Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0351

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0351

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Д Г

газрын нэхэмжлэлтэй захиргааны

хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Ш.М, Ш.Г нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э гаргасан давж заалдах гомдлоор, Д Г газрын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга аудитын ахлах менежер Ш.М, ахлах аудитор Ш.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д Г газрын дарга 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дүгээр актыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр:

“Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.2 дахь заалтыг баримтлан Д Г газрын дарга Д.Д Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга аудитын менежер Ш.М, ахлах аудитор Ш.Г нарт холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй буюу анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны зүйл болж буй Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 15\01 дүгээр актыг гаргахдаа баримталсан хууль, журам нь уг актыг гаргах үндэслэл болсон зөрчил, үйл баримттай хэрхэн холбогдож нийцэж байгаад үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд Төрийн аудитын газар 15\01 дүгээр актыг гаргахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь уг актыг гаргах болсон үйл баримттай нийцээгүй, хэт ерөнхий заалтыг баримталсан байхад шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Хариуцагч нараас Гаалийн газрын даргад холбогдуулан 15\01 дүгээр акт тавихдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.4.1, 6.6.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь Төсвийн тухай хуулийн ерөнхий заалт барьсан гэж буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн атлаа тус актад дурьдагдаагүй Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 38 дугаар зүйл, Сангийн сайдын 2017 оны 216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд бүртгэх тусгах, хяналт тавих журам” буюу 15\01 дүгээр актад дурьдагдаагүй хууль, журмыг баримтлан “...2018 оны төсөвт цалин, цалингийн нэмэгдэлд ........ төгрөг төлөвлөгдсөнөөс 12 дугаар сард зарцуулаагүй үлдсэн төсвийн зарлагын хэмнэлт болох ...... төгрөг зарцуулах хүсэлтийг төсвийн төвлөрүүлэн захирагчид гаргаж нэмэлт санхүүжилтийн дансаар зарцуулах эрх аваагүй байж илүү цагийн хөлс олгох тухай шийдвэр гарган 12 дугаар сарын 18-ны өдөр 29 ажилтанд илүү цагийн хөлс гэж ......... төгрөгийн гүйлгээ хийсэн нь Гаалийн газрын даргын “Илүү цагийн хөлс олгох тухай” А\20 дугаар тушаал, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдож байна” гэсэн маргааны зүйл болж буй 15\01 дүгээр дурьдагдаагүй хуулийн заалтыг баримтлан хариуцагч талыг үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан хийсэн гэж үзэхээр байна.

Сангийн сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар баталсан “Төсвийн зарла хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ын 2.2-т “Төсвийн захирагчийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэнд тооцохгүй”, 2.2.4-т “Төсвийн байгууллага нь батлагдсан дээд хязгаараас дутуу орон тоогоор ажиллснаас бий болсон цалингийн зардал” гэж зааснаас харахад Д Г газрын илүү цагийн хөлсөнд 29 ажилтанд олгосон ........ төгрөг нь 2018 онд дутуу орон тоогоор ажиллсанаас хэмнэгдсэн цалингийн зарцуулагдаагүй үлдэгдэл болох тул дээрх журмын 2.2, 2.2.4 дэх заалтаар төсвийн зарлагын хэмнэлтэнд тооцогдохгүй үлдэгдэл болох нь хавтаст хэрэгт авагдсан “Төсвийн гүйцэтгэлийн 2018 оны 1-ээс 12 сарын мэдээ” гэх баримтаар нотлогдож байхад шүүх уг зарцуулагдаагүй үлдэгдлийг “төсвийн зарлагын хэмнэлт” гэж үзэн илүү цагийн хөлсөнд олгосон ....... төгрөг зарцуулах хүсэлтийг төсвийн төвлөрүүлэн захирагчид гаргаж нэмэлт санхүүжилтийн дансаар зарцуулах эрх аваагүй байж илүү цагийн хөлс олгох тухай шийдвэр гарган “12 дугаар сарын 18-ны өдөр 29 ажилтанд илүү цагийн хөлс” гэж .......... төгрөгийн гүйлгээ хийснийг буруутгасан дүгнэлт хийсэн нь дээр дурьдсан журмын заалттай нийцээгүй буюу үндэслэлгүй дүгнэлт болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно.

Анхан шатны шүүх Д Г газрын ажилтнуудын илүү цагаар ажилласан талаарх нотлох баримтыг цуглуулахдаа шүүгч өөрийн биеэр Гаалийн газарт очиж ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийг хурууны хээ, нүүр царайгаар бүртгэх машинаар 2018 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл бүртгэсэн цахим баримтад нэг бүрчлэн үзлэг хийж тулгаж үзээд 1695 цаг 33 минут илүү цагаар ажилласныг тогтоож баримтжуулж авсан атлаа шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “...тухайн байгууллагын ажиллагсад нь 1-ээс 12 саруудын ажлын өдрүүдэд илүү цагаар ажилласан нь тогтоогдохгүй байгаа төдийгүй мөн ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийг хурууны хээ, нүүр царайгаар бүртгэх машинаар 2018 оны эцэст гаргахад 26 ажилтан нь 1695 цаг 33 минут илүү ажилласнаар гарч байгаа хэдий ч дээрх хуулиудад заасны дагуу ажилтныг ажлын зайлшгүй шаардлага болон тухайн ажилтны чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг харгалзан Гаалийн газрын даргын шийдвэрээр гаалийн улсын байцаагч, үйлчилгээний ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлтийг хийсэн нь өрөөсгөл дүгнэлт болсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар шүүгч үзлэг хийж баталгаажуулсан цахим баримт нь нотлох баримтад тооцогдохоор байхад илүү цагаар ажилласныг нотлох уг баримтыг шүүх ямар үндэслэлээр үнэлээгүй болохоо шийдвэртээ заагаагүй, Гаалийн газрын ажилтнуудын илүү цагаар ажилласан талаарх бусад нотлох баримтуудыг гаргуулах боломжтой байхад шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгийн зүгээс үзэж байгаа болно.

Д Г газар нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан гүний гаалийн байгууллага бөгөөд нийт гаалийн бүрдүүлэлтийн 90 гаруй хувийг экспортын бүрдүүлэлт, импортын 50 орчим хувь нь нефть бүтээгдэхүүн эзэлдэг тул гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь гадаад вагоныг туулахгүй, худалдаа эрхлэгч нарт эдийн засгийн хувьд хүндрэл учруулахгүйн үүднээс хийгддэг гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн үйл ажиллгаа нь ажлын цагт багтаж дуусдаггүй тул ажлын бус цагаар буюу илүү цагаар ажиллах шаардлага байнга гардаг, экспорт, импортын бараа бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслүүд сэлгээ хийх вагон толгой хүрэлцдэггүйгээс товлосон цаг хугацаандаа ачигдах болон буулгах газартаа тавигддаггүйгээс маш их хугацаа алдаж гаалийн бүрдүүлэлт хийгддэг бөгөөд гаалийн бүрдүүлэлтийг ажлын цагт багтааж хийж амжихгүй тохиолдолд гаалийн байцаагч нар нь Гаалийн газрын даргад утсаар мэдэгдэж илүү цагаар ажиллах зөвшөөрлийг амаар авдаг зэрэг гаалийн байгууллагын онцлог үйл ажиллагаанаас шалтгаалж Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Гаалийн бүрдүүлэлтийг гаалийн байгууллага бүхий газарт гаалийн байгууллагын даргаас тогтоосон цагт хийнэ”, 286 дугаар зүйлийн 286.1-д “Гаалийн удирдах төв байгууллагын дарга нь гаалийн байгууллагын байршил, ажиллах цагийн хуваарийг гадаад худалдаанд дэмжлэг үзүүлэх хэрэгцээг харгалзан тогтооно”, 286 дугаар зүйлийн 286.3-т “Гаалийн бүрдүүлэлтийг энэ хуулийн 25.1-д заасан хугацаанд хийх боломжгүй тохиолдолд гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр гаалийн улсын байцаагчийг ажлын бус цагаар ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд гаалийн байцаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу илүү цагийн хөлс олгоно” гэж гаалийн байгууллагын ажилтнуудад илүү цагаар ажилласны хөлсийг олгохоор хуульчилж өгсөн бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А\93 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.25-д “Ажилтныг ажлын зайлшгүй шаардлага болон тухайн ажилтны чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг харгалзан захиргааны санаачлагаар илүү цагаар ажиллуулж болно.

Ажилтанг ажлын шаардлагаар илүү цагаар ажиллуулсан тохиолдолд илүү цагаар ажиллуулсан ажлын амралтыг биеэр эдлүүлэх эсхүл илүү цагийн хөлсийг олгоно” гэж заасны дагуу Д Г газар нь дээр дурьдсан хууль, дүрмийн заалтыг үндэслэн өөрийн байгууллагын 29 ажилтанд ажпын цагийн цахим бүртгэлийг үндэслэн зөвхөн ажлын өдрүүдэд илүү цагаар ажиллсан хөлсийг бодож олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд Д Г газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д заасан төсвийн шууд захирагчийн хувьд өөрийн байгууллагын төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн төвлөрүүлэн захирагчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхтэй байна.

Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга аудитын менежер Ш.М, ахлах аудитор Ш.Г нар нь дээр дурдсан хууль журмуудад заасан ажилтны илүү цагаар ажилласны хөлс авах эрхийг хууль, журамд заагаагүй үндэслэлээр хязгаарлаж тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглэлгүй, хуулийн ерөнхий заалтыг хэрэглэн, хууль бус захиргааны акт гаргасан байхад шүүх уг хууль бус захиргааны актыг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.2 дахь заалтыг үндэслэсэн нь Төсвийн тухай хуулийн ерөнхий заалт барьсан гэж буруутгах үндэслэлгүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлгүй шийдвэр болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс маргааны зүйл болж буй 15\01 дүгээр акт гарсны улмаас Д Г газрын нэр бүхий 29 ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байхад уг актыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдсөн 29 ажилтныг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3-т заасныг зөрчсөнөөс гадна захиргааны акт гаргахдаа мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг хангаагүй, мөн хуулийн 24-36 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулалгүйгээр захиргааны акт гаргасан, 15\01 дүгээр актын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Илүү цагийн хөлсөнд олгосон ......... төгрөгийг Дархан-Уул аймгийн Төрийн сан банкан дахь татварын бус орлогын 100190000988 тоот дансанд төвлөрүүлэх” гэж заасан байгаа нь уг төлбөрийг хүн, хуулийн этгээдийн аль нь хариуцаж төлөх, хэнээс ямар хэмжээгээр төлбөрийг гаргуулах нь тодорхойгүй буюу маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т заасан хаяглагдсан этгээдийн талаар мэдээлэл байхгүй байгаа нь уг захиргааны акт утга агуулгын хувьд тодорхой бус ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй болсон, мөн хуулийн 40.2.5-д заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй, 40.4-т заасан захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй гэсэн үндэслэлээр маргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн энэхүү тайлбарын талаар шийдвэртээ дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байгаагаас гадна шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгч зохигчдоос нэмж гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэх, хүсэлт байгаа эсэхийг тодруулж асуусан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг дуусах үед хариуцагч нарын зүгээс хэрэгт авагдаагүй нотлох баримтын талаар дурдах үед шүүгч “...Та нар наад баримтаа яагаад шүүхэд өгөөгүй юм бэ нааш нь аваад ир” гэж шаардан авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагч талыг дэмжиж хөтөлсөн, хэт нэг талыг барьсан асуултуудыг тавьж байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа тул шүүх хурлын хэлэлцүүлгийн цахим бичлэгийг тамгын хэлтэст хүсэлт гарган дискэнд хуулбарлан авсныг гомдолдоо хавсаргасан бөгөөд уг цахим бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахыг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна. 

Дээр дурьдсан үндэслэлүүдээр хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар төсвийн шууд захирагч батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй, харин хэмнэгдсэн гэх ......... төгрөг нь тухайн жилд төсөвлөгдсөн цалингийн сангийн зарцуулагдаагүй үлдэгдэлд хамаарах талаарх нотлох баримт, мөн Сангийн сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ын 2.2.4-т “Төсвийн байгууллага нь батлагдсан дээд хязгаараас дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон цалингийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцохгүй” гэж заасны дагуу цалингийн зардлаас хэмнэгдсэн дээрх төгрөгийг илүү цагаар ажилласан албан хаагчдад хуваарилан олгосон гэх боловч маргаанд хамаарал бүхий энэхүү журам хэрэгт тус тус авагдаагүй байна.

Түүнчлэн 2-р хавтаст хэргийн 104-107 дугаар талд буй Д Г газрын бүтэц, орон тооны талаарх 2019 оны саналд Гаалийн ерөнхий газрын даргын А/249 дүгээр тушаалаар 2018 онд нийт 29 албан хаагчтай байхаар баталсныг, одоо ажиллаж байгаа албан хаагчдын тоо 29 байгааг тус тус дурдаад, харин 2019 онд албан хаагчдын тоог 37 байхаар тусгасан байх тул нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын үндэслэл болсон “…2018 онд дутуу орон тоогоор ажилласнаас хэмнэгдсэн цалингийн зарцуулагдаагүй үлдэгдэл болох ........ төгрөг…” гэдгийг нотлох баримтаар тогтоох нь зүйтэй.

Учир нь хэрэгт дээрх тушаал авагдаагүй ч, саналд тусгасан байдлаас үзэхэд 2018 онд 29 албан хаагчтай байхаар орон тоог баталсан, гэтэл ахлах нягтлан Х.А гаргасан мөн оны илүү цагийн тооцоололд нийт 29 албан хаагчдын нэр бичигдсэн байна.

2.Маргааныг дахин шийдвэрлэхдээ Д Г газрын албан хаагчдын нярав, менежер, жолооч, үйлчлэгч, сантехникч нар нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг буюу төрийн үйлчилгээний албанд хамаарахаар байх тул эдгээрт илүү цагийн нэмэгдэл олгох хууль зүйн үндэслэл нь газрын болон албаны дарга, салбарын эрхлэгч, гаалийн улсын ахлах болон байцаагч нартай адил эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

“…гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд эдгээр нь илүү цагаар ажилласан тохиолдолд ч илүү цагийн нэмэгдэл авах эрхгүй…” гэх хариуцагчийн тайлбар, актын үндэслэлтэй холбогдуулан дээрх үйлчилгээний албан хаагчдын хувьд илүү цагийн хөлс хэрхэн олгогдох талаар шүүхийн шийдвэрт ямар ч дүгнэлт хийгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан нэмэгдэл хөлс, 50.2, 50.3-т тус тус заасан илүү цагаар ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлс олгох, мөн Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан ажлын бус цагаар ажилласан гаалийн улсын байцаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу илүү цагийн хөлс олгох тухай зохицуулалтын хүрээнд илүү цагаар ажилласан гаалийн улсын байцаагч, үйлчилгээний албан хаагчдад илүү цагийн нэмэгдэл олгох боломжтой эсэхэд тус тусад нь хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

Мөн цагийн бүртгэлгүй газрын болон албаны дарга, салбарын эрхлэгч нарын илүү цагаар ажилласныг байцаагч нарын илүү цагаар ажилласан гэх цагийн дунджаар гаргах болсон үндэслэлийн талаар, түүнчлэн хурууны хээ бүртгэх машины тооцоогоор гаалийн улсын байцаагч Б.А, Д.С, нярав Ш.Т, сантехникч Д.Б нар 100-аас дээш, жолооч Г.Г 200-аас дээш цаг тус тус бусдаасаа илүү ажилласан гэж бүртгэгдсэн, гэтэл бусад албан хаагч, ажилтнууд 100 хүртэлх цаг илүү ажилласан байхад илүү цагийн хөлсийг зөвхөн албан тушаалын зэрэглэлээр нь адилтгах байдлаар олгох болсон үндэслэл, тооцооллыг хариуцагчаас тодруулах шаардлагатай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН