Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/шш2023/02123

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/02123

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, М хороолол, *** байр, ** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ******, Ш овогтой Б-ийн Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, М т хотхон, ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ********** , И М овогтой Н-ийн Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 120.000.000 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Н.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 120.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Н.Т миний хүргэн болох Б.Г-д хүсэлт тавьж, Х банканд миний нэр дээр хадгалагдаж байсан мөнгийг ахаас авах боллоо гээд 110.000.000 төгрөгийг дансаар, 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн 120.000.000 төгрөг зээлж авлаа гэсэн гарын үсэгтэй бичиг хийж өгсөн, үйлчилгээний хэсэгт суулгаж байгаад бичиг хийгээд баталж өгсөн. Мөнгөө 6-12 сарын хугацаатай хүүгүй зээлж байсан. Ээжийгээ Солонгос Улсад эмчлүүлэх зорилгоор уг мөнгийг авсан боловч одоог болтол өгөөгүй. 20.000.000 төгрөгийг ээжийнхээ эмчилгээнд зориулсан, 100.000.000 төгрөгийг өөрийнхөө өр төлбөрт өгсөн. Аав нь энэ зээлийн төлбөрийг хариуцана гэж байгаа боловч хүү нь хариуцах ёстой, нэхэмжлэгч хүүтэй нь ярина гэж байсан. 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчийг шүүх албадан ирүүлэхэд нь уулзсан. Ээж маань 9 дүгээр сард өнгөрсөн, ээжийн нэр дээр хөрөнгө байдаг, өвийн асуудал нээгдмэгц өгөх боломжтой, уучлаарай гэж надад хэлсэн. Аав нь Төлнө гэж хэлсэн, аавынх нь гарын үсэг мөн эсэхийг мэдэхгүй, гарын үсгийн хэв нь өөр байсан. Энэ мөнгийг Н.Т авсан, ээждээ зориулаагүй өөрөө зарцуулсан. Нэхэмжлэгч Б.Г зөвхөн хариуцагч Н.Т-ийн хүсэлтээр түүнд мөнгө зээлдүүлсэн учир түүнээс төлбөрөө буцаан гаргуулна гэсэн ба хариуцагч солихыг зөвшөөрөөгүй. Төлнө гэх сэтгэл байхгүй, бага багаар төлөөд явах боломжтой байсан. Иймд хариуцагчийг солихгүй тул, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр аав Б.Найдандорж, ээж М.Ц, миний бие байлцан Б.Г ахтай утсаар ярьж, түүнээс 120.000.000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг хорт хавдартай байсан ээжийнхээ эмчилгээнд зарцуулсан ба тухайн мөнгийг би дансаараа хүлээн аваад аав, ээж хоёртоо бэлэн болон бэлэн бусаар хүлээлгэн өгсөн. Харамсалтай цар тахлын улмаас гадагшаа явж эмчилгээгээ хийлгэж чадахгүй байж байгаад ээж маань 2021 оны 9 дүгээр сард өөд болсон. Мөн үүнээс гадна цар тахлын улмаас ээж, аавын эрхэлж байсан бизнес зогсонги байдалд орж, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон ба зээлийн өр төлбөр нэхэгдэж байсан. Бид өв нээлгэж, ээж, аавын бизнеснээс үлдсэн хөрөнгийг зарж борлуулах замаар өрөө дарах төлөвлөгөөтэй байсан боловч 12 сарын хугацаанд өв нээгдэх боломжгүй болж, Б.Г ахын зээлийн төлбөрийг төлж чадаагүй. Миний бие хувьдаа уг мөнгийг зээлж аваагүй бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлаас болж хугацаа алдсан. Үүндээ хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу. Мөн бид зээлийн төлбөрийг бусад хөрөнгийг шилжүүлэх замаар төлөх, эсхүл тухайн хөрөнгийг зарж борлуулаад төлөх тухай санал удаа дараа гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аав Б-ийн Н-ийг хариуцагчаар татан оролцуулж, намайг хариуцагчаас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр А.Ч-оос 110.000.000 төгрөгийг Н.Т-д шилжүүлсэн тухай Х банк ХХК-ийн дотоод шилжүүлгийн баримт, мөн өдрийн А.Ч нь 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан тухай зарлагын баримт, Б.Н-ийн Дүү Б.Г гэх бичиг, улсын тэмдэгтийн хураамж 757.950 төгрөг төлсөн тухай баримт, Б.Г-оос А.Ч-д олгосон итгэмжлэл, Б.Г-ын нэмэлт тайлбар, Н.Т-тэй харилцсан мессэжний хуулбар зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас хариуцагч солиулах тухай хүсэлт, Н.Т-ийн дансны хуулга, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрмийн хуулбар, өмгөөлөгч Б.Б-ыг оролцуулах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Г болон хариуцагч Н.Т нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 120.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

3. Хариуцагч нь Зээлийг өөрөө аваагүй, аав, ээждээ шилжүүлсэн, аав Б.Н-оос уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа гаргасан боловч нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар энэхүү ажиллагаа зөвхөн нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шалтгаална.

Гэтэл нэхэмжлэгч Б.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч нар хариуцагчийг солих хүсэлтийг зөвшөөрөөгүй тул хариуцагч Н.Т-ийн дээрх татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Нөгөө талаар, хэргийн 2 дугаар талд авагдсан 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Х банк ХХК-ийн дотоод шилжүүлгийн баримтаар хариуцагч Н.Т нь 110.000.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан болох нь тогтоогдож байгаа тул түүний бусдын өмнө хүлээсэн үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр шүүх шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

4. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Т-ээс зээлийн гэрээний үүрэг 120.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-ээс 757.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Т-ээс зээлийн гэрээний үүрэг 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.950 /долоон зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-ээс 757.950 /долоон зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА