Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 162

 

Ц.Ц-, Ц.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Чинбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1126 дугаар магадлалтай, Ц.Ц-, Ц.Г- нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Т овогт Ц-н Ц-,

2. Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ***,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 175 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 4, 5-д заасныг журамлан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар 1 дэх хэсэгт зааснаар Ц.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын ял дээр, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1998 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өвчний учир 1 жил 5 сар 28 хоногийн хугацааны өмнө суллагдсан, О овогт Ц-н Г-.

Ц.Ц- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” гэх баарны гадаа “чи энэ баарны эзэн болчихсон юм уу, би үйлчлүүлмээр байна” гэх шалтгааны улмаас Б.Г-ын нүүрэн тус газар мөргөж, гараараа хүзүүг нь боож зодож дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ц.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Золт худалдааны төвийн гадаах машины зогсоол дээр ** УНК дугаартай суудлын “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа үл ялих шалтгаанаар Б.Г-ыг мөргөж баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-, Ц.Г- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэдэнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц-ын өмгөөлөгч Н.Баясгаланбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Г- гаргасан гомдолдоо “...анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г- “Би Г-н жолоодож явсан машиныг гараараа тулаад өвдөглөөд газар суусан чинь миний баруун хөлийн өвдөг дээгүүр машины урд гупер гарч ирээд тулаад зогссон тул би хөдөлж чадахгүй орилоод байж байхад машин хойш хөдөлсөн. Үүнээс болж миний баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн” гэж мэдүүлсэн юм.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.У- “Бид нар машинд суухад Г- нь Ц- ахыг явуулахгүй гээд машины цонхны шилийг цохиод байснаа машины урд гараад копутан дээр хоёр гараар дараад машин явуулахгүй зогсоод байсан. Тэр үед машин хөдлөөгүй. Би машинаас буугаад Г-ыг машинаас холдуулах гэж зүүн гарнаас нь татахад тэр гараа шувт татаж авах гээд цаашаа унасан юм. Тэгж унахдаа баруун хэсгээрээ унасан. Түүнийг машин мөргөөгүй. Машин хойш урагш ямар ч хөдөлгөөн хийгээгүй” гэж тодорхой мэдүүлсэн.

Мөн шинжээч эмч Ө.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт “Г-ын биед учирсан баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирогчийг босоо байрлалтай зогсож байх үедээ машинд мөргүүлэхэд үүсэх боломжтой. Харин хохирогч Г-ын хэлээд байгаа шиг өвдөглөөд суусан байрлалд машинд мөргүүлсэн үед түүний баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэх ямар ч боломжгүй” гэж тодорхой мэдүүлсэн юм.

Энэ мэдүүлэг нь шүүх хурлын тэмдэглэл болон шийтгэх тогтоол, шүүх хурлын дуу-дүрсний бичлэгт тодорхой бичигдсэн байгаа. Хэрэв хурлын тэмдэглэл болон шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой бус байна гэж үзвэл дуу-дүрсний бичлэгт тодорхой бичигдсэн байхад намайг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл Г-ыг миний машины урд зогсож байх үед хажууд нь байсан гэрч Б.У-, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шүүх эмч Ө.Сарангэрэл нарын мэдүүлгээр би хохирогч Г-т дээрх гэмтлийг учруулаагүй болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс болон намайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж байгаа нь Монгол улсын Үндсэн хуульд заасан “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Гэм буруугийн хэнийг ч боловч шүүхээр хилсээр яллаж болохгүй” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгож, хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж, шаардлагатай бол гэмт хэрэг гарсан гэх хэргийн газар дээр нь туршилт хийлгүүлэх, илтэд гэм буруугүй хүнээс мөнгө төгрөг авах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн хохирогч Б.Г-т хуулийн дагуу арга хэмжээ авч, “Драгон” үйлчилгээний төв дээр ийм байдлаар мөнгө олдог хүмүүсийг таслан зогсоож өгөхийг хүсч байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Ц.Ц- гаргасан гомдолдоо “...анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Б.У-ын мэдүүлэг /тэмдэглэл 1 хх-ын 65-67х/, ...камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр ...би Г-ын биед санаатай гэмтэл учруулаагүй болох нь бүрэн дүүрэн нотлогддог. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хохирогч Г-ыг гэрч Б.У-, Б.М- нартай нүүрэлдүүлэн байцааж хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгуулж өөрийгөө гэм буруугүй болохыг нотлуулахыг хүсэж байна.

Учир нь би цагдаагийн байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах чиглэлээр 25 жил ажиллах хугацаанд янз бүрийн ааш авиртай хүмүүстэй өдөр бүр олон таарч байсан тул хүний биед гэмтэл шарх учруулж болохгүй гэдгийг маш сайн мэднэ. ...25 жил гэмт хэргээс урьдчилан сэргийлж ирсэн хүн би Г-т гэмтэл, шарх учруулах санаа зорилго байхгүй. Энэ нөхцөл байдлаас болж би өнөөдөр өндөр насны тэтгэвэртээ гарч чадахгүй шууд ажлаасаа халагдах нөхцөл байдал үүсч байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаж өөрийн гэм буруугүй болохыг үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбат хэлсэн саналдаа “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар болсон асуудал, миний үйлчлүүлэгч нарын гомдлын талаар илтгэгч шүүгч тодорхой танилцууллаа. Шүүх хуралдаанд Улсын яллагч Нямбаатарын хүсэлтээр шинжээч эмч Сарангэрэл оролцсон ба Г-ын биед учирсан зөөлөн эдийн няцрал нь түүнийг ярьсан нөхцөл байдалд учрах боломжгүй болохыг тодорхой хэлсэн. Мөн гэрч У-н “Г- машинд мөргүүлээгүй, миний гарнаас татаж байгаад өөрөө баруун тийш унасан” гэж мэдүүлсэн нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй.

Г.Г- өөрөө гүйж ирээд Ц.Ц-ын биенээс зууралдаад байсан, хүч хэрэглэсэн зүйл байхгүй гэдгийг гэрч мэдүүлсэн бөгөөд тухайн үйл баримт камерын бичлэгээс тодорхой харагддаг. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, туршилт хийх, гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаах, бусад шаардлагатай нотлох бүрдүүлэх талаар гаргасан хоёр үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна.

Миний үйлчлүүлэгч Ц.Ц- хувийн байдлын цагдаагийн байгууллагад 25 жил ажилласан, хувьд өндөр насны тэтгэвэрт гарах болсон байтал тэтгэвэр, ажил аль аль нь байхгүй, 2 жилийн хугацаанд хохирогч явна. Мөн сахарын өвчтэй, 80 хувиар нийгмийн халамж тогтоолгосон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ц-, Ц.Г- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хэрэгт авагдсан гэрч Жамбалсанж, Болдсайхан, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс Ц.Ц-ын үйлдлийн улмаас хохирогчид дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, хүзүүнд цус хуралт, шүүгдэгч Ц.Г-н үйлдлийн улмаас баруун түнх, гуяны дээд хэсэг эмзэг, хавдар бүхий гэмтлүүд учирсан тогтоогдсон. Мөн өвдөглөж суусан үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй талаар шинжээч эмч мэдүүлсэн. Шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуулийг зөв хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Ц-, Ц.Г- нарын гаргасан гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох 2003000640393 дугаартай хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ц.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” гэх бааранд Б.Г-тай маргаан үүсгэн, улмаар уг баарны гадна хохирогчийн нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Ц.Г- нь тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлүүлэх явцдаа Б.Г-ыг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Ц-, Ц.Г- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан, үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ц-, Ц.Г- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тайлбарлаж  шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1126 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц-, Ц.Г- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                               С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                        Б.БАТЦЭРЭН

                                                    Ч.ХОСБАЯР

                                                    Б.ЦОГТ

                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН