Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01505

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01505

 

2023 08 02 210/МА2023/01505

 

 

Г-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 10-ны 181/ШШ2023/01429 дугаар шийдвэртэй

Г-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ХХБ- ХХК-д холбогдох,

Гуравдагч этгээд Г-т- ХХК,

Талуудын хооронд өр төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг баталгаажуулан тогтоолгож, уг төлбөрийг төлснөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, А-талд байх, улсын бүртгэлийн Ү-000000001- дугаартай, 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн хаягт орших, нэгж талбарын 0000000000- дугаартай 2734 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төртүвшин, Х.Арманбек /цахимаар/, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Баатархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г-ХХК-аас Өмнөговь аймагт зочид буудал барихад зориулан 2009 оны 10 сарын 29-ний өдөр ХХБ- ХХК-аас 5 тэрбум төгрөгийн зээл авсантай холбоотой Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 сарын 23-ны өдрийн 000- дугаар захирамжаар Г-ХХК нь 4,201,986.124 төгрөгийг 2013 онд багтаан төлөхөөр шийдвэрлэсэн. Одоогоор 3,235,278,455 төгрөгийг төлсөн.

Банкны зүгээс зээлийн үлдэгдэл мөнгийг төлүүлэх, компанийн зүгээс төлбөрөө төлж, объектоо буцааж авах нэгдмэл хүсэл зорилготой байсан тул 2013 оны 03 сарын 26-ны өдрийн 000/0001- тоот Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр буцаан худалдан авах гэрээ байгуулсан нь манай 2 байгууллагад эрсдэлгүй, зардалгүй, зөв арга гэж харилцан үзсэн. Ийнхүү жилд 100,000,000-935,500,000 хүртэлх төгрөгийн төлбөрийг төлж ирсэн ч одоог хүртэл төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Бид удаа дараа хүсэлт тавьсан ч тооцоо нийлж чадаагүй, төлбөр төлсөн тохиолдолд барилгыг шилжүүлэн өгнө гэсэн албан бичгээ ч авч чадаагүй байна.

Манай компанийн зүгээс банкнаас өгсөн хугацаанд мөнгө олж төлбөрөө төлөхөөр маш их санаа тавьж, шаргуу ажиллаж, санхүүгийн эх үүсвэр хайж, 2 байгууллагатай тохиролцоонд хүрээд байгаа юм.

2013 оны 03 сарын 26-ны өдрийн 000/0001- дугаар гэрээний 4.1-д зааснаар ХХБ-инд төлөх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулан төлбөрийн үлдэгдлийг төлснөөр зочид буудлыг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд бид 2021 оны 12 сарын 20-ны өдрийн байдлаар 991,674,854 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2013 оны 3 сарын 26-ны өдрийн 000/0001- дугаартай дээрх гэрээг байгуулж, Иргэний хуулийн 270.1-д зааснаар банкны өмчлөлийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, А- талд байх Г- зочид буудлын барилгыг 2014 оны 01 сарын 15-ны өдрийн дотор 4,201,986,214.00 төгрөгийг бүрэн төлж барагдуулснаар буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан ч түүнээс хойш 8.5 жилийн хугацаа өнгөрсөн ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл" гэж зааснаар гэрээ сунгагдаагүй дуусгавар болсон.

ХХБ- ХХК нь 2021 оны 10 сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтаас чөлөөлж 2021 оны 10 сарын 25-ны өдөр гэхэд Г-ХХК-аас шилжүүлсэн төлбөрийн тооцоог гаргаж, буцаан шилжүүлэхээр тохиролцон акт үйлдэж, улмаар 2021 оны 10 сарын 25-ны өдөр талууд тооцоо нийлж, үндэслэлгүй шилжүүлсэн төлбөрийн дансны хуулгыг гарган өгч, актаар тохиролцсон нөхцөлийг биелүүлсэн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, тус хэсгийн 2, 6-д зааснаар эд хөрөнгийн болон өмчлөх эрхтэй маргааныг тухайн хөрөнгийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөн маргах ёстой ч нийт нэхэмжлэлийн 3 шаардлагад эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй гэж үзэн 210,600 төгрөг төлсөн нь хууль тогтоомжид нийцэхгүй, нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Г-т- ХХК-ийн тайлбарын агуулга: Г-ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар 2013 оны 3 сарын 26-ны өдөр байгуулсан 000/0001- тоот Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Г-ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг тогтоож, уг төлбөрийг төлснөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, А- талд байх, Ү-000000001- дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбай бүхий зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байх, нэгж талбарын 0000000000- дугаартай, 2734 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт нэхэмжлэгч Г-ХХК-д шилжүүлэн өгөхийг хариуцагч ХХБ- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ХХБ- ХХК-аас 140,400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг зөв дүгнэж чадаагүй. Талууд 2009 оны 10 сарын 29-ны өдөр 3г/125 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүү, 12 сарын хугацаатай авч, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулан 3Б/125, 36/125-1 тоот барьцааны гэрээ, 3ХБ/125-1, ЗХБ/125-2 тоот батлан даалтын гэрээнүүд байгуулсан. Зээлийг хугацаандаа телж чадаагүй тул банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар талууд эвлэрч 4,201,986,124 төгрөгийг Г-ХХК төлөхөөр болж Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 сарын 23-ны өдрийн 000- дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.

Гэвч Г-ХХК эвлэрлийн гэрээг биелүүлээгүй ба нөхцөл байдлыг банк харгалзан Г-ХХК-ийн ХХБ- ХХК-ийн өмчлөлд байсан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, А- талд байрлах 4,321.49 м.кв талбайтай Y-000000001- дугаартай Говь зочид буудлын зориулалттай ул хедлех эд хөрөнгийг газрын хамт шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсний дагуу талууд 2013 оны 03 сарын 26-ны өдрийн 00/2013- дугаартай Банкны зээлийн өр төлберт тооцон үл хөдлөх эд херенгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан ба Г-ХХК нь 2014 оны 01 сарын 15-ны өдрийн дотор үнийг төлснөөр хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авах эрх нь давуу эрхтэй үүсэхээр заасан ч биелээгүй.

Шүүх уг гэрээг дүгнэхдээ, зээлийн гэрээний үүргийг талуудын хооронд байгуулагдсан худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх гэрээгээр төлөх, хөрөнгийн өмчлөх эрхийг 2021 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бусдад шилжүүлэхгүй байх, энэ хугацаанд хөрөнгийн эзэмшил, харуул хамгаалалт, түүнээс гарах зардлыг хариуцагч хариуцахаар тохиролцсон байх ба энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь учир дутагдалтай байна гэж, мөн гэрээг 2021 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл сунгагдсан, гэрээний зээлийн үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө харилцан тооцох тохиролцоо нь хэн алиныг эрх, ашгийг зөрчихгүй, тэгш байдлыг хангах ёстой бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь зээлийн үүрэгт дүйцэж байх нь гэрээний хүчин тегелдер байдалд хамаарах юм гэжээ.

Тус шүүхийн дүгнэлт нь ямар гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан эсэхэд хууль зүйн дүн шинжилгээ хийгээгүй, мөн талуудын гол тохиролцоог бүрэн тодорхойлок чадаагүйгээс болж гэрээний нехцел биелэгдсэн эсэхийг үүссэн нехцел байдалтай уялдуулан хянаж шийдвэрлэх үүргээ биелүүлж чадаагүй. Тухайн гэрээ нь талуудын эрх, ашигт нийцэх ёстой гэж шүүхээс дурдсан ч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой талууд маргаагүй асуудлыг дурдсан, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг банк зөрчиж байгаа мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг шүүх анхаараагүй хуулийн ноцтой зерчиж байна.

Талуудын хооронд байгуулсан Зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189,1 дэх хэсэг, 236.1.3 дахь заалт, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар эээлийн төлбөрийн оронд үл хөдлөх эд хөрөнгө тооцон авах замаар үүргийг дуусгавар болгосон хүчин төгөлдөр хэлцэл юм. Харин талуудын Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ нь Г-ХХК-иас хөрөнгийг худалдан авах замаар зээлийн өр төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг төлж, хөрөнгийг тэргүүн ээлжинд авах эрхийг баталгаажуулсан гэрээ юм. Гэтэл шүүхээс өөр өөр гэрээг зээлийн өр төлбөрийг төлөх зориулалтаар шилжүүлсэн, зээлийн өр төлбөрөө хэсэгчлэн төлсөн учраас үлдсэн төлбөрийг төлөх байдлаар буцаан авах, нэхэмжлэгч нь төлбөрийн дийлэнхийг төлсөн учраас банк хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж буруу дүгнэж, талуудын хооронд байгуулсан дараа дараагийн гэрээ, бичиг баримтуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах нехцелийг бүрдүүлсэн. Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ-ний үүрэг, харилцааг 2020 оны 07 сарын 09-ний өдөр Г-ХХК, Г-т- ХХК болон Банк хооронд байгуулсан. Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээний дагуу шинэчлэн үргэлжлүүлсэн нөхцөл байдал байхад шүүхээс уг гэрээний харилцааг нэг ч удаа авч дүгнэсэнгүй мөртлөө өмнөх гэрээнээс татгалзах эрхгүй.

Уг төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээний 1.1-д Энэхүү гэрээгээр ХХБ- ХХК болон Г-ХХК нарын хооронд 2013 оны 03 сарын 26-ны едер байгуулагдсан №00/2013- тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн емчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн дагуу Г-т- ХХК нь 4,201,986,124 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр банканд бүрэн төлж барагдуулсан тохиолдолд банк гэрээний 2.1.1-д заасан Хөрөнгийг Г-ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буцаан шилжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэж заасны дагуу төлбөр бүрэн төлөгдсөнөөр банк хөрөнгийн өмчлөлийг Г-ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Шүүх, талуудын хооронд байгуулсан 2013 оны гэрээгээр хүлээсэн үүргийг 2021 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан ба нэхэмжлэгч гэрээний үүргийг Иргэний хуулийн 225.4.1-д зааснаар ялимгүй зерчсен тул Банк гэрээнээс татгалзах эрх эдлэхгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тус гэрээг байгуулснаас хойш 9-10 жилийн хугацаа өнгөрч, төлбөрөө төлөөгүй байхад нэхэмжлэгч гэрээг ялимгүй зөрчсөн, хүчин төгөлдөр гэж дүгнэснийг хариуцагч зөвшөөрөх боломжгүй. Гэрээний үүргийг биелүүлж сар бүр 50 сая төгрөгийг Г-ХХК нь төлөхөөр тохиролцсон ч мөн үүргээ зерчоен учир банкнаас 2021 оны 10 сарын 12-ны өдрийн гэрээг цуцалсныг баримтвар нотолсон байхад шүүхээс Иргэний хуулийн 9.4.3, 186.1-д зааснаар өмнөх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн маргах эрх, нэхэмжлэгчийн хариуцагчид телех төлбөрийг манай өмнөөс тодорхойлсон гэж үзэхээр байна. Гэтэл хариуцагчийн өмнеес нэхэмжлэгчийн үүргийг тодорхойлж, шийдвэрлэх байдлаар хариуцагчид үүрэг хүлээлгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж байна. Шүүхээс нэхэмжлэгч нь 991,674,854 төгрөгийг хариуцагчид төлөхийг баталгаажуулсан нь хариуцагчийн эрхийг хязгаарласан бөгөөд нэхэмжлэгч тус төлбөрийг хэзээ биелүүлэх нь тодорхойгүй, хариуцагч хөрөнгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлж чадахгүй хохирох бодит нехцелийг шүүх шийдвэрээрээ бий болгож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь ямар хуулийг зөрчиж байгаа нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүхээс ямар нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан болох нь тодорхойгүй байгаа учраас уг давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Манай байгууллагын үйл ажиллагаа 2 жилийн хугацаанд зогссон учраас хүнд нөхцөл байдал үүссэн. Талуудын гэрээний үүрэг болох 4,200,000,000 төгрөгөөс 3,335,278,455 төгрөгийг төлсөн. Гуравдагч этгээдийн зүгээс тухайн төлбөрийн 50 орчим хувийг нь төлсөн. Манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан тохиолдолд 1,500,000,000-2,000,000,000 төгрөгийн ашигтай ажиллах байсан. Мөн манай байгууллагын ажиллаагүй байх хугацааны 280,000,000 төгрөгийн татварын акт тавигдаж, анхан шатны шүүхээр баталгаажсан байдаг. Уг асуудал нь нэхэмжлэгч, хариуцагч нараас гадна гуравдагч этгээдэд хүнд нөхцөл байдал үүсгэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Г-ХХК, хариуцагч ХХБ- ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2013 оны 03 сарын 26-ны өдөр байгуулсан 000/0001- тоот Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах гэрээ-ний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг баталгаажуулж, уг төлбөрийг төлснөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, А-талд оршин байх улсын бүртгэлийн Ү-000000001- дугаартай, 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн хаягт байх, нэгж талбарын 0000000000- дугаартай 2734 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч талын гаргасан, шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг зөв дүгнээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодорхойлж чадаагүй гэх болон нэхэмжлэгчийн ямар эрх, ашгийг хариуцагч зөрчсөн нь тодорхойгүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

4. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаатай холбоотой маргааныг шүүх 2012 оны 05 сарын 23-ны өдрийн 000- дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, хариуцагч Г-ХХК-иас 4,201,986,124 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ- ХХК-д олгохоор, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Гэвч талууд шүүхийн шийдвэрт зааснаас өөрөөр тохиролцож 2013 оны 03 сарын 26-ны өдөр дээрх 000/0001- тоот гэрээг байгуулсан боловч Г-ХХК гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй. Талууд гэрээний нөхцөл, үүрэг гүйцэтгэх этгээдийг дахин тодорхойлж 2020 оны 07 сарын 09-ний өдрийн Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, энэ гэрээний үүрэг мөн биелэгдээгүй байна. Улмаар хариуцагч нь 2021 оны 10 сарын 14-ний өдөр барьцаа хөрөнгийн эзэмшлийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авч тооцоо нийлэхээр тохиролцсоны дагуу талууд 2021 оны 10 сарын 25-ны өдрийн уулзалтын протоколоор үлдэгдэл төлбөр тооцоог 2021 оны 12 сарын 15-ны өдөр төлөхөөр хугацаа тогтоожээ.

5. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2013 оны 03 сарын 26-ны өдөр байгуулсан 000/0001- тоот гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх анхаараагүй буюу талууд 2013 онд байгуулсан гэрээний нөхцөлийг өөрчилж, шинээр 2020, 2021 онд тус тус төлбөр тооцоог хэрхэн тооцож, ямар хугацаанд төлбөрийг төлөх, тохиролцсон хугацаанд Г-ХХК нь төлбөрийг төлөөгүй нөхцөлд ямар үр дагавартай талаар тохиролцжээ. Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч 2013 онд байгуулсан гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй, энэ талаар талуудын хооронд мэтгэлцээн явагдаагүй, шүүх тодруулах үүргээ биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч өр төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг баталгаажуулж тогтоолгох, уг төлбөрийг төлснөөр үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хариуцагчаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй гэж үзсэн үндэслэлийг шүүх тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд дээрх нөхцөл байдал тодорхойгүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойгүй гэж үзэхэд хүргэж байна. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх буюу мэтгэлцүүлэх, тодруулах замаар эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй.

6. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01429 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ