Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1417

 

 

Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2016/00028 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч "ХХ" ХК-д холбогдох

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/455 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ны гомдлыг үндэслэн шүүгч шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгссайхан, түүний өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Маркетинг гэрээ хэлцлийн хэлтсийн орлогын ажилтны бүтэц орон тоо, үйл ажиллагааны чиг үүрэг шинэчлэн батлагдсан гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/455 дугаар тушаалаар үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Тухайн нэгжийн орон тоо нэмэгдсэн байтал ажлаас чөлөөлсөн, мэргэжлийн ур чадвар, ажилласан жил, дадлага туршлагыг харгалзан үзээгүй, хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй зэргээс харахад уг тушаал илэрхий алдаатай байгаа нь харагдаж байна. Х миний бие тус байгууллагад 2007 оны 11 дүгээр сараас хойш тасралтгүй ажиллаж байгаа. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос олгуулж ниигмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүтэц орон тоо өөрчлөх тухай А/104 тоот тушаалаар зарим орон тоог цөөрүүлсэн. Х-ийн ажлын байр хасагдсан тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах талаар мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцласан. Компанийн Бодлого төлөвлөлтийн газар нь стратеги төлөвлөлтийн, маркетинг гэрээ хэлцлийн, судалгааны гэсэн 3 хэлтэстэй байснаа 2 хэлтэстэй болж зарим орон тоо хасагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/455 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хг "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Маркетинг гэрээ хэлцлийн хэлтсийн орлогын ажилтны ажилд эгүүлэн тогтоож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-иас 4 293 023 төгрөгийг гаргуулж Хд олгож,

Хд олгох ёстой мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжин хариуцагчаас 83 638 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

   Хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгссайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Маркетинг гэрээ хэлцлийн хэлтсийн 6 ажилтны орон тоо хэвээр байна гэж буруу дүгнэсэн. Маркетинг гэрээ хэлцлийн хэлтсээс судалгааны хэлтэс татан буугдаж ажилтнууд нь өөр газар, хэлтэс рүү шилжсэн, мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтсээс орон тоо хасагдсан байхад хасагдсан нь тогтоогдоогүй гэж шүүх буруу дүгнэсэн. Гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/99 тоот тушаалаар бодлого төлөвлөлтийн газрын бүтэц орон тооны тушаалд тодорхой заасан байдаг. Тус тушаалыг шүүх нотлох баримтын шаардлага хангуулахаар шаардсан боловч тухайн үед эх хувиараа олдох боломжгүй байсан. Нэхэмжлэлтэй холбоотой материалуудыг нарийн шалгах шаардлагатай байгаа.  Мөн “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ийн 2014 оны тушаалыг шүүхэд нотлох баримтаар ирүүлэх хүсэлтэй байна гэж шүүх хуралдаанд хэлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд зарим зүйлс тэмдэглэгдээгүй байсан. Иймд шүүх хуралдааны бичлэгийг хэргийн материалд хавсаргах хүсэлтэй байна. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчим, шүүх хуралдаанд оролцох, үг хэлэх, тайлбар, нотлох баримт гаргах зэрэг эрхийг эдлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/455 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:       Миний бие 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмчийн магадлагаатай хамт шүүхэд ирүүлсэн байхад шүүх хүсэлтийг хангахаас үндэслэлгүй татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25 дугаар зүйлд заасан хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, нотлох баримттай танилцах эрхийг эдлүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх нотлох баримтын хамт өгсөн боловч эмчийн уг магадлагаа нь тамга, тэмдэггүй, өвчний түүхийн хувьд өөр өвчинг тодорхойлсон байсан. Анхан шатны шүүхээс шүүх хуралд оролцох, мэтгэлцэх эрхээр хангасан. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х нь хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/455 тоот тушаалыг хүчингүй болгож, Бодлого төлөвлөлтийн газрын Маркетинг гэрээ хэлцлийн хэлтсийн орлогын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал “...гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/104 тоот тушаалаар бүтэц орон тоо үйл ажиллагааны чиг үүрэгт өөрчлөлт орсонтой холбогдуулан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн...” гэж маргажээ.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/455 тоот тушаалаар Хг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.5, Хамтын гэрээний 2.32, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54/01 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/104 дугаар тушаалыг үндэслэн Хг ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/45 тоот тушаалын 5 дугаар хавсралтаар маркетинг гэрээ хэлцлийн хэлтсийг, судалгааны хэлтэстэй нэгтгэн 1 болгон өөрчилсөн байгаагаас үзэхэд нэгж татан буугдаагүй, өөрчлөгдөн зохион байгуулагдсан байна. Маркетингийн хэлтсийн чиг үүрэг хэвээр маркетинг гэрээ хэлцлийн хэлтэс 7 орон тоотой байсныг маркетинг, гэрээний хэлтэс гэж зохион байгуулалтын хувьд өөрчилж 13 орон тоотой болгон өөрчилснийг нэхэмжлэгчийн ажиллаж байсан маркетинг гэрээ хэлцлийн хэлтэс татан буугдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр ажилтан Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байх тул “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/455 тоот тушаалыг хүчингүй болгож, Хг Маркетинг гэрээ хэлцлийн хэлтсийн орлогын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 293 023 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх дээрх шаардлагыг шийдвэрлэхдээ ажилтанг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийн талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгчид гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж, хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдэж,  шүүх хуралдааныг зохигчдын хүсэлтээр удаа дараа хойшлуулж байсан нь тогтоогдож байна. Хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн нэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүх гэж буруу бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй. Энэ алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2016/00028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Хд...” гэсний өмнө “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ...” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 83 638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                                                                  Д.ДАМДИН-ОД