Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01493

 

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01493

 

 

“Банк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02045 дугаар шийдвэртэй,

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш.Э, О.Г, С.Х нарт холбогдох,

 

            Орон сууцыг хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал, хариуцагч Ш.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндон, хариуцагч С.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Банк” ХХК нь “З” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 23, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны тус тус зээлийн гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр Б.Зын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1.2. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02162 тоот захирамжийн дагуу Б.Зыг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байна.

1.3. Хариуцагч Ш.Э нь Б.Зын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлж байх тул Иргэний хуулийн 95.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгч тухайн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, захиран зарцуулж буй үйлдлээ зогсоох үүрэгтэй.

1.4. Барьцаа хөрөнгө нь О.Г, С.Х нарын бодит эзэмшилд байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь хууль буюу хэлцлийн үндсэн дээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхгүй.

1.5. Хариуцагч нар компанитай гэрээ байгуулж уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа гэх боловч байгуулсан гэрээ нь түрээсийн эсхүл хөлслөх гэрээний аль болох нь тодорхойгүй, түрээсийн гэрээ гэж үзвэл улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул уг гэрээг үнэлэх боломжгүй. Түүнчлэн “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Э учраас компанийг хариуцагчаар татан оролцуулах шаардлагагүй.

1.6. Иймд “Банк” ХХК-ийн барьцаанд байгаа Б.Зын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 332 дугаар байр, 0 хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хариуцагч Ш.Эд тус үл хөдлөх эд хөрөнгийг ирээдүйд хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч Ш.Эийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Э орон сууцыг хариуцагч нарт хууль бусаар эзэмшүүлээгүй, харин түүний компани О.Г болон С.Х нарт гэрээний дагуу эзэмшүүлж, ашиглуулж байгаа.

2.2. Б.З нь орон сууцыг хууль бусаар өмчлөлдөө авсан тул цагдаад гомдол гаргасан байгаа.

2.3. “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Э хэдий ч хуулийн этгээд болон хувь хүн нь өөр өөр субъектүүд юм. Ш.Этэй холбоотой шаардлага хангагдвал бид өөр хүний нэрээр гэрээ байгуулах боломжтой.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч О.Гын татгалзал, тайлбарын агуулга: Банк орон сууцыг өмчлөх эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

О.Г нь “Б” ХХК-тай гэрээ байгуулаад амьдарч байгаа.

Б.Зад өмчлөх эрх шилжсэн талаар О.Г мэдээгүй, мэдэх боломжгүй юм. Б.З нь эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийж орон сууцыг хууль бусаар өмчлөлдөө авсан бөгөөд “Б” ХХК нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн журмаар хяналтын үйл ажиллагаа явагдаж байгаа.

Иймд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуустал энэ хэргийг түдгэлзүүлж эсвэл хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч С.Хийн татгалзал, тайлбарын агуулга: “Банк” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул хууль бус эзэмшлээс орон сууцыг өмчлөгчийн өмнөөс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

С.Х нь “Б” ХХК-тай гэрээ байгуулж, уг орон сууцанд амьдарч, ашиглаж байгаа талаар маргахгүй. Уг гэрээ нь гэрээний чөлөөт байдлын зарчмаар хөлслөх гэрээ тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, хүчин төгөлдөр гэрээ. Ашиглуулж байгаа этгээд нь хуулийн этгээд бөгөөд хөлслөгч нь С.Х юм.

Б.Зад эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа бөгөөд өмчлөх эрхийг хууран мэхлэх замаар олж авсан нь тогтоогдвол өмчлөх эрх нь компанид шилжих ба энэ тохиолдолд албадан чөлөөлөх боломжгүй болно. Өмчлөх эрхийн асуудлыг эхэлж шийдэж байж хууль бус эзэмшил эсэхийг шийдэх ёстой. Банк өөрт учирсан хохирлоо Б.Заас шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 332 байр, 0 /0а болон 0б/ тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн, 267.93 м.кв талбайтай, 9 өрөө орон сууцыг хариуцагч О.Г, С.Х нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч Ш.Эд уг орон сууцыг захиран зарцуулах, бусдад эзэмшүүлж, ашиглуулахгүй байхыг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эөөс 70,200 төгрөг, хариуцагч О.Г, С.Х нараас 70,200 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олго шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Ш.Энтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Орон сууц ашиглах, ашиглуулах гэрээг “Б” ХХК-нь хариуцагч С.Х, О.Г нартай байгуулж, тус гэрээгээр хариуцагч нарт маргаан бүхий орон сууцыг эзэмших эрх олгогдсон.

Гэтэл шүүхээс хариуцагч Ш.Э нь хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын хувьд орон сууцтай холбоотойгоор захиран зарцуулах, бусдад эзэмшлүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Хариуцагч С.Х, Г нар нь “Б” ХХК-тай гэрээ байгуулан уг гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа гэтэл шүүхээс иргэн Ш.Эд даалгаж шийдвэрлээд үүний үр дүнд хариуцагч С.Х, О.Г нарын эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн эд хөрөнгө хөлслөх гэрээний талууд болох хариуцагч С.Х, О.Г нарын эрх, ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

6.2. Шүүхээс “Б” ХХК болон хариуцагч С.Х, С.Г нартай байгуулсан гэрээг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, талууд гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн сайн дурын үндсэн дээр гэрээний зүйл заалтыг харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээ бодитоор хэрэгжиж байгаа болох нь талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний төрөлд хамаарна.

6.3. Түүнчлэн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхтэй холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах, шилжүүлэх, барьцаалахыг хязгаарласан.

Уг мөрдөн шалгах ажиллагааны дүнд Б.З нь “Б” ХХК-ийг залилсан гэдэг нь тогтоогдсон тохиолдолд орон сууцны өмчлөх эрх анхны өмчлөгч “Б” ХХК-д шилжинэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

7.1. “Б” ХХК нь С.Х, О.Г нартай орон сууц ашиглах, ашиглуулах гэрээ байгуулсан боловч уг гэрээг Ш.Эийн хүсэл зоригийн дагуу байгуулсан. Ш.Э нь компанийн гүйцэтгэх удирдлага учраас энэ хэрэгт хариуцагчаар татагдсан нь үндэслэлтэй.

7.2. Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцсон тохиолдолд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх болохоос маргаан бүхий орон сууцны өмчлөгч, захиран зарцуулах эрхийн талаар шийдвэрлэхгүй. Энэ эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд ч гэсэн улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөгч эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд нь Б.З хэвээрээ байдаг. Дээрх үндэслэлээр хэргийг шийдвэрлэхгүй түдгэлзүүлэх байсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч С.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч Ш.Эийн гомдлыг дэмжиж байна

8.1. Иргэний хуульд иргэн болон хуулийн этгээдийг тус тусад нь тодорхой хуульчилсан. С.Х нь “Б” ХХК-тай гэрээ байгуулж, орон сууцыг эзэмшиж, ашигладаг. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг иргэн Ш.Эд даалгуулж, маргаан бүхий орон сууцыг С.Хийн эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны өмчлөх эрх хэн болох нь эцэслэн шийдвэрлэгдсэнээр иргэний хэргийг шийдвэрлэх боломжтой. Гэмт хэрэг үйлдэх замаар орон сууцны өмчлөх эрхийг олж авсан байна гэдгийг эрүүгийн шүүх тогтоосон тохиолдолд орон сууцны өмчлөх эрх Ш.Эд шилжинэ. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Ш.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч Ш.Э, О.Г, С.Х нарт холбогдуулан барьцааны зүйл болох орон сууцыг хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлийг зогсоохыг даалгах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Банк” ХХК нь “З” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 23, мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Зтай 2018 оны 07 дугаар сарын 23, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

 

3.1. Барьцааны зүйл нь Б.Зын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 332 дугаар байр, 0 хаягт орших 9 өрөө, 267.93 м.кв талбай бүхий орон сууц байна.

 

4.1. Уг орон сууцыг 2 салгаж хариуцагч С.Х, О.Г нар тус тус эзэмшиж байгаа талаар маргаангүй байх бөгөөд тэдгээр нь уг орон сууцыг “Б” ХХК-тай байгуулсан “Орон сууцыг ашиглуулах, ашиглах гэрээ”-ний дагуу эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.2. Хариуцагч Ш.Э нь “Б” ХХК-ийн захирал гэх тайлбарыг талуудын хэн аль нь гаргасан тохиолдолд “Орон сууцыг ашиглуулах, ашиглах гэрээ”-ний тал болох “Б” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлыг анхан шатны шүүх тодруулах байжээ.

 

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан учир анхан шатны шүүх гуравдагч этгээдээр оролцоогүй “Б” ХХК-ийн байгуулсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

 

5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Эөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай..

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА