Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 154

 

 Л.Б-, А.С-, Г.А-,

Г.Э-, Д.Л-, Б.Г-, Д.Т-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 740 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр магадлалтай, А.С-, Л.Б-, Г.Э-, Б.Г-, Г.Лхагвасүрэн, Д.Т-, Г.А- нарт холбогдох хэргийг шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ***, ял шийтгэлгүй, Б овгийн Л-н Б,

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ***,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, ял хойшлуулж байсан, Т овгийн А-н С

3. Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ***, ял шийтгэлгүй, Б овгийн Г-н А,

4. Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ***,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1252 дугаартай тогтоолоор 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Д овгийн Г-н Э,

5. Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ***,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 3 хоногийн хорих ялаас өвчний учир чөлөөлөгдсөн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Н овгийн Д-н Л,

6. Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ***,

Сонгинохайрхан дүүргийн 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овгийн Д-н Т,

7. Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ***,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овгийн Б-н Г.

Л.Б- нь ганцаараа болон А.С-, Г.Э-, Г.А- /Г.Э-ийн хэргийг тусгаарласан/ нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 12 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд зүйлийг хулгайлж үлэмж хэмжээний буюу 11,163,460 төгрөгийн хохирол учруулсан,

А.С- нь Л.Б-, Г.Э-, Г.А- нартай бүлэглэн 2017 оны 09-өөс 12 дугаар сарын хооронд Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд зүйлийг хулгайлж, үлэмж хэмжээний буюу 6,097,460 төгрөгийн хохирол учруулсан,

Г.А- нь ганцаараа 3 удаа болон Л.Б-, Г.Э-, А.С- нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сарын хооронд 7 удаа буюу нийт 10 удаагийн үйлдлээр Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бусдын орон байранд, нууцаар, хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан будсын эд зүйлийг хулгайлж, үлэмж хэмжээний буюу 10,572,760 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Л- нь Г.Э-, Б.Г-, Д.Т-, Г.Э- нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сарын хооронд нийт 6 удаагийн үйлдлээр Хан-Уул дүүрэг болон Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт бусдын орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд зүйлийг хулгайлж, нийт 9,159,850 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Т- нь Г.Э-тай бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдын орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд зүйлийг хулгайлж нийт 5,290,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт зааж зөвлөн, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцсон,

Б.Г- нь Г.Э-, Д.Л- нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлан 4,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж унаагаар хангаж хамжигчийн үүрэгтэй хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтан прокуророос шүүгдэгч Г.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Б-, А.С- нарыг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, Д.Л- хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Т-, Б.Г- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 5 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч А.С-ыг 5 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Г-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.С-т өмнөх хорих ялыг хойшлуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаатай хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 7 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-, А.С-, Д.Л-, Д.Т-, Б.Г- нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Г.Л, Д.Т- нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч А.С- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Нийт 8 удаагийн үйлдэл дээр эд зүйл олсон ашгийг би өөрөө болон гэр бүлд хамаарал бүхий ар гэртээ амьжиргаа залгуулж байгаагүй. Иймд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн байдал дордсон байх үндэслэлтэй байна гэж үзлээ. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж буруугаа ойлгож байна. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт уушигны сүрьеэ гэдэг өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдлыг минь харгалзан үзэж энэ гэмт хэргийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.С-ын өмгөөлөгч У.Батцэцэг гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд А.С-ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд түүнийг хулгайлж авсан эд зүйлээ өөрийн амьдралын хэрэгцээ шаардлага хангах эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу юм. А.С-ыг нийт 8 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ... хулгайлж авсан эд зүйлээ амьдралын хэрэгцээ шаардлага хангах эх үүсвэрээ болгосон, хэвшмэл маягтай үйлдэл хийснээрээ энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэн зүйлчилж ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь А.С- нь хэд хэдэн удаагийн үйлдлээр хулгай хийсэн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг байх бөгөөд түүний хувьд гэмт хэрэгт хамтран оролцохдоо хүн харж зогсдог байсан ба гэмт хэргийн улмаас олсон орлогыг авдаггүй байсныг Л.Б- болон Г.А- нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн түүний хувьд хулгайн эд зүйлсийг өөртөө авч ашиглан зарцуулаагүй байх ба өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг тэжээн тэтгэж байгаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар амьдралын эх үүсвэр болгосон, амьдралдаа зарцуулж амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэх нотлох баримт байхгүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, давтамжийн хувьд хэдийгээр 8 удаагийн үйлдэл байх боловч амьдралын хэвшил болгоогүй нэг удаа явахдаа 3-4 удаагийн үйлдэл байх бөгөөд энэ нь есдүгээр сар болон арванхоёрдугаар сард үйлдэгдсэн үргэлжилсэн үйлдэл байх бөгөөд энэ шинжээр буруутгах нь үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдэх үедээ А.С- нь насанд хүрээгүй байсан ба насанд хүрээгүй хүн өөрөө өөрийгөө тэжээн тэтгэж, амьдралаа залгуулах үүрэггүй бөгөөд эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Тиймээс А.С-ыг хулгай хийсэн эд зүйлийг амьдралын хэрэгцээ шаардлага хангах эх үүсвэрээ болгосон нь тогтоогдоогүй байхад шүүхээс дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан.

А.С-ын хувьд давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ А.С-т анхан шатны шүүхээс 10 жил 7 сарын хорих ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзсэн. Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын хэмжээ 5-с дээш 10 жил хүртэл байхаар хуульчилсан бол уг зүйл хэсэгтэй тохирох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ялын хэмжээг 2-8 жил хүртэл болгож, хөнгөрүүлэн зүйлчилсэн байх тул анхан шатны шүүх шүүгдэгч А.С-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан зүйлчлэлийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн өмгөөлөгч надад давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас миний бие үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцааг үзүүлж чадаагүй. Шүүхээс өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн болно” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Нэг. Д.Т-ыг буруутгаж байгаа хавтаст хэргийн материалд түүний гэм буруутай болохыг тогтоосон нотлох баримт “Шүүгдэгч Эрдэнэмунын ятгалганд орж өгсөн анхны мэдүүлгээс өөр нэг ч нотлох баримт байхгүй”. Түүний энэ мэдүүлэг нь шүүхийн шатнаас прокурорын шатанд буцааж шийдвэрлэсний дараа мэдүүлгээ үнэн зөвөөр нь залруулж өгсөн бөгөөд шүүгдэгч Эрдэнэмуна ч энэ талаар хүлээн зөвшөөрч ...шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн байдаг. Тэдний энэхүү сүүлийн мэдүүлгүүдээр Түмэнжаргал Эрдэнэмуныг гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хэрэгжүүлэхэд зааж зөвлөсөн, урьдчилан амлаж ямар нэгэн дэмжлэг үзүүлсэн, хатгасан зүйл байхгүй нь илүү тодорхой болдог.

Гэтэл улсын яллагч нь дээрх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэн няцаагдсан анхны мэдүүлгийг гол үндэслэлээ болгодог. Энэ тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар уг заалтуудыг хэрэглэх ёстой нөхцөл байдал бий болсон байхад хэрэглээгүй.

Мөн дээрх тохиолдолд тус хуулийн 16.3 дугаар зүйлийн 9, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 гэсэн заалтуудыг тус тус хэрэглэх ёстой гэснийг хэрэглэлгүйгээр, сүүлд үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг шууд үнэлж буруутган ял оноосон нь үндэслэлгүй болсон.

Дээрх хуулийн хэрэглэх ёстой хэм хэмжээг бүгдийг хэрэглээгүйгээр зогсохгүй энэ тохиолдолд “Гарцаагүй баримтлах ёстой” хуулийн хэм хэмжээ болох тус хуулийн 16.3 дугаар зүйл /мэдүүлэг/-ийн 2, 3 дахь заалт, 8.3 дахь заалт зэрэг “Хориглон тогтоосон” хэм хэмжээг зөрчиж, хэрэглэхээс татгалзсан байна.

Учир нь улсын яллагч нь Д.Т-ыг буруутгахдаа түүний дээр тайлбарласан үгүйсгэгдсэн анхны мэдүүлгийг барьж яллах үндэслэлээ болгосон. Эдгээр нөхцөл байдлыг бүх шатны шүүх хурал дээр тайлбарласан боловч өчүүхэн төдий анхаарч үзээгүй, яагаад дээрх хэм хэмжээнүүдийг хэрэглэхгүй байгаа тухайгаа ч огт тайлбарладаггүй болно.

Д.Т-ын гэм буруугийн тухайд дээрх нөхцөл байдал бий болсон байгаа нь эцсийн дүндээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад хуульчлан тодорхойлсон хэм хэмжээг хэрэглэх шаардлага үүссэн байхад хэрэглэхгүйгээр ял оногдуулсан нь тус хуулийн үзэл баримтлалыг гажуудуулахад хүргэсэн.

Хоёр: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Д.Т-ын гэм бурууг тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн хэм хэмжээг хэрэглэсэн. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Т-д хорих ял оноосон. Гэтэл тус хуулийн 35.6 дахь хэсэгт “Зааж зөвлөсөн этгээдийг хамжигч гэнэ” гэж хуулчилсан байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчлан тодорхойлж зааж өгсөн бөгөөд Д.Т-ыг буруутгаж байгаа “шинж” болох “Зааж зөвлөсөн” гэх шинж байхгүй болсон ба хавтаст хэрэгт түүнийг “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэдгийг тогтоосон нотлох баримт байхгүй юм.

Энэ тохиолдолд шүүх “зөвхөн” оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэдэг байдлаар харж тайлбарлан, харин 2002 оны Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн хамжигчийн үүргийг хуульчилсан “Тодорхой шинж” үгүйсгэгдэж, 2015 оны Эрүүгийн хууль дахь “Урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн” үйлдэл хэргийн материалаар нотлогдохгүй байхад хуулийг буруу тайлбарлаж ял оногдуулсан нь үндэслэлгүй болсон.

Өөрөөр хэлбэл, Д.Т-ыг “Урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн” гэх баримт хэрэгт авагдаагүй, ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байхад яллаж байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүй. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн хамжигчийн үүрэгт “Зааж зөвлөсөн” гэх шинж байхгүй болсон байхад “Зөвхөн” оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэдэг байдлаар харж 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй.

Харин давж заалдах шатны шүүх нь энэ талаар тайлбарлахдаа “Д.Т-ын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан хамжигчийн бус харин мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасан хатгагчийн шинжид хамаарч байх бөгөөд мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн хатгагчид түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Т-д ашигтай байдлаар буюу 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ял оногдуулсан нь үндэслэптэй” гэж зөрүүтэй байдлаар тайлбарласан.

Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл /Гэмт хэргийн хатгагч/-ийн 1 дэх заалтад “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хунийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж хуульчилсан ба дээр тайлбарласан шиг хавтаст хэрэгт “Д.Т- нь Эрдэнэмуныг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн” зүйл огт байхгүй, ийм үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийнхүү хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй.

Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн ноцтой алдаа гаргасан.

Анхан бодон давж заалдах шатны шүүхүүд нь Д.Т-ыг үндэслэлгүйгээр буруутгаж, ингэхдээ “Эрдэнэмунын үйлдсэн гэх гэмт хэрэгт анхан шатны шүүх нь хамжигчийн, давж заалдах шатны шүүх нь хатгагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэж байх боловч “Эрдэнэмунын үйлдсэн гэх үйлдэл нь шүүхээр шийдвэрлэгдээгүй, гэм буруу нь тогтоогдоогүй байхад” түүнийг түрүүлээд гэмт хэрэг үйлдсэн мэтээр хууль бус дүгнэлт өгч шийдвэрлэсэн байгаа нь үнэдслэлгүй бөгөөд хууль бус юм.

Хэн нэгнийг ямар нэг гэмт хэрэгт холбогдуулан буруутгах гэж байгаа бол уг гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь эхлээд гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдох ёстой юм. Эрдэнэмунын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг анхан шатны шүүхийн шатанд тусгаарласан ба түүний үйдлийг шүүхээр шийдвэрлэн тогтоогоогүй байхад хүчээр Д.Т-ыг Эрдэнэмунын үйлдэлд хамжигч, хатгагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгаж ял оногдуулсан нь маш ноцтой алдаа болсон бөгөөд түүнд хилсээр ял оногдуулах нөхцөл болсон. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзэлгүйгээр хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас Д.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн байна. Шүүгдэгч А.С-, Л.Б- нарыг 2017 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүл, хамаатан, садныхаа амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч А.С-, Л.Б- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон зөвтгөх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Д.Т-, Г.Э-тай бүлэглэж эд зүйл хулгайлсан үйлдэлд гэм буруутайд тооцогдсон ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд түүний үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлгээр Г.Э-тай хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Харин бусад шүүгдэгч нарын үйлдэлд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Л.Б-, А.С-, Г.А-, Г.Э-, Б.Г-, Г.Л-, Д.Т- нарын нэр бүхий 7 шүүгдэгчид холбогдох хэргийг шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нэр бүхий 7 хүнд холбогдох хэргээс шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй шүүгдэгч Г.А-т холбогдох хэргийг шүүхийн тогтоолоор тусгаарлаж, мөн өөр хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаас тусгаарлан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б- ганцаараа болон бусадтай бүлэглэн 12 удаагийн үйлдлээр, шүүгдэгч А.С- бусадтай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр,  шүүгдэгч Д.Л- бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Г- бусадтай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сар хүртлэх хугацаанд орон байранд хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотлон тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн шүүгдэгч Д.Л-, Б.Г- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Д.Л-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар, Б.Г-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн тухай ойлголт болон уг хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийн хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, зарим шүүгчдэгч нарт холбогдох хэргийн талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй, үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй буюу гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байхад шүүгдэгч Г.Эрдэнэмунын ганцаараа 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хохирогч Үнэнбатын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт Д.Т-ыг хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Д.Т-ын хувьд Г.Э-г дээрх гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд цуг байгаагүй бөгөөд гэмт хэрэг хэрхэн үйлдэх талаар зааж зөвлөсөн, дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн түүнийг гэмт хэрэг үйлдэхэд нь туслахаар урьдчилсан амалсан байж болох нөхцөл байдал хангалттай хэмжээнд тогтоогдоогүй байхад хохирогчтой хувийн таарамжгүй харьцаатайн улмаас гэрийнх хаягийг хэлж өгсөн гэх дан ганц өөрийнх нь мэдүүлгээр Д.Т-ыг гэм буруутайд тооцсон нь хуульд нийцээгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн хоёр шатны шүүх Л.Б- болон насанд хүрээгүй А.С- нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийхдээ зөвхөн үйлдсэн гэмт хэргийн тоо, давтамжинд тулгуурлан шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж буруутган Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан байна. Хулгайлах гэмт хэргийн дээр дурдсан шинжийг тогтоохдоо гэмт хэргийн үйлдлийн тооноос гадна гэмт хэргийг харьцангуй удаан хугацаагаар, тогтвортой байдлаар үйлдсэн, гэмт хэрэгт хандаж буй хандлага, үйлдлийн арга, амьдралын замнал, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт хэргийн улмаас олсон орлого нь амьжиргаагаа залгуулах гол эх сурвалж болсон, уг орлого хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг цогц байдлаар үнэлж хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.

Шүүгдэгч Л.Б- болон насанд хүрээгүй шүүгдэгч А.С- нарт холбогдох хэргүүдийн хувьд дээрх нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн тогтоогдоогүй бөгөөд хулгайлах гэмт хэргүүд харьцангуй богино цаг хугацаанд үйлдэгдсэн, мөн тухайн шүүгдэгч нарын хамтран оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, гэмт хэрэг үйлдсэн орлогоос хүртсэн хувь хэмжээний талаарх нотлогдсон байдлыг үнэлж үзэхэд дээрх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул Л.Б-, А.С- нарыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, үүнтэй уялдуулан хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.       

Үүний зэрэгцээ, анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах, түүнчлэн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон хууль буцаан хэрэглэх талаарх үндэслэл, журамд хамаарах шаардлагыг хангалгүй, шүүгдэгч А.С-ын хувьд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй орхигдуулж, үндэслэлгүй хүнд ял шийтгэснийг зөвтгөн шийдвэрлэв.

Тодруулбал, А.С-т холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо, шинэ хууль буюу 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан ял шийтгэлийг дүйцүүлэн шинээр тогтоох, мөн тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ний өдөр хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцохдоо 18 насанд хүрээгүй байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгасны эцэст тэдгээрийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэр хэмжээг хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцүүлэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг нэгэн адил хангах ёстой бөгөөд ингэснээр Эрүүгийн хуулийн нийтлэг зорилго биелэгдэх үндэслэл болдог. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэмжээ, тэдгээрийн үндэслэлийг хянаж үзвэл хулгайлах гэмт хэргийн нэг үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон шүүгдэгч Б.Г-т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэгт гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан үзэж ялгамжтай оногдуулах хуулийн шаардлагад нийцээгүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалын Д.Т- Л.Б-, А.С-, Б.Г- нарт холбогдох заалтуудад зохих өөрчлөлт оруулж, үүнтэй уялдан “... Д.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий Д.Т-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн, мөн “...холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий А.С- болон түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 740 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр магадлалд “Прокуророос Д.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай”,

“2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний нийт цагдан хоригдсон 287 хоногийн нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэн хасч тооцоход ялаа эдэлж дууссан болохыг дурдсугай”,

“Прокуророос шүүгдэгч Л.Б-, А.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Б-д 3 /гурав/ жил 6/ зургаа/ сар хорих, А.С-т 3 /гурав/ жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч А.С-т оногдуулсан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай”

“Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолоор А.С-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн хасч 2 /хоёр/ жил хорих ял болгон хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Д.Т-, Б.Г- нарыг нэн даруй сулласугай.

 

ДАРГАЛАГЧ                                  С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                           Б.БАТЦЭРЭН

                                                                            Ч.ХОСБАЯР

Б.ЦОГТ

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН