Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01798

 

 

 

 

 2023 09 22 210/МА2023/01798

 

А... ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/02091 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.ХХК-ийн нэхэмжлэлт..эй,

 

Хариуцагч: А.М...т холбогдох,

 

Фидуцийн гэрээний зүйлийг бодитойгоор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н.., хариуцагчийн өмгөөлөгч Б.Ө..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З.. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. А... ХХК, А.М... нар нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож, 21/103 дугаартай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

 

1.2. Зээлдэгч А.М...нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21/103 дугаартай зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар .... УАК улсын дугаартай, KN4HNW6..... арлын дугаартай, Kia Bongo маркийн, цагаан өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай авто машин, ... УБТ улсын дугаартай, FW1KX... арлын дугаартай, HINOKL-FW.... маркийн, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай авто машин, .... УББ улсын дугаартай, LBZ446D..... арлын дугаартай, BEIBEN NORTH BENZ ND4254-B34J маркийн, цагаан өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай авто машин, .... БЧ улсын дугаартай, LZC443130.... арлын дугаартай, LST9402XXY маркийн, цэнхэр өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, чиргүүлийг фидуцийн гэрээ байгуулж, зээлдүүлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, зээлдэгч нь ашиглах эрхтэй байхаар тохиролцжээ.

 

1.3. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээл 23,875,350.11 төгрөг, хүү 14,938,349.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,167,087.88 төгрөг, нийт 40,980,787.51 төгрөгийн үүргийн үлдэгдэлтэй.

 

1.4. Иймд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээний зүйл болох А.М...ын эзэмшил, ашиглалтад буй ... УАК улсын дугаартай, KN4HNW6.. арлын дугаартай, Kia Bongo маркийн, цагаан өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай авто машин, ... УБТ улсын дугаартай, FW1KXH... арлын дугаартай, HINOKL-FW... маркийн, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай авто машин, ... УББ улсын дугаартай, LBZ446D... арлын дугаартай, BEIBEN NORTH BENZ ND4254-B34J маркийн, цагаан өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай авто машин, ... БЧ улсын дугаартай, LZC44313040... арлын дугаартай, LST9402XXY маркийн, цэнхэр өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, чиргүүл зэргийг бодитойгоор гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. А... ХХК-аас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан өөрийн нэр дээр байсан 3 машин 1 чиргүүлийг шилжүүлж, 25,000,000 төгрөгийн зээлийг 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан.

 

2.2. Зээлээ эргүүлэн төлөх хугацаанд Коронавируст халдварт өвчин дэгдэж, тээврийн салбар зогсонги байдалд орж, бүтэн 2 жилийн хугацаанд машинууд зогссон.

 

2.3. Байгалийн хадлан хадах ажилдаа орж 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны хугацаанд бэлдсэн 16,000 боодол өвс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан хээрийн түймрийн улмаас шатаж байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж А... ХХК-ийн нэр дээр байгаа 3 авто машин, 1 чиргүүлийг борлуулахгүй байх, мөн нэхсэн зээлийн нэмэгдүүлсэн хүү гэх 2,167,087 төгрөгийг хасуулж, үндсэн төлбөр 23,875,350 төгрөгийг хасуулж, хүү 14,938,349 төгрөгийг дахин зээлийн графикт оруулж төлөх хүсэлтэй. Зээл авсан 2 жилийн хугацаанд 3,000,000 төгрөг төлсөн гэжээ.

 

2.       Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.М...аас эзэмшлээс ... УАК улсын дугаартай, KN4HNW6DL.... арлын дугаартай, Kia Bongo маркийн, цагаан өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ... УБТ улсын дугаартай, FW1KXH.... арлын дугаартай, HINOKL- FW1KXHG маркийн, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, .... УББ улсын дугаартай, LBZ446D.... арлын дугаартай, BEIBEN NORTH BENZ ND4254-B34J маркийн, цагаан өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ... БЧ улсын дугаартай, LZC44313.... арлын дугаартай, LST940... маркийн, цэнхэр өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслүүдийг бодитоор гаргуулж нэхэмжлэгч А.... ХХК-д олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,054 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М...аас улсын тэмдэгтийн хураамжид 362,854 төгрөг, Улсын орлогоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмлэгч А....ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Хариуцагч нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр А... ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, өөрийн нэр дээр байсан 3 машин, 1 чиргүүлийг фидуцын гэрээний дагуу шилжүүлж, 25,000,000 төгрөгийн зээлийг 3,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

4.2. Зээлээ эргүүлэн төлөх хугацаанд Ковид-19 цар тахал дэгдэж, тээврийн салбар зогсонги байдалд орж, бүтэн 2 жилийн хугацаанд машинууд зогсож, зээлээ эргүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдал бий болсон, үр дагавар нь арилахгүй үргэлжилсээр байна.

 

4.3. Гэрээний үүргээ биелүүлэхийн тулд би өөрийн эрхэлдэг орон нутагт байгалийн хадлан хадах ажилдаа орж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 16,000 боодол өвс бэлдсэн. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан хээрийн түймрийн улмаас тус бэлдсэн өвс маань шатаж, байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон.

 

4.4. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй бөгөөд хэт нэг талыг барьсан, хэт хохихролтой шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл дээрх машины зах зээлийн үнэлгээгээр 1 машин нь 25,000,000 төгрөг, чиргүүл нь 25,000,000 төгрөг бөгөөд нийт 3 машин, 1 чиргүүл нийт 100,000,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй. Дээрхи нөхцөл байдлуудад хамаарах Бүсийн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 046/07 тоот албан бичгийн хуулбарыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Түүнчлэн шүүхэд зээлийн гэрээний үүргээ мөнгөн дүнгээр төлье, тодорхой хугацаа надад олгооч гэдэг талаар бодит нөхцөл байдлаа тайлбарласныг нэхэмжлэгч байгууллага дэмжиж эвлэрэх санал хүртэл гаргаж байсан. Шүүх хуульд заасан хэргийн оролцогчийг эвлэрүүлэх боломж нөхцлийг олгоогүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Хариуцагчаас байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой хүсэлт гаргасан, нотлох баримтаа манай талд явуулсан гэж байна. Манай талд нотлох баримтаа өгөөгүй. Хариуцагч боодол өвс шатсан талаар баримтаа сүүлд анхан шатны шүүхэд гаргасан. Шаардах хуудсаа Монгол шуудангаар хүргүүлсэн байдаг. Хариуцагчид ирж уулзаарай гэж хэлсэн ч ирж уулзаагүй.

Фидуцийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-д заасныг үндэслэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

2. Нэхэмжлэгч А.... ХХК нь хариуцагч А.М....т холбогдуулан фидуцийн гэрээний зүйл болох ... улсын дугаартай, KN4HNW6D.... арлын дугаартай, Kia Bongo маркийн, цагаан өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай авто машин, ... УБТ улсын дугаартай, FW1KXH.... арлын дугаартай, HINOKL-FW1KXHG маркийн, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай авто машин, 1... УББ улсын дугаартай, LBZ446DB89.... арлын дугаартай, BEIBEN NORTH BENZ ND4254-B34J маркийн, цагаан өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай авто машин, .... БЧ улсын дугаартай, LZC443130.... арлын дугаартай, LST9... маркийн, цэнхэр өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, чиргүүл зэргийг бодитойгоор гаргуулан авахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, давагдашгүй хүчин зүйл бий болсон гэж маргажээ. /1-р хх 1-3, 31/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Нэхэмжлэгч А.... ХХК нь хариуцагч А.М...тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21/103 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 25,000,000 төгрөгийг, хувийн хэрэгцээний зориулалттай, 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээний хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй бол хүүг үргэлжлүүлэн төлөх, хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна. /1-р хх 6-9/

3.б. Мөн талууд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулж,

KN4HNW6... арлын дугаартай, Kia Bongo маркийн, .... УАК улсын дугаартай авто машин,

FW1KXH.... арлын дугаартай, Hino KL-FW1...маркийн, ...УБТ улсын дугаартай авто машин,

LBZ446DB.... арлын дугаартай, Beiben north benz ND4254-B34J маркийн, ... УББ улсын дугаартай авто машин,

LZC443130... арлын дугаартай, LST9402XXY маркийн, .... БЧ улсын дугаартай чиргүүл зэрэг тээврийн хэрэгслүүдийг үүрэг гүйцэтгүүлэгч А... ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1-р хх 8-9/

3.в. Фидуцийн гэрээнд тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг талууд 100,000,000 төгрөг байхаар тохиролцсон, зээлийн гэрээний үүргийн нийт үнийн дүн 40,980,787.51 төгрөг болохыг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна. /1-р хх 1-3/

4. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгосон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар олгосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа хадлагаас хамгаалах эрхтэй.

Хэрэгт фидуцийн гэрээний зүйлийг бодитойгоор гаргуулан авахаар шаардсан байх боловч KN4HNW6... арлын дугаартай, Kia Bongo маркийн, ... УАК улсын дугаартай авто машин,

FW1KXH.... арлын дугаартай, Hino KL-FW1KXHG маркийн, .... УБТ улсын дугаартай авто машин,

LBZ446DB89A.... арлын дугаартай, Beiben north benz ND4254-B34J маркийн, .... УББ улсын дугаартай авто машин,

LZC44313040.... арлын дугаартай, LST9402XXY маркийн, .... БЧ улсын дугаартай чиргүүл зэрэг тээврийн хэрэгслийн зарим нь өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй баримт авагджээ.

Хэдийгээр дээрхи тээврийн хэрэгслүүд нэхэмжлэгчийн нэр дээр шилжин бүртгэгдсэн гэх боловч С.Ш..., Б.С... зэрэг өмчлөгч нар тээврийн хэрэгслийг хэрхэн зохигчдод шилжүүлсэн үйл баримтыг тодруулсны дараа тухайн фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх боломжтой. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

4.а. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх юм.

Хэрэгт бодитойгоор гаргуулан авахаар шаардаж буй тээврийн хэрэгслүүдийн үнэлгээ 100,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн нийт хэмжээ 40,980,787.51 төгрөг болох баримт авагдсан, мөн талууд эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байхад эвлэрүүлэх боломж, хугацаа олгосон гэх нөхцөл байдал шүүх хуралдааны тэмдэглэлээс тогтоогдохгүй байна./хх/

5. Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс нөхцөл байдлыг дүгнэх, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17ы өдрийн 182/ШШ2023/02091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,854 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД