Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 007

 

  Р.Е нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.Е нарт холбогдох эрүүгийн 1813000000182 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч Ж.М, К.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор М.Отгонжаргал, шүүгдэгч Р.Е, Б.Т, К.А, Ж.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, А.Серикжан, К.Ержан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, орчуулагч, хэлмэрч А.Еркегүл нар оролцов.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Р.Е /РД:000000/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1984 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Т /РД:00000/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, К.А /РД:00000/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1996 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын  дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.М /РД:00000/  нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн үед К.А-ийн Ниссан санни маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Бан-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байдаг иргэн П.Е-ын шохой шатаадаг цэгээс 600 кг буюу 360,000 төгрөгийн үнэ бүхий шохой хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. К.А, Ж.М, Р.Е, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч К.А, Ж.М нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Р.Е-ийг 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Т-ийг 1 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А, Ж.М Р.Е, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.М-ийн давж заалдах гомдлын агуулга:”Ж.М миний бие авга ах ийн гэрт Дэлүүн сумаас биеэ эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх гэж ирсэн. Тэгээд ахтай цуг тэр хүний машинд сууж яваад Р.Е, Б.Т, К.А нарын шохойн цэгт очиж авсан шохойг үзсэн, зүгээр байхаас ичиж зовоод туслах үйлдэл хийсний төлөө шийтгүүлсэн явдалд маш гомдолтой байна. Миний бие хэний шохой, хэн бэлтгэсэн, яагаад савлаж авсан зэргийг мэдэхгүй. Залуу хүний хувьд өөрөөсөө ах хүмүүс болох Е, Т, ах А  нарт ажил хийж байхад тусалсан. Ахимаг насны хүн ажил хийж байхад залуучууд бид тэдний ажилд дэм болж, тусламж, дэмжлэг үзүүлсэн нь Монгол хүний ёс заншил болсон уламжлал юм. Тэр ёсоор л тусалсан. М надад шохой хэрэггүй, шохой ч аваагүй. Е, Т болон хэн нэгэн нь тухайн шохойг хулгайн зүйл гэж надад хэлээгүй. Миний бодлоор шохойд ажилладаг Р.Е нь Т, А нарт шохой өгсөн, шохойн эзэн нь Р.Е гэж ойлгосон. Юу ч мэдээгүй байхдаа хорих ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байна. Ямар ч нотлох баримтгүй, хилсээр ял шийтгүүлсэн намайг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээс цагаатгана гэдэгт найдаж байна. Ж.М миний бие Р.Е тэргүүтэй хүмүүстэй хамт шохой хулгайлаагүй, гэмт хэрэг үйлдээгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын намайг гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч К.А-ийн давж заалдах гомдлын агуулга: “Манай хөрш айлын танил Р.Е нь 2018 оны зун шохой шатааж боловсруулдаг хүмүүст туслах ажилтнаар орж зунжин шохойн цехт ажилласныг би сонссон. Р.Е нь ашиг орлого багатай, амьдрал ахуй тааруухан болохоор нь 2018 оны 7 сард Е-тэй тааралдахдаа “Чи шохойд ажиллаж байгаа юм чинь өөр хүнээс шохой авахын оронд намар байшин засварлахдаа чамаас авъя. Бага ч гэсэн чамд орлого оруулъя. Би нэг 30-аад кг шохой авах байх” гэж захисан. Тэгээд Сагсай сумын төвд баригдаж байсан Хүүхдийн цэцэрлэгийн барилгын цахилгаан монтажны ажлыг хадам аав К бид хоёр гэрээгээр гүйцэтгэхээр болж 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сагсай суманд хадам аав К, дүү М нарын хамт тус цэцэрлэгийн барилгад ажиллаж байхад Р.Е нь залгаж “чиний надад захисан 30 кг шохойг бэлтгэж тавьсан. Аваад яв.” гэж хэлсэн. Би тэгэхэд нь Сагсайд байна, орой Өлгийд очихоор холбоо барь гэж хэлсэн. Орой Өлгийд орж ирж байхад Р.Е дахин залгаж, өөрөө шохойн цэг буюу Бааяуг гэх газарт байна гэсэн. Хадам аав К-г гэрт нь буулгаад дүү М бид хоёр миний машинаар Е-ийн байгаа газарт нь очсон. Махны үйлдвэрийн дээд талд хотоос зайдуу эзэнгүй газар  Р.Е нь шохойн цэг буюу Бааяуд өөрөө ганцаараа байсан. Би тухайн газрыг урьд нь мэддэггүй байсан бөгөөд утсаар Е-эй ярьж, арай гэж олж очсон. Р.Е нь тэндээс хагас уут шохойг машинд хийж өгснөөр дүү М бид хоёр буцаж явсан ба Р.Е тэнд үлдсэн. Дүү М бид 2 гэртээ рээд оройн хоолоо зооглож байхад Р.Е залгаж, намайг дуудаж, өмнөх газраас шохой зөөж өгөхийг хүсэж, хөлсөөр авч ирэхийг гуйсан тул би зөвшөөрч, Р.Е, түүний дагуулж явсан Т нарыг машинд суулгаж аваад Т-д 5 шуудай, Е-д 5 шуудай, би өөртөө машины хөлсөнд 5 шуудай шохой авсан.

К.А, Ж.М бид хоёр ямар нэгэн хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, Р.Е-ийн хэлснээр “түүний хувийн шохойноос Е өөрөө өгсөн” гэсэн бодлоор шохой авсан тул хилс хэргээр ял шийтгүүлсэнд гомдолтой байна. Р.Е нь миний хувийн шохой гэж бидэнд итгүүлсэн. А би гэмт хэрэг үйлдээгүй учраас мөрдөн байцаалт болон шүүхэд зарим зүйлийг урьд өмнө ташаа мэдүүлсэн тал байгаа байх. Давж заалдах шатны шүүх хуралд бүх болсон явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлэг ба буруу ташаа хэлснийг зөвтгөх болно. Р.Е нь худал мэдүүлэг өгч Ж.М бид хоёрыг гүтгэж шийтгүүллээ. Р.Е нь анх гэрчээр хууль сануулж байцаалт өгөхдөө “Дастан” клонкийн хажууд хулгай хийх гэж Т-тэй тохирсон. Машин хэрэгтэй болоод А-руу залгасан нь үнэн гэж бодит байдлыг хэлсэн байх шүүх хэлэлцээгүйд гомдолтой. Р.Е нь “А худгайн шохой гэдгийг мэдсэн гэж мэдүүлсэн.Тэгвэл Р.Е нь хулгайн шохой гэдгийг яаж мэдэгдэж, А би яаж мэдснийг нотлох баримтад тулгуурлан нотлох хэрэгтэй. Дэлүүн сумаас манай гэрт эмчид үзүүлэх гэж ирээд хэрэгт роррд байгаа, хилсээр ял шийтгүүлсэн Ж.М-ийн үйлдэл нь огт гэмт хэргийн шинжгүй. М нь намайг дагаж явсан, бидэнд дүүгийн ёсоор хүнлэг зан гаргаж, тус дэм үзүүлсэний төлөө ял шийтгүүлсэн. Үүнийг шүүгдэгч Р.Е, Т нар мөн хулгайн зүйл гэдгийг М мэдээгүй байж болно” гэж хэлээд байхад гэм буруутай гэж үзсэн шүүх буруу шийдвэр гаргасан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, К.А, Ж.М нарыг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч К.А, Ж.М нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан шүүгдэгч Р.Е-ийг 1 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Т-ийг 1 жил 1 хоногийн хугацаагаар, шүүгдэгч К.А, Ж.М нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, Толбо сум руу явах засмал замын зүүн хэсэг  “Рысжан” шатахуун түгээх станцын нөөцөөс ерөнтөнцийн зүгээр зүүн тийш 1 километр зайд уулын бэлд ухсан  шохой шатаадаг цэгээс 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед К.А-ын “Nissan Sunny” маркийн тээврийн хэрэгслээр Р.Е, Б.Т, К.А, Ж.М нар нь хаягдал шохой түүхээр очиж, шохой байхгүй болохоор хохирогч П.Е-ын шатаасан бэлэн шохойг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн үед үйлдлээрээ нэгдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 5 шуудай шохойг К.А, Р.Е хоёр явж К.А-ийн гэрт, дараагийн 5 шуудай шохойг К.А, Б.Т хоёр явж Б.Т-ийн гэрт, сүүлийн 5 шуудай шохойг буулгахад бүгд машиндаа сууж яваад Б.Т замдаа бууж Р.Е, К.А, Ж.М нар 23 цагийн үед Р.Е-ийн гэрт буулгаж хууль бусаар нийт 15 шуудай шохой хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч Р.Е, Б.Т, К.А, Ж.М нарын гэм буруутай үйлдэл нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

           

Шүүгдэгч Ж.М нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “ туслах үйлдэл хийсний төлөө шийтгүүлж байна, надад шохой ч хэрэггүй, шохой ч аваагүй, Е, Т хэн нэгэн нь тухайн шохойг хулгайн зүйл гэж хэлээгүй, ямар ч нотлох баримтгүй, хилс ял шийтгэсэн намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч Р.Е, Б.Т, К.А, Ж.М нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт тус тус өгсөн мэдүүлгүүдийг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулж анхан шатны шүүх нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг зөв тогтоож ял шийтгэл оногдуулсан байна.

 

Шүүгдэгч К.А, Ж.М нар нь гэмт хэрэг үйлдээгүй, хулгайн зүйл гэдгийг мэдээгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь доорх яллагдагч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Р.Е нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлд “миний урд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх үнэнгээ хэлсэн байгаа миний бие буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Яллагдагч Р.Е-ээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд “Би А-д уг шохой шатаадаг цэгийг түлхүүр энэ тэр нь байгаа гэж огт хэлээгүй. Тэгээд ч тухайн газар нь ил газар байсан, ямар ч түлхүүр шаардлагагүй юм. Тухайн үед ямар нэгэн хөлс энэ тэр яригдаагүй, тэгээд ч А нь эхлээд гэрлүүгээ 5 шуудай шохой хүргэж авсан. А нь хулгайн шохой гэдгийг тухайн үедээ мэдэж байсан. Яагаад вэ гэхээр анх бид нар шохойны үлдэгдэл түүхээр очоод үлдэгдэл байхгүй байхаар нь бэлэн байсан шохойноос бүгдээрээ авахаар болсон” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Б.Т-ээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлд “...Е нь тэр хавьцаа нэг шохой шатаадаг газарт гүйж очоод бид нарыг дуудсан. Тухайн шохой шатаадаг газарт очиход бэлэн боловсруулсан шохой байсан. Тэгэхээр нь А-ийн машины гэрлийг тусгаж байгаад бүгдээрээ шуудайд шохой хийж бэлдэж авсан. ... Тэр үед бид Е-д хандаад наадах чинь хүнийх юм биш үү асуудал гарах вий дээ гэхэд Е бидэнд асуудал гарахгүй гэж хэлсэн. Тэгээд машины гэрэл тусгаж байгаад бүгдээрээ шохой хийж авсан. Хулгайн шохой гэдгийг бид бүгдээрээ мэдэж байсан.” гэсэн мэдүүлэг,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай тэмдэглэлд шүүгдэгч Р.Е нь “хүний шохой гэдгийг нь мэдсэн ямар ч байсан шуудайлж авсан. К.А-ийн машинаас 4-5 шуудай гарсан. ...уулзаж байгаад тэр газраа ярилцсан. ...К.А өөр хүний шохой гэдгийг мэдээгүй. Миний өөрийн шохой гэж хэлсэн байна. Хэрэв тэр шохой миний өөрийн шохой байсан бол 5 шуудай шохой өгөхгүй байсан. Бид нар тус бүрдээ 5 шуудай шохой авсан. А өөрөө авъя гэж хүсээд 5 шуудай шохой авсан. А таксины хөлсний талаар ямар нэгэн зүйл яриагүй, хулгайны зүйл гэдгийг мэдэж байсан. К.А хулгайн зүйл гэдгийг мэдсэн, Ж.М хулгайн зүйл гэдгийг мэдсэн, мэдээгүй талаар би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Р.Е, Б.Т, К.А, Ж.М нар нь хулгай хийх гэж очоогүй хэдий ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж нууц далд аргаар, шөнийн цагаар гэрэл тусгаж гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдэж, санаатай үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч К.А нь өөрийн өмчлөлийн “Nissan sunny” маркийн автомашин ашигласан нь тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын гэмт үйлдлийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ энэ гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн хуулийн зүйл анги хэсэг нь тохирсон байна.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч Р.Е, Б.Т нар нь хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж тухайн зүйл ангийн доод хэмжээ 2 жилийн хорих ялыг багасгаж 1 жил 1 сар, 1 жил 1 хоногийн ял шийтгэл тус тус оногдуулсан нь шүүгдэгч Р.Е, Б.Т нарын хувьд анхнаасаа гэм буруугийн талаар тогтовортой мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч К.А, Ж.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдлыг харгалзан анхан шатны шүүхээс тус бүрт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь ял шийтгэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч К.А, Ж.М нарын “хулгайн зүйл гэдгийг мэдээгүй тул хилсээр гэмт хэрэгтэн болсон. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, биднийг цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.А, Ж.М нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ