Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 364

 

 

 

 

 

 

 

2019            4             23                                             2019/ДШМ/364                                              

 

Т.С холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Т.С ,

хохирогч Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.С-ийн  гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1811032041164 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн Т-ын С, .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД......../;

 

Т.С нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний орой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Мандал” спорт зааланд хохирогч Э.Энхтайвантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.С-ийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.С гээс нийт 350,000 төгрөг гаргуулан хохирогч Э.Энхтайванд олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх “хохирогч Э.Энхтайван, шүүгдэгч Т.С ” нар нь сагсан бөмбөг тоглохдоо маргалдаж, улмаар хохирогч Э.Энхтайван, шүүгдэгч Т.С нар нь харилцан зодолдох үйл явдал болсныг зөв дүгнээгүй байна.

Учир нь, хэргийн материалд гэрчийн мэдүүлэг, хохирогч Э.Энхтайван, шүүгдэгч Т.С-ийн  болон шүүх хуралдаанд хохирогч нь өөрөө шүүгдэгч Т.С рүү эхлээд “яагаад байгаа юм бэ” гэж дайрсан. Э.Энхтайван нь шүүгдэгч Т.С г цохисон зэргийг үнэн зөв үнэлээгүй байна. Шүүх хуралдаанаас өмнө Т.С нь хохирогч Э.Энхтайванд хохирол

350,000 төгрөг төлөхийг илэрхийлсэн. Гэтэл хохирогч нь шүүгдэгч Т.С гээс 11,600,000 төгрөг нэхэмжилж “уг мөнгийг өг” гэж шаардсаар бодит хохирол болох 350,000 төгрөгийг аваагүйг шүүх бодитой дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүний үндэс угсаа, хэл арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. ...” гэж тус тус заасан заалтуудыг харгалзан үзэлгүйгээр өнөөг хүртэл хохирлыг төлөөгүй учир прокурор буюу улсын яллагч М.Очбадрахын Т.С г торгох ялаар шийтгэх санал биелэгдэхгүй гэж шууд дүгнэлт хийж, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь учир дутагдалтай байна.

Миний бие шүүгдэгч Т.С нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол 350,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсээр байтал шүүх өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь торгох ялыг биелүүлж чадахгүй гэж миний хувийн байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань бие давхар, удахгүй төрөх гэж байгаа. Ажил хийж гэр бүлээ авч явж байгаа гэдгийг мэдүүлсээр байтал заавал нийтэд тустай ажил хийлгэх 700 цагийн ялаар шийтгэж, санамсар болгоомжгүй сагсан бөмбөг тоглож байхдаа хоорондоо маргалдан цохилцож, нэг нь гэмтэл авсан үйл явдлыг санаатайгаар балмад танхай авир гаргаж хүн зодсон мэтээр шүүх хуралдаанд хандсанд харамсаж байна.

Уг маргаан зодоон болдог 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хатгалгаа авч, уушги устан хагалгаанд орж, урт хугацааны эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчийн магадлагаагаар биеийн хүчний ажил хийхийг хориглож байгаа.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцохдоо миний хувийн байдлыг болон уг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, Эрүүгийн хуульд заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн зүйл, хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэх, солих арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Э.Энхтайвангийн өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.С-ийн  гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. ...” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн хохирол, хор уршиг” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Т.С нь “хохирлыг төлсөн учраас албадан ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү” гэж байна. Энэ байдлаас үзэхэд, миний үйлчлүүлэгч Э.Энхтайванд учирсан хор уршиг арилаагүй гэж үзэж байна.

Учир нь, шүүгдэгч Т.С-ийн  үйлдлээс болж, Э.Энхтайван эрүүл мэнд, эдийн засаг зэргээр хохирсон нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Хор уршиг нь хүний гоо сайхан, хоол боловсруулах эрхтэнд хүний шүд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг.

Иймд хохирлыг нэмж гаргуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, мөн хуулийн 1.5-д зааснаар хохирлын асуудлыг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон боловч Эрүүгийн хуульд заасны дагуу ялаас чөлөөлсөн тохиолдолд шүүх түүнээс зардлыг гаргуулна” гэж тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын энэ хэсэгт буюу хохирол, зардлыг гаргуулж, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Э.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед миний 1 шүд унаж, 2 шүд булгарсан. Эмчлүүлэх шаардлагаар 1 шүдийг авсан. Одоо миний 4 шүд байхгүй болсон бөгөөд эмчилгээний зардал болох төлбөр, мөнгө байхгүйн улмаас шүдээ эмчлүүлж чадахгүй байна. 1 унасан шүдний талаар дүгнэлт гаргаагүй шинжээчийн дүгнэлтэд гомдолтой байгаа. ...” гэв.

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь торгох болон нийтэд тустай ажил хийлгэх санкицтай гэмт хэрэг. Тухайн үед шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С-ийн  хувийн байдал болон ар гэрийн байдал, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох үед баримтаар нэхэмжилсэн 350,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй нөхцөл байдлыг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 350,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор, хохирогч Э.Энхтайвангийн нэхэмжилж байгаа 11,000,000 төгрөгийг Иргэний хуулиар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус зааж шийдвэрлэсэн.

Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Тухайн хүний эрүүл мэндэд учирсан хохирол, гэмтлийн зэргийг харгалзан энэ гэмт хэргийг зүйлчилсэн. Хохирогч Э.Энхтайванд ямар нэгэн санамсар, болгоомжгүйн улмаас хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй.

Шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж, тухайн зүйлд заасан ял шийтгэл оногдуулсан. Түүнээс үндэс угсаа, хөрөнгө чинээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” -г Т.С холбогдох 19060007140341 дугаартай эрүүгийн хэрэгт нотлоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Энхтайван нь “...С намайг шууд ам хэсэг рүү цохиход миний 1 шүд унасан. ...Тэгээд Балжинням бид хоёр 00 өрөөнд ороод харахад 1 шүд унаад, хоёр шүд хөдөлсөн байсан. ...” /хх 9-10, 11-12/ гэж мэдүүлсэн, хохирогчийн мэдүүлгийг нотлон гэрч В.Балжинням “...С нь Энхтайвангийн нүүрэнд цохисон. Энхтайвангийн дээд, доод уруулаас нь цус гарсан байсан. ...Тэр хоёрыг салгаад ариун цэврийн өрөө ороод тосгуур дээр очиход нэг шүд унасан байсан, тэр унасан шүдийг нь аваад тосгуур дээр тавьсан. ...” /хх 13-14/, гэрч Б.Гантөмөр “...Гадаа гарахад Энхтайвангийн 1 шүд нь уначихсан, уруул амнаас нь цус гарчихсан харагдсан. ...” /хх 16/, гэрч У.Бямбажавын “...Сүүлд нь гадаа гарахад Энхтайван нь шүд уначихсан гэж ярьж байсан. ...” /хх 17/ гэж тус тус мэдүүлсэн байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13470 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Э.Энхтайвангийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан буюу “...хоншоор ясны хугарал, 2 шүдний булгарал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...” гэж Э.Энхтайвангийн 1 шүд унасныг орхигдуулжээ.  

 

Түүнчлэн, шинжээч эмч дүгнэлт гаргахдаа “2018.11.10 толгойн КТГ: зүүн талын үүдэн шүднүүд /9,10/-ийн ясан буйланд зөрүүгүй хөндлөн хугаралтай. Баруун талын үүдэн шүд /8/ тодорхойлогдохгүй. ...” гэсэн /хх 20/ баримтыг шинжлэн судалсан атлаа Э.Энхтайваны 2 шүдийг булгарсан гэж дүгнэж, унасан 1 шүдний асуудлыг орхигдуулсан нь ойлгомжгүй болжээ.

 

Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг шүүхээс өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй ба 1 унасан шүдийг Э.Энхтайваны биед учирсан гэмтэлд нэмснээр гэмтлийн зэрэг өөрчлөгдөх эсэхийг ч тогтоох боломжгүй. Хохирогч Э.Энхтайваны биед учирсан гэмтлийг бүрэн тогтоогоогүйгээс хохирогчид тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах, нөхөн төлүүлэх, цаашид эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхэд нь ноцтойгоор нөлөөлөхөөр байна.

 

Иймд анхан шатны шүүхийн “шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан”-г давж заалдах шатны шүүхээс дүгнэх эрхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 19060007140341 дугаартай эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.С холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл Т.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ