Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 401

 

А.Бд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Тодгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Базарвааний давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1811010560456 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

............................, 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “МСЗ интернэйшнл” ХХК-д шат угсрагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13-120/б тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................../;

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 648 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;

 

А.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын орчим иргэн Т.Батхүрэлийн эзэмшлийн 19-52 УНӨ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Базарвааний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч ...................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч А.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолтой хэрэгт цагдан хоригдсон 152 хоног, энэ хэрэгт цагдан хоригдсон 123 хоног, нийт цагдан хоригдсон 275 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэнэ” гэсэн заалт байдаг юм байна. Гэтэл миний бие 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил 18 хоногийг ажил хөдөлмөр эрхэлж, уг хугацаанд ямар нэгэн хэрэгт холбогдоогүй юм. Эрүүгийн хуулийн 17.7-д авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол гэсэн зүйл байдаг юм байна. Гэтэл миний бие хэт согтсон үедээ, гэртээ харих гэж гарахдаа түлхүүр нь дотор нь байх иргэн Г.Батхүрэлийн 19-52 УНӨ улсын дугаартай Тоёота приус-30 машиныг унаж явсан. Үүнээс 1 цагийн дараа миний ухаан эрүүлжиж бусдын машиныг унаж яваагаа ухаарсан. Тэгээд театр орчмоос хөдөлж байснаа санаж, урд ийм асуудалд орж байсан болохоор ихэд айж, эзэнд нь буцааж өгч уучлалт гуйхаар 3, 4 дүгээр хорооллоос Гандан, Баянбүрд, Тэнгис кино театрын араас ордог туслах замаар явж байтал цагдаагийн алаг тэрэг урсгал сөрөн орж ирж зогсоосон. Миний бие ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй болсон явдлыг ярьж хэргээ хүлээсэн. Анхан шатны шүүх, ... мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, худийн байдал, хохирол, хор уршиг зэргийг харгалзан 4 жил 6 сарын ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-д эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэсэн байна. Миний бие ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж байсан. Хохирол болох 561.500 төгрөгийг байцаалтын явцад барагдуулж, хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн хүндрэл саад учруулаагүй, мэргэжил эзэмшиж “Оюу толгой” төсөл дээр ажиллаж байсан. Уг хэргээ шийдүүлж дуусаад “Оюу толгой” төсөл дээр буцаад ажиллах бүрэн боломжтой, бага охин Мичидмаа 11 сартай, том охин Мишээл 6 настай, эхнэр Нямцэнд маань төрсний дараах амралттай байгаа үед гэр бүлээ хүнд нөхцөл байдалд орхиж, шоронд орсондоо маш их харамсаж байна. Иймд амьдралын минь нөхцөл байдал, засрал хүмүүжил олж байсан, хохирол гомдол байхгүй зэргийг минь харгалзан үзэж, хэргийг үнэн бодитоор шийдвэрлэж, гэм буруутай үйлдэлд минь тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Базарвааний өмгөөлөгч Ц.Тодгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчийн сэтгэл санааны хохирол болон нийт 1.000.000 гаруй төгрөг төлсөн. Шүүгдэгч А.Б нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл бүрэн хангагдаж байгаа боловч анхан шатны шүүх хүндрүүлж үзсэн. Урьд нь адил төрлийн гэмт хэрэг үйлдсэн боловч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч буцаж очдог, эргэн харж ухаар ч байгаа, ямар нэгэн уур уцаар байхгүй, буруутай үйлдлүүдийг сэтгэлээ барьж чадахгүй үедээ хийдэг гэж хуулийн байгууллагууд үзэж шийдвэрлэж байсан. Гэвч тухайн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэгэн гомдол саналгүй болгож байсан болох нь харагддаг.

Шүүгдэгч А.Базарвааний эх нь хувийн сургуультай, ах нь инженер, ар гэр нь өндөр боловсролтой, нийгэмд эзлэх байр суурь сайн. Энэ хүнд дутагдах зүйлгүй, эхнэр нь дээд боловсролтой. Ийм харамсалтай үйлдэл хийсний төлөө эх, ах, эхнэр нар нь давхар зовж байгаа. Энэ бүгдийг харгалзан үзнэ үү гэж анхан шатны шүүхэд хандсан. Дэглэмийн талаар харгалзан үзэх байсан боловч прокуророос их хүнд нөхцөл байдалтайгаар санал гаргасан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар шийдвэрлэж, А.Базарвааний гаргасан давж заалдах гомдлыг харгалзан үзэж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

А.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын орчим байсан иргэн Т.Батхүрэлийн эзэмшлийн 19-52 УНӨ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг хулгайлсан болох нь:

 

хохирогч Т.Батхүрэлийн “...18 цагийн үед автомашиныхаа түлхүүрийг хайгаад олдохгүй болохоор нь автомашиндаа орхичихсон юм болов уу гэж бодоод машинаа байрлуулсан газартаа очиход миний автомашин байхгүй болчихсон байсан ба урд талд улаан өнгийн “Тоёота приус-20” загварын автомашинтай залуу утсаа барьчихсан “миний машиныг улаан өнгийн “Тоёота приус-30” загварын автомашин мөргөчихөөд урагшаа зугтчихлаа” гэж хэлсэн. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн. Миний машины түлхүүр смарт түлхүүр учир түлхэж хийж түгжих шаардлагагүйгээр түлхүүрээ биедээ авч явахад л болдог юм. ...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. ...” /хх-13-16/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатарын “...Би 2018 оны 4 дүгээр сарын 1-ний орой 17 цагийн үед “Тэнгис” кино театрын орчим өөрийн 43-03 УНД улсын дугаартай “Тоёота приус-20” загварын машинтайгаа явж байсан. Тэгээд “ТҮЦ”-нээс юм авах гэж хамт явсан өөрийн дүүгээ “ТҮЦ” рүү оруулаад машин дотроо хүлээгээд байж байтал миний машины араас нэг улаан өнгийн “Тоёота приус-30” загварын автомашин хойд талыг шүргэсэн. Би машинаасаа буугаад хартал 19-52 УНӨ улсын дугаартай улаан өнгийн “Тоёота приус-30” автомашин байсан. Би жолоочид хандаад машины гупер рүү заагаад “машин мөргөчихлөө ш дээ” гэж хэлэхэд жолооч залуу өөдөөс гараараа зангаад “наанаа байж бай” гэж хэлсэн. Би тэгээд хүлээж байтал ухарч байгаад араар тойроод зугтаасан. ...Би үнэлгээний баримтыг өгөөд хохирол болох 137.500 төгрөгийг бэлнээр авсан, миний хувьд ямар нэг гомдол санал байхгүй. ...” /хх- 18/,

гэрч Э.Буяннэмэхийн “...Би өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Хүрэмт 12” буюу 06-40 УНҮ улсын дугаартай албаны автомашинтай бүсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад Замын цагдаагийн албанаас станцаар “улаан өнгийн “Тоёота приус-30” загварын 19-52 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа” гэсэн мэдээлэл ирсэн. ...Тэнгис кино театрын зүүн хойд талд “Тоёота приус” загварын машиныг машинтай хүн шүргэчхээд хойшоо зугтаад явчихлаа гэж мэдээлсэн юм. Тэгээд хулгайд алдагдсан гэж зарлан мэдээлсэн машиныг бүсийн нутаг дэвсгэртээ эрэн сурвалжилж хайж явтал “Үлэг гүрвэлийн музей”-н зүүн талын замаар хойноос урагшаа чиглэлтэй хулгайд алдагдсан гэж зарлагдсан улаан өнгийн “Тоёота приус-30” загварын автомашин явж байсан бөгөөд би өөдөөс урсгал сөрж тулж зогсоогоод жолоодож байсан хүнийг буулган шалгахад /УМ90041517/ регистрийн дугаартай, Алтанбаганын Базарваань гэж хүн байсан. ...” /хх-19/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6/, эд зүйл хүлээлгэн өгсөн буюу иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатарт нийт 137.500 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-75/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-69-71/, “Ухаа Шүрт Консалтинг” автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-73-74/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-8-11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч А.Базарваанийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч А.Б “...Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж байсан. Хохирол болох 561.500 төгрөгийг байцаалтын явцад барагдуулж, хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн хүндрэл саад учруулаагүй, ...бага охин Мичидмаа 11 сартай, том охин Мишээл 6 настай, эхнэр Нямцэнд маань төрсний дараах амралттай байгаа үед гэр бүлээ хүнд нөхцөл байдалд орхиж, шоронд орсондоо маш их харамсаж байна. Иймд амьдралын минь нөхцөл байдал, засрал хүмүүжил олж байсан, хохирол гомдол байхгүй зэргийг минь харгалзан үзэж, гэм буруутай үйлдэлд минь тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 3 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасанаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учир тэнсэгдсэн хорих ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь хуулийн үндэслэлтэй, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон шийтгэл болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Базарваанийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “гэм буруутай үйлдэлд минь тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгч А.Б нь бусдын автомашиныг зогсоол дээр байхад нууцаар, хууль бусаар авч яваад цагдаад баригдсан байх бөгөөд түүний уг үйлдэл “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, харин түүний үйлдэлд автомашиныг завших зорилгогүйгээр авч явах гэмт хэргийн шинж байхгүй болох нь хэрэг үйлдэгдсэн арга, хэргийн нөхцөл байдал, хэрэг үйлдэх болсон сэдэлт зэргээр нотлогдсон байна.

Шүүгдэгч А.Базарвааний автомашин хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Базарвааний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Базарвааний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ