Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/01965

 

 

банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/02714 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: банк ХХК

Хариуцагч: Н.А-

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 9,210,095 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Н.А- нь банк ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ККГ0301/200122 дугаартай кредит картын гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү сарын 02 хувь, бэлэн гүйлгээний хүү сарын 03 хувь, хугацаа хэтрүүлсний сарын 01 хувь хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлэхээр зээлийн эрх нээлгэн зарцуулсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд Н.А-аас үндсэн зээл 4,982,990 төгрөг, үндсэн хүү 4,196,184 төгрөг, шимтгэл 16,920 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 9,210,095 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Н.А- мөнгөн хөрөнгөө бусдад луйвардуулсан тул зээлийн төлбөрийг 6 сарын дотор төлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөг төлөх боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А-аас 7,514,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,696,095 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 162,311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 135,174 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Н.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ККГ0301/200122 дугаартай Кредит картын гэрээг байгуулсан. Гэрээнд зээлийн нөхцөлийг заасан ба үүнд бэлэн зарлагын гүйлгээ жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувь буюу нэмэгдүүлсэн хүү бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 0,4 хувь буюу жилийн 4,8 хувь, бэлэн бус гүйлгээнд сарын 0,5 хувийн хүү буюу жилийн 6 хувийн хүүтэй байхаар тусгасан.

Нэхэмжлэлийн хүрээнд нотлох баримт болгон хариуцагчийн кредит картын зээлийн хүүгийн тооцоолол-ыг хавсаргасан. Уг нотлох баримтад зээлдэгчийн нэр, дансны дугаар, кредит картын зарцуулалт, тухайн зарцуулалтын гүйлгээний төрөл буюу худалдан авалтын гүйлгээ эсвэл бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээ, түүнд хамаарах хүүгийн хувь, гүйлгээ хийсэн огноо, гүйлгээ тус бүрт төлөгдөөгүй зарцуулалтын хүүгийн тооцоолол эхлэх огноо, төлөгдөөгүй зарцуулалтын хүүгийн тооцоолол дуусах огноо, тухайн хүүг тооцох хоног, нэг өдрийн хүүгийн хэмжээ, зарцуулалтын дүн, бодогдсон хүү зэргийг тусгасан.

 

4.2 Кредит картын үндсэн зээл 4,982,990 төгрөг. Үүнээс бэлэн мөнгөний гүйлгээ 4,690,925 төгрөг, бэлэн бус гүйлгээ 292,065 төгрөг. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон зээлийн хүүгийн авлага 4,196,184 төгрөг. Үүнээс үндсэн xүү 3,800,606 төгрөг, бэлэн гүйлгээний хүү 3,620,278 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 180,328 төгрөг. Нэмэгдүүлсэн хүү 395,578 төгрөг. Үүнээс бэлэн гүйлгээний нэмэгдүүлсэн хүү 376,796 төгрөг, бэлэн бус гүйлгээний нэмэгдүүлсэн хүү 18,781 төгрөг. Шимтгэлийн авлага 16,920 төгрөг, нийт 9,196,095 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдуулан нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 9,210,095 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.

Хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхой байхад шүүх хүүгийн төлбөр 1,696,095 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч банк ХХК нь хариуцагч Н.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,982,990 төгрөг, зээлийн хүү 4,196,184 төгрөг, шимтгэл 16,920 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 9,210,095 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 7,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

3. банк ХХК болон Н.А- нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ККГ0301/200122 дугаартай кредит картын гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч банк ХХК нь 5,000,000 төгрөгийг бэлэн зарлагын хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, 12 сарын хугацаатай зээлдэгч Н.А- зээлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн. (хх-ийн 4-6)

 

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлдүүлэгч банк ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг зээлдэгч Н.А-т шилжүүлэн өгсөн, гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

3.2 Зээлдэгч Н.А- нь гэрээний дагуу 4,982,990 төгрөг захиран зарцуулж, зээлийн хүү 4,196,184 төгрөг төлөөгүй болох нь кредит картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байхад /хх 8/ анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ... зээлийн хүү 4,196,184 төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь: нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүү шаардах үндэслэлээ нотолсон кредит картын зарцуулалт, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээний баримт, гүйлгээ тус бүрт төлөгдөөгүй зарцуулалтын хүүгийн тооцоолол, хүүг тооцох хоногийн тоо, нэг өдрийн хүүгийн хэмжээ, зарцуулалтын дүн, бодогдсон хүү зэргийг тусгасан баримтуудыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт 4,196,184 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардалд 14,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох хэсгийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулна. Тодруулбал, хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгчид 14,000 төгрөгийн зардал буюу хохирол учирсан гэж дүгнэн, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хохирол 14,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Талууд зээлийн гэрээний 2.7-д Төлбөр төлөх өдрөөс өмнө заавал төлөх төлбөрийг төлөөгүй бол заавал төлөх төлбөр хэмжээнээс хугацаа хожимдуулсны шимтгэл сарын 1 хувь (хамгийн багадаа 10,000 төгрөг)-өөр тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул анхан шатны шүүх шимтгэл 16,920 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасан тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан хэсэгт өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагчаас нийт 9,193,174 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/02714 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А-аас 9,193,174 төгрөг гаргуулан нэхэмжлэгч банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... 135,174 ... гэснийг 162,014 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,087 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН