Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1420

 

 

 

 

 

 

 

                                     

Ч.Соддуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00046 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Соддуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Грандмед эмнэлэг ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянгын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Соддулам,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Соддулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Б.Мөнхбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Грандмед эмнэлэгт хүний нөөцийн ажилтнаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, уг гэрээнд зааснаар сарын 700 000 төгрөгөөр цалинжиж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн миний ажлын үр дүнг үнэлж дээрх хөдөлмөрийн гэрээний олгогдож буй цалин дээр 1 жилийн хугацаатай контрактын гэрээ байгуулж, ямар нэгэн татвар шимтгэл ноогдуулахгүйгээр тогтмол 500 000 төгрөгийн цалин урамшуулал нэмж олгохоор болсон. Гэтэл 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр ерөнхий захирал Д.Баттөр ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан. Грандмед эмнэлгийн ерөнхий захирлын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 16/029 тоот тушаалыг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцахад намайг ямар үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй байна. Ч.Соддуламыг ажлаас халсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу Ч.Соддулам нь 2016 оны 2 дугаар сард ажлаас халагдсан байхад 2016 оны 4 дүгээр сард тушаалыг хүчингүй болгож, өөрчлөн гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн ажлаас халах тушаалыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Соддуламыг Грандмед эмнэлгийн хүний нөөцийн албаны хүний нөөцийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, асуудлыг шүүхээр шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн гэрээ болон контракт гэрээгээр давхар авч байсан цалин урамшууллыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Грандмед эмнэлэг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга, Б.Энх-Од нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: Нэхэмжлэгч Ч.Соддулам нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Грандмед эмнэлэг ХХК-д Хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн дотоод журам болон түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд нарийвчлан тусгасан хөдөлмөрийн гэрээг цуцлах дараах ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас халсан. Ажилтан Ч.Соддулам нь ээлжийн амралтын тушаал гаргахдаа ажилтнуудын улсад ажилласан жилийг буруу /илүү/ тооцож тусгасан зөрчил гаргаж байсныг Грандмед эмнэлгийн Санхүүгийн албанаас илрүүлж, удирдлагад танилцуулсан. Грандмед эмнэлгийн Ерөнхий захирлын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №15/68 тоот ээлжийн амралт олгох тушаалыг төлөвлөн нийт 14 ажилтанд ээлжийн амралт олгохдоо Уламжлалын нөхөн сэргээх эмчилгээний тасгийн эрхлэгч Ш.Давхарбаярт ажлын 2 хоногоор илүү буюу 20 хоногоор тооцсон байдаг. Эмч Ш.Давхарбаяр нь 2007 оноос эхлэн Нийгмийн даатгал төлж ажилласан бөгөөд улсад нийгмийн даатгал төлж ажилласан хугацаа нь 6 жил 5 сар байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.1-д заасныг үндэслэн ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт тооцож, нийт 18 хоног байх ёстой атал, буруу тооцсон байна. Мөн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №15/87 тоот ээлжийн амралт олгох тушаалыг төлөвлөн нийт 15 ажилтанд ээлжийн амралт олгохдоо дараа 4 ажилтны ээлжийн амралтын хоногийг мөн буруу буюу хэтрүүлэн тооцсон байна. Л.Мишигдорж 20 хоног байхаас 22 хоног /2 хоног илүү/, Б.Цэдэв 15 хоног байхаас 18 хоног /3 хоног илүү/, Л.Мөнхбат  22 хоног байхаас 26 хоног /4 хоног илүү/, Ц.Түвшинзаяа 15 хоног байхаас 18 хоногоор /3 хоног илүү/ тооцсон. Энэ талаар Грандмед эмнэлгийн Санхүү эдийн засгийн хэлтсийн Ч.Энхцэцэг, цалингийн нягтлан бодогч Д.Сайнбаяр нарын шалгалтын тайланд тодорхой тусгагдсан бөгөөд баримтаар нотлогдсон. Ерөнхий захирлын тушаалаар шалгалт хийх ажлын хэсэг томилогдон 2015 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны тушаал, эцсийн тайланг хараахан гаргаж амжаагүй байна.

Түүнчлэн Ерөнхий захирал Д.Баттөр Ерөнхий нягтлан бодогч н.Туулын ар гэрт гачигдал гарсан бол яаралтай холбоо барьж унаа мөнгө хэрэг болж байвал байгууллагаас туслана гэж хэлээрэй гэж 2 удаа залган Ч.Соддуламтай ярихад, өөрийн төрсөн өдрийг н.Туулын хамт тэмдэглэж байсан атал н.Туул эгчтэй холбоо барьж чадсангүй гэж худал хэлсэн ёс зүйгүй хандсан байдаг. Дээрх зөрчлүүдийг гаргасан тул эмнэлгийн удирдлага ажлаас халахаар шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн №16/029 тоот Ажлаас халах тухай тушаалыг ажилтан Ч.Соддулам ажлаас халагдах үедээ өөрийн албан тушаалыг урвуугаар ашиглаж, өөрөө боловсруулан, тушаалд хууль болон журмын үндэслэл заалтыг буруу бичсэн. Грандмед эмнэлгийн Дотоод хяналтын алба, Хүний нөөцийн алба хамтран шалгалт хийж, дүгнэлт гарган удирдлагад танилцуулж, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн №16/029 тоот Ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцон, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр №16/098а тоот Тушаал хүчингүйд тооцох тухай тушаалыг, №16/098б тоот Ажлаас халах тухай тушаалыг тус тус гаргасан.

Хүний нөөцийн албаны архиваас ажилтан Ч.Соддуламын хувийн хэрэг материалыг шалгахад түүний гарын үсэг зурагдсан Ажлын байрны тодорхойлолтын эх хувь байхгүй, бусад ажлаас гарсан ажилтнуудын материал бүрэн байгаа нь тэрээр зориудаар авсан байх магадлалтай хэмээн дүгнэх боломжтой. Иймээс Ч.Соддуламын өмнө буюу 2013-2014 онд Грандмед эмнэлэгт Хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан Д.Энхцэцэгийн Ажлын байрны тодорхойлолтоос тухайн ажилтны хүлээх үүргийг нягтлан шалгасан. Хүний нөөцийн ажилтан нь Ажлын байрны тодорхойлолтод дурдсанаар хүний нөөцийн бүртгэл хийх, ажилтнуудын хувийн хэргийн баяжилт хийн цэгцлэх, хүний нөөцийн мэдээллээр хангах, тайлагнах, хуулийн зохицуулалтад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах, хүний нөөцийн мэдээллийн найдвартай байдлыг хамгаалж, удирдлага болон ажилчдын итгэлийг дааж ажиллах үүрэгтэй. Гэтэл ажилтнуудын ээлжийн амралтын олговор олгох тушаалыг гаргахдаа ажилтан бүрийн мэдээллийг сайтар нягтлан шалгалгүйгээр, илүү тооцон олгож байсан зөрчлийн улмаас манай байгууллагад тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр хохирол учирсан бөгөөд, шалгалтын нэгдсэн тайланг гаргасны дараа танилцаж, хуулийн байгууллагад өргөдөл гомдол гаргахаар төлөвлөж байгаа болно. Илүү тооцон олговор авч байсан ажилтнуудаас 2016 оны ээлжийн амралтын олговрын мөнгөн дүнгээс нь хасалт хийх байдлаар байгууллага өөрт учирсан хохирлоо арилгах болно. Ажилтан Ч.Соддуламыг Хөдөлмөрийн гэрээний 9.5, 9.7, 10.2, 10.2.1, 10.2.3, 10.2.7, 10.2.13-т заасан заалтуудыг үндэслэн ажлаас халсан. Иймд нэхэмжлэгч Ч.Соддуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Соддуламыг Грандмед эмнэлэг ХХК-ийн Хүний нөөцийн албаны хүний нөөцийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 042 952 төгрөгийг, контрактын гэрээгээр тохирсон цалинд 2 000 000 төгрөгийг хариуцагч Грандмед эмнэлэг ХХК-аас тус тус гаргуулан Ч.Соддуламд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Соддуламын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Грандмед эмнэлэг ХХК-д даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийнхураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Грандмед эмнэлэг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 79 637 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болон нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шударга бус шийдвэр гаргасан. Шүүх хүчингүй болсон тушаалыг үндэслэн шийдвэр гаргасан. /2016 оны дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот тушаал/, Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас халсан тушаал нь одоог хүртэл хүчинтэй байна. /2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 16/098а тоот тушаал/ Дээр дурдсан хүчингүй болсон тушаалыг нэхэмжлэгч Ч.Соддулам өөрөө боловсруулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байдаг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь үнэлэх ёстой атал нэг талаас нь үнэлсэнд гомдолтой байна. /Санхүү, эдийн засгийн албанаас шалгасан дүгнэлт болон ажлын хэсгийн комиссын дүгнэлт гэх мэт холбогдох материалуудыг үнэлсэнгүй/

Шүүх Грандмед эмнэлэг нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот тушаалаа хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна” хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд Грандмед эмнэлэг тус тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргаснаа хүлээн зөвшөөрсөн хэрэг бус, харин ажлаас халагдаж буй ажилтан өөрийн тушаалыг зориудаар хууль зүйн үндэслэлийг буруутган гаргасан болохыг шалгаж, тогтоож хүчингүй болгосон болохыг үнэлэлгүй, зөвхөн нэг талаас үнэлсэн нь хууль бус юм. Анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Соддулам нь Грандмед эмнэлэг ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, контрактын гэрээгээр тохирсон урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Соддулам нь ээлжийн амралтын тушаал гаргахдаа ажилтнуудын улсад ажилласан жилийг буруу тооцсон, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг биелүүлж ажиллаагүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж маргажээ.

 

Хариуцагч Грандмед ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.5.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.                                                                      /хх-3 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ч.Соддулам нь уг тушаалыг эс зөвшөөрч Грандмед эмнэлгийн хүний нөөцийн албаны хүний нөөцийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, контрактын гэрээгээр тохирсон урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор гаргасан бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Соддуламыг ээлжийн амралт олгох тушаал төлөвлөхдөө 5 ажилтны улсад ажилласан жилийг буруу тооцсон зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.                                                                                           /хх-37-38 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ч.Соддуламыг дээрх зөрчлийг гаргасан гэж үзэж эрхэлж буй ажил албан тушаалаас  чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон боловч түүний гаргасан гэх дээрх зөрчил нь уг тушаалын үндэслэлтэй нийцэхгүй байх тул Грандмед эмнэлэг ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тушаалыг хариуцагч байгууллага хүчингүй болгож 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 16/098а, мөн өдөр 16/098б тоот тушаалыг нөхөж гаргахдаа Ч.Соддуламыг ажлаас халсан тушаалын үндэслэлийг засаж гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын 2016 оны 2 дугаар сарын 29-ний 16/029 тоот тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан ба шүүх уг тушаалын хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх учиртай болно.

 

Дээрх үндэслэлээр шүүх 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүчингүй болсон тушаалыг үндэслэн шийвэр гаргасан, уг хүчингүй болсон тушаалыг нэхэмжлэгч Ч.Соддулам өөрөө боловсруулж, зориудаар хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан болохыг шалгаж тогтоож хүчингүй болгосон болохыг үнэлээгүй гэх хариуцагчийн тайлбар гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ч.Соддуламтай хөдөлмөрийн гэрээнээс гадна контрактын гэрээ байгуулан ажиллуулж байсан талаар талууд маргаагүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн 77 дугаар тал дахь шүүх хуралдааны тэмдэглэлийн дугаар нь хэргийн 78 дугаар тал дахь шүүгчийн захирамжийн дугаартай зөрүүтэй байгаа нь техникийн алдаа байх бөгөөд энэ нь хэргийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэл болохгүй ч цаашид ийм алдаа дахин гаргахгүй байхыг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 637 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ