Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 48

 

Л.Нямжавын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Л.Нямжав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, Ц.Болормаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалтай, Л.Нямжавын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандалын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Л.Нямжавыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байх үед нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр албанаас халсан. Ажлаа хүлээлгэн өг гэсний дагуу төрийн алба тасралтгүй байх зарчим, төрийн тусгай албан хаагчийн хувьд тушаал шийдвэрийг биелүүлэх үүднээс ажлаа хүлээлгэн өгсөн ба зөрчил дутагдал, түүнтэй холбоотой баримт, ажлаас халсан тушаалыг танилцуулаагүй, тушаалыг гардуулж өгөлгүй эрхийг нь зөрчжээ.

Өмгөөлөгчийн зүгээс Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингист 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр албан бичгээр дөрвөн асуудлаар лавлагаа, тодорхойлолт баримтуудын хуулбарыг хүссэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Зд/1565 албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалын Л.Нямжавт холбогдох хэсгийг хэсэгчилэн, хүний нөөц нь хуулбар үнэнгээр баталгаажуулан гаргаж өгсөн, хүсэлтэд дурдагдсан асуудлууд цагдаагийн байгууллагын нууцад хамаардаг гэсэн үндэслэлээр гаргаж өгөхөөс татгалзсан.

Л.Нямжавын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхэд хандах эрх нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс буюу тушаалын он сар өдөр, дугаар, хуулийн үндэслэл, шийдвэрийн утга агуулгатай танилцаж мэдсэн, тушаалын хувийг гардан авсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалын Л.Нямжавт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, цагдаагийн хурандаа цолыг сэргээж, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтүүдийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л.Нямжав нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 729 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсэг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын ажил хүлээлцсэн тэмдэглэлтэй тус тус танилцаж, өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан баримтуудаас үзэхэд тэрээр төрийн албанаас халагдсан тухайгаа мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж, Л.Нямжавт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1,13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.8 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалын Л.Нямжавт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хурандаа цолыг сэргээх, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтүүдийг хийлгэх тухай нэхэмжлэгч Л.Нямжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар Л.Нямжавын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Нямжавын “Цагдаагийн ерөнхий газрын даргын дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох болон цагдаагийн хурандаа цолыг эгүүлэн олгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс одоог хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтүүдийг хийлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Л.Нямжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалыг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардан авч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Л.Нямжавыг Төсвийн шууд захирагч гэж Төсвийн тухай хуулийг буруу тайлбарлаж, шалгалтын дүнгийн танилцуулга дүгнэлт, санал хэсэгт тусгаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014.11.05-ны өдрийн 729 дүгээр тушаалд заагаагүй хуулийн үндэслэлүүдийг шүүхийн шийдвэрт тусгаж тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, гаргасан гэж зөрчлүүд нь 2013 оны 08-12 сар хүртэл хугацаанд хамаарах шалгаж илрүүлэн түүнээс хойш 1 сар өнгөрсөн өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн байхад хуулийг буруу хэрэглэсэн гэх асуудлаар гаргасан 3-н хэсэг гомдол, нотлох баримтыг үнэлүүлэхээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар гаргасан гомдолд хариу өгөөгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гаргаж байсан, давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан 2015.11.10-ны өдрийн гомдлын үндэслэлийг хяналтын журмаар хэргийг шийдвэрлэхдээ хянан үзэхийг хүсье.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015.12.23-ны өдрийн 07 дугаар магадлал гаргахдаа доорх байдлаар хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс 2015.04.02-ны өдөр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” 2236 дугаар захирамжинд гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.04.22-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Үүний гол үндэслэл нөхцөл нь урьдчилан шийдвэрлүүлэхээс гадна шүүхэд хандах эрх нээлттэй эсэхийг голчлон хэлэлцээд хийсэн дүгнэлтдээ ... иймээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014.11.05-ны өдрийн 729 дүгээр тушаалыг гардан авснаас хойш 2015.04.01-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахаар шийдвэрлэв гэсэн дүгнэлт юм. Энэхүү дүгнэлтийг хийхдээ 2015.03.06-ны өдрийн өмгөөлөгчийн хүсэлт /1 хавтас 7хуу/ түүнд үндэслэж, Цагдаагийн ерөнхий газраас гаргаж өгсөн албан тоот /1 хавтас 8хуу/, хүний нөөц Б.Бат-Өлзийгийн гурав. 82 гэсэн тушаалын хэсэг /1 хавтас 6хуу/ зэрэг нотлох баримтуудыг 2015.03.17-ны өдөр бичгээр авч үүнээс хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1, 6.1-т зааснаар 30 хоногийн дотор шүүхэд хандсан нь зөв байна буруутгах боломжгүй гэж үзэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авснаар энэ нь эцсийг шийдвэр болсон юм. Хэрэв нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн бол Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.04.02-ны өдрийн 2236 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх, тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх эрх нь давж заалдах шатны шүүхэд байдаг болно.

Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т тодорхой хуульчилсан байхад давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т тодорхой хугацаа заагаагүй, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан 30 хоног нь:

а. захиргааны актыг хүлээн авснаас

б. эсхүл мэдсэнээс хойш үүсэхээр хуульчилсан бөгөөд 2 өөр утга байхад хуулийг буруу тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл хуульд захиргааны актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш нэхэмжлэл гаргаж болохоор урьдчилсан ба хүлээн авах, мэдэх гэдэг үг нь 2 өөр утгатайгаас гадна хуулийн заалтад тусгахдаа /таслал, эсхүл/ гэсэн холбоосоор тусгаарлаж ойлгомжтойгоор хуульчилжээ.

Тийм учраас давж заалдах шатны шүүхээс магадлал гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийг үндэслэж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн гомдолтой байна.

Харин ч эсрэгээрээ 2015.03.17-ны өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулж авсан ажил олгогчийн шийдвэр /тушаал/-ийн хэсэг бүхий бичгийн агуулгатайгаар хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд хандсан асуудалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж хугацаа хэтрүүлээгүйг тогтоон шүүх тухай хуулийг хэрэглэвэл зохих байсныг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүхээс 2014.11.05-ны өдрийн 729 дүгээр тушаалыг мэдсэн, ажлаа хүлээлгэж өгсөн баримт дээр гарын үсэг зурснаар тогтоогдоно гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын өгсөн тайлбарыг бодитойгоор дүгнэлт хийлгүй хэт өнгөц дүгнэлт хийлээ гэж үзэн гомдолтой байна.

Л.Нямжав нь 2014.11.05-ны өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал /6-р хуралдаан/ 17 цаг 20 минутад эхэлсэн /1 хавтас 88-96хуу/ байдаг ба орой 22 цагт Дорноговь аймагт ирж ажлаа хүлээлгэн өг гэснийг ойлгохгүй хэдийгээр цочролд орсон ч төрийн албаны тасралтгүй байх зарчим, үүргээ ухамсарлаж ажлаа өгч гарын үсэг зур гэсэн зүйл дээр нь зурсан бөгөөд 1 дэх өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргатай уулз гэсэн надад ямар нэгэн мэдэгдэл, танилцуулга, тушаалын хувь буюу захиргааны акт хүлээлгэж өгөөгүй бичгийн хэлбэртэй захиргааны акт /ЦЕГ-ын даргын 2014.11.05-ны өдрийн 729 дүгээр тушаал/ танилцуулаагүй гэрээ нүүлгэж ирээд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дэд дарга, хүний нөөцөд удаа дараа хандаад авч чадаагүй, өмгөөлөгч авч 2015.03.06-нд бичгээр хандан 2015.03.17-нд холбогдох хэсгийг эх тушаалаас тооны зөрүүтэй /82, 74/ байдлаар бичгээр анх удаа танилцаж хүлээн авсан энэ талаараа анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд хангалттай тайлбарласан.

Шүүхэд хандсаны дараа ч удаа дараалан амаар болон бичгээр хүсэлт гаргаж маргаан бүхий захиргааны актыг гаргуулахаар хүссэн. 2015.09.22-ны өдөр шүүх хурал хойшлоход /1 хавтас 220-223хуу шүүх хуралдааны тэмдэглэл/, нотлох баримт гаргуулах тухай /224-225, 227хуу/ албан тоотын дагуу ЦЕГ-ын даргын 2014.11.05-ны өдрийн 729 дүгээр тушаал /229-241хуу/-ыг гаргуулан авч Л.Нямжавд холбогдох хэсгийг гарсан байдлаар нь /238хуу/ танилцаж мэдсэн. Энэ нь анхнаасаа л ЦЕГ-аас Л.Нямжавын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж байсныг харуулж байна.

Тийм байхад нэхэмжлэгчээс гаргасан баримтуудыг үнэлэхгүй тухайлбал Мига эрин ХХК-ний албан тоот 2015.09.14-35 байж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өөрт олгогдоогүй эрх эдэлж хуулбар үнэн гэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан баримтуудыг үнэлж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.20-ны өдрийн 688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.12.23-ны өдрийн 07 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, Л.Нямжавын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...иргэн ... захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” гомдлоо гаргахаар, 34 дүгээр зүйлийн 34.1.8-д “.../уг/ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус заажээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалаар “... хууль зөрчсөн” гэх үндэслэлээр, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Нямжавыг албанаас халах, цагдаагийн хурандаа цолыг хураахаар шийдвэрлэж, уг тушаалыг мөн өдрөө буюу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Л.Нямжавт танилцуулж, ажил хүлээлцсэн болох нь хэргийн 35, 38 дугаар хуудсуудад авагдсан Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн 2246 дугаартай мэдэгдэл, тушаал танилцуулсан тухай тэмдэглэл, ажлыг хүлээлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байх тул Л.Нямжав нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр холбогдох захиргааны актыг мэдсэн гэж үзэх талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Нямжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандалаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр анх шүүхэд хандаж, “Цагдаагийн ерөнхий газрын даргын дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хурандаа цолыг эгүүлэн олгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс одоог хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтүүдийг хийлгэх” нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтаар нарийвчлан тогтоосон, захиргааны актыг “мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” гомдлоо гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн, энэ нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл мөн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...тушаалыг гардуулж өгөөгүй” гэх боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “30 хоногийн хугацаа” нь маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч “...хүлээн авсан эсхүл мэдсэн”-ээс эхлэн тоологдох тул “мэдсэн” тохиолдолд заавал гардан авсан байхыг шаардахгүй юм.

Иймд, “...тушаалыг гардан авснаас хойш 30 хоног өнгөрөөгүй” гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...юун дээр гарын үсэг зурснаа мэдээгүй” гэх тайлбар нь тушаал танилцуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан түүний үйлдлийг үгүйсгэх, маргаан бүхий захиргааны актыг тухайн үед “нэхэмжлэгч мэдээгүй” гэж шүүхээс дүгнэх үндэслэл болохгүй.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх (хуучин нэрээр)-ийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2236 дугаар захирамжаар “...урьдчлан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “...заавал ... урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг шаардахгүй”, “...нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас үзвэл ... шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй” гэж дүгнэн дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3438 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсний дараа Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2/82 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, “тушаал танилцуулсан мэдэгдэл”-ийг нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн, уг баримт нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байх тул “...давж заалдах шатны шүүх ... шүүхэд хандсан нь зөв байна буруутгах боломжгүй гэж ... эцсийн шийдвэр гаргасан” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Нэгэнт, нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл ийнхүү тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд хяналтын шатны шүүх дүгнэлт хийх, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                Д.МӨНХТУЯА