Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 46

 

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2016/00046

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байр, 11 тоотод оршин суух, Гурваншар овогт Чулуунбаатарын Соддулам /ЧН 85022508/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ ХХК /УБД: 9011103020, РД: 5143152/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Соддулам, түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар, хариуцагчийн төлөөлөгч С.Уянга, Б.Энх-Од, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Соддулам шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Мөнхбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Грандмед эмнэлэгт хүний нөөцийн ажилтнаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, уг гэрээнд зааснаар сарын 700 000 төгрөгөөр цалинжиж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн миний ажлын үр дүнг үнэлж дээрх хөдөлмөрийн гэрээний олгогдож буй цалин дээр 1 жилийн хугацаатай контрактын гэрээ байгуулж ямарваа нэгэн татвар шимтгэл ноогдуулахгүйгээр тогтмол 500 000 төгрөгийн цалин урамшуулал нэмж олгож байхаар болсон. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ерөнхий захирал Д.Баттөр ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан. Грандмед эмнэлгийн ерөнхий захирлын 2016 оны 02 сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 16/029 тоот тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцахад намайг ямар үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй байна. Ч.Соддуламыг ажлаас халсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасны дагуу Ч.Соддулам нь 2016 оны 02 дугаар сард ажлаас халагдсан байхад 2016 оны 04 дүгээр сард тушаалыг хүчингүй болгож, өөрчлөн гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 2016 оны 02 сарын 29-ний өдрийн ажлаас халах тушаалыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Соддуламыг Грандмед эмнэлэгийн хүний нөөцийн албаны хүний нөөцийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, асуудлыг шүүхээр шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн гэрээ болон контракт гэрээгээр давхар авч байсан цалин урамшууллыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Грандмед Эмнэлэг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга, Б.Энх-Од нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: Нэхэмжлэгч Ч.Соддулам нь 2014.12.04-ний өдрөөс эхлэн Гранд Мед Эмнэлэг ХХК-нд Хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4-р зүйл болон Компанийн Дотоод журам болон түүнтэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-нд нарийвчлан тусгасан хөдөлмөрийн гэрээг цуцлах дараах ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас халсан.  Ажилтан Ч.Соддулам нь ээлжийн амралтын тушаал гаргахдаа ажилтнуудын улсад ажилласан жилийг буруу /илүү/ тооцож тусгасан зөрчил гаргаж байсныг Гранд Мед Эмнэлгийн Санхүүгийн албанаас илрүүлж, удирдлагад танилцуулсан. Гранд Мед Эмнэлгийн Ерөнхий захирлын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №15/68 тоот ээлжийн амралт олгох тушаалыг төлөвлөн нийт 14 ажилтанд ээлжийн амралт олгохдоо Уламжлалын нөхөн сэргээх эмчилгээний тасгийн эрхлэгч Ш.Давхарбаярт ажлын 2 хоногоор илүү буюу 20 хоногоор тооцсон байдаг. Эмч Ш.Давхарбаяр нь 2007 оноос эхлэн Нийгмийн даатгал төлж ажилласан бөгөөд улсад ниймгийн даатгал төлж ажилласан хугацаа нь 6 жил 5 сар байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлийн 79.5.1 дэх заалтыг үндэслэн ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт тооцож, нийт 18 хоног байх ёстой атал, буруу тооцсон байна. Мөн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №15/87 тоот ээлжийн амралт олгох тушаалыг төлөвлөн нийт 15 ажилтанд ээлжийн амралт олгохдоо дараа 4 ажилтны ээлжийн амралтын хоногийг мөн буруу буюу хэтрүүлэн тооцсон байна. Л.Мишигдорж 20 хоног байхаас 22 хоног /2 хоног илүү/, Б.Цэдэв 15 хоног байхаас 18 хоног /3 хоног илүү/, Л.Мөнхбат 22 хоног байхаас 26 хоног /4 хоног илүү/, Ц.Түвшинзаяа 15 хоног байхаас 18 хоног /3 хоног илүү/. Энэ талаар Гранд Мед Эмнэлгийн СЭЗХ-ийн Ч.Энхцэцэг, цалингийн нягтлан бодогч Д.Сайнбаяр нарын шалгалтын тайланд тодорхой тусгагдсан, баримтаар нотлогдсон байдаг бөгөөд Ерөнхий захирлын тушаалаар “Шалгалт хийх ажлын хэсэг” томилогдон 2015 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны тушаал, эцсийн тайланг хараахан гаргаж амжаагүй байна. Түүнчлэн Ерөнхий захирал Д.Баттөр “Ерөнхий нягтлан бодогч Туулын ар гэрт гачигдал гарсан бол яаралтай холбоо барьж унаа мөнгө хэрэг болж байвал байгууллагаас туслана гэж хэлээрэй” гэж 2 удаа залган Соддуламтай ярихад, өөрийн төрсөн өдрийг Туулын хамт тэмдэглэж байсан атал “Туул эгчтэй холбоо барьж чадсангүй” гэж худал хэлсэн ёс зүйгүй хандсан байдаг. Дээрх зөрчлүүдийг гаргасан тул, эмнэлгийн удирдлага ажлаас халахаар шийдвэрлэсэн бөгөөд 2016.02.29-ний өдрийн №16/029 тоот Ажлаас халах тухай тушаалыг ажилтан Ч.Соддулам  ажлаас халагдах үедээ өөрийн албан тушаалыг урвуугаар ашиглаж, өөрөө боловсруулан, тушаалд хууль болон журмын үндэслэл заалтыг буруу бичсэн. Гранд Мед Эмнэлгийн Дотоод хяналтын алба, Хүний нөөцийн алба хамтран шалгалт хийж, дүгнэлт гарган удирдлагад танилцуулж, 2016.02.29-ний өдрийн №16/029 тоот Ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцон, 2016.04.05-ны өдөр №16/098а тоот “Тушаал хүчингүйд тооцох тухай” тушаалыг, №16/098б тоот Ажлаас халах тухай тушаалыг тус тус гаргасан. Хүний нөөцийн албаны архиваас ажилтан Ч.Соддуламын хувийн хэрэг материалыг шалгахад түүний гарын үсэг зурагдсан “Ажлын байрны тодорхойлолт”-ын эх хувь байхгүй, бусад ажлаас гарсан ажилтнуудын материал бүрэн байгаа нь тэрээр зориудаар авсан байх магадлалтай хэмээн дүгнэх боломжтой байна. Иймээс Ч.Соддуламын өмнө буюу 2013-2014 онд Гранд Мед Эмнэлэгт Хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан Д.Энхцэцэгийн “Ажлын байрны тодорхойлолт”-оос тухайн ажилтны хүлээх үүргийг нягтлан шалгасан. Хүний нөөцийн ажилтан нь Ажлын байрны тодорхойлолтод дурьдсанаар хүний нөөцийн бүртгэл хийх, ажилтнуудын хувийн хэргийн баяжилт хийн цэгцлэх, хүний нөөцийн мэдээллээр хангах, тайлагнах, хуулийн зохицуулалтад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах, хүний нөөцийн мэдээллийн найдвартай байдлыг хамгаалж, удирдлага болон ажилчдын итгэлийг дааж ажиллах үүрэгтэй. Гэтэл ажилтнуудын ээлжийн амралтын олговор олгох тушаалыг гаргахдаа ажилтан бүрийн мэдээлийг сайтар нягтлан шалгалгүйгээр, илүү тооцон олгож байсан зөрчлийн улмаас манай байгууллагад тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр хохирол учирсан бөгөөд, шалгалтын нэгдсэн тайланг гаргасны дараа танилцаж, хуулийн байгууллагад өргөдөл гомдол гаргахаар төлөвлөж байгаа болно. Илүү тооцон олговор авч байсан ажилтнуудаас 2016 оны ээлжийн амралтын олговрын мөнгөн дүнгээс нь хасалт хийх байдлаар байгууллага өөрт учирсан хохирлоо арилгах болно. Ажилтан Соддуламыг хөдөлмөрийн гэрээний дараах заалтуудыг үндэслэн ажлаас халсан байна. 9.5 ажилтан нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон зохих ёсоор биелүүлээгүй бол Хөдөлмөрийн хуульд зааснаар ажил олгогч дараах сахилгын шийтгэл ногдуулна. 9.7 ажилтан нь өөрийн шууд буруутай үйл ажиллагаагаар, эсвэл хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус үйл ажиллагаа явуулах, компанийн эд хөрөнгийг ашиглах, үрэгдүүлэх, эрх мэдлээ хэтрүүлэн зарцуулах, үр ашиггүй зарцуулах зэргээр компанид эд хөрөнгийн хохирол учруулбал учирсан хохирлын хэмжээгээр нь нөхөн төлнө.10.2 ажил олгогч нь дор дурдсан зөрчлийн аль нэгийг гаргасан ажилтныг хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар “Ноцтой зөрчил” гаргасанд тооцон өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлана. Үүнд 10.2.1 ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байх, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заагдсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй байх, ажлын хариуцлага алдах, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд ноцтой хор уршиг, саад тотгор учруулахуйц алдаа зөрчил гаргах, 10.2.3 ажил олгогчийн удирдлага эсвэл өөрийн шууд харъяалах удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа /3-аас дээш удаа/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг хугацаанд эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан, 10.2.7 Компанийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн зүй бус үйлдэл гаргах,  ажилтны ёс зүйн хэм хэмжээг гажуудуулах, компаниас хүлээлгэсэн итгэл, боломжийг хувийн ашиг сонирхолд ашиглан шууд болон дам шан харамж, үйлчилгээг харилцагчаас авсан болох нь тогтоогдсон. 10.2.13-т Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг зөрчих, нууцын баталгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх, үүрэгт ажилдаа хайнга хайхрамжгүй хандсаны улмаас компанид их хэмжээний хохирол учруулах, компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, нууц мэдээллийг задруулах болон бусад төрлийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, захиргааны зүгээс ноцтой гэж үзсэн бусад зөрчил гаргасан. Иймд нэхэмжлэгч Ч.Соддуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Соддулам нь Грандмед Эмнэлэг ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Соддулам Грандмед эмнэлэг ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан хүний нөөцийн ажилтнаар, сард 700 000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тухай тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6,7,16-18/

 

Мөн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ч.Соддуламтай 2015 оны 11 сарын 18-ны өдөр Контрактын гэрээ байгуулж, уг гэрээгээр сар бүр 500 000 төгрөгийн цалинг олгож байхаар тохиролцсон байна./хх-ийн 13-16/

 

Гранд мед ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.5.2 дахь заалтуудыг үндэслэн Ч.Соддуламтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Соддулам нь дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэл гардаж авсны дараа эс зөвшөөрч, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот тушаалыг 2016 оны 4 сарын 05-ны өдрийн 16/098 а тоот тушаалаар хүчингүйд тооцож, 2016 оны 4 сарын 05-ны өдрийн 16/098 б тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэж Ч.Соддуламыг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсугай гэсэн тушаалыг гаргаж ирүүлсэн байна./хх-ийн 64-65/

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Грандмед эмнэлэг ХХК нь 16/029 тоот тушаалаа хууль зүйн үндэслэлгүй гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 16/029 тоот ерөнхий захирлын тушаалыг “Ч.Соддулам өөрөө боловсруулан, тушаалд хууль болон журмын үндэслэл заалтыг буруу бичсэн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Компанийн дотоод журмын 2.2.6, 2.2.8-д зааснаар тус компанид Хүний нөөцийн алба ажилладаг бөгөөд албаны дарга нь тухайн гаргаж буй тушаалын үндэслэлийг хянаж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулахаар тогтоосон байна. Энэ байдлаас дүгнэхэд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар захиргааны санаачлагаар ажилтныг ажлаас халах эрхтэй хэдий ч уг ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой бөгөөд уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх учиртай.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоодсон” гэх үндэслэлийн аль нэгнээр ажлаас халсан тохиолдолд эдгээрийн аль үндэслэлээр ажлаас халсан тухайгаа тушаалдаа тодорхой зааж, мөн ажлаас халж байгаа тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байтал энэ журмыг хэрэгжүүлээгүй нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан “ажил олгогчийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж үзнэ.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч байгууллага нь дээрх тушаалыг хүчингүй болгож, 2016 оны 4 сарын 5-ны өдөр 16/098а, 16/098б тоот тушаалууд гаргасныг хүчинтөгөлдөр тушаал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйд заасан журмыг баримтлах үүрэгтэй бөгөөд ажил олгогчийн нөхөн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах шаардлагагүй гэж шүүх дүгнэв. 

 

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Ч.Соддуламыг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх ажлын 74 хоногийн олговор 2 045 952 төгрөгийг, контрактын гэрээгээр тохирсон цалингийн 2 000 000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Соддуламын цалинг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас /хх-ийн 19-20/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 594 438 /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ төгрөгийн цалин авсан байх ба 74 өдрийн /594 438:21,5= 27 648төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 2 045 952 төгрөгөөр /27 468х74 өдөр/, түүнчлэн ажил олгогч Грандмед ХХК нь Ч.Соддуламд контрактын гэрээний дагуу ажилгүй байсан 4 сарын цалинд /3,4,5,6/    2 000 000 төгрөгөөр тус тус тогтоосон ба нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлдээ дурдаагүй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар энэ нь ажил олгогчийн үүрэг байх тул хариуцагч Халиун төгөл ХХК-д үүрэг болгох нь хуульд харшлахгүй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Соддуламыг Грандмед Эмнэлэг ХХК-ийн Хүний нөөцийн албаны хүний нөөцийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 042 952 төгрөгийг, контрактын гэрээгээр тохирсон цалинд 2 000 000 төгрөгийг хариуцагч Грандмед эмнэлэг ХХК-аас тус тус гаргуулан Ч.Соддуламд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Соддуламын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Грандмед Эмнэлэг ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Грандмед Эмнэлэг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 79 637 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ