Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
Хэргийн индекс | 128/2016/0764/З |
Дугаар | 113 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 113
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: В.У гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Газрын албанд холбогдох
Гуравдагч этгээд: Г.М
Нэхэмжлэлийн шаардлага: “В.У гийн 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.М д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.У , түүний өмгөөлөгч Ж.О, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч тус дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гуравдагч этгээд Г.М , түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.У , түүний өмгөөлөгч М.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В.У би өөрийн төрсөн ах В.Э-ын хамтаар Чингэлтэй дүүргийн 19 хороо, Жигжид зуслангийн задгай гэх газарт байрлах зуслангийн газрыг 2000 оны эхээр хашаа хатган авсан болно. Миний бие төрсөн ах В.Э*******ын хамтаар тус газарт хашаа барьж, 8x7 хэмжээтэй байшингийн суурь цутгаж, хувийн байшин барихаар зэхэж байсан боловч 2001 онд ээж болох Ц.Б нас барсан, мөн мөнгөний боломжоос болж тухайн үедээ барьж чадаагүй болно. Уг газарт 4x6 хэмжээтэй зуны байшин барьж зундаа тус байшинд амьдарч, өвөлдөө төрсөн ах В.Э гэр барин амьдарч харж байсан.
Тухайн үед 2003 онд газрын зөвшөөрөл авахаар 19 дүгээр хорооны Засаг дарга Ц.Н-оос зөвшөөрөл авч байсан. Дараагийн хорооны дарга н.Б гэгчээс мөн зөвшөөрөл авч газрын бичиг баримтаа хөөцөлдөж Чингэлтэй дүүргийн Газрын албаны байцаагч Э.Б******* гэгч хүнд хандан газар эзэмших хүсэлт гарган өгч байсан боловч зуслангийн айлуудын газар эзэмших эрхийг шалгаж байж нэгдсэн журмаар олгоно гээд өгөөгүй ба миний хүсэлт өргөдөл архивт байгаа гэж ойлгож байна.
Ингээд миний бие 2005 онд ажил хийхээр Солонгос Улс руу явсан бөгөөд байхгүй хооронд тус газраа харж хандаж байхыг төрсөн ах В.С-т хэлж үлдээсэн юм. 2012 оны 10 дугаар сард Солонгос Улсаас ирсэн ба газрын бичиг баримтаа хөөцөлдөхөөр 2013 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Газрын албанд очиж хуучин өгсөн хүсэлтээ асуухад байцаагч нь солигдсон мэдэхгүй гэсэн тул дахин хүсэлт өргөдөл өгөх гэтэл одоо өргөдөл хүлээн авахгүй газрын тооллого явагдахаар хавар өргөдлөө өг гэсэн ба хүлээсээр байсан болно.
Улмаар 2015 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 хорооны даргаас мөн л тодорхойлолт авч Газрын албанд очиход нэгдсэн байдлаар өгнө Жигжидын газрыг хариуцсан н.Б гэдэг байцаагчаас очиж асуу гэсний дагуу очиж асуухад мөн л нэгдсэн журмаар өгнө байж бай хэмээн өргөдөл хүлээн аваагүй болно. Түүнээс хойш газрын байцаагч н.Б-аас удаа дараа асууж байсан бөгөөд газрын гэрчилгээ өгөхөөр хэлнэ гэдэг байсан өнөөдрийг хүртэл хүлээж байна. Хүлээж байх хугацаандаа 2000 онд цутгасан өөрийн байшингийн суурин дээр 8x7 хэмжээтэй 2 давхар байшин барьсан болно.
Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхээс дуудан явж очиход миний амьдарч байгаа газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар захирамжаар Д.Н т, мөн 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр захирамжаар Д.И-т газар эзэмших эрх олгож, дээрх газрыг эзэмших эрхийг Т.М гэгч хүнд шилжүүлэн гэрчилгээ гаргуулан авсан байна.
Миний бие тус газрыг 2000 оноос хойш хашаа, байшин барьж эзэмшиж байсан бөгөөд дүүргийн Газрын албанд удаа дараа хандан өргөдөл гаргаж байсан боловч хүсэлтийг маань хүлээн авахгүй байсаар өдийг хүрсэн боловч өөр хүнд тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн байна.
Иймд В.У гийн 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.М д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын архиваас В.У , В.Э******* нарын газар эзэмших өргөдөл хүссэн талаар үзэхэд дээрх 2000 оноос 2013 он хүртэлх архив бичиг материалыг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/327 дугаар тушаалаар устгалд оруулсан байх тул Засаг даргад хандаж өргөдөл гаргаж байсан эсэх нь тодорхойгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан гомдол, хүсэлт шуурхай шийдвэрлэх зорилгоор нэгдсэн программд бүртгэх болсон ба В.У , В.Э нар нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр
А/402 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар хандсаныг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 3/1144 дугаар албан бичгээр хугацаат үүрэг даалгавар өгч шилжүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу иргэн Д.Н Д.И нар нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар захирамжаар Д.Н т Жигжид зусланд байрлах 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших, мөн 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр захирамжаар Д.И т Ж зусланд байрлах 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсэн.
Улмаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Д.Н Д.И нараас Г.М д газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг гаргаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудаар Г.М д дээрх газрыг эзэмшүүлсэн байна.
В.У нь газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэх боловч хүсэлт гаргасан нь тогтоогдохгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандаж 2003 онд өргөдөл гаргасан гэж байгаа боловч иргэн В.У гийн гаргасан өргөдөл манай архивт байхгүй. 2003 онд өргөдөл өгсөн бол өргөдлийн бүртгэлийн дэвтэр болон манай архивын баримтад байх ёстой. Өргөдөл өгсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Иймээс В.У нь 2003 онд дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж байсан гэж үзэх боломжгүй байна.
Хэрэв 2003 онд өргөдөл өгсөн бол 2006 онд гадаад явах хүртлээ өргөдлөө шийдвэрлүүлэхээр яагаад хөөцөлдөөгүй юм бэ. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглодог. Энэ заалт маань газар эзэмших эрхтэй байж байшин барилга барих тухай ойлголт юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.2 дахь хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн хуулийн заалтын дагуу иргэн В.У нь тухайн 30 хоногийн хугацаанд өргөдөл, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчөөгүй тул Г.М ын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу иргэн В.У гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Г.М , түүний өмгөөлөгч Г.Б нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В.У нь Чингэлтэй дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж байсан гэдэг нь худлаа, харин бичиг баримтад устгал хийсэн гэдгийг мэдээд бусдын газрыг луйвардан авахын тулд хууль ёсны эзэмшилтэй газарт байшин барьж биднийг элэг барьж доромжилж шүүхийг чирэгдүүлж байна. В.У нар нь эзэнгүй газар байшин бариад гэрчилгээгээ өөрсдөө хөөцөлдөөд гаргуулж ав гэдэг байсны нэг жишээ н.Э******* гэгчид Жигжидийн зусланд байшин барьж газар зарсан байдаг.
Миний хувьд Д.Н Д.И нараас хууль ёсны гэрчилгээ, гэрээтэй газрыг худалдан авч өөрийн нэр дээр авсан тул ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй шударга эзэмшигч.
В.У нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын ойр дотны хүн бололтой. Учир нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан тодорхойлолтдоо В.Э******* ам бүл 1, В.У тэй хамт амьдардаг болно гэсэн. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолтдоо В.Э******* ам бүл 2 гээд бичсэн байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Нэгж талбай бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснээс үзэхэд В.У миний эзэмшлийн газрын талаар нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. В.У гийн нэр дээр хууль ёсны газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байхад байшин барьж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэдгийг холбогдох Газрын албаны дарга хэлсэн.
2003 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Ц.Н, дараагийн Засаг дарга болох н.Б нараас зөвшөөрөл авч газрын бичиг баримтаа хөөцөлдөж байсан гэдэг нь газар эзэмших эрхтэй гэдгийг нотлохгүй билээ.
Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх гэсэн заалтад газар эзэмших эрх олгох тухай заалт байхгүй байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулапт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байхад иргэн В.У нь дураараа авирлаж бусдын эзэмшил газар дээр 2015 онд байшин барьсан болно.
2003 онд газар эзэмших гэж газрын кадастр хийлгэсэн бол тухайн үедээ өргөдөл материалаа харьяа дүүргийн Газрын албанд өгөх үүрэгтэй байтал тэр чигт нь орхиж явсан гэж үзэж байна. Хэн нэг хүний авах гэж хүсээд орхисон газрыг Газрын алба мэдэх боломжгүй, мэдэх үүрэггүй бөгөөд тухайн газар нь сул чөлөөтэй байвал холбогдох хууль тогтоомжийн дагуу материалаа бүрдүүлсэн хүнд Газрын алба газар зэмших эрх олгосон байгаа.
Иймд В.У гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч В.У гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч В.У нь нэхэмжлэлийн шаардлагаа “В.У гийн 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.М д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулж тодорхойлсон болно.
1. 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд:
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” зэргийг хавсаргахыг тус тус шаардан, 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаар төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны газар эзэмшүүлэх шийдвэр нь иргэний бичгээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан материалд үндэслэн гарах учиртайг тусгайлан зохицуулсан байна.
Нэхэмжлэгч В.У нь “2003 онд маргаан бүхий газар болох тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах газрыг эзэмших хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан, уг өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй” гэж маргаж буй бөгөөд дээрх хуулийн холбогдох заалтуудыг хэрхэн биелүүлсэн тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох нотолгооны ач холбогдол бүхий бичмэл баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Баримт бичиг нягтлан шалгах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар “...2003-2008 онуудад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол”-ын хадгалах хугацаа дууссан тул устгалд оруулахаар ялгасныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/327 дугаар тушаалаар хэрэгжүүлж дээрх баримтын устгал хийгдсэн байна.
Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагаас дээрх хуульд заасан нотлох баримтуудыг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А “Тухайн үед Газрын албанаас газар эзэмших өргөдөл хүлээн авсан тодорхойлолтыг иргэнд өгдөг байсан. В.У тэр баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Дүүргийн Газрын албаны архивт 2003 оноос хойших хүсэлтийг шүүж үзэхэд түүний гаргасан гэх өргөдөл байгаагүй тул 2003 онд өргөдөл гаргаж байсан гэж үзэх боломжгүй байна”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* “Дүүргийн Засаг даргад 2003-2008 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг устгалд оруулсан. Нэхэмжлэгч өөрөө өргөдөл гаргасан гэдгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой. В.У 2003 онд газар эзэмшихээр өргөдөл гаргаж байсан гэдгийг өөрөөр нотлох боломжгүй” гэсэн тайлбар гаргаж буй зэргээс үзэхэд 2003 онд дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж байсан гэх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул В.У г 2003 онд дүүргийн Газрын албанд газар эзэмших өргөдөл гаргаж байсан гэж үзэх боломжгүй болно.
Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05/778 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд В.У нь 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр гарч Солонгос Улс руу явсан байх ба түүнээс хойш хэд хэдэн удаа Монгол Улсын хилээр орж, гарсан байх бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Монгол Улсдаа байнга амьдарч байна.
Нэхэмжлэгч нь Солонгос Улс руу ажиллахаар явахаас өмнө буюу 2003 оноос 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан гэх өргөдлөө хэрхэн шийдвэрлэгдсэн талаар захиргааны байгууллагаас асууж шаардах, шийдвэрлэж өгөөгүй үйл ажиллагаатай холбогдуулан тухайн үед эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй, боломжтой байсан байна.
Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “Өргөдлийн хариугаа авах талаар шаардаж байгаагүй. Ийм маргаан гарна гэж мэдээгүй, миний газар гэж бодож явсан. Өргөдөл өгсөнөөс хойш газрын зөвшөөрөл гарсан эсэх талаар хөөцөлдөх боломжгүй дүү нараа тэжээх гээд явж байсан” гэж тайлбарлах бөгөөд энэ нь өөрийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх ашгаа хамгаалуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаагүй үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.
Иймээс Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасны дагуу нэхэмжлэгч В.У нь 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар эзэмших өргөдөл гаргаж байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, тухайн цаг хугацаанд буюу 2003-2006 оны үед өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар эрх бүхий байгууллага, шүүхэд хандаж байгаагүй байх тул “2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.М д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Анх маргаан бүхий байршилд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай” 122 дугаар захирамжаар Д.Н т Жигжид зусланд байрлах 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших, мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр захирамжаар Д.И т Жигжид зусланд байрлах 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг тус тус олгожээ.
Тухайн үед Д.Н Д.И нарыг газар эзэмших хүсэлт гаргах үед уг газар дээр хэн нэгэн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх хуулийн дагуу олгогдоогүй байсан тул Газрыг тухай хуулийн 31 дүгээр 31.3–31.3-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан өргөдөл гаргасны үндсэн дээр дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Д.Н Д.И нарт газар эзэмших эрхийг олгосон байна.
Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Д.Н нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, Д.И нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Жигжид зусланд зэргэлдээ байрших өөр өөрсдийн 400 м2 газрын эзэмших эрхийг Д.М-д шилжүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 400 м2 газрыг 5 жилийн хугацаатай, мөн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Ж зусланд байрлах 400 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг гуравдагч этгээд Г.М д нэр шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Улмаар Г.М тай 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэгж талбарын 1864032*******, 186403******* дугаар бүхий газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000*******, 000******* дүгээр гэрчилгээг тус тус олгож, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу эзэмшиж байсан..
Ийнхүү газар эзэмших эрхийг /эрхийн гэрчилгээ/ шилжүүлэх, шилжүүлэн авах ажиллагаа Д.И , Д.Н болон гуравдагч этгээд Г.М нарын хооронд хуулийн дагуу явагдсан, үүнийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж шилжүүлэхийн зөвшөөрсөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжууд хуульд нийцжээ.
Иймд гуравдагч этгээд Г.М д газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн, түүний газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгвар болгох, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүд бүрдээгүй байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.М д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой болно.
Иймээс нэхэмжлэгч В.У д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу маргаж буй газрыг эзэмших эрх зохих ёсоор үүсээгүй байхад дур мэдэн бусдын эзэмшил газар дээр зуслангийн байшин барьсан нь нэхэмжлэгчид уг маргаан бүхий газрыг эзэмшүүлэх давуу нөхцөл байдал үүсгэхгүй бөгөөд хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гуравдагч этгээд Г.М ын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, маргаан бүхий захиргааны актуудын улмаас В.У гийн газар эзэмших эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд гуравдагч этгээд Г.М ын газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул “В.У гийн 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.М д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.У гийн гаргасан “В.У гийн 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.М д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.У гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА