Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/02067

 

 2023  11  27   210/МА2023/02067

 

 

*******, Э.Баяндалай нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/02726 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******, Э.Баяндалай нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхзул, Б.Даваасүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранцэцэг, Х.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00213 дугаар захирамжаар *******, Э.Баяндалай нар 190,769,825.20 төгрөгийг хуваарийн дагуу Хас банк ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206056205 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222 хотхон 113 дугаар байр, 1204 тоот хаягт байрлах, 95.71 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

1.2. Шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/07747 дугаар захирамж, 183/ГХ2022/00708 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуудан ирүүлж эрх үүрэг гэсэн баримтанд гарын үсэг зуруулж, хөрөнгийн мэдүүлэг гаргуулж авсан ба орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хураасан.

1.3. Шийдвэр гүйцэтгэгчээс орон сууцны зах зээлийн үнийн саналыг өгөх, хэрэв төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шинжээч томилж зах зээлийн үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулна гэсний дагуу төлбөр төлөгч бид зах зээлийн үнэ ханшийг судлаад нэг м.кв талбайг 6,900,000 төгрөгөөр тооцож нийт 660,399,000 төгрөгийн үнийн саналыг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгөхөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяа энэ саналыг авахгүй, 6,200,000 төгрөгөөр бол авах тухай хэлсэн тул 6,200,000 төгрөгөөр тооцож 593,402,000 төгрөгийн үнийн саналыг өгсөн. Хас банк ХХК-аас уг үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн албан бичгийг ирүүлсэн байсан.

1.4. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаанд орох тогтоол гарсан, ирж мэдэгдлээ аваарай гэсний дагуу очиход 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу Хас банк ХХК-ийн үнийн саналыг зөвшөөрсөн албан бичиг ирсэн өдөр анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах тухай тогтоол гаргасан байсан. Миний зүгээс яагаад албан бичиг ирсэн даруй дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж байгаа юм бэ, би өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн үнээр худалдан борлуулах хүсэлтэй байна гэхэд шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нар гомдлоо гаргаарай гэхээс өөр зүйл хэлээгүй.

Уг тогтоол, мэдэгдлийг авсан өдрөө ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гомдлыг хангах боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн тул шүүхэд хандсан.

1.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 62.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчид үл хөдлөх эд хөрөнгөө бие даан борлуулах 30 хоногийн хугацаа олгох байсан боловч дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

1.6. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үнийн санал авахдаа төлбөр төлөгчид шахалт үзүүлж зах зээлийн үнээс доогуур санал авсан нь шинжээч томилох процесс ажиллагааг товчилж Хас банк ХХК-д үндэслэлгүй давуу байдал бий болгож иргэн намайг хохироож 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан, гомдолд хариу өгөхгүй байсаар одоо 2 дахь албадан дуудлага худалдаанд миний орон сууцыг хямдаар буюу 50 хувиар оруулж зарах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хууль бус ажиллагааны улмаас орон сууцаа алдаж бага насны 3 хүүхэдтэй гудамжинд гарах маш хүнд нөхцөл байдалд хүрээд байна.

Иймд талуудын харилцан тохиролцож тогтоосон гэх 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 593,402,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00213 дугаар захирамжаар *******, Э.Баяндалай нараас 190,769,825 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгох, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2206056205 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222 хотхон 113 дугаар байр, 1204 тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 22290777 дугаар тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч *******, Э.Баяндалай нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22290777/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22290777/05 дугаар тогтоолоор хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал өгөх тухай мэдэгдсэний дагуу талууд харилцан тохиролцож орон сууцыг 593,402,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч нь 2 удаа үнийн санал ирүүлсэн бөгөөд өндөр үнийн саналыг хүлээн авч хөрөнгийн үнэлгээг тогтоосон тул үл хөдпөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үндэслэл байхгүй.

2.4. Дуудлага худалдаа зарлагдах хугацаа болсон учраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн ч барьцаа хөрөнгө зарагдаагүй. Үүний дараа нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ гаргасан ба хөрөнгөө өөрсдөө зарж борлуулах талаар хүсэлт ирүүлсэн зүйл байхгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн тайлбарын агуулга:

Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн 6,200,000 төгрөгийн үнийн саналыг хүлээн зөвшөөрч албан бичгээр хариу өгсөн. Албадан дуудлага худалдаанд орсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар нэхэмжлэгч *******, Э.Баяндалай нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч *******, Э.Баяндалай нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах 1 сарын хугацаа олголгүй худалдан борлуулсан байхад анхан шатны шүүх хянаж үзэлгүй шийдвэрлэсэн. Хууль зөрчиж албадан дуудлага худалдаа явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

5.2. Мөн хуулийн 62.5 дахь хэсэгт төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулахаар хуульчилсан.

Иймд төлбөр төлөгч нарын зүгээс хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулахыг хүсэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулахаас өмнө дуудлага худалдааны үнийг тогтооно гэж хуульчилсны дагуу анхны албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцон тогтоосон.

6.2. Тус үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шинжээчийн тогтоосон үнэлгээ биш, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан харилцан тохиролцсон үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд Энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, харилцан тохиролцсон үнэлгээн дээр бус шинжээчийн тогтоосон үнэлгээн дээр бие даан худалдан борлуулах эрхийг эдэлнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талаас гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, Э.Баяндалай нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00213 дугаар захирамжаар *******, Э.Баяндалай нар 190,769,825.20 төгрөгийг хуваарийн дагуу Хас банк ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206056205 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222 хотхон, 113 дугаар байр, 1204 тоот хаягт байрлах, 95.71 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн ажиллагаа явуулсан.

Мөн барьцааны зүйл болох орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хураасан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5.1. Хариуцагч байгууллага нь талуудаас орон сууцны үнийн санал авахад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч, өмчлөгч *******, Э.Баяндалай нар нь орон сууцны нэг м.кв талбайг 5,200,000 төгрөгөөр тооцон 497,692,000 төгрөгөөр үнэлэх санал бичгээр өгсөн, уг үнийн саналыг төлбөр авагч Хас банк ХХК зөвшөөрсөн тухай албан бичгийг ирүүлсэн ба ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-222/20729 дугаар мэдэгдлээр талуудад харилцан тохиролцож тогтоосон үнэлгээний талаар мэдэгджээ.

Гэвч төлбөр төлөгч, өмчлөгч нар нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Үнийн санал өөрчлөх тухай хүсэлт гаргаж, орон сууцны нэг м.кв талбайн зах зээлийн үнэлгээ 6,200,000 төгрөгт хүрч зарагдаж байсан мэдээллийг үнэгүй.мн (unegui.mn) сайтаас авсан, зах зээлийн үнэлгээний бодит судалгааг хийгээгүйгээс буруу санал гаргасан гэх үндэслэлээр нэг м.кв талбайг 6,200,000 төгрөгөөр тооцон 593,402,000 төгрөгөөр үнэлэх санал бичгээр өгсөн, уг үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрсөн тухай албан бичгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлжээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4-222/21064 дугаар мэдэгдлээр талуудад харилцан тохиролцсон уг үнэлгээний талаар мэдэгджээ.

Дээр дурдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх талаар заасан ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох талаар зохицуулсан.

Төлбөр төлөгч, өмчлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцож орон сууцыг 593,402,000 төгрөгөөр үнэлсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

5.2. Нэхэмжлэлд зах зээлийн үнэ ханшийг судлаад нэг м.кв талбайг 6,900,000 төгрөгөөр тооцож 660,399,000 төгрөгийн үнийн саналыг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгөхөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяа энэ саналыг авахгүй, 6,200,000 төгрөгөөр бол авах тухай хэлсэн, шийдвэр гүйцэтгэх байгууллага үнийн санал авахдаа төлбөр төлөгчид шахалт үзүүлж зах зээлийн үнээс доогуур санал авсан гэх үндэслэл заасан ба ийм нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Түүнчлэн дээрх агуулгаар гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээчний үнэлгээний талаарх гомдолд бус, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийн талаарх гомдолд хамаарна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан ба ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид шат дараалан гомдол гаргаж шийдвэрлүүлсэн баримт хэрэгт авагдаагүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

 

6. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 дугаар тогтоолоор дээрх орон сууцыг талуудын харилцан тогтоосон үнэ болох 593,402,000 төгрөгийн 70 хувь буюу 415,381,400 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, энэ талаар талуудад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-222/21334 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгөө бие даан борлуулах хүсэлттэй байсан боловч шийдвэр гүйцэтгэгчээс хугацаа олгоогүй албадан дуудлага худалдааг зарласан гэж, хариуцагч нь хөрөнгийг үнэлгээчин үнэлсэн нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан хугацаа олгогддог гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.

Орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө нь албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулах хөрөнгөд хамаарахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан бөгөөд албадан дуудлага худалдаа явуулах нарийвчилсан журмыг хуулийн 65-75 дугаар зүйлд тогтоосон. Тухайлбал, дуудлага худалдааны үнэ тогтоох асуудал 72 дугаар зүйлд зохицуулагдсан ба 72.1 дэх хэсэгт Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно, 72.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ, 72.3 дахь хэсэгт Төлбөр төлөгч хөрөнгийг албадан худалдахаас өмнө энэ хуулийн 72.1-д зааснаас илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ гэж тус тус заасан.

Түүнчлэн дээрх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болохоор заасан.

Төлбөр төлөгч нар нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бие даан худалдан борлуулах тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид гаргасан байх ба энэ талаар гаргасан гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/817 дугаар хариу мэдэгдэх хуудас, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/2853 дугаар хариу тус тус дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш гэж заасан нь хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгоогүй төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгөө бие даан худалдах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/02726 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******, Э.Баяндалай нарын нэхэмжлэлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2206056205 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222 Их монгол улс гудамж 113 дугаар байр, 1204 тоот хаягт байрлах, 95.71 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг талуудын харилцан тохиролцож 593,402,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, Э.Баяндалай нарт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД   Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА