О-т холбогдох эрүүгийн 201609000032 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д механик инженер ажилтай байсан,  ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 4 дүгээр байрны 55 тоотод оршин суух, урьд ял шийтгэл, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Дархчууд овогт Ц-ийн О-, /РД:ДЮ82072379/ нь давтан үйлдлээр 2002 оны 06 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 4 дүгээр байрны 55 тоотод оршин суух гэр бүлийн гишүүн эхнэр М.Н-, хүү О.Т-, охин О.С- нарыг үл хүндэтгэн эхнэр М.Н-д хүч хэрэглэн удаа дараа зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүү О.Т-, охин О.С- нарын амгалан тайван байдлыг алдагдуулсан. Үүний улмаас М.Н-, О.Т-, О.С- нарыг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах сэтгэцийн өвчтэй болгож, догшин аваирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.О-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн хэрэг үйлдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр Ц.О-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хохирогч М.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улсын яллагч Д.Энхтуяа шүүхэд ирүүлсэн давж заалдах эсэргүүцэлдээ: “... Ц.О- нь гэр бүлийн гишүүдээ илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж мөн хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж удаа дараа зодож айлган сүрдүүлж, дарамтанд оруулж улмаар сэтгэцийн эмгэгтэй болгож догшин авирлаж танхайрсан үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүйгээр дээрх танхайн үйлдлүүдийг хувийн сэдэлттэй, гэр бүлийн гишүүн эхнэр, нөхрийн хувьд Гэр бүлийн тухай хулийн 10 дугаар зүйлд зааснаар үүргээ хэн аль нь биелүүлж байсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж шийдвэрлэсэн.

Танхайн гэмт хэргийг хувийн сэдэлттэй гэж үзэж байгаа бол танхайн гэмт хэргийн үндсэн шинжүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа тэр байдал нь хэрхэн ямар нотлох баримтаар нотлгдож байгааг тодорхой дүгнэж өгөх шаардлагатай гэж үзэж байна.  Ц.О-ын 2002, 2007, 2008, 2012, 2014 онуудад М.Н-г зодсон гэх үйлдэл холбогдол хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж хохирогчийн дээрх онуудад зодуулсан гэх үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн нотлогдоогүй гэсэн 2 өөр үндэслэлээр тайлбарласан. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  дээрх 2 өөр үндэслэлийнхээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлийг орхиж, нотлогдоогүй гэсэн үндэслэлээр үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй байна.

Хохирогч М.Н-, О.Т-, О.С- нарт сэтгэцийн эмгэг гэмтэл хэдийд учирсан болох нь тодорхойгүй, Ц.О-ын үйлдлийн улмаас учирсан гэж үзэх хангалттай үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн ба энэ үйл явдлыг нотолсон шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй зөвхөн “хангалттай үндэслэлгүй” гэж дурдсан нь учир дутагдалтай байна. Түүнчлэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэснээс үүдэлтэйгээр хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.125.744 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр эсэргүүцэл бичив...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Азжаргал шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Ц.О-ын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үйлдэл нь согтуугаар ямарч шалтгаангүйгээр эхнэр, хүүхдэдээ агсам тавьж догшин авирласан үйлдлээр илэрч байхад шүүхээс эхнэр, нөхөр 2 таарамжгүй харилцаатай гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэртээ сууж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа ээж, эхнэр хүн өвдөх эрхгүй, эм уугаад унтах ч эрхгүй зөвхөн Ц.О- гэх хүний сэтгэлд нийцээгүй өчүүхэн шалтагаас болж байнгын сэтгэл зүйн болон бие махбодийн хүчирхийлэлд өртөн зодуулах ёстой юм уу. Улмаар үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх эцэг хүний үүрэг хариуцлагаа умартан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн айдаст автуулан сэтгэцийн эмгэгтэй болгох эрхийг Монгол Улсын ямар хуулиар олгоо вэ. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр болон уг гэр бүлийн насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд анхааран үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хангасангүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.О-ын бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан үйлдэлд дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүй, хэт нэг талыг барьсан, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг дахин хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ц.О-ын үйлдэлд танхайрах гэмт хэргийн үндсэн шинжүүд болох бусдыг илтэд үл хүндэтгэсэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн зэрэг шинжүүд хангагдсан байхад шүүх эдгээр шинжүүд ямар нөхцөл байдал, ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэгдэж, нотлогдоогүй байгааг тодорхой үндэслэлтэй дүгнэж өгөөгүй байна. Мөн Ц.О-ын үйлдлийг гэр бүлийн хүрээнд хувийн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзсэн үндэслэлдээ Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эхнэр, нөхрийн үүргээ хэн аль нь биелүүлсэн үндэслэл тогтоогдоогүй, хамтран амьдрах хугацаандаа таарамжгүй харьцаатай, хэрүүл маргаантай байсан гэсэн үндэслэлүүдийг хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болгосон нь хангалтгүй байна.

Түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2 хэсэгт заасан 2 өөр үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ хохирогчийн зодуулсан гэх үйлдлүүдийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн нотлогдоогүй гэсэн үндэслэлүүдийг зааж тайлбарласан. Тэгсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгт 2 өөр үндэслэлийнхээ зөвхөн нотлогдоогүй гэсэн үндэслэлийг зааж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсэг нь хоорондоо зөрчилтэй болсон гэж үзэж байна. Хохирогч нар сэтгэцийн эмгэг өвчтэй болсон гэсэн үндэслэлийг хэрэгсэхгүй болгохдоо энэ эмгэг нь хэдийд учирсан, Ц.О-ын үйлдлээс учирсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй гэж дүгнээд, энэ дүгнэлтийг үгүйсгэж байгаа нотлох баримтуудыг хэрхэн дүгнэж, үгүйсгэж байгаагаа зааж өгөөгүй нь учир дутагдалтай болсон. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Азжаргал: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Хохирогч М.Н-, О.Т-, О.С- нарын өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2, 318 дугаар зүйл, 321 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх Монгол Улсын нэгдэн орсон ОУ-ын Хүүхдийн эрхийн конвенц, манай улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн заалтуудыг зөрчиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлдээ танхайрдаг Ц.О-ын үйлдлийг өөгшүүлэн ял хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлж байна гэж үзэж байна. Ц.О- нь давтан үйлдлээр 2002 оны 06 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл удаа дараа зодсон, 2002, 2007, 2008, 2012, 2014 оны үйлдлүүдийг улсын яллагчийн зүгээс удаа дараа танхайрсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.4 хамаарах үйлдлүүд нь хүндэвтэр хэргүүд бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Гэтэл анхан шатны шүүх эдгээр үйлдлүүдийг ямар үндэслэл, ямар заалтаар хөнгөн хэрэгт тооцож хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ц.О- нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээс болж гэр орныхоо амгалан тайван байдлыг алдагдуулан эхнэр, хүүхдээ илтэд үл хүндэтгэн, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны болон хамтын амьдралыг ёс горимд харшилсан үйлдэл хийдэг болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч М.Н- болон О.Т-, О.С- нарын зүгээс Ц.О-ын эсрэг түүний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндсөн, хамтын амьдралын ёс горимоо зөрчсөн үйлдэл үйл ажиллагаа хийсэн гэсэн зүйл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хэрэгт цугларсан нотлох баримтаар М.Н-, О.Т-, О.С- нар нь ОУ-ын өвчний ангилалаар F43.22 код бүхий сэтгэцийн өвчнөөр өвчилсөн болох нь шүүхийн сэтгэц, эмгэг судлалын удаа дараагийн дүгнэлтүүдээр нотлогдсон байхад шүүх энэ өвчин нь хэдийд учирсан нь нотлогдоогүй, энэ өвчин нь Ц.О-ын үйлдлийн улмаас учирсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгааг өмгөөлөгчийн хувьд ойлгохгүй байна.  Гэтэл сэтгэцийн эмгэг судлалын эмч нарын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтэд хохирогч нар сэтгэцийн өвчтэй болсон болох нь нотлогдсон байхад хэн учруулсан нь тодорхойлогдож байна гэж үзэж байна. Гэр бүлийн амьдралын хугацаанд М.Н- нь гэр бүлийн хүчирхийлэлд байсаар ирсэн бөгөөд түүнийг 2014 онд эмнэлэгт үзүүлэхэд сэтгэцийн эмгэгтэй болсон, хүү О.Т-, охин О.С- нар нь 2016 онд эмчид үзүүлэхэд сэтгэцийн дээрх эмгэгтэй болсон нь тогтоогдож тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байхад шүүх өвчин хэзээ учирсан нь тодорхойгүй, Ц.О-ын үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам: Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ер нь бол гэр бүлийн маргаан зөвхөн ганц талын буруутай үйлдлийн улмаас болгодоггүй бөгөөд хэн алинд нь буруу байдаг. Хохирогчийг болон хүүхдүүддээ хоол унд, хувцас хунар, мөнгө төгрөгөөр дутааж байгаагүй гэдгийг хохирогч мэдүүлсэн байдаг. Ц.О- бол гэр бүл үр хүүхдээ тэжээх гэж хамт амьдарсан 16 жилийн турш зүтгэсэн. Гэтэл хохирогч бол ер нь ажил төрөл эрхэлж байгаагүй. Одоо ч гэсэн хүүхдүүддээ орхиод АНУ руу явчихсан байна. Энэ 6 сарын хугацаанд хүүхдүүддээ нэг ч төгрөг явуулаагүй тэдний сургалтын төлбөр болон хоол унд хувцас хунарын зардлыг Ц.О- хангаж байна. Ц.О-ын үйлдлийг танхайрсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, гэр бүлийн буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ гэр бүлийн гишүүнээ зодсон хэрэг гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Ц.О- нь давтан үйлдлээр 2002 оны 06 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 4 дүгээр байрны 55 тоотод оршин суух гэр бүлийн гишүүн эхнэр М.Н- хүү О.Т-, охин О.С- нарыг үл хүндэтгэн эхнэр М.Н-д хүч хэрэглэн удаа дараа зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүү О.Т-, охин О.С- нарын амгалан тайван байдлыг алдагдуулж, үүний улмаас М.Н-, О.Т-, охин О.С- нарыг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах сэтгэцийн өвчтэй болгож, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.О-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1  дэх хэсэгт зааснаар өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Д.Энхтуяагийн бичсэн давж заалдах эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Азжаргалын бичсэн давж заалдах гомдолд бичсэн үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, улсын яллагчийн эсэргүүцэл  болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлт нь харилцан зөрүүтэй тухайлбал: Ц.О- нь эхнэр М.Н-г зодох, хэл амаар доромжлох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч “ ... 2002, 2007, 2008, 2012, 2014 онуудад М.Н-г зодсон үйлдэл холбогдол хэрэг нь хангалттай нотлогдоогүй байх тул Ц.О-ын 2002, 2007, 2008, 2012, 2014 онуудад М.Н-г зодсон гэх үйлдэл холбогдол, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.О-ын догшин авирлаж танхайрсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Ц.О-т аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдснээс хойш эрүүгийн хариуцлагад татах хугацаа нь 5 жил байна.

Анхан шатны  шүүхийн  шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ц.О-ыг гэмт хэрэг үйлдснээс хойш  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  72 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн”  гэж үзээд  “...хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.”  гэж дүгнэхдээ Ц.О-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль ангилалд хамаарч байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-72.1.4 хэсгийн аль хэсэгт заасан хугацаанд хамааруулан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаагийн зэрэгцээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3 дахь хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан магадлалын заалтыг биелүүлээгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.3, 319 дүгээр зүйлийн 319.1.3, 320 дугаарзүйлийн 320.1, 322 дугаар зүйлийн 322.2, 325 дугаар зүйлийн удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 170/А дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.О-т холбогдох эрүүгийн 201609000032 тоот 2 хавтас хэргийг өөр бүрэлдэхүүнээр анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Ц.О-т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                      ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                    Ц.АМАРЖАРГАЛ