Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01732

 

2023.09.11 210/МА2023/01879

Ж.*******, Ч.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/02627 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.*******, Ч.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.*******д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 54,625,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Нэхэмжлэгч Г.******* нь *******-******* аймагт 2019 оны 05 дугаар сарын 01-нээс *******-******* усан хангамжийн шугам хоолойн сувгийн газар шорооны ажил гүйцэтгэж ажиллаж байх үедээ ажлын санхүүжилт орж ирэхээр төлнө гэж 2019 оны 07 дугаар сарын 16-нд дансаар 28,500,000 төгрөг, мөн 07 дугаар сард бэлнээр 5,600,000 төгрөг, нийт 34,100,000 төгрөг зээлж авсан.

Мөн нэхэмжлэгч Ч.*******аас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14,700,000 төгрөгийн түлш авсан бөгөөд түлшний үнэ болох 14,700,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 10 дугаар сард буцаан төлөхөөр зээлж авсан.

2020 оны 01 дүгээр сарын 07-нд зээлээ төлөх баталгааг бичиж өгсөн бөгөөд уг баталгаа ёсоор зээлээ 2020 оны 01 дүгээр сардаа багтаан санхүүжилтээс үл хамааран барагдуулна гэж амлалт өгсөн. Мөн нэхэмжлэгч Ч.******* нь цалингийн зээл авч хариуцагч Г.*******гийн авсан шатахууны үнийг төлж барагдуулсан тул өөрт учирсан хохирол болох зээлийн хүү 3,473,107 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагч Г.*******гээс нэхэмжлэгч Ж.Алтанабаганад 34,100,000 төгрөг, нэхэмжлэгч Ч.*******т 20,525,107 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.*******гийн татгалзал, тайлбарын агуулга:

2.2.Нэхэмжлэгч Ж.*******ас 2019 оны 07 дугаар сарын 16-нд дансаар 28,500,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин 7 дугаар сард бэлнээр авсан гэх 5,600,000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу шилжүүлэн өгөөгүй тул буцаан төлөх үүрэг хүлээхгүй болно.

Нэхэмжлэгч Ч.*******аас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14,700,000 төгрөгийг түлш зээлээр худалдан авсан бөгөөд тухайн үед хүү тохироогүй, бичгээр гэрээ байгуулаагүй болно.

Иргэний хуулийн 263.1, 263.4-т тус тус заасны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүү төлөх талаар тохиролцоогүй тул сарын 4 хувийн хүү болох 2,352,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгө зээлсэн баталгаа гаргасан нь дээрх гэрээгээр хүү төлөх үүргийг хүлээх үндэслэл болохгүй болно. Иргэний хуулийн 282.3-т зааснаар анх гэрээ байгуулахдаа энэ шаардлагыг хангаагүй тул хүү тооцох боломжгүй.

Нэхэмжлэгч Ч.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу хариуцагчид шатахуун зээлүүлсэн тухайн өдрөө ХААН банкнаас автомашин худалдан авах зориулалтаар 15,000,000 төгрөгийн зээлж, зээлийн гэрээг байгуулсан байна. Зээлийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй учир автомашин худалдан авах зориулалттай мөнгөөр шатахууны төлбөрийг төлсөн байх боломжгүй. Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс нэг сарын хугацаатай байгуулж, мөн дахин нэмэлт хугацаа тогтоосон. Нэхэмжлэгч нь хариуцагчид түлш зээлсэн өдрөө банкнаас зээл авсан байгаа нь хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас цалингийн зээл авахад хүргэсэн үйл баримт болохгүй бөгөөд Иргэний 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд хамаарахгүй. Иймд хүүгийн төлбөр болох 3,473,107 төгрөгийг хохирол гэж үзэх боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******гээс 28,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, Ж.Алтанбаганын нэхэмжлэлийн шаардлагаас 5,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******гээс 14,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,825,107 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гээс 373,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1 Шүүх нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Г.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь хариуцагч Г.******* 2019 оны 09 дүгээр сарын 30-нд нэхэмжлэгч Ч.*******аас 14,700,000 төгрөгний түлш зээлж авсан бөгөөд түлшний үнэ болох 14,700,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 10 дугаар сард буцаан төлөхөөр зээлж авсан гэдгээ 2020 оны 01 дүгээр сарын 07-нд өөрийн гараар бичиж өгсөн баталгаа гаргасан бичгээр хүлээн зөвшөөрч, зээлийн харилцаа үүссэн, зээл төлөх үүрэг хүлээсэн болохоо мэдэгдсэн, энэ зээлээ сарын 4 хувийн хүүтэй гэдгийг үүрэг гүйцэтгэгч өөрөө илэрхийлж, зээлийн үүргийг зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байгаа.

Энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасантай нийцэж байна. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Г.******* зээлж авсан шатахууны үнийг тодорхой хугацаанд хүүтэйгээр буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ч.******* нь цалингийн зээл авч хариуцагч Г.*******гийн зээлж авсан шатахууны үнийг төлж барагдуулсны улмаас өөрт учирсан хохирол болох зээлийн хүү 3,473,107 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

4.2. Хариуцагч Г.******* *******-******* аймагт цэвэр усны сувгийн газар шорооны ажил гүйцэтгэж байхдаа 2019 оны 07 сард хэд хэдэн удаа шатахуунаар нь нийтдээ 5,600,000 төгрөгийн шатахуун нэхэмжлэгч Ж.*******ас зээлээр авснаа үгүйсгээгүй, зөвхөн ...бэлнээр 5,600,000 төгрөг зээлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг үндэслэл болгон Ж.Алтанбаганын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Ж.*******, Ч.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдожбайна.

2. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 34,100,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Ч.******* нь 20,525,107 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Г.******* нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ж.Алтанбаганын нэхэмжлэлийн хувьд 5,600,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгөөгүй гэж, нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийг шатахуун худалдан авахдаа хүү төлөхөөр тохиролцоогүй, хохирол учирсан гэдэг нь нотлогдоогүй гэх үндэслэл заан тус тус маргасан байна.

3. Нэхэмжлэгч Ж.Алтанбаганын шаардлагын тухайд:

3.1. Ж.*******, Г.******* нар харилцан тохиролцоод 28,500,000 төгрөгийг Г.*******д зээлдүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг Ж.Алтанбаганд буцаан төлөөгүй үйл баримт хэрэгт авагдсан ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрийн тайлбараар тогтоогдсон, Талууд маргаангүй. /хх-7/ Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Хариуцагч Г.******* гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул түүнээс 28,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Ж.******* шаардаж буй нь дээрх хуульд нийцнэ.

3.2.Харин нэхэмжлэгч нь 5,600,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох тул нэхэмжлэгч Ж.Алтанбаганыг хариуцагч Г.*******д 5,600,000 төгрөг зээлдүүлсэн, хариуцагч нь уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагч Г.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 28,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлээс 5,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь Ж.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,600,000 төгрөг нэхэмжилсэн, уг шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчимд нийцнэ.

Иймээс нэхэмжлэгч Ж.Алтанбаганын хариуцагч Г.******* *******-******* аймагт цэвэр усны сувгийн газар шорооны ажил гүйцэтгэж байхдаа 2019 оны 07 сард нийтдээ 5,600,000 төгрөгийн шатахуун нэхэмжлэгч Ж.*******ас зээлээр авснаа үгүйсгээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон гэх давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй тул хангах боломжгүй.

4.Нэхэмжлэгч Ч.*******ын шаардлагын тухайд:

4.1. Ч.******* 14,700,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг Г.*******д худалдсан, худалдан авагч нь үнийг төлөөгүй үйл баримтад талууд маргаангүй. Анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Учир нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлага тавигддаг. Талууд амаар харилцан тохиролцоод нэхэмжлэгч нь хариуцагчид үнийг төлөхөөс өмнө шатахууныг шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон. Иймд зохигчдыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр төлбөл зохих хүүгийн хэмжээг харилцан тохиролцсон гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

4.2.Харин хэргийн 6 дугаар талд авагдсан Мөнгө зээлсэн баталгаа бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Дээрх бичгийн нотлох баримтаас үзвэл, 6000 литр түлш буюу 14,700,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 10 сард өгөхөөр зээлж авсан, төлбөрийг 2020 оны эхээр 1 сардаа багтааж барагдуулна гэж хариуцагч Г.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баталгаа гарган гарын үсэг зурсан байна. Иргэний хуулийн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул хариуцагч Г.*******г худалдан авсан шатахүүний үнэ болох 14,700,000 төгрөгт 1 сарын хүү төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

4.3.Дээрх үндэслэлээр хариуцагч Г.*******гээс 15,288,000 төгрөг/14,700,000+588,000=15,288,000/-ийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, үлдэх 1,764,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

4.4.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлээс хохирол гаргуулах буюу 3,473,107 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна. Тодруулбал, Ч.******* нь ХААН банк ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, автомашин авах зориулалтаар 15,000,000 төгрөг зээлж авсан байх ба уг мөнгөн хөрөнгөөр хариуцагч Г.*******гийн худалдаж авсан шатахууны үнийг төлсөн гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчид 3,473,107 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*******гээс 15,288,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,237,107 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор өөрчлөн найруулж, нэхэмжлэгч Ч.*******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг, нэхэмжлэгч Ж.Алтанбаганын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/02627 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*******гээс 15,288,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, үлдэх 5,237,107 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...373,950 төгрөг гэснийг 376,890 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас урьдчилан төлсөн 90,790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД