Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02017

 

 

Т.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02577 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.У-

Хариуцагч:ӨЖ ХХК

 

40,420,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Т.У- ньӨЖ ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ-г байгуулсан. Гэрээний үнийг 240,000,000 төгрөг гэж тохиролцсон. Т.У- гэрээний үнэд 152,229,000 төгрөгийн үнэ бүхий 92,25 м.кв талбайтай орон сууц, 103,524,000 төгрөг, нийт 255,753,000 төгрөг төлсөн. ГэвчӨЖ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй.ӨЖ ХХК чанар, стандартын шаардлагад нийцээгүй полистрол хавтан нийлүүлсэн нь Барилга архитектор корпораци ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

1.2ӨЖ ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг дахин шинээр хийлгэхэд ажлын хөлс 34,300,000 төгрөг, материалын үнэ 6,120,660 төгрөг, нийт 40,420,660 төгрөгийн зардал гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02677 дугаар шийдвэрээр хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэээгүй. Гэрээний үнийн зөрүү 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг шийдвэрлэсэн.

 

Иймд ӨЖ ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 40,420,660 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02677 дугаар шийдвэрээрӨЖ ХХК болон Т.У- нарын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ-тэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажил хүлээлцэх акт үйлдсэн. Захиалагч гэрээний 4.1, 4.2, 4.3, 4.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа хойшилсон нь гүйцэтгэгчид хамааралгүй. Угсралтын ажил хугацаандаа хийгдсэн нь ажил хүлээлцэх актаар тогтоогдсон.

2.2 16 давхрын зүүн хойд орц, 15 давхрын хоёр айл, 16 давхрын баруун орцны хоёр айл, 15 давхрын баруун орц, нэг давхрын зүүн баруун, зоорь салхивч, хамар хана, зүүн цонх, полкон нөхөөс, 2-14 давхрын зүүн хойно орц, 2-14 давхрын баруун орцны полистрол хавтанг нийлүүлээд тухайн орц, зоорь, цонхны дүүргэлтийн хана буюу полистрол хавтанг нийлүүлж угсралтын ажлыг хийсэн. Ажил хүлээлцсэн акттай холбоотой нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн.ӨЖ ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ажил хүлээлцсэн акттай холбоотой ажил хамааралтай. Харин хэрэгт авагдсан бусад баримт манай компанийн гүйцэтгэсэн ажилд хамааралгүй.

 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчӨЖ ХХК-аас 33,744,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 6,676,660 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 2, 60 дугаар зүйлийн 60.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,506,915 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчӨЖ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 326,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5210 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1ӨЖ ХХК-ийн нийлүүлсэн полистрол бетон хавтан чанарын шаардлага хангасан болох нь лабораторийн шинжилгээний дүгнэлт болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдоно.ӨЖ ХХК 5,179.74 м.кв хавтан угсралтын ажил гүйцэтгэж Т.У-т хүлээлгэн өгсөн.ӨЖ ХХК 6,000 м.кв полистрол бетон хавтангийн угсралтын ажил хийх ёстойгоос 821 м.кв хавтан угсрах ажлыг хийгээгүй нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ажил хүлээлцэх актаар тогтоогдоно. Т.У- 821 м.кв хавтан угсралтын ажлыг бусдаар хийлгэсэн. Т.У-ӨЖ ХХК-д нийлүүлсэн хавтангийн чанар болон угсралтын ажлын талаар шаардлага гаргаж байгаагүй.

 

4.2 Т.У- ньӨЖ ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажил хүлээлцэх акт үйлдэхээс өмнө 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ариун цэврийн өрөөнүүдийн ханыг дахин засварлах ажлыг гүйцэтгэх гэрээг О.Сайнбилэгтэй байгуулснаас үзэхэд О.Сайнбилэг ньӨЖ ХХК-ийн гүйцэтгээгүй 821 м.кв хавтан угсрах ажлыг хийсэн байна.ӨЖ ХХК-ийн нийлүүлсэн өрөө хоорондын тусгаарлалын полистрол бетон хавтанд чанар болон угсралтын ажилд доголдол илэрсэн бол тус барилгын бүх дотор хананд үүсэх байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зөвхөн ариун цэврийн өрөөний болон салхивчны ханануудад эвдрэл гэмтэл үүссэн талаар дурдсан.ӨЖ ХХК зөвхөн өрөө хоорондын болон айл хоорондын тусгаарлалтын ханыг угсарсан. Харин ариун цэврийн өрөө болон салхивчны ханыг угсраагүй.

 

4.3 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ажил хүлээлцэх актадӨЖ ХХК нь 28,6 м.кв салхивчны хана угсарсан талаар тусгасан тул хариуцлага хүлээх бол энэ хэмжээндээ хүлээх ёстой. МөнӨЖ ХХК-ийн нийлүүлсэн хавтан чанарын шаардлага хангаагүйгээс дахин хавтан авсан гэх баримт байхгүй.

 

4.4 Т.У- болон О.Сайнбилэг нарын байгуулсан гэрээнд зурагдсан Т.У-ийн гарын үсэг, регистрын дугаарӨЖ ХХК-тай байгуулсан гэрээнд зурагдсан гарын үсгээс зөрүүтэй. Иймд О.Сайнбилэгтэй байгуулсан гэрээнд Т.У- гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй.ӨЖ ХХК Т.У-ийн эрх ашгийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т.У- хариуцагчӨЖ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдол арилгахад гарсан зардал 40,420,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой байсан эсэх, нэхэмжлэгчээс уг доголдлыг бусдаар арилгуулахаар зардал гаргасан, уг зардал нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хариуцагчаас нэхэмжлэгчид учруулсан хохирол эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

4.1 Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өрөө хоорондын тусгаарлалтын полистролбетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ байгуулагдсан. Гэрээгээр гүйцэтгэгчӨЖ ХХК нь захиалагч Т.У-ийн хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хооронд баригдаж буй 120 айлын орон сууц төслийн барилгын дотор полистрол хавтан нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгэх, захиалагч Т.У- нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 240,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. /1хх 8-11/

 

4.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0093 дугаар магадлалаар Т.У-ын нэхэмжлэлтэй,ӨЖ ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн 23,137,900 төгрөг, алданги 11,568,650 төгрөг, нийт 34,706,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /1хх 110-112/

 

4.2 Хариуцагч нь гэрээний дагуу нийт 6,000 м.кв талбайтай полистролбетон хавтан угсралтын ажил гүйцэтгэхээс 833,5 м.кв талбайтай ажлыг хийж гүйцэтгээгүй. /1 хх 12, 107-112/

 

4.3 Талууд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ажил хүлээлцэх акт үйлдсэн. Актаар хариуцагч гэрээнд заасан ажлаас 5,179.74 м.кв талбайтай полистрол бетон хавтан угсрах ажлыг хийж гүйцэтгээгүй болохыг талууд харилцан зөвшөөрсөн. /1 хх 12/

 

4.4 Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар дүгнэлтийн 2-т полистролбетон хавтан угсралтын ажлыг гүйцэтгэхдээ дотор ханын өөрчлөлтийн зурагт тусгагдсан бэхэлгээг хийгдээгүй гэж заасан. /1 хх 136-137/

 

4.5 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн БА-075/2021 дугаар дүгнэлтээр талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан орон сууцыг ашиглалтад оруулсан. /1 хх 180-182/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

6. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилэх бөгөөд мөн зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой болох нь тогтоогдсон, захиалагч уг доголдлыг бусдаар арилгуулахад зардал гаргасан, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг тус тус шаардахаас гадна захиалагч энэ байдлыг нотлох үүрэгтэй.

 

6.1 Шинжээчийн дүгнэлтийн 2-т полистролбетон хавтан угсралтын ажлыг гүйцэтгэхдээ дотор ханын өөрчлөлтийн зурагт тусгагдсан бэхэлгээг хийгдээгүй байна гэсэн нь хариуцагчийн нийт хийж гүйцэтгэсэн 5,166.5 м.кв /6,000 м.кв - 833,5 м.кв/ талбайтай полистролбетон хавтан угсрах ажлыг бүхэлд нь болон зарим хэсэг нь биет байдлын доголдолтой болохыг эргэлзээгүй нотлоогүй байхад анхан шатны шүүх доголдолтой гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь, нэхэмжлэгч болон О.Сайнбилэг нарын хооронд байгуулагдсан гэх 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Ариун цэврийн өрөөнүүдийн тусгаарлах полистрол бетон хавтанг бэхэлж, засах ажлын гэрээ-д /1хх 173-179/ заасан ажил болон тухайн гэрээний төлбөрт нэхэмжлэгчийн төлсөн гэх 40,420,660 төгрөгийн зардал нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн 5,166.5 м.кв талбайтай полистролбетон хавтан угсрах ажлын доголдлыг арилгуулахад нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хохирол гэж үзэх үндэслэлээ нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил болон учирсан хохирол 40,420,660 төгрөгийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

7. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 40,420,660 төгрөг шаардах эрхгүй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02577 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ӨЖ ХХК-д холбогдох, 40,420,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ӨЖ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН