Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Ц.Тодгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б холбогдох эрүүгийн 1811010560456 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.Б, 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ МСЗ интернэйшнл ХХК-д шат угсрагч ажилтай байсан гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 22 дугаар хороо Зүүн нарангийн 13-120/б тоотод оршин суух хаягтай,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

         - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын орчмоос иргэн Т.Батхүрэлийн эзэмшлийн 19-52 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тухайн үед Оюу толгой компанид цалин өндөртэй ажил хийж байсан бөгөөд амралтаараа хотод ирээд архи уусан үедээ согтоод гэртээ харихаар хүний машин унаад явсан байсан. Надад хулгай хийх шаардлага байгаагүй. Би өмнө нь хулгай хийдэг байсан боловч мэргэжлийн үнэмлэх авч, засарч хүмүүжээд ажил хийж байсан. Энэ хэрэг болсны маргааш би эрүүлжүүлэхээс гараад өөрт байсан бэлэн мөнгөөрөө шууд хохирлоо төлсөн. Тухайн үед миний дансанд 500-600 мянган төгрөг бэлэн байсан. Надад хулгай хийх зорилго үнэхээр байгаагүй. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Кино үзчихээд гарч ирээд тоглоомын төвд нь хүүхдээ жаахан тоглуулаад 18 цагийн үед гарч ирээд машиныхаа түлхүүрийг хайгаад олдохгүй болохоор нь машиндаа орхичихсон юм болов уу гэж бодоод машинаа байрлуулсан газартаа яваад очсон чинь миний автомашин байхгүй болчихсон байсан ба урд талд улаан өнгийн приус-20 загварын автомашинтай залуу утсаа барьчихсан миний машиныг улаан өнгийн приус-30 автомашин мөргөчхөөд урагшаа зугтчихлаа гэж хэлсэн. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн юм. Миний машины түлхүүр смарт түлхүүр учир түлхэж хийж түгжих шаардлагагүйгээр түлхүүрээ биедээ авч явахад л болдог юм. ...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан…” гэжээ /хх-13-16/.

Иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатар мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 01-ний орой 17 цагийн үед Тэнгис кино театрын орчим өөрийн 43-03 УНД улсын дугаартай приус-20 маркийн машинтайгаа явж байсан. Тэгээд түцнээс юм авах гээд хамт явсан өөрийн дүүгээ түц рүү оруулаад машин дотроо хүлээгээд байж байтал миний машины араас нэг улаан өнгийн приус-30 маркийн машин хойд гуперыг шүргэсэн. Би машинаасаа буугаад хартал 19-52 УНӨ улсын дугаартай улаан өнгийн приус-30 машин байсан. Би жолоочид хандаад машины гупер рүү заагаад машин мөргөчихлөө ш дээ гэж хэлэхэд жолооч залуу өөдөөс гараараа зангаад наанаа байж бай гэж хэлсэн. Би тэгээд хүлээж байтал ухарч байгаад араар тойроод зугтаасан. ...би үнэлгээний баримтыг өгөөд хохирол болох 137.500 төгрөгийг бэлнээр авсан миний хувьд ямар нэг гомдол санал байхгүй...” гэжээ /хх-18/.

              Гэрч Э.Буяннэмэх мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хүрэмт 12 буюу 06-40 УНҮ улсын дугаартай албаны автомашинтай бүсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад Замын цагдаагийн албанаас станцаар улаан өнгийн приус-30 загварын 19-52 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа гэсэн мэдээлэл ирсэн. ...Тэнгис кино театрын зүүн хойд талд приус загварын машиныг машинтай хүн шүргэчхээд хойшоо зугтаад явчихлаа гэж мэдээлсэн юм. Тэгээд хулгайд алдагдсан гэж зарлан мэдээллэсэн машин мөн байсан учир бүсийн нутаг дэвсгэртээ эрэн сурвалжилж хайж явтал Үлэг гүрвэлийн музейн зүүн талын замаар хойноос урагшаа чиглэлтэй хулгайд алдагдсан гэж зарлагдсан улаан өнгийн приус-30 загварын автомашин явж байсан бөгөөд би өөдөөс урсгал сөрж тулж зогсоогоод жолоодож байсан хүнийг буулган шалгахад УМ90041517 регистрийн дугаартай Алтанбаганын Базарваань гэж хүн байсан...” гэжээ /хх-19/.

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6/.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогч С.Б-ийн гаргасан “...А.Б-иас 424.000 төгрөг хүлээн авсан тул ямар нэгэн хохирол байхгүй болсон. Цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй тул шүүх хуралд оролцох боломжгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх 86/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн буюу иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатарт нийт 137.500 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-75/, 

Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-69-71/,

Ухаа Шүрт Консалтинг авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-73-74/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-7/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-8-11/, 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33-57/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын орчмоос иргэн Т.Батхүрэлийн эзэмшлийн 19-52 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Б, иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатар, гэрч Э.Буяннэмэх нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага буюу хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б-ийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заасны дагуу түүний биечлэн эдлэх ялыг тогтоов. Ингэхдээ нэмж нэгтгэсэн ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлээгүй болно.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол хор уршиг зэргийг харгалзан уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Т.Б, иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатар нар нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй тухайгаа хэлж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Базарваанийг бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөр төлөгдсөн гэж дүгнэв.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...шүүгдэгч А.Базарваанийн цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж заасан байх тул энэ хэрэгт цагдан хоригдсон 123 хоногийг нэмж, нийт цагдан хоригдсон 275 хоногийн түүний эдлэх ялд нь оруулан тооцов.  

Шүүгдэгч А.Б-д  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 01 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав. 

Мөн шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч А.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолтой хэрэгт цагдан хоригдсон152 хоног, энэ хэрэгт цагдан хоригдсон 123 хоног, нийт цагдан хоригдсон 275 хоногийн түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1/нэг/ ширхэг сидийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН