Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0718

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Д.Нямбат,

гэрч Б.У,

шинжээч эмч Ө.С,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Н.Баясгаланбат,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц.Ц, О овогт Ц.Г нарт холбогдох 2003000640393 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ... ажилтай, цагдаагийн алба хаагч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух суудаг, урд ял шийтгэлгүй, Т овогт Ц.Ц /РД:.../,

2. Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суудаг, Урьд

-1997 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 175 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 4, 5-д заасныг журамлан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гд энэ тогтоолоор оногдуулсан 6сарын хорих ял дээр, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1998 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өвчний учир 1 жил 5 cap 28 хоногийн хугацааны өмнө суллагдсан, О овогт Ц.Г /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ц.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх баарны гадаа “чи энэ баарны эзэн болчихсон юм уу, би үйлчлүүлмээр байна” гэх шалтгааны улмаас Б.Гын нүүрэн тус газар мөргөж, гараараа хүзүүг нь боож зодож дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Ц.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр З худалдааны төвийн гадаах машины зогсоол дээр ... улсын дугаартай суудлын Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа үл ялих шалтгаанаар Б.Гыг мөргөж баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон гэжээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн орчимд Б.Утай уулзаад хоол идэхээр тус бааранд ороход хохирогч Б.Г болон баарны эзэн М нар байсан. Тэр 2 аль аль нь архи уусан, согтуу байсан. Б.Г нь “баар хаачихсан, үйлчлэхгүй” гээд байхаар нь би “чиний баар юмуу” гэхэд Б.Г нь намайг учир зүггүй заамдаад авсан. Тэгээд муусайн цагдаа нар дандаа ингэдэг байхгүй юу гээд байсан буюу Б.Уыг бас цагдаа гэж ойлгосон юм шиг байна лээ. Тэгээд Б.Г нь Б.Утай  зууралдахаар нь би салгаад, надтай зууралдахаар нь У салгаад байсан. Миний ам руу салаавч өгсөн. Би Грыг мөргөсөн юм байхгүй. Духаараа хоёр талаас нийлээд тулснаас өөрөөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Харин хохирогч нь Утай зууралдаад шатны хэсэгт унасан, тэгэх явцдаа уруулын язрал, шүдний паалангийн гэмтэл бүхий уг гэмтлийг авсан байж магадгүй. Б.У нь Ц.Гыг дуудсан байсан ба машинтай хүрч ирсэн байхад нь Б.У бид 2 орж суухад Б.Г нь явуулахгүй гээд цонх шилийг нь цохиод байсан. Машин огт хөдлөөгүй. Би сахарын өвчтэй, архи уугаагүй байсан. Тэр газар хоол сайтай учир орох гэсэн юм. Би хоол идчихээд 2 шил пиво авч гарах бодолтой байсан. Б.Г нь намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон, хөгшин цагдаа, энэ тэр гээд салаавч гаргаад доромжилсон. Би аль болох зөрчил, хэргээс холуур байхыг хичээдэг, биеэ харьцангуй барьж сурсан хүн. Энэ гэмт хэргийг би үйлдээгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “....Би тухайн үед Б.У ахтай уулзахаар драгон дээр очсон. Тэгээд Б.У ах энэ хүнтэй машинд ороод суутал нэг хүн ирээд учир зүггүй машины шил цонх хагалчих гээд байхаар нь Б.У ах буугаад тэр хүнийг барьж холдуулаад хөдөл хөдөл гэхээр нь би машинаа хөдөлгөх гэтэл урдуур зугтаж орж ирээд байсан. Гэхдээ би машинаа огт хөдөлгөөгүй, хохирогчийг мөргөөгүй. Хэрэв тэр хүн мөргөгдсөн гэж бодвол бөгсөн хэсгээрээ унамаар юм, гэтэл урагшаагаа сөхөрч унасан гээд байгаа. Харин хохирогч нь машинаас зайтай унасан, унахдаа баруун талаараа унасан.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г бид 2 нэг газар ажилладаг, Ц ахыг бол урьд нь таньдаг байсан, нэг цэгийн үйлчилгээн дээр олон жил цагдаагаар ажиллаж байгаа. Ц ахтай яг хэдэн цагт уулзсанаа мэдэхгүй байна, ойролцоогоор 23 цагийн орчимд уулзсан байх. Тэгээд Ц ахтай уулзаад 1 сав 2,5 литрийн пивийг гараашны хүнтэй нийлээд 3-лаа хувааж уучхаад хамтдаа тус бааранд орохоор очсон. Тэгээд ороход өөдөөс Г “манайх хааж байна, яв” гээд хөөгөөд байсан. М нь болохоор” суу суу” гээд байсан. Тэгээд маргаан болоод Ц ах “чи мэддэг юмуу” гэсэн. Тэр Г нь Ц ах руу дайраад байхаар нь би оролцсон, тэр хүн өөрөө өдөж байж цохиулж , зодуулах гээд байсан. Тэнд зодоон болоогүй. Ерөнхийдөө Г нь Ц ах руу дайраад заамдалцаад байхаар нь би салгаад, надтай зууралдахаар нь  Ц ах салгаж байсан. Б.Г нь хэл амаар доромжлоод салаавч гаргаад байсан. Тэр газар хаах гэж байсан нь бодитой байсан. Б.Г бид 2 зууралдсан ч би түүнийг цохиогүй, бид шатан дээр унаагүй, санаатайгаар түүнийг мөргөөгүй, харин зууралдах явцад мөргөгдсөн байж магадгүй. Тэгээд сүүлд Гантулгыг ирээд биднийг машинд суухад Ц ахыг явах гэлээ гээд машиныг явуулахгүй гээд цонх шил цохиод байсан юм. Машин хөдлөөгүй. Цонх шил цохиод байхаар нь би буугаад түүнийг холдуулахад надаас гараа шувтарч авахдаа газар унасан, баруун хэсгээрээ унасан. Машин түүнийг мөргөөгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шинжээч эмч Ө.С шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогч Б.Гт 3-ны өдөр үзлэг хийж дүгнэлтийг гаргасан байгаа. Гын биед учирсан дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл гэмтэл нь цохих, цохигдох, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүнд цус хуралт гэмтэл нь хүзүү, хоолой боох үед үүсэх боломжтой. Баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тээврийн хэрэгсэлд босоо байрлалаас мөргөгдөх болон мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, мөргөлдөх үед үүсэх боломжтой. Хэрвээ унах үед бол хязгаарлагдмал гадаргуутай зүйлд цохигдох үед үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл тэгш гадаргуутай талбай дээр унахад үүсэхгүй, харин замын боржуур гэх мэтчилэн хязгаарлагдмал орчинд цохигдох үед үүсэх боломжтой. Өвдөгний үе дээр цохигдох үед өвдөглөж суух боломжтой. Машин эд ангиар хохирогчийг босоо байрлалаас баруун гуянд цохигдох үед үүсэх боломжтой. Суугаа байрлалд байхад үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч нь машины урд копуд дээр 2 гараараа дарж байхад машин урагшлахад хохирогч нь цохигдон тэнцвэрээ алдаж, өвдгөөрөө унах боломжтой.  Хохирогчийн тухайн үед явж чадахгүй байсан шалтгаан нь үенд гэмтэл үүссэнтэй холбоотой юм” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хавтаст хэргээс:

            Гэмт хэргийн шинжтэй дуудлага хүлээн авсан лавлагааны хуудас /1хх-ийн 23х/, хохирогч Б.Гын өргөдөл /1хх-ийн 24х/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 25-28х/, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-30х/, хохирогч Б.Гын мэдүүлэг /1хх-ийн 34-35х/, хохирогч Б.Гын дахин мэдүүлэг /1хх-ийн 36-37х/, гэрч Б.Уын мэдүүлэг /1хх-ийн 38-39х/, гэрч Б.Уын дахин мэдүүлэг /1хх-ийн 41-43х/, гэрч Т.Жын мэдүүлэг /1хх-ийн 44х/, гэрч Т.Бы мэдүүлэг /1хх-ийн 45-46х/, гэрч Г.Зын мэдүүлэг /1хх-ийн 47х/, гэрч С.Мын мэдүүлэг /1хх-ийн 48х/, гэрч О.Аын мэдүүлэг /1хх-ийн 49х/, гэрч Г.Үын мэдүүлэг /1хх-ийн 51х/, гэрч О.Хын мэдүүлэг /1хх-ийн 52х/, гэрч Б.Шийн мэдүүлэг /1хх-ийн 53х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, диск 1 ширхэг /1хх-ийн 65-67х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлт /1хх-ийн 71-72х/, шинжээч эмч Ө.Сийн мэдүүлэг /1хх-ийн 74-75х/, шинжээч эмч Ө.Сийн дахин мэдүүлэг /1хх-ийн 76-77х/, Авто тээврийн техникийн хяналтын үзлэийн төвийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 84-89х/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 90х/, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 93х/, хохирогч Б.Гын дахин мэдүүлэг /1хх-ийн 198х, 224х/, шинжээч эмч Ө.Сийн дахин мэдүүлэг /1хх-ийн 222х/, хохирогч Б.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг ажиллагааг дүрс бичлэгээр бэхжүүлсэн диск 1 ширхэг /1хх-ийн 225-229х/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-ийн 231-236х/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 237х/, иргэний нэхэмжлэгч /... ББСБ/ Н.Гийн мэдүүлэг /1хх-ийн 246х/  шүүгдэгч Ц.Гд тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-ийн 113х/, шүүгдэгч Ц.Цын нэр дээр 1 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа /1хх-ийн 113х, 115х/, шүүгдэгч Ц.Гын үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 121х/, шүүгдэгч Ц.Цын гэрлэлтийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 122-123х/, шүүгдэгч Ц.Гын нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй, шүүгдэгч Ц.Цын нэр дээр газар бүртгэлтэй тухай лавлагаа /1хх-ийн 126х/, шүүгдэгч Ц.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 128х/, шүүгдэгч Ц.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1хх-ийн 131х/, шүүх хуралдаанд өмгөөлөгч Н.Баясгаланбатаас гаргаж өгсөн 15 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх баарны үүдэн хэсэг болон гадна хэсэгт шүүгдэгч Ц.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Гтай баараар үйлчлүүлэх асуудлаас үүдэн маргаж, түүний өмсөж явсан цамцны захаар хоолойг нь боож, нүүрэн тус газар мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар Зхудалдааны төвийн гадаах машины зогсоол дээр байсан ... улсын дугаартай суудлын Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд Ц.Цыг суухад нь иргэн Б.Г “ ...102-т дуудлага өгсөн, иртэл байж бай” хэмээн явуулахгүй гэхэд нь тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч Ц.Г нь иргэн Б.Гыг мөргөж, баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас: иргэн Г нь 95190399 дугаарын утаснаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20:51:27 секундэд “СХД-ийн цагдаа, ахмад Ц гэдэг хүн согтуу  намайг мангасдаад ... дугаартай машинаараа мөргөчхөөд явсан” гэх дуудлага мэдээлэл өгсөн /1хх-ийн 23х/,

Хохирогч Б.Гын цагдаагийн байгууллагад хандаж гаргасан “...Ц нэг хүнтэй орж ирээд “чи энэний эзэн юм уу” гэж хэл амаар доромжлоод баарны үүдэнд миний нүүр рүү мөргөсөн. Цус гараад байж байтал ... улсын дугаартай машинд суугаад явах гэхээр нь ард зогсоод цагдаа дуудсан. Тэгтэл урагшаа зугтсан. Гүйж урд нь гартал мөргөж унагаасан...” гэх өргөдөл /1хх-ийн 24х/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 25-28х/,

Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-30х/,

Хохирогч Б.Гын: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би Дархан-Уул аймаг руу хүн ачих санаатай Драгон авто вокзал дээр машинтайгаа зогсож байгаад хүн олдоогүй тул байнга хоолонд ордог “...” худалдааны доор байрлах “...” нэртэй пабд 13 цагийн орчим орж ... танил Ж, нэг зүс таних залуутай хамт ууж байсан архинаас нь 1, 2 хундага архи уусан. Ж нөгөө хүнтэйгээ хамт харилаа гээд гараад явсан. Би пабад үлдээд байж байхад “B” пабын эзэн М /.../ эгч 2 хүнтэй цаана сууж байсан ба М эгчийн нөхөр Х.Б /.../ ах залгаад “М эгч чинь жаахан архи уучихсан байх шиг байна над руу согтуу залгаад байна, чи баарыг нь хаалгаад М эгчийгээ аваад ир, ирэхээр чинь мөнгө төгрөгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би М эгч дээр очоод Б ах таныг аваад ир гэж байна, явъя гэхэд М эгч за одоохон чи сууж бай гээд гээд ... гарах гэсээр байтал ойролцоогоор 18 цаг болсон. Тэгээд би М эгчийг авч явах гээд пабынх нь гэрлийг унтраагаад М эгчийг сугадаад гарах гээд үүд рүү очиж байтал урдаас 2 хүн ороод ирэхээр нь харсан чинь Драгоны нэг цэгийн үйлчилгээн дээр ажилладаг байсан Ц гэж хошууч, өөр нэг хүнтэй нэлээн халамцуу байдалтай байсан, тэгэхээр нь би “Ц ах баар нь хааж байна, М эгчийн нөхөр нь аваад ир гэсэн болохоор гарч байна” гэхэд “гэрлээ асаа, хүнтэй явж байна жаахан сууна, чи баарны эзэн юм уу, муу Драгоны гуйлгачин” гээд надтай маргаан үүсгэж байтал М эгчийн нөхөр нь залгаж таараад утсаар нь ярьсан чинь наана чинь юун шуугиан болоод байгаа юм гэхээр нь би “Драгоны хошууч Ц гэж хүн орж ирчихээд сууж архи ууна гээд байна та өөрөө ярь” гээд утсыг нь өгсөн чинь Ц нь “би ярихгүй, чи ер нь миний мэдэхийн таксины гуйлгачин байсан баар ажиллуулдаг болоо юу, энэ баарны эзэн юм уу чи” гээд байхаар нь би “чамд доромжлуулна гэж байхгүй шүү, цаанаас нь Б ах яриад байгаа биз дээ” гэхэд “чи муу юу юм” гээд намайг заамдаж аваад миний хоолойг цамцны захаар боохоор нь гарыг нь тавиулах гээд гараа хүчтэй татахад миний өмсөж байсан шоо хээтэй дотортой улаан цоохор цамцны баруун талын суга, энгэр хэсгээрээ ташуулдаж урагдсан. Тэгээд Ц ахыг би гарнаас нь татаад пабны гадаа үүдэнд гарч ирээд маргалдаад бие биенээ түлхэлцээд нөгөө залуу нь салгах гээд байж байхад Ц ах толгойгоороо миний уруул орчим нэг удаа мөргөсөн. Миний уруул язраад, үүдний шүдний паалан эмтрээд, хамар амнаас цус гарсан. Би яаж байна аа гээд тонгойгоод амаа дараад байж байх хооронд Ц ах нөгөө хүний хамт ... улсын дугаартай Aqua маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд суучихаар нь би 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгчихөөд араас нь очиход уг машин хойш ухраад төв зам руу гарах гэхээр нь би “цагдаад дуудлага өгчихсөн, явуулахгүй” гэсэн чинь урагшаа явахаар нь ойртоод урд нь очоод зогссон чинь машин нь урагшаа яваад би гараараа тулаад өвдөглөөд газар суусан чинь миний баруун хөлийн өвдөг дээгүүр машины урд гуфер гарч ирээд тулаад зогссон. Би миний хөлийн дунд чөмгөн дээр машины гуфэр нь дарчихаад би босож чадахгүй ёо ёо гэж орилоод байж байхад машин хойш ухарсан ба урд нь сууж явсан нэг эмэгтэй бууж ирээд “албатай юм шиг машины урдуур орчихоод” гэхээр нь “хүн мөргөчихлөө ш дээ та нар, би босож чадахгүй байна” гэхэд “хохино, чи өөрөө яах гэж машины урдуур орсон юм” гээд байсан. Тухайн үед машин хүчтэй мөргөж, дуу чимээ гарч, машины ямар нэгэн эд анги гэмтэх зүйл болоогүй. Миний хувьд болсон асуудлыг л мэдүүлж байгаа. Халтирч унаж өөрөө гэмтсэн асуудал байхгүй. Тухайн газар нь шороо чулуутай халтирч унахаар газар биш одоо ч шороо хэвээрээ байгаа. Энэ үед Ж, Б нар хүрч ирээд намайг босгосон, тэгээд уг машиныг цагдаа иртэл явуулахгүй гээд байж байхад Ц машинаас бууж ирээд энэ машиныг явуулчих, цагдаа иртэл би өөрөө байж байна гэж хэлсэн. Тэгээд хүмүүстэй ярилцаж байх хооронд Ц нөгөө машиндаа суугаад зугтаачихсан байсан. У гэж залуугийн нэрийг сүүлд мэдсэн ба тэр залуу надтай зууралдсан гэхдээ цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35х, 36-37х, 198х, 224х/,

Гэрч Т.Жын: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Улаанбаатар чиглэлд хүн олдвол явна гэж бодоод машинтайгаа зогссон боловч орой болтол явах хүн олдоогүй. Тэгэхээр нь би машинаа Зхудалдааны төвийн урд зогсоол дээр орхичхоод явган урд талд нь байрлах ТҮЦ орж тамхи авч байхдаа зүс таних Бтой тааралдсан. Тэгэхэд Б “Г дуудаад байна, хүмүүстэй муудалцсан юм шиг байна” гэхээр нь бид хоёр ТҮЦ-ний хойно байрлах машины зогсоол руу харсан чинь Дархан луу таксинд явдаг Г газар унасан бололтой сууж байсан хажууд нь цагаан өнгийн /дугаарыг нь санахгүй байна/ AQUA маркийн машин зогсож байсан. Миний харснаар бол Г тухайн машины ард нь маягтай сууж байсан. Тэгээд Б бид хоёрыг алхаад ойртож очиж байхад машин дотроос эмэгтэй хэрүүл хийгээд хашхичаад байсан. Тэгээд бид хоёрыг суганаас нь өргөж босгоход тэр машин хөдлөөд явчихсан. Г хэлэхдээ хөл гишгэж болохгүй байна, саяны машин намайг мөргөчихлөө дотор нь нэг цэгийн үйлчилгээн дээр гардаг байсан цагдаа Ц ах байсан гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр Гыг хоёр талаас нь түшээд тухайн зогсоол дээр байсан өөрийнх нь машинд оруулж суулгаад Бтой орхичхоод би яараад яваад өгсөн түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44х/,

Гэрч Т.Бы: “...Г над руу залгаад Драгон дээр хүмүүстэй маргалдаад жоохон асуудал үүсээд байна гэсэн. Автобуснаас буугаад явж байтал таксинд явдаг Жид тааралдаад хамт очиход Г машины зогсоол дээр хөлөө жийгээд суучихсан хажуугаас нь цагаан өнгийн Aqua маркийн машин ухарч хөдлөөд Гыг тойроод яваад өгсөн. Бид 2 Гыг сугадаж өргөөд босгоод учрыг нь асуухад “цагдаа нартай маргаад машинтай явах гээд байхаар нь ард нь гарсан чинь урагшаа явсан. Тэгэхээр нь урдуур нь ороод зогссон чинь дайрчхаад явчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46х/,

Гэрч С.Мын: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой би согтуу байсан болохоор Ц гэж хүнийг орж ирсэн эсэхийг санахгүй байгаа юм. Маргааш нь Г нь надад Ц над руу дөвчигнөөд, намайг машин тэргээр мөргөсөн гэж хэлсэн би лавлаж асуугаагүй, паб дотор ямар нэгэн юм болоогүй гадаа үүдэнд зам дээр болсон, би бол нэг ч гар хүрээгүй, би эрүүл шахуу байсан, бүгдийг нь санаж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48х/,

Гэрч Б.Уын: “...Би тухайн үед 2-3 шил пиво уучихсан халамцуу байсан, харин Ц ах эрүүл байсан байх гэж бодож байна. Тэгээд бид хоёр уулзаад нэг газар орж хоол идээд, юм ярьж сууя гээд Драгоны тэнд байрлах Зхудалдааны төвийн доор байрлах паб руу ороход 2 эрэгтэй хүн, 1 эмэгтэй хүн байсан. Тэр хүмүүс нэлээн согтуу байсан ба тэнд байсан Г гэх залуу манайх хаачихсан байна, гарлаа гэхэд нөгөө баарны эзэн бололтой эмэгтэй Ц ахыг таниад “за за чи явж бай, та хоёр жаахан сууж байгаад яв” гээд баарны гэрлээ асаасан. Тэгсэн чинь Г нь “үгүй ээ манайх хааж байна” гэхэд Ц ах “чи энэ баарны юу юм, чиний баар юм уу, чи гарч бай” гэсэн чинь баарны эгчийн нөхөр лүү нь Г нь залгаад “энд нэг цагдаа ч гэнэ үү юу юм, нэг хүн орж ирчихээд сууна гээд хаалгахгүй, эхнэрийг чинь явуулахгүй байна, Ц гээд нэг цагдаа пиздаа байна” гээд яриад байсан. Тэгэнгүүт эхнэр нь Гаас утсыг нь аваад зүгээрээ Ц байна гэж хэлсэн. Энэ үед Ц ах “чи хүнийг пиздаа гэдэг хэн юм бэ” гээд жаахан маргаан үүсээд “би чамайг мэднэ шүү” гэхэд Г нь “би ч чамайг мэднэ, нэг муу ахмад биз дээ” гэхээр нь би хажуугаас нь инээд хүрээд инээхэд “чи инээдэг хэн бэ” гээд над руу дайраад намайг заамдаж аваад нүүрэнд нүүрээ тулгаад шүлсээ үсчүүлээд салаавч гаргаад байсан. Тэгээд Ц ахтай зууралдаад, нэг болохоор надтай зууралдаад тэгээд Ц ах Г бид гурав баарнаас гарсан. Уг пабын үүдэнд гарч ирээд Г нь “чи чадах уу” гээд надтай зууралдахаар Ц ах салгаад Ц ахтай зууралдахаар би салгаад байж байсан. Тэгээд байж байхад Ц ахтай заамдалцаад бие биенийгээ толгойгоороо тулчихсан татаад байж байхад нь би салгасан. Би түүнийг зодоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39х/,

Гэрч Г.Үын: “...намайг очиход Б.Г гэж хүн З худалдааны төвийн урд байрлах зогсоол дээр 2 хүнээр хоёр талаасаа түшүүлсэн байдалтай зогсож байсан. Юу болсон талаар асуухад ТҮЦ-ний ард акуа маркийн цагаан өнгийн машинд баруун хөлийн орчим машинд мөргүүлсэн, мөн З худалдааны төвд байрлах пабын үүдэн дээр Ц ахад ямар нэгэн шалтгаангүйгээр зодуулсан, нүүрэн тус газар цохиулсан гэж хэлсэн. Намайг харахад нүүр болон ил харагдах хэсгээр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Хөл өвдөөд байна гээд доголоод байсан. Тэгээд би тухайн газарт үзлэг хийсэн, мөрдөгч О.А хяналтын камерыг харахаар дотогш орсон. Ингээд Г нь хөл өвдөөд байна гэсэн учраас би өөрийн ... дугаарын утаснаас 103-т залгаж түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд хөлний зураг авахуул гэж хэлээд зөвлөгөө өгөөд явсан. Гаас мэдүүлэг авч байх явцад өөрөө миний уруул язарчихсан гээд нэг уруулаа татаж харуулж байсан, харагдах байдлаараа бага зэрэг уруул нь язарсан шархтай байсан, гэхдээ цус гараагүй тогтчихсон байсан. Одоо би аль уруул нь дотор талдаа язарсан байсныг санахгүй байна. Ямар ч гэсэн язарчихсан шархтай харагдаж байсан ба хэр зэрэг хэмжээтэй байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд хэн наад гэмтлийг чинь учруулсан юм бэ гэхэд Ц ах намайг цохичихсон, тэгээд уруул язарчихсан гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 51х/,

Гэрч О.Хын: “...орой 20:59 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд иргэн Бын Гаас “согтуу цагдаагийн алба хаагч мангасдаад ... дугаартай машинаараа шүргэлээ” гэх утгатай дуудлага, мэдээлэл ирүүлснийг газар дээр нь очиж шалгахаар Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах З худалдааны төвийн үүдэнд очиход Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн ... дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн үзлэг хийж байсан. Б нэртэй пабад цагдаагийн алба хаагч нар хяналтын камерыг шүүж байгаа гэх тул уг пабад ороход хохирогч гэх Г нь уг пабын үүдэнд хажууд байрлах буйдан дээр сууж байхаар нь болсон асуудлын талаар тодруулахад би Дархан-Улаанбаатар хотын чиглэлд хувиараа такси үйлчилгээнд явдаг, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын ... дугаар хэлтсийн Ц нь Драгон орчмоор үүрэг гүйцэтгэдэг учраас зүс таньдаг юм. Тэгээд сая паб хаах гэж байхад нэг хүнтэй орж ирээд архи пиво авна гэхээр нь хааж байна гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм чи пабын эзэн юм уу гээд маргалдаад намайг мангасдаж түлхээд гараараа нүүр хэсэгт цохисон, тэгээд гараад машиндаа суугаад явах гэхээр нь би машины урдуур нь ороход тэр машин нь миний хөлийг шүргэсэн гэж ярьж байсан. Тухайн үед Г нь би машины зүүн урд очиход миний баруун хөлийг шүргэсэн одоо жаахан өвдөж байна гэсэн, мөн нүүр царайг нь харахад амнаас бага зэрэг цус гарсан бололтой уруул нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52х/,

Гэрч О.Аын: ”... Орой 20:51 минутад З худалдааны төвийн урд зогсоол дээр бусдад зодуулж машинаар мөргүүлсэн гэх утга бүхий дуудлага ирсний дагуу жижүүрийн мөрдөгч Ү, шинжээч Г нарын хамт хэргийн газар дээр очиход зодуулсан гэх Б.Г нэг найзын хамт зогсож байсан. Болсон асуудлын талаар асуухад Б пабад Ц гэж цагдаатай муудалцаж байгаад гарч ирэхэд цагаан өнгийн машинаар мөргөчхөөд яваад өгсөн гэсэн. Тэр үед 103 машин ирж эмч ирээд үзлэг хийсэн. Би Б паб руу орж хяналтын камер байгаа эсэхийг шалгахад Б пабын үүдэнд үүд хэсэг рүү чиглэлтэй хяналтын камерын дуран байсан боловч тухайн камер нь ажилладаггүй, харин пабын дотор талд хяналтын 2 камер байсан ба уг камеруудын урдуур шинэ жилийн чимэглэл гэж унжсан сааг өлгөсөн байсан. Нэг камерын урд нь тулгаж саа өлгөсөн байсан учраас саа нь халхлаад бичлэг харагдахгүй байсан. Харин текний ертөнцийн зүгээр зүүн дээд хэсэгт байрлах камерыг шүүж үзэхэд сааны завсраар Ц, хохирогч гэх Г, мөн баарны эзэн гэх эмэгтэй, бас нэг залуугийн хамт байгаа нь харагдаж байсан. Бичлэгийг үзэхэд сааны завсараар Г, Ц болон хамт байсан залуу нар зууралдаж байгаа нь бүдэг харагдаж байсан бөгөөд тэр үед ёс журмын хэлтсээс ирсэн цагдаагийн ахмад Хатанзориг гар утсан дээрээ бичлэг хийж авсан. ...баарны эзэн гэх эмэгтэй маш их согтолттой болсон асуудлыг сайн мэдэхээргүй байсан. Харин хохирогч гэх Г ярилцахад халамцуу архи үнэртсэн байдалтай байсан. Г гэх залуугийн нүүр царай, өмссөн хувцсыг харанхуй байсан болохоор сайн хараагүй юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49х/,

Гэрч Г.Зын: “...би дуудлагын дагуу очиход Г гэх намхан махлагдуу залуу архи уусан байдалтай найз нь гээд нэг залуу түшээд зогсож байсан. Тухайн залуугаас юу болсон талаар асуухад би архи уусан, машинд шүргүүлсэн баруун түнхээр өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд биеийн байдал ямар байгааг тогтоохоор Г гэх залууг машинд суулгаж даралт үзээд, амин үзүүлэлтүүдийг үзэж хянахад өөрөө эмнэлэг явах боломжтой байсан, мөн найз нь эмнэлэг аваад явна гэж байсан. Г нь өөрийн ухаантай байсан учраас өвчин намдаах эм парацетамол уулгаад ГССҮТ-д очиж үзүүлж, цагдаад нь бүртгүүлэхийг зөвлөөд явсан. Үзлэг хийхэд хувцсыг нь тайлалгүй хөлийг нь барьж үзэхэд далд болон ил хугарлын шинж тэмдэг байгаагүй, баруун гуя орчмоор эмзэглэлтэй байсан... Согтолтын 1-2 дугаар зэрэгтэй буюу өөрийг хянах чадвартай байна гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47х/,

Гэрч Б.Шийн “...Манай нөхөр Г нь нэг ахтай уулзана гээд орой бүрэнхий болсон байхад Драгон авто вокзал дээр очоод уулзах хүнтэй ярьсан. Тэгээд удаагүй байхад машинд хоёр эрэгтэй хүн орж ирээд арын суудал дээр суусан. Тэгэхэд араас нь нэг согтуу хүн ирээд машины урд шил болон хажуугийн цонх гараараа цохиод, хаалга онгойлгох гээд миний талын хаалгыг татаад онгойлгохоор нь би юу бэ гээд хаалга буцааж хаасан чинь ард суусан хоёр хүний нэг нь зүгээр, зүгээр хөдөл гэсэн. Тэгсэн чинь нөгөө хүн цонх цохиод байсан чинь нөгөө хоёр ахын нэг нь буугаад тэр хүнтэй уулзаад боль гээд зогссон. Тэгээд нөгөө хүн нь хөдөл хөдөл гээд манай нөхөр дөнгөж хөдлөх гэхэд машины урдуур өөрөө орж ирээд гараараа машины копуд дээр тулж зогссоноо өөрөө халтираад уначихсан. Тэгэхээр нь би бууж ирээд зайлаач муу архичин чинь гээд хэлэхэд нөгөө залуу чи намайг архичин гэдэг хэн юм гээд хэрүүл хийсэн. Тэгээд тэр залуу гар утсаа бариад та нар харсан биз дээ намайг дайрсан шүү гээд орилоод үлдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53х/,

Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн: “...пабын үүдээр Ц.Ц, араас нь У нар орж ирж байна. Ц нь хар өнгийн куртиктай пабын эзэн эмэгтэйтэй очиж уулзахад текний хажуугаас Б.Г гэрэл унтраачхаад Ц.Ц дээр очиж байна. Б.Г эргэж ирж гэрэл асаачхаад ярилцаж байна. Ц Г нар нь хоорондоо ярьж байгаад Г нь гар утсаа гаргаж ирээд Цад өгч яриулж байна. Энэ үед У, Г нар барьцалдаж заамдалцаж  Гыг У нь хойш түлхэж байх ба пабын эзэн, У, Ц нар үүдэн хэсэг рүү зууралдаж явсан ба ... хэсэг хугацааны дараа Ц Гыг текний хажууд ирж заамдаж маргалдаж байхад нь У, пабын эзэн салгаж, У нь Цыг түлхээд үүд рүү явж байв” гэх тэмдэглэл /1хх-ийн 65-67х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1076 дугаартай: “...Б.Гын биед дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, хүзүүнд цус хуралт, баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 71-72х/,

Шинжээч эмч Ө.Сийн: “...Гын биед учирсан дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл гэмтэл нь цохих, цохигдох, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүнд цус хуралт гэмтэл нь хүзүү, хоолой боох үед үүсэх боломжтой. Баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөх, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, мөргөлдөх үед үүсэх боломжтой. Хэрвээ унах үед бол хязгаарлагдмал гадаргуутай зүйлд цохигдох үед үүсэх боломжтой.  Дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин баруун түнх, гуяны дээд хэсгээр эмзэглэлтэй хавдартай байсан болохоор уг гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...дээрх гэмтлүүдийг хохирогч өөрөө өөртөө учруулж болох эсэхийг шинжээч эмч тогтоохгүй, мохоо зүйлийн үйлчлэлээр гэж дүгнэнэ....” гэх мэдүүлэг  /1хх-ийн 74-75х, 76-77х, 222х/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 087 дугаартай: “...Г тээврийн хэрэгслийг явуулахгүй гэж хөдөлгөөнийг санаатайгаар хааж зогссон, энэ үед тээврийн хэрэгслийн жолооч түүний энэ үйлдлийг харж хянаж байсан атлаа хөдөлгөөн эхлэх гэсэн үйл явдал болсон гэж үзэхээр байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гэм буруугийн субъектив талын шинж нь санамсаргүй, болгоомжгүйн хэлбэрээр илэрдэг. Иймд энэ хэрэг нь зам тээврийн ослын шинжийг агуулаагүй байх тул хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчил үүссэн гэж үзэн мөрдөгчийн тавьсан асуултуудын хүрээнд техникийн шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх дүгнэлт /1хх-ийн 93х/,

Хохирогч Б.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг ажиллагааг дүрс бичлэгээр бэхжүүлсэн диск 1 ширхэг /1хх-ийн 225-229х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Дээрх баримт, мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд, хохирогч Б.Гын мэдүүлэгт дурдагдсан асуудлууд нь камерын бичлэгт дүрслэгдсэн, дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон тул түүний түүнийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг үнэн зөв зааж чадсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл,

Б.Г, М нар нь тус пабыг хаах гэж байхад Ц.Ц, гэрч У нар орж ирэн Б.Г луу хандан “чи ямар эзэн нь юмуу, бид үйлчлүүлнэ, чамд хамаагүй” гэх асуудлаас үүдэн хоорондоо маргасан нь хохирогч Б.Гын мэдүүлэгт дурдагдсанаас гадна гэрч Б.У, шүүгдэгч Ц.Цын мэдүүлэгт мөн дурдагдсан байх тул тэдний хооронд маргаан болох шалтгаан нь пабыг хаах, хаалгахгүй байх гэх асуудлаас үүдэлтэй гэж үзэхээр байна. Улмаар тус пабын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар хохирогч Б.Гтай гэрч Б.У, эсхүл шүүгдэгч Ц.Ц нь маргалдах явцдаа хоорондоо зууралдаж байгаа байдал нь дүрслэгдсэн, хохирогч Б.Г, гэрч Б.У нар хоорондоо зууралдсан ч зодолдоогүй, гэрч Б.У нь хохирогчийг цохиж зодоогүй талаар хохирогч Б.Г, гэрч Б.У нарын мэдүүлэгт тусгагдсан байна.

Харин хохирогч Б.Г нь шүүгдэгч Ц.Цыг өөрийнх нь нүүрэн тус газар цохисон, хоолой боосон талаар мэдүүлснийг гэрч Б.У, шүүгдэгч Ц.Ц нар нь үгүйсгэж, түүнийг цохиж зодсон хүн байхгүй гэж мэдүүлсэн боловч шинжээчийн 1076 дугаартай дүгнэлтээр “Б.Гын биед дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, хүзүүнд цус хуралт” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа, дээрх гэмтэл нь цохиулах, цохигдох, хоолойг боох  үед үүсэх боломжтойг шинжээч эмч Ө.С нь мэдүүлсэн, мөн түүнчлэн дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч нарын буюу гэрч Г.Ү, О.Х нарын мэдүүлэгт “...хохирогч Б.Гын амнаас бага зэрэг цус гарсан бололтой, уруул нь цус болсон, уруулаа сөхөж харуулахад уруул нь язарсан байсан” талаар мэдүүлцгээсэн зэргээс үзвэл, хохирогчид учирсан дээрх гэмтэл нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүссгэгдсэн, хохирогчийн мэдүүлгийг худал гэж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд учирсан гэмтэл нь шүүгдэгч Ц.Цын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна.

Тус хэргийн газар дуудлагаар очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан  мөрдөгч Г.Ү, О.Х, О.А нарын болон 103-н эмч Г.Зын гэрчээр өгсөн мэдүүлгүүд  нь хэргийн үйл баримтын талаар бус зөвхөн өөрсдийн оролцсон ажиллагаа, очиход ямар нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдүүлсэн буюу бусдад зодуулж, машинд дайруулсан гэх Б.Г нь ямархуу байдалтай байсан, түүний нүүр болон бусад эд эрхтэнд ил харагдах ямар гэмтэл шарх харагдаж байсан талаар мэдүүлцгээсэн байх тул хууль зөрчөөгүй гэж үзэн Б.Гын хохирогчоор өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан үнэлсэн болохыг дурдав.

Мөн хохирогч Б.Гын эрүүл мэндэд баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа нь шинжээчийн 1076 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба уг гэмтэл нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөх, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, босоо байрлалд байхад мөргөгдөх үед үүсэх боломжтой талаар шинжээч эмч Ө.С мэдүүлсэн байх тул хохирогч Б.Гын “...уг машиныг явуулахгүй гээд копуд хэсэгт 2 гараараа дарсан байхад уг машин урагш явж би сөхрөөд суутал миний баруун хөлийн өвдөг дээгүүр машины урд гуфер гарч ирээд тулаад зогссон. Би миний хөлийн дунд чөмгөн дээр машины гуфер нь дарчхаад би босож чадахгүй ёо ёо гэж орилоод байж байхад машин хойш ухарсан” гэсэн мэдүүлэг нь үндэслэл бүхий байна гэж үзэхээр ба Т.Акуа маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Гыг санаатайгаар хүнийг дайрч, хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл,

Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд, тэрбээр уг машины копуд хэсэгт 2 гараараа тулсан байдалтай зогсож байхад нь машин урагшилж, гадны хүч үйлчилснээр түүний тэнцвэрт байдал алдагдаж газарт унахад хүргэсэн буюу тэрбээр босоо байрлалд байхад хүч үйлчилсэн шинжтэй байна. Энэ байдал нь гэрч Б.Шийн мэдүүлэгт мөн адил дурдагдсан буюу “машин хөдлөх гэхэд хохирогч Б.Г нь машины урд гарч копуд хэсэгт дарах явцаа халтирч унасан” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдсон, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй байна.

Мөн гэрч Т.Ж, Т.Б нарын мэдүүлэгт “...бид нарыг очиход хохирогч Б.Г нь суучихсан, акуа машин тойроод яваад өгсөн, Б.Гыг түшээд босгоход явж чадахгүй байсан” талаар мэдүүлэгт нь дурдагдсан байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, хохирогчийн мэдүүлэг тогтвортой, түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул эх сурвалжаа зааж чадсан гэж үзэх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн мөргүүлсэн гэх хэсэгт нь гэмтэл гарсан, түүний баруун түнх, гуяны орчмын зөөлөн эдийн няцрал нь мөргөгдөх үед үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд болохыг шинжээч нь мэдүүлгээрээ илэрхийлсэн байна.  

Иймээс хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлүүдийг үгүйсгэх боломжгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан нөхцөл байдал нь харилцан бие биеэ нотолсон шинжтэй байх тул шүүхээс шинжээчийн дүгнэлтийг баримтлахгүй байх, үндэслэлгүйгээр хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийг үгүйсгэж, шүүгдэгч нарын үйлдлээс шалтгаалан үүсээгүй хэмээн таамаг дэвшүүлэн хөнгөрүүлэн үзэх, хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

Шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нарын үйлдлүүдийг гэм буруугийн “санаатай” хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх буюу өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж, түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хор хохирол учруулна гэдгийг мэдсээр байж гэмт үйлдлээ хэрэгжүүлснийг шууд  санаатайгаар үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл,

шүүгдэгч нарын гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, санаа зорилго, хохирогчид гэмтэл учруулж буй шууд санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг /үр дагавар/ бий болсон зэргээр тухайн гэмт хэргийн объектив болон субъектив шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “мөрдөн байцаалтын туршилт хийлгэх, тухайн газрын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хэргийг прокурорт буцаах, мөн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх” гэсэн саналуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэдгээрийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас иргэн Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн талаар баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч Ц.Ц нь хохирогчид 360.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Б.Гын олох байсан орлого гэж нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг энэ тогтоолоор гаргах боломжгүй байна. Учир нь, хохирогч нь олох ёстой байсан орлогын хэмжээг бүрэн илэрхийлэх баримт хэрэгт гаргаж өгөөгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотолсон баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болно.

Мөн Б.Г нь цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ гэх тул цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 1 сая төгрөгийн торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Н.Баясгаланбат нь “ гэмт хэргийн зарим шинж тодорхойгүй байхад гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага дээр саналгүй” гэж,

Шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Б.Чинбат нь “...Шүүхээс нэгэнтээ гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Ц.Гын хувийн байдлыг харгалзан торгох ялыг хамгийн доод хязгаараар нь тогтоож, 2 сарын хугацаагаар төлүүлэхээр тогтоож өгнө үү”  гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн, шүүгдэгч нар нь хохирогчид тодорхой хэмжээгээр хохирол төлж барагдуулсан байдал, Ц.Ц, Ц.Г нарын хувийн байдал буюу тэдгээр нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, тэдгээрийн цалин хөлс, орлогын байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэг талаас “...” ББСБ, нөгөө талаас иргэн Х.Ц нар харилцан тохиролцож №... дугаартай зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулж, Х.Ц нь 12.150.000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор ... арлын дугаартай ... улсын дугаартай T.Aqua маркийн тээврийн хэрэгслийг тус ББСБ-д шилжүүлсэн байна. /2хх-ийн 2-6х/ 

Тус хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор “...” ББСБ-ийн эзэмшилд буй ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх ажээ. /1хх-ийн 90х, 231-234х/

Дээрх байдлаас үзвэл уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ц.Гын эзэмшлийнх бус өөр этгээдийн эзэмшилд байгаа нь тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох, мөн хохирол төлүүлэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлэх хуульзүйн үндэслэлгүй байна.

Иймээс прокурорын 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД, хураагдан ирсэн 1 ширхэг СД-г тус тус эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ц.Ц, О овогт Ц.Г тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нарт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)  төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД, хураагдан ирсэн 1 ширхэг СД-г тус тус эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч нараас хохирогч Б.Гт 360,000 (гурван зуун жаран мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Г нь баримтгүй нэхэмжилсэн зардлаа нотолсон баримтаа бүрдүүлсний дараагаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Прокурорын 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч /“...” ББСБ/-д буцаан олгосугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ц, Ц.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ