Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01805

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 25 өдөр Дуга210/МА2023/01805

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2023/02807 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулж, 138,552,581 төгрөг гаргуулах, оффиссын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас аж ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 20/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-аас захиалсан барилгын материал худалдан авах, нийлүүлэх зардлыг санхүүжүүлэх /Гэрээний 1.2, 3.1.1.1/, санхүүжилтын мөнгөө буцаан авах /Гэрээний 3.1.2.1/, хамтын ажиллагаанаас бий болох ашиг буюу 500,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууцыг гэрээний дагуу хүлээн авах эрх, үүрэг /Гэрээний 3.1.2.1/ харилцан хүлээсэн бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлэх /Гэрээний 1.3/-ээр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн барилгын материалыг худалдан авах зардалд зориулж 145,000,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хас банкаар дамжуулан шилжүүлсэн бол 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 175,000,000 төгрөгийг банкны шилжүүлгээр бэлнээр олгосон мөн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2018 онд үйлдвэрлэсэн Тоёото ланд круйзер /Toyota Land Cruiser/ 200 маркийн, тээврийн хэрэгслийн 0060 УНЛ улсын дугаар бүхий автомашиныг 125,000,000 төгрөгийн санхүүжилтэд тооцож, худалдах, төлбөрийг хүлээн авах эрх бүхий итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлж хариуцагчийн гүйцэтгэх захирал Б.*******т олгосон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн барилгын материалын худалдан авалтыг санхүүжүүлэх үүргээ бүрэн биелүүлж, нийт 300,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тухайлбал нэхэмжлэгчээс хүлээн авсан 300,000,000 төгрөгийг эргүүлэн төлөх үүргээс гагцхүү 45,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн, 128,000,000 төгрөгт 2012 онд үйлдвэрлэсэн Лексус 570 маркийн 94-99 УНП улсын дугаар бүхий автомашиныг төлбөрт тооцож өгсөн бөгөөд үлдэгдэл 127,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл эргүүлэн төлөөгүй байна. Уг мөнгийг гэрээнд заасны дагуу алданги тооцож 10,706,100 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулна.

Түүнчлэн, хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр харилцан тохиролцсон хөрөнгө оруулсны ашиг болох 500,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууц оффисын талбай/-ыг бодит зах зээлийн үнээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчид гэрээгээр шилжүүлэн өгөхүүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй зайлсхийж байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулж, 138,552,581 төгрөг гаргуулж, оффиссын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр болох 127,000,000 төгрөг, түүний 0,01 хувийн алданги болох 1,070,610 төгрөг, нийт 128,070,610 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт 128,070,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрч, нэхэмжлэлээс үлдэх 500,000,000 төгрөгийн үнэ бүхий оффисын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний ашиг болох 500,000,000 төгрөгийн өртөг бүхий оффисын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгийн 127,000,000 /нэг зуун хорин долоон сая/ төгрөг, алданги 1,070,610 /нэг сая далан мянга зургаан зуун арав/ төгрөг, нийт 128,070,610/нэг зуун хорин найман сая далан мянга зургаан зуун арав/ төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 100200900941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 850,713 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 478,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний ашиг болох 500,000,000 төгрөгийн өртөг бүхий оффисын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно /хуудас 3/ гэжээ.

Цааш нь шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчээс хариуцагчтай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар зохигч нар харилцан хүлээн зөвшөөрдөг бөгөөд хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудаст авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар шүүх үнэлгээгүй. гэсэн дүгнэсэн атлаа тухайн догол мөрнийхөө сүүлийн өгүүлбэрт зохигчдийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээний зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх гэрээг нотлох баримтаар үнэлээгүй гэсэн мөртлөө хүчин төгөлдөр гэрээ болохыг нь хүлээн зөвшөөрөөд байгаа нь шүүх гэрээг нотлох баримтаар үнэлсэн гэж ойлгогдож байна.

Хэрэгт хариуцагчаас захиалагч ******* ******* консракшн ХХК-тай байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан UNKH2022/08802 болон UNKH2022/13207 дугаартай Оффисын талбай захиалах хоёр ч гэрээний тухай яригдаж, нэг гэрээ нь нотлох баримтаар авагдсан бол нөгөө гэрээг гаргуулах хүсэлтийг шүүх хэрэгт хамааралгүй гэж хангахаас татгалзсан байдаг.

Тэгсэн атлаа шилэн фасад болон металл хавтан фасадны ажил бүрэн гүйцэд дуусаагүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрт 490,000,000 төгрөгийг ******* ******* констракшн ХХК-аас хүлээн авсан болох нь... тогтоогдож байна хэмээн шийдвэрээ үндэслэсэн нь зориуд нэг талыг барьсан, нотлох баримтыг гүйцэд үнэлээгүй, хэргийг углуургаар нь үндэслэлтэй шийдвэрлэхээс зайлсхийснийг харуулж байна.

Шүүхийн шийдвэрт Шүүхээс хариуцагч ******* ******* ХХК-ийг ******* ******* констракшн ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №20/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний ажлыг бүрэн гүйцэт дуусгасан, мөн гэрээний дагуу 4,458,660,000 төгрөгийн ажил гүйцэтгэх төлбөрийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан UNKH2022/08B02 болон UNKH2022/13207 дугаартай Оффисын талбай захиалах хоёр гэрээгээр 500 сая төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууц /оффисын талбай/-ыг ******* ******* констракшн ХХК-аас шилжүүлэн авсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний ашиг болох 500,000,000 төгрөгийн өртөг бүхий оффисын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэжээ.

Энэ хэрэгт цугларсан нотлох баримт нь хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн харуулж байгаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөөр фасад нийлүүлэх ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан тул 2 жил хагасын дараа нэг өдөр буюу 2022 оны 0 6 дугаар сарын 08-ны өдөр Оффисын талбай захиалах 2 өөр дугаартай гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүх зориуд мэдэн будилж, фасадын ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон, бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэхийн зэрэгцээ, хэрэгт авагдсан оффисын захиалгын гэрээг нотлох баримтаар үл үнэлж, нөгөө гэрээг нь хэрэгт хавсаргуулахаар хүсэлт гаргахаар хэрэгсэхгүй болгож байгаа нь хэргийг үнэн зөвөөр үндэслэл бүхий шийдвэрлэсэн шийдвэр болж чадаагүйг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, нэг өдөр байгуулагдсан 2 өөр дугаартай Оффисын талбай захиалах гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн эд мөрийн баримт бичиг мөн байтал түүнийг анхан шатны шүүх үнэлэхгүй орхигдуулснаас энэ хэрэг үнэн зөв шийдвэрлэгдсэнгүй.

Оффисын талбай захиалах гэрээ байсаар байхад талбай шилжүүлэн авсан нь тогтоогдохгүй гэж байгаа шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байна. Барилга бүрэн гүйцэт ашиглагдсаны дараа оффисын талбай хариуцагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болж гарч ирэх нь цаг хугацааны асуудал бөгөөд фасадаа хийлгэж дуусгаагүй айл 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 2 оффисын талбайг ажил гүйцэтгэгчид захиалгын гэрээгээр шилжүүлэхгүй нь хэнд ч ойлгомжтой.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2023/02807 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч ашиг хүртэх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн нэр дээр байгаа 500 сая төгрөгийн өртөг бүхий бартерын оффисын талбайн нэгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн 2 агуулгаар гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн юуг ашиг гээд байгаа нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтуудыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

******* ******* констракшн ХХК-тай 4,500,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд ашиг 500,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэвч 2 жилийн хугацаанд ковид-19 цар тахлаас шалтгаалан барилгын ажил зогссон. Хэрэгт барилгын явц өнөөдрийн байдлаар ямар шатанд явж байгаа талаар нотлох баримт болон гэрэл зургууд бий. Тухайн барилгын ажил дууссаны дараа ашиг тооцно.

Мөн ******* ******* констракшн ХХК хөрөнгө оруулалт байхгүй байсан тул тухайн үед Сүхбаатар дүүрэгт баригдах орон сууцнаас өгөх гэрээ байгуулсан. ******* ******* констракшн ХХК-ийн удирдлагууд өөрчлөгдсөн бөгөөд дахин шинэ гэрээ байгуулагдаагүй, өмнөх гэрээ цуцлагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Давж заалдах гомдол ажил гүйцэтгэх гэрээний ажлыг дууссан гэж дурдсан байна. Гэвч тухайн ажил дуусаагүй гэдэг нь баримтаар нотлогдоно.

Хариуцагч гэрээт ажлыг хийж дуусгаагүй, гэрээ цуцлагдсан, ашиг олоогүй тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 127,000,000 төгрөг, алдангид 10,706,100 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846,481 төгрөг, нийт 138,552,581 төгрөг гаргуулж, хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний 3.2.2-т заасан үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын шинээр баригдсан барилгаас 500,000,000 төгрөгийн үнэ бүхий оффисын зориулалттай талбайг бодит зах зээлийн үнээр захиалгын гэрээгээр нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлд 127,000,000 төгрөг, алдангид 10,706,100 төгрөг, нийт 128,070,610 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг зохицуулсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг оруулсан тооцсон байгааг анхан шатны шүүх залруулаагүй нь дээрх хуульд нийцэхгүй.

 

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь ойлгомжгүй байхад шүүх тодруулаагүйгээс маргааны зүйл тодорхой болоогүй байна.

 

4.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3.2.2-т заасан тусгайлсан үүргийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын шинээр баригдсан барилгаас 500,000,000 төгрөгийн үнэ бүхий оффисын зориулалттай талбайг бодит зах зээлийн үнээр захиалгын гэрээгээр нэхэмжлэгчид шилжүүлэх өгөхийг даалгах гэж тодорхойлжээ.

 

4.2.Хэргийн 11-14 дэх талд нэг талаас ******* ******* ХХК, нөгөө талаас ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ авагдсан байна. Уг гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй буюу эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь биш байна. Гэрээний эх хувь нь талуудын хэн алинд хадгалагдаагүй, хэрэгт авагдсан гэрээний хуулбарын хувьд маргахгүй гэжээ. /хх 11-14/

 

Энэ тохиолдолд уг баримтыг бусад нотлох баримттай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж маргааны үйл баримтыг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1, 40.2 дахь хэсгийн заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээг нотлох баримтын шаардлага хангаагүй үнэлэхгүй гэсэн атлаа гэрээг дүгнэн хэргийг шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

 

4.3.Талууд гэрээний 3.2.1, 3.2.2 дахь заалтаар А тал буюу ******* ******* ХХК нь 3.1.1-д заасан хөрөнгө оруулсаны ашиг болох 500,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерийн орон сууцыг /оффиссын талбайг/ бодит зах зээлийн үнээр ... Б тал болох ******* ******* ХХК-аас захиалгын гэрээгээр шилжүүлэн авч, захиран зарцуулах, Б талын хувьд бодит зах зээлийн үнээр А талд захиалгын гэрээгээр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.

 

Анхан шатны шүүх гэрээний дээрх нөхцлийг харилцан тохиролцсон хүсэл зоригийг талуудаас тодруулж, уг асуудлаар талуудыг мэтгэлцээгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний 3.2.1, 3.2.2 дахь заалт нь худалдах-худалдан авах гэрээний тохиролцоо юу, эсхүл хамтран ажиллах гэрээний ашиг хуваарилах нөхцлийн талаарх тохиролцоо юу гэдгийг тодруулснаар маргааны зүйл тодорхой болж, улмаар үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байжээ.

 

5.Түүнчлэн шүүхийн журмаар бүрдүүлэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4333 дугаартай захирамжаар ******* ******* ХХК-аас ******* ******* констракшн ХХК-тай байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн UNKH2022/08B02 дугаартай Оффиссын захиалгын гэрээ-г нотлох баримтын шаардлага хангах ирүүлэхийг хариуцагчид даалгасан байна. Хариуцагч тал өөр дугаартай гэрээг шүүхэд ирүүлсэн байхад шүүх залруулахгүйгээр хэрэгт байхгүй баримтыг буюу UNKH2022/08B02 дугаартай Оффиссын захиалгын гэрээ-г шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасантай нийцэхгүй байна.

 

6.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2023/02807 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД