Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэн,

хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С-д холбогдох эрүүгийн 1811032041164 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т.С, 1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар Тайнь 2 дугаар гудамж 62-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.С нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний орой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандал спорт зааланд хохирогч Э.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би зааланд тоглож байгаад хожигдож байсан учраас жаахан ууртай байснаас болж гэмтээсэн. Зааланд л хааяа уулзаж тоглодог байснаас сайн танихгүй, өс хонзон байхгүй. Болсон явдлын дараа бид хоёр заалнаас гараад тохиролцоод маргааш нь шүдний эмнэлэг орохоор болсон. Тэгтэл Э орой нь цагдаад өргөдөл өгсөн байсан. Би уулзаад шүдний төлбөрийг төлөөд засуулж өгнө гэсэн. Тэр үед Э би тэгвэл өргөдлөө авчихяа гээд ярилцсан. Залуу хүмүүс байна би шүд амыг чинь засуулж өгнө гэж хэлсэн. Гэтэл Э утсаа авахгүй, би өөрөө залганаа гэсэн мессеж бичсэн. Би хэд хоног хүлээсэн боловч Э би явдаг газраар нь явна, шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх хэлэхэд нь би үнийн дүнг нь ярилцаж тохиролцоё гэхэд утсаа авахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Би бодит гарсан хохирлын төлнө гэсэн. Би өмнө өөрөө шүдээ янзлуулж байсан учраас 11 сая гаран төгрөг болохгүй гэж үзэж байна.” гэв.

Хохирогч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Маргаан гарсаны дараа шүүгдэгч надтай уулзаж хохирлын талаар тохиролцьё, миний таньдаг шүдний эмнэлэгт очиж эмчлүүлье гэж хэлж байсан. Би яг одоо явж үзүүлье гэхэд шүүгдэгч ганцаараа шийдвэр гаргаж маргааш үзүүлье гэж хэлээд гэрлүүгээ явсан. Тэр өдөр миний уруулнаас цус гараад тогтохгүй байсан учир би гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Миний уруул хавдаж хоол идэхэд зовууртай, ярих боломжгүй болсон учир долоо хоногийн дараа уруулны хавдар буугаад эмчид үзүүлэхэд хоншоор яс хугарсан мөн 2 шүд авахуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан ба би хоншоор яс эмчлүүлэх болон хугарсан хоёр шүдийг авхуулсан. Энэ эмчилгээний талаар тухайн эмнэлгээс тодорхойлолт хүссэн боловч тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн учир өөр эмнэлэгт очиж үзүүлэн тодорхойлолт гаргуулан авсан байгаа. Энэ бүх хугацаанд шүүгдэгч надтай ямар нэгэн байдлаар холбогдоогүй. Мөрдөн байцаагчтай холбогдсон байсан. Эмчилгээ хийлгэхэд шаардлагатай нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Би туршлагатай сайн эмнэлэгээр шүдээ хийлгэх хүсэлтэй байна. Надаас уучлалт гуйгаагүй. Би Сүрэн гэх хүний нэрийг нь мэдэхээс өөрөөр танихгүй. Өмнө нь огт маргалдаж, муудалцаж байгаагүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ур Эрдэм сургуулийн төгсөгчид Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх спорт зааланд очиж тоглосон юм. Би тэнд найз Балжинням, Гантөмөр, Санжаа, Очирбүд нарын хамтаар очсон. Тэнд очсон хүмүүсийг бол бүгдийг нь зүс мэдэх хүмүүс байсан. Тэгээд тоглож байхад манай сургуульд байсан Сүрэнтэй тоглоомоос болоод маргасан ба Сүрэн уурлаад намайг түлхээд байхаар нь би эхлээд тоохгүй яваад байсан ба 3 дахь удаагаа намайг түлхэхээр нь би яагаад байгаа юм бэ гэхэд Сүрэн намайг шууд ам хэсэгт зохиход 1 шүд унасан ба бид хоёр барилцаж авах үед Гантөмөр дундуур орж ирж салгасан. Тэгээд Балжинням бид хоёр 00 өрөөнд ороод харахад нэг шүд унаад хоёр шүд хөдөлчихсөн байсан. ..Миний нэг шүд яг тэр үед унасан. Мөн өөр хоёр шүд хөдөлчихсөн ба дараа нь хугарчихсан байсан учраас авхуулсан. Уруул гаднаа сэтэрч оёдол тавиулсан...” гэжээ /хх-9-10/.

              Гэрч Б.Балжинням мэдүүлэхдээ: “...зааланд тоглож байгаад шийдний доор нэг нэгнийгээ шахаж байгаад манай найз Энхтайван нь Сүрэн гэх залуутай маргалдсан. Тэгээд тоглож байгаад тоглолтын явцад хоорондоо маргалдсан. Тэгээд Сүрэн нь Энхтайвангийн нүүрэнд цохисон. ...Тэр хоёрыг салгаад 00-н өрөө ороод тосгуур дээр очиход нэг шүд унасан байсан. Тэр унасан шүдийг нь аваад тосгуур дээр тавьсан, тэгтэл Энхтайвангийн доод уруул нь язраад цоорсон байсан...” гэжээ /хх-14/.

              Гэрч Б.Гантөмөр мэдүүлэхдээ: “...Би бөмбөг аваад цаашаа гүйж байгаад эргээд харахад Энхтайвангийн амнаас цус гарчихсан тэр хоёр барьцалдчихсан зогсож байхаар нь би очоод хоёр тийш болгосон. Тэгээд Энхтайван 00 орж цусаа угаасан ба би дээд давхарт хувцас соль байхад дахин нөгөө хоёр чинь барьцалдаж авсан гэсэн. Би тэрийг бол хараагүй. Ийм зүйл болцгоогоод гадаа гарахад Энхтайвангийн нэг шүд уначихсан, уруул амнаас нь цус гарчихсан харагдсан...” гэжээ /хх-16/. 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13470 дугаар дүгнэлтэд:

              “1. Э.Энхтайвангийн биед хоншоор ясны хугарал, 2 шүдний булгарал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө.” гэжээ /хх-20/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.С нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний орой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандал спорт зааланд хохирогч Э.Э-тай сагс тоглож байхдаа маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, хохирогч Э.Э, гэрч Б.Балжинням, Б.Алтангэрэл нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.С-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Т.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Т.С нь хохирогчид хохирол төлөөгүй бөгөөд хохирогч Э.Энхтайвангийн баримтаар нэхэмжилсэн нийт 350.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.С нийт 350.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Энхтайванд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН