Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02030

 

 2023  11  20   210/МА2023/02030

 

 

Ч.Диваанансалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/02815 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Диваанансалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох

6,634,426 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Тус алба нь нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан миний тэтгэврээс Сэлэнгэ аймгийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийдвэр, 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 4 сар 50 хувийн төлбөр суутгуулж байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 514 дүгээр шийдвэрээр тэтгэврээс суутгагдсан мөнгийг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс хариуцагч нь Нийгмийн даатгалын хэлтэс биш гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон боловч тэтгэврээс нь суутгал хийж болохгүйг тогтоосон хэсгийг хүчингүй болгоогүй.

1.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол тэтгэврээс суутгал хийж болно гэж, 29.4 дэх хэсэгт энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно гэж тус тус заасан.

Хуульд шүүхийн шийдвэргүйгээр тэтгэврээс суутгал хийж болохгүй гэж заасан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т тодорхойлсон суутгал хийж болохгүй орлогод тэтгэврийг оруулаагүй байна. Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа, тэтгэвэр тэтгэмж олгож байгаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлнэ гэж заасан ба өндөр насны тэтгэврээс суутгах хийх бол мэдэгдлийг Нийгмийн даатгалын газарт хүргүүлнэ гэж оруулах ёстой болно.

Цалин хөлс, бусад орлого гэдэгт татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг орлогууд орох ба хуулийн 89.8 дахь хэсэгт төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл болон татварт ногдох хэсгийг хассан үнийн дүнгээс тооцно гэж заасан. Тэтгэврээс орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл авдаггүй тул тэтгэвэр нь цалин хөлс, бусад орлогод хамаарахгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлсон. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.8 дахь хэсэгтэй уялдаж байгаа юм.

Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйл нь дээрх заалтуудтай зөрчилдөөгүй байна.

1.3. Тус алба нь иргэн Ч.Диваанансалын тэтгэвэрээс 2020 оны 05-08 дугаар саруудад 50 хувийн төлбөр 1,045,516 төгрөг (сар бүрийн 261,379х4 сар), 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 100 хувиар 524,000 төгрөг, 02-09 дүгээр саруудад сар бүр 601,171 төгрөг, бүгд 6,378,516 төгрөг суутгасан.

Иймээс Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас суутгал 6,378,516 төгрөг, материал бүрдүүлэхэд гарсан бодит зардал 255,910 төгрөг, нийт 6,634,426 төгрөгийг гаргуулж Ч.Диваанансалд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сэлэнгэ аймгийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр Хэц-Уул ХХК болон Ч.Диваанансал нараас 14,560,000 төгрөгийг гаргуулж Сэргээн босголт банкинд, мөн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар шийдвэрээр Ч.Диваанансалаас 8,628,667 төгрөгийг гаргуулж Анод банкинд тус тус олгож шийдвэрлэсэн.

2.2. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ч.Диваанансалд төлбөр төлөх хугацаатай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй, мэдэгдлийн дагуу ирж уулзаагүй, төлбөр гаргуулах өөр эд хөрөнгө тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77, 89 дүгээр зүйлийг үндэслэн төлбөр төлөгч Ч.Диваанансалын тэтгэврээс 50 хувиар суутгал хийсэн.

Дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр нь төлбөр гаргуулахаар хориглосон орлогод хамаарахгүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас нийт 2,915,410 /хоёр сая есөн зуун арван таван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Диваанансалд олгож, үлдсэн 3,719,016 /гурван сая долоон зуун арван есөн мянга арван зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Диваанансалын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 61,597 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хуулийн дараах үндэслэлүүдийг заасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зөвхөн шүүхийн шийдвэрээр өндөр насны тэтгэврээс суутгал хийх тухай заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь заалтад заасан тэтгэврээс суутгал хийх тухай зохицуулалттай зөрчилдөж байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар маргаанд илүү нарийвчилсан хуулийн заалтыг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн нэг удаа суутгал хийх дүн нь өндөр насны тэтгэврийн 50 хувиас хэтрэхгүй болно гэж заасан. Шүүх шийдвэр гаргахдаа хууль хоорондоо зөрчилдөж байна, нэхэмжлэгчийн тэтгэврээс 50 хувийн суутгал хийснийг хуулийн үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс хууль хоорондоо зөрчилдөж байна гэж үзэхгүй бөгөөд өндөр насны тэтгэврээс 50 хувь суутгал хийсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь, Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1.8, 1.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт өндөр насны тэтгэвэрт нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэсэн заалт байхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.8 дахь хэсэгт Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл болон татварт ногдох хэсгийг хассан дүнгээс тооцно гэж заасан байна. Гэтэл өндөр насны тэтгэврээс нийгмийн даатгалын шимтгэл болон татварт ногдох хэсгийг хасдаггүй байна. Дээрх хуулиудын заалтуудаас дүгнэж үзэхэд Цалин хөлс, бусад орлого гэсэн ойлголтонд өндөр насны тэтгэвэр хамаардаггүй, өөр зүйл гэдэг нь тодорхой байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь иргэн Ч.Диваанансалын өндөр насны тэтгэврээс суутгал хийхдээ өндөр насны тэтгэврийг цалин хөлс, бусад орлогод хамааруулан ойлгож суутгал хийсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

4.2. Түүнчлэн анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь заалтуудыг хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан тэтгэвэр, тэтгэмжийг олгож байгаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлнэ гэдэг ойлголт нь шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тэтгэмжээс нь суутгал хийх тухай заасан бол тэр нөхцөлд л зөвхөн хэрэгжих үндэслэлтэй заалт гэж үзэж байна. Гэтэл өндөр настан Ч.Диваанансал нь цалин хөлсгүй, бусад орлогогүй хүн гэдэг нь иргэний хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр нь цалин хөлс бусад орлогод хамаарахгүй учир хуулийн энэ заалт хэрэгжих үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд өндөр насны тэтгэврээс нь суутгал хийнэ гэсэн заалт байхгүй байхад огт суутгаж болохгүй суутгалыг хийсэн байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

4.3. Анхан шатны шүүх шийдвэртээ зөвхөн шүүхийн шийдвэрээр өндөр насны тэтгэврээс суутгал хийх тухай заасан гэж дүгнэж бичсэн атлаа иргэн Ч.Диваанансалаас төлбөр гаргуулах тухай шүүхийн шийдвэрт өндөр насны тэтгвэрээс нь суутгал хийх тухай заалт байхгүй байхад тэтгэврээс нь 50 хувь суутгаж байсныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

4.4. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4 дэх хэсэгт заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь заалттай зөрчилдөж байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь өндөр насны тэтгэврээс үндэслэлгүйгээр суутгал хийсэн тухай учраас илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль байх ёстой гэж үзэж байна.

Иймд шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дугаар заалтыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалт гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

4.5. Иргэний хэргийн баримтанд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/27 дугаартай тогтоол байдаг бөгөөд тус тогтоолд төлбөр төлөгч Ч.Диваанансалд төлбөр гаргуулах хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө орлого албадан гаргах боломжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.7 дахь заалтыг үндэслэн төлбөр төлөгч Ч.Диваанансалд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсүгэй. гэж заасан байна. Гэтэл энэ түдгэлзүүлсэн тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байхад иргэн Ч.Диваанансалын тэтгэврээс нь суутгал хийж байсан нь хуулийн үндэслэлгүй юм.

4.6. Нэхэмжлэгч Ч.Диваанансалын биеийн эрүүл мэнд нь муу, эмчилгээ хийлгэдэг, эмнэлгийн хяналтанд байдаг тухай баримтууд хэргийн материалд авагдсан байна. Гэтэл Ч.Диваанансалын өндөр насны тэтгэврээс нь 50 хувь, 100 хувь суутгаж байсан нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Өндөр настай, бие муутай хүний тэтгэврээс нь суутгал хийхээр энэ хүн хоол хүнсний зүйл авах мөнгөгүй, эмчилгээндээ хэрэглэх эм, тариа авах мөнгөгүй болж хүнд хэцүү нөхцөлд байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, 6 дахь хэсэгт эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Сэлэнгэ аймгийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр Хэц-Уул ХХК болон Ч.Диваанансалаас 14,560,000 төгрөгийг гаргуулж Сэргээн босголт банкинд олгож, мөн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар шийдвэрээр Ч.Диваанансалаас 8,628,667 төгрөгийг гаргуулж Анод банкинд олгохоор тус тус шийдвэрлэсэн.

5.2. Дээрх шийдвэрийн дагуу Ч.Диваанансалд удаа дараа төлбөр төлөх мэдэгдлийг гардуулсан боловч мэдэгдлийн дагуу төлбөр төлөөгүй, ирж уулздаггүй шалтгаан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77, 89 дүгээр зүйлд заасныг үндэслэн тэтгэврээс нь 50 хувийн суутгал хийсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлд заасан төлбөр гаргуулж болохгүй орлогод хамаарахгүй тул тэтгэврээс нь 50 хувийн суутгал хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Диваанансал нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан өндөр насны тэтгэврээс үндэслэлгүй суутгасан 6,634,426 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт мөнгөн төлбөрийг нэхэмжлэгчийн тэтгэврээс суутган төлүүлэхээр заагаагүй байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээс суутгал хийсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласныг хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж мэтгэлцжээ.

 

3.1. Хэрэгт Хэц-Уул компани буюу Ч.Диваанансалаас 14,560,000 төгрөг гаргуулан Сэргээн босголтын банкинд олгохоор шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийдвэр, мөн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар захирамжаар Ч.Диваанансалаас 8,628,667 төгрөг гаргуулах тухай Анод банкны нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр тус тус нотлох баримтаар авагдсан байна. (хэргийн 18, 26 дахь тал)

Дээрх шийдвэрүүдийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

3.2. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 200516000227 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13180065/01 дугаар тогтоолуудаар нэхэмжлэгчийн 2020 оны 05-08 дугаар саруудын өндөр насны тэтгэврийн 50 хувиар сар бүр 261,379 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын тэтгэврийн 100 хувиар 524,000 төгрөг, 02-09 дүгээр саруудад мөн тэтгэврийн 100 хувиар сар бүр 601,171 төгрөг, нийт 6,378,884 төгрөг суутгасан үйл баримтыг хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 419 дүгээр, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 249 дүгээр, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 252 дугаар лавлагаанууд, Төрийн банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 32/554 дүгээр лавлагаа, дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. (хэргийн 9, 10, 77-81, 109-109, 218, 221, 222 дахь тал)

 

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийг үндэслэн тайлбарлаж байх боловч уг хуулиар даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулах тул талуудын маргаанд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалт хэрэглэгдэнэ.

Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь хэсэгтэй зөрчилдсөн гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулж дүгнэх нь зүйтэй.

 

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна, 86.3 дахь хэсэгт Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлого нь банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд ордог бол энэ хуульд заасан төлбөрт суутгаж болохгүй орлогыг хасаж, бусад хэсгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ гэж тус тус заасан.

Мөн хуулийн 88 дугаар зүйлд төлбөр гаргуулж болохгүй 9 төрлийн орлогыг нэрлэн тодорхойлсон ба үүнд өндөр насны тэтгэвэр хамаараагүй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр нь төлбөр төлөгч-иргэний бусад орлогод хамаарах тул хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийг өндөр насны тэтгэврээс төлбөр суутган тооцох эрхтэй.

 

4.3. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос гаргуулах төлбөрийн хувь хэмжээг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, бусад байдлыг харгалзан шийдвэр гүйцэтгэгч тогтооно, 89.12 дахь хэсэгт Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заажээ.

Хариуцагч нь 2022 оны 01-09 дүгээр саруудад нэхэмжлэгчийн тэтгэврээс 100 хувиар суутгал хийсэн нь хуульд заасан нэг удаа гаргуулах төлбөрийн дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуулийг буруу тайлбарласан гэх гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. Түүнчлэн Ч.Диваанансалд төлбөр гаргуулж болох хөрөнгө орлого байхгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/27 дугаар тогтоол хэрэгт авагдсан байх боловч үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13180065/01 дугаар тогтоолоор банкууд дахь нэхэмжлэгчийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үнийн дүнгээр хэмжээгээр битүүмжлэх, данс нээх, хаах, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоожээ. Уг тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргаж шийдвэрлүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй тул тогтоолыг хүчинтэй гэж дүгнэнэ. Иймээс ажиллагааг түдгэлзүүлсэн байхад нэхэмжлэгчийн тэтгэврээс суутгал хийсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

6. Шүүхийн шийдвэрт хариуцагчаас үндэслэлгүй суутгасан 2,666,500 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 248,910 төгрөг, нийт 2,915,410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/02815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД   Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА