Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 022

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Хэлмэрч Ж.А,

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овгийн Ж-н М-т холбогдох 1813003970027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өлгий сумын ****дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овгийн Ж-н М, регистрийн дугаар *****

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Жн М нь цагдаагийн албан хаагч нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Бийн шанаа тус газарт нь гараараа цохиж, эрүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Г-ийн цагдаагийн албаны өвлийн хүрмийн баруун талын ханцуйг урж, “Тоёота Приус-20” маркийн *****БӨА улсын дугаартай албаны тээврийн хэрэгслийн баруун талын крылог эвдэж гэмтээж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 23 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Бийн шанаа тус газарт нь гараараа цохиж, эрүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Гийн цагдаагийн албаны өвлийн хүрмийн баруун талын ханцуйг урж, “Тоёота Приус-20” маркийн *****БӨА улсын дугаартай албаны тээврийн хэрэгслийн баруун талын крылог эвдэж гэмтээсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Мийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэл нь:

-  Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр томилгооны дагуу а/а Х.Сын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Өлгий сумын 12 багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад “Тоёота марк-2" маркийн *****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаж зогсооход уг тээврийн хэрэгсэл жолоодож байсан жолооч Е нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм. Тэгээд Еийг машинаас буулгаад албаны “Приус-20” маркийн ****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулгаад Еийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг би жолоодож Цагдаагийн газар луу авч ирэхээр болоод машинд ороод суухад “Марк-2” маркийн машинд сууж байсан Ж.М гэх хүн мөн адил согтууруулах ундаа хэрэглэсэн байсан машинаас буугаад цагдаагийн машины баруун урд талыг өшиглөх шиг болсон. Тэр үед а/а С машинаас буусан, би ч машинаас бууж очоод “Та яагаад машин өшиглөж байгаа юм бэ” гэж хэлэхэд “Наадах хүнийг цагдаа руу явуулахгүй” гэж орилж хашхираад эхэлсэн. Тэр үед С намайг “Нэмэлт цагдаа дууд” гэхээр нь би х/ч Ш.Е руу залгаж “Энд цагдаагийн хууль ёсны шаардлага эсэргүүцээд байна” гэсэн. Удалгүй хэв журмын ахлах байцаагч х/ч Ш.Е, эргүүлийн цагдаа д/а Э.Г, д/а Х.Б, д/а С.А нар ирсэн. Тэр үед би жолоочийг явуулахгүй гээд эсэргүүцээд байсан иргэн Мийг бариад зогсож байсан. Машинаас х/ч Ш.Е бууж ирээд “Та яагаад цагдаагийн хууль ёсны шаардлага эсэргүүцээд байгаа юм бэ” гэж хэлээд намайг “Наадах хүнээ тавьчих өөрөө машинд ороод суух байлгүй” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө хүнийг тавьсан ба дахин хошууч “Та өөрөө машинд суучих” гэхэд нөгөө М гэх хүн “Үгүй би яахаараа суудаг юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь х/ч Е “Наадах хүнээ гавлаад суулга” гэхээр нь би Мийн баруун гараас бариад авахад эсэргүүцэж гараараа миний баруун шанаа хэсэг рүү цохиод авсан. Тэгээд хажууд байсан Г, С, Б нар барьж аваад гавлах гэхэд Г-ийн өмсөж явсан албаны хүрмийн баруун сугыг нь урчихсан юм. Тэгээд иргэн Мийн эсэргүүцэх үйлдлийг нь таслан зогсоож албаны машинд суулгаж цагдаад авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

- Хохирогч Э.Г-рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би эргүүлийн үүргийг Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гүйцэтгэж байхад х/ч Ш.Е  албаны машинтай ирээд “Цагдаагийн а/а Х.С, цагдаагийн а/а Б.Б нарыг иргэн эсэргүүцэж байгаа юм байна” гээд машинд суулгаад Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд очиход эргүүлийн цагдаа а/а Б нэг хүнийг барьсан зогсож байсан. Машинаас буугаад Бийн хажууд очиход х/ч Ш.Е “Наадах хүнээ тавьчих машинд өөрөө очиж суух байх” гэхэд нөгөө хүн Бийн баруун шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би шууд бариад авахад над руу дайрч намайг эсэргүүцэх үйлдэл гаргаж миний өмсөж явсан албаны хүрмийн баруун сугны хэсгийг гараараа татаж байгаад урчихсан. Тэгээд бид нөгөө иргэний эсэргүүцэх үйлдлийг зогсоож цагдаагийн машинд оруулж шууд цагдаагийн газарт авч ирж жижүүрт хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн 23 цаг 30 минутын үед бие засахаар гэрээс гарахад хашааны гадна талд хүмүүсийн орилж хашхирсан дуу гарч байхаар нь юу болж байгаа юм бол гэж гараад очсон. Хашааны гадна манай гэрээс 5-10 минутын өмнө гараад явсан миний нагац ах Мийг цагдаагийн хоёр албан хаагч бариад зогсож байсан ба М нь цагдаа нарт хүч өгөхгүй эсэргүүцэж тэмцэж байсан. Цагдаагийн газарт ирсний дараа М нь цагдаагийн нэг албан хаагчийг цохисон талаар цагдаа нараас сонсож мэдсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар хуудас/,

- Гэрч Х.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн “Тоёота марк-2” маркийн ******БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Мийн байгаа гэх айлын гадна очиж зогсоод М нар машинд сууж байтал Цагдаагийн алаг машин ирж зогссон. Цагдаагийн машинаас цагдаагийн албан хаагч нар бууж ирж миний бичиг баримтыг шалгаад надад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа юм уу гэхээр нь бага зэрэг пиво уусан гэдгээ хэлсэн. Тэгээд цагдаа С намайг цагдаагийн машинд суулгаж аваад гудамжаар буцаж эргээд явах гэж байтал М цагдаагийн тээврийн хэрэгслийн баруун урд талаас гүйж орж ирээд тээврийн хэрэгслийн урд крыло хэсгээс өвдгөөрөө мөргөж капотанд гарч ирээд буусан. Тэр үед цагдаа С машинаас бууж очоод “М чи зүгээр үү, чамд юу болсон” гэхэд М нь Сад “Та нар миний найзыг авч явдаг хэн юм” гэж хэлээд түүнийг заамдаж аваад эсэргүүцсэн. М тэнд байсан цагдаагийн хоёр албан хаагчийн шаардлагыг эсэргүүцээд болохгүй байхаар нь цагдаа нар нэмэлт хүч дуудсан. Цагдаа нар нэмэлтээр ирсний дараа намайг машинд ороод суу гэж хэлээд цагдаагийн машинд оруулж суулгасан. М нь цагдаа нарын шаардлагыг эсэргүүцээд нэг цагдаагийн албан хаагчийг цохиж, нэг цагдаагийн хувцсыг урсан гэдгийг цагдаа нараас сонссон. Тэгээд цагдаа нар Мийг болон бид нарыг цагдаагийн газарт авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дугаар хуудас/,

- Гэрч Х.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эргүүлийн цагдаа, цагдаагийн а/а Бийн хамт албаны “Тоёота приус-20” маркийн *****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа буюу 23 цаг 30 минутын орчимд Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр гэр хорооллын гудамжинд “Тоёота марк-2” маркийн *****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож Б машинаас бууж шалгахад уг тээврийн хэрэгслийн жолооч Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг илрүүлэн жолооч Еийг цагдаагийн газарт авч очиж согтуурлын хэмжээг шалгах зорилгоор албаны тээврийн хэрэгсэлд авч ирж суулгасан. Эргүүлийн цагдаа Б болохоор Еийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг жолоодож явахаар болоод миний бие албаны машинаар гудамжаар эргэж гарах гээд эргэж байхад Еийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан үл таних нэг залуу машинаас бууж ирээд баруун талын крылонд өшиглөсөн үү, өвдөглөсөн үү машины капотонд үсэрч гарч ирж цээжээрээ хэвтээд газарт унасан. Тэр үед би машинаа зогсоож бууж иртэл уг залуу намайг заамдаж аваад “Та нар миний найзыг яах гэж байгаа юм” гэж дайрч наад хүнийг явуулахгүй гэж эсэргүүцэж орилж хашхирсан. Тэгж байхад бас нэг үл таних залуу гарч ирээд “Цагдаа нар та нар яагаад зүгээр явж байгаа хүнийг аваад явдаг юм. Та нарт шөнийн цагаар машин шалгах эрх байхгүй” гэж хэлээд тэр залуу ч гэсэн намайг заамдаж бариад авсан. Тэр үед би Бийг эргүүлийн дараагийн чиглэлийг нэмэлтээр дуудаарай гэж хэлсэн ба Б эргүүлийн дараагийн чиглэлийг нэмэлтээр дуудсан. Эргүүлийн дараагийн чиглэлийн тээврийн хэрэгслээр хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ш.Е, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б нар нэмэлтээр ирсэн. х/ч Е тэр хүнд танд юу болсон тайван бай гээд Б бид хоёрт “Наад хүнээ тавьчих өөрөө машинд орж сууна” гэж хэлэхээр нь бид хоёр уг залууг тавих үед уг залуу Бийн баруун талын шанаа тус газар гараараа нэг удаа цохисон. Тэр үед цагдаагийн дэд ахлагч Г уг залууг араас нь барьж авах гэтэл уг залуу Гийн өмсөж явсан өвлийн хүрмээс барьж авч байгаад эсэргүүцэж хүрмийн баруун талын суганы хэсгийг урж хаясан. Тэгээд тэнд байсан цагдаа нар уг шаардлага эсэргүүцсэн залуугийн үйлдлийг таслан зогсоож салгаж аваад цагдаагийн газарт авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

- Гэрч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр хэв журмын ахлах байцаагч х/ч Ш.Е, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г нарын хамт эргүүлд явж байхад эргүүлийн цагдаа, цагдаагийн а/а Б Өлгий сумын 12 дугаар багт нэг хүн хууль ёсны шаардлага эсэргүүцээд байна, нэмэлтээр ирэх талаар х/ч Е-д хэлсэн. Тэгэхээр нь бид нар албаны ******БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 23 цаг 30 минутын орчимд Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр гэр, хорооллын гудамжинд очиход Б нэг хүнийг бариад зогсож байсан. х/ч Е Бэд “Наад хүнээ тавьчих өөрөө машинд орж суух байх” гэж хэлэхээр нь Б нөгөө хүнээ тавьсан. Гэтэл нөгөө хүн х/ч Е-ны үгэнд орохгүй машинд суухгүй байхаар нь Б бариад авахад гараараа Бийн шанаа тус газар гараараа цохиод авсан. Тэр үед цагдаагийн дэд ахлагч Г бид хоёр очоод бариад авахад эсэргүүцэх үйлдэл гаргаж байгаад Гийн өвлийн хүрмийн баруун талын суганы хэсгийг урчихсан. Тэгээд бид уг залуугийн үйлдлийг таслан зогсоож салгаж аваад цагдаагийн газарт авч ирсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 34 дугаар хуудас/,

- Гэрч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр хэв журмын ахлах байцаагч х/ч Ш.Е, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г нарын хамт эргүүлд явж байхад эргүүлийн цагдаа, цагдаагийн а/а Б Өлгий сумын 12 дугаар багт нэг хүн хууль ёсны шаардлага эсэргүүцээд байна нэмэлтээр ирэх талаар х/ч Е-д хэлсэн. Тэгэхээр нь бид нар албаны ******БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 23 цаг 30 минутын орчимд Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр гэр хорооллын гудамжинд очиход Б нэг хүнийг бариад зогсож байсан. Бид машинаас буухад х/ч Е Бэд “Наад хүнээ тавьчих өөрөө машинд орж суух байх” гэж хэлэхээр нь Б нөгөө хүнээ тавьсан. Гэтэл нөгөө хүн х/ч Е-ы үгэнд орохгүй машинд суухгүй байхаар нь Б бариад авахад гараараа Бийн шанаа тус газар гараараа цохиод авсан. Тэр үед цагдаагийн дэд ахлагч Г, Б хоёр очоод бариад авахад эсэргүүцэх үйлдэл гаргаж байгаад Гийн өвлийн хүрмийн баруун талын суганы хэсгийг урчихсан. Тэгээд бид уг залуугийн үйлдлийг таслан зогсоож салгаж аваад цагдаагийн газарт авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

- Гэрч Ш.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн албан хаагч нар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн ба миний бие тухайн өдөр эргүүлд гарсан албан хаагч нарт хяналт тавьж ажиллаж байхад эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б над руу залгаж “Нэмэлт хүч хэрэгтэй байна. а/а С бид хоёрыг хүмүүс эсэргүүцээд байна” гэхээр нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г, цагдаагийн дэд ахлагч Б нарыг дагуулан Өлгий сумын 12 дугаар багийн гудамжинд очиход дөч гаран насны нэг эрэгтэй хүнийг бариад зогсож байхаар нь “Та яагаад цагдаагийн байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байгаа юм бэ. Та тавьсан шаардлага биелүүлэх үүрэгтэй. Та өөрөө дагаж очоод цагдаагийн байгууллагад шалгуулчих” гэж хэлээд Б, С нарыг “Наад хүнийхээ гарыг нь тавьчих” гэж тавиулсан. Нөгөө залууд дахин “Та цагдаад очоод шалгуулчих. Хамт дагаад явчих” гэж удаа дараа хэлэхэд “Би яахаараа явдаг юм бэ” гэж эсэргүүцээд тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь цагдаа нарт гарыг нь гавлаад машинд суулгачих гэсэн юм. Энэ үед нөгөө залуугийн хажууд хамгийн ойрхон зогсож байсан Б нөгөө залуугийн баруун талын гарыг нь барих гэж ойртож очиход нөгөө залуу баруун талынхаа гараараа Бийн зүүн талын шанаа тус газар цохиод авсан. Тэр үед цагдаагийн дэд ахлагч Г, Б хоёр очоод бариад авахад эсэргүүцэх үйлдэл гаргаж байгаад Гийн өвлийн хүрмийн баруун талын суганы хэсгээс барьж зууралдаж байхад хүрмийн суга нь урагдсан. Тэгээд уг залуугийн үйлдлийг таслан зогсоож салгаж аваад цагдаагийн газарт авч ирсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Бахытгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг хашаанаас гарч шуугилдаж байсан хүмүүст очиход Ж.М цагдаа нарыг эсэргүүцэх үйлдэл гаргаж байгаад нэг цагдаагийн шанаа хэсэг рүү нь цохиод авах шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ж.Мийн согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/,

 - Цагдаагийн албаны хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

- Цагдаагийн газрын “Тоёота приус-20” маркийн *****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Мийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Еийн машинаас буугаад гаргасан асуудал маань буруу гэхдээ би цагдаад эсэргүүцье гэсэн бодол байгаагүй, намайг согтуу байна та бас цагдаад очих ёстой гэснээс болоод зугтах санаатай байхад цагдаа нар намайг барьж аваад явуулахгүй байснаас болоод эцэстээ цагдаагийн хувцас урагдаж, нэг цагдаагийн шанаанд гар хүрч эсэргүүцэх асуудал гарсан юм. Ийм асуудал гаргасан маань миний буруу, хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. Мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэг хангагдсан байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Мийн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт үйлдэл нь цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнээр эхэлж түүний биед халдсанаар гэмт хэрэг төгссөн байна.

Иймд шүүгдэгч Ж.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Мийн үйлдсэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г, Б.Б нар “Санал гомдолгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзсэн.

 

Шүүгдэгч Ж.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нараас уучлал гуйж, тэдэнд төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.  

Шүүгдэгч Ж.М урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтгогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Мийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 1 /нэг/ жилийн тэнсэж, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт шүүгдэгч Ж.Мийн хувийн бичиг баримт иргэний үнэмлэх ирүүлснийг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хавсарган ирүүлсэн CD бичлэгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овгийн Ж-ын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ж.Мт мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Мт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт шүүгдэгч Ж.Мийн хувийн бичиг баримт иргэний үнэмлэх ирүүлснийг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хавсарган ирүүлсэн CD бичлэгийг хэргийн хамт хадгалсугай.

6. Шүүгдэгч Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ