Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01785

 

 

 

 

 2023 09 20 210/МА2023/01785

 

Б.Г..ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/02123 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Г...ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Т...д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Н.Т... нь хүргэн болох Б.Г...д хүсэлт тавьж, Худалдаа хөгжлийн банканд хадгалагдаж байсан 110,000,000 төгрөгийг дансаар, 10,000,000 төгрөгийг бэлнээр авч, 120,000,000 төгрөг зээлж авлаа гэсэн гарын үсэгтэй бичиг хийж, баталж өгсөн. Мөнгөө 6-12 сарын хугацаатай хүүгүй зээлсэн.

 

1.2. Хариуцагч ээжийгээ Солонгос Улсад эмчлүүлэх зорилгоор уг мөнгийг авсан боловч одоо хүртэл төлөөгүй, 20,000,000 төгрөгийг ээжийнхээ эмчилгээнд зориулсан, 100,000,000 төгрөгийг өөрийнхөө өр төлбөрт өгсөн.

 

1.3. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчийг шүүх албадан ирүүлэхэд нь уулзсан. Ээж маань 09 дүгээр сард өнгөрсөн, ээжийн нэр дээр хөрөнгө байдаг, өвийн асуудал нээгдмэгц өгөх боломжтой, уучлаарай гэж надад хэлсэн. Аав нь төлнө гэж хэлсэн, аавынх нь гарын үсэг мөн эсэхийг мэдэхгүй, гарын үсгийн хэв нь өөр байсан. Энэ мөнгийг Н.Т... авсан, ээждээ зориулаагүй өөрөө зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр аав Б.Н..., ээж М.Ц..., миний бие байлцан Б.Г... ахтай утсаар ярьж, түүнээс 120,000,000 төгрөгийг зээлж авсан.

 

2.2. Уг мөнгийг хорт хавдартай байсан ээжийнхээ эмчилгээнд зарцуулсан ба тухайн мөнгийг би дансаараа хүлээн аваад аав, ээж хоёртоо бэлэн болон бэлэн бусаар хүлээлгэн өгсөн. Харамсалтай цар тахлын улмаас гадагшаа явж эмчилгээгээ хийлгэж чадахгүй байж байгаад ээж маань 2021 оны 09 дүгээр сард өөд болсон.

 

2.3. Мөн цар тахлын улмаас ээж, аавын эрхэлж байсан бизнес зогсонги байдалд орж, санхүүгийн хүндрэлд орсон. Бид өв нээлгэж, ээж, аавын бизнесээс үлдсэн хөрөнгийг зарж борлуулах замаар өрөө дарах төлөвлөгөөтэй байсан боловч 12 сарын хугацаанд өв нээгдэх боломжгүй болж, Б.Г... ахын зээлийн төлбөрийг төлж чадаагүй. Миний бие хувьдаа уг мөнгийг зээлж аваагүй бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлаас болж хугацаа алдсан. Үүндээ хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу.

 

2.4. Мөн бид зээлийн төлбөрийг бусад хөрөнгийг шилжүүлэх замаар төлөх, эсхүл тухайн хөрөнгийг зарж борлуулаад төлөх тухай санал удаа дараа гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аав Б...ийн Н...ийг хариуцагчаар татан оролцуулж, намайг хариуцагчаас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Т...ээс зээлийн гэрээний үүрэг 120,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г...од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т...ээс 757,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г...д олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Б.Г... нь хариуцагч Т...ийн аавын төрсөн дүү юм. Б.Н... нь төрсөн дүү Ганболдоосоо өөрийн эхнэр М.Ц... (миний ээж)-гийн хорт хавдрыг эмчлүүлэх зорилгоор 120,000,000 төгрөг зээлсэн гэдэг ба зээлийг төлж барагдуулах баталгааг Б.Н... бичгээр гаргаж гарын үсэг зурсан байдаг.

 

4.2. Б.Г...оос өөрөөс нь 120,000,000 төгрөг Н.Түмэндэмбэрэл рүү шилжүүлсэн баримт хэргийн материалд авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.1-д заасны дагуу эдгээр хүмүүсийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Хэргийн материалд авагдсан Б.Н...ийн бичсэн баталгааны бичиг болон түүний шүүхэд гаргасан хүсэлт, Н.Т...ийн тайлбар, бусад хүсэлтүүдээс Б.Н... зээл авсан буюу энэхүү зээлийн харилцаа Б.Г..., Б.Н... нарын хооронд үүссэн байтал шүүх Т...ийг зээлийн гэрээний үүргийн нэг тал гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

4.3. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2023/12198 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч нь өвчтэй эмнэлэгийн магадлагаатай байхад хариуцагч түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг харгалзахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдаагүй байхад уг зүйл заалтыг баримтлан хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй.

 

4.4. Мөн нэхэмжлэгч талаас шүүгчийн захирамжид гомдол гаргасан талаар бидэнд огт мэдэгдээгүй байтал уг гомдлын шүүх хуралдаан 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 10 цагаас болох талаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, орой 20 цаг 30 минутанд хариуцагчид мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь хөдөө ажлаар явж байсан миний бие нь 04 дүгээр сарын 13-ны өдөр Хуульчдын холбооноос зохион байгуулдаг хуулиар тогтоож өгсөн кредит цагийн сургалттай байсан тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ шүүхэд тавьсан боловч хүсэлтийг хангаагүй гомдлын шүүх хуралдаан хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу хариуцагч түүний өмгөөлөгчид шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломж олгоогүй. Шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх шаардлагыг хангаагүй.

 

Иймд Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/02123 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б... Б.Г...оос өөрөөс нь 120,000,000 төгрөг Н.Т...д шилжүүлсэн баримт хэргийн материалд авагдаагүй буюу эдгээр хүмүүсийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэжээ.

 

Б.Г... Н.Т...ээс 120,000,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлээ нэхэмжлэлдээ тодорхой зааж, түүнд 120,000,000 төгрөг шилжүүлсэн баримтуудыг хавсаргасныг болон хариуцагч Н.Түмэндэмбэрэл энэ мөнгийг авч зарцуулснаа тайлбарласан нь хэргийн материалд хангалттай авагдсан.

 

5.2. 120,000,000 төгрөг зээлэх зээлийн харилцаа Б.Г..., Н.Т... нарын хооронд үүссэнийг нотолсон баримт хэргийн материалд байгаа. Шүүх Б.Г...ын нэхэмжлэлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, баримтлах хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн.

 

5.3. Хариуцагч Н.Т...д нэхэмжлэлийг гаргуулахаар шүүхээс удаа дараа дуудахад ирэхгүй байсан учир шүүгчийн захирамжаар албадан ирүүлж нэхэмжлэлийг гардуулж байснаас эхлээд элдэв шалтаг тоочиж, шүүх хуралдааныг хойшлуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа болно. Шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

2. Нэхэмжлэгч Б.Г... нь хариуцагч Н.Т...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ... хариуцагч биш гэж маргажээ. /1хх 1, 25/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Хариуцагч 120,000,000 төгрөгийг төлөхөд хугацаа хэрэгтэй байгаа, мөн Б.Н... хариуцах ёстой гэж маргасан нь маргааны зүйл болжээ.

3.б. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр А.Ч...оос Н.Т...ийн 5065253053 дансанд 110,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. /1хх 2-3/

4. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Учир нь:

4.а. Хариуцагч Н.Т... нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг бичгээр гаргажээ. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Б.Б... эрүүл мэндийн шалтгаантай талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй байна. /1хх 91-96/

5. Хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь үндсэн эрх юм.

Хариуцагчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох боломжит хугацаагаар хангаагүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26ы өдрийн 183/ШШ2023/02123 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД