Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01846

 

 

 

 

 2023 оны 10 сарын 09 өдөр                                        Дугаар 210/МА2023/01846

 

Н.Н...ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02625 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Н.Н...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ш...” ХХК-д холбогдох,

7,654,043,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т..., хариуцагчийн төлөөлөгч Д.Д..., хариуцагчийн өмгөөлөгч С.Ө..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н... нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2011 онд “Ш...” ХХК-ийн ерөнхий захирал Ч...ын Б... гэдэг хүн надтай уулзаад манайх гэр бүлийн компанитай юм. Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт алтны уурхайтай, манай уурхайд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй, манай уурхай маш их нөөц ихтэй, та манайд хөрөнгө оруулж хамтран ажиллавал 1 жилийн дотор л таны хөрөнгө оруулсан мөнгийг гаргаж өгөөд цаашдаа уурхайгаас орж ирэх ашгаасаа хувааж аваад явъя” гэсэн саналыг тавиад надад компанийнхаа бичиг баримт, алтны уурхайн зураг төсөл, танилцуулга, эдийн засгийн тооцоо зэрэг баримтуудаа үзүүлсэн. Тухайн үед би алтны уурхайтай нь танилцуулахаар инженер С...ийн Д... гэдэг хүнийг тэдний алтны уурхай руу нь явуулсан. Инженер С.Д.... уурхайтай нь танилцаж ирээд ““Ш...” ХХК нь үйл ажиллагаа явуулж байна” гэж надад хэлсэн.

 

1.2. Би 1,500,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ба Ч.Б... нь хэлэхдээ: “манай компани татварын болон бусад зарим нэгэн өр төлбөр байгаа тул компанийн дансаар мөнгийг авч болохгүй байна, тиймээс өөрсдийнхөө хувийн дансаараа мөнгийг шилжүүлж авъя, миний хүү Б.М... нь компанийн гүйцэтгэх захирал юм, тиймээс бид хоёрын дансаар хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж болно” гэсний дагуу дараах байдлаар хөрөнгө оруулалтыг хийсэн юм.

- 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ам.долларын ханшаар бодож 500,000 ам.доллар буюу 682,500,000 төгрөгийг Ч.Б...ын дансанд,

- 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 200,000 ам.долларыг буюу 276,000,000 төгрөгийг Ч.Б....ын дансанд,

- 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100,000 ам.долларыг буюу 138,000,000 төгрөгийг Ч.Б...ын дансанд,

- 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 300,000 ам.доллар буюу 425,100,000 төгрөгийг Ч.Б...ын дансанд,

- 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 50,000 ам.доллар буюу 69,650,000 төгрөгийг Б.М....ын дансанд,

- 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 300,000 ам.доллар буюу 272,400,000 төгрөгийг Ч.Б...ын дансанд,

- 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 100,000 ам.доллар буюу 133,600,000 төгрөгийг Ч.Б...ын дансанд,

- 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50,000 ам.доллар буюу 66,650,000 төгрөгийг Ч.Б...ын дансанд,

- 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12,618,000 төгрөгийг “Ж...” ХХК-д түлшний төлбөрт,

- 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг Б.М... бэлнээр,

- 2013 оны зун 20,000,000 төгрөгийг Д.Д... бэлнээр,

- 2013 оны 05 дугаар сард 8,000,000 төгрөгийг Б.М... бэлнээр авсан,

- 2020 оны 06 сард 20.000.000 төгрөгийг Д.Д... бэлнээр авсан.

Дээрх байдлаар нийт 1,500,000 ам.доллар, 63,618,000 төгрөгийн хөрөнгө оруулж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан боловч Ерөнхий захирал Ч.Б.... нь 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нас барсан. Үүнээс хойш компанийг нь түүний эхнэр, хүүхдүүд нь удирдаж байгаа ба эхнэр нь санхүү эрхэлсэн захирал Д.Д... гэдэг хүн байгаа, энэ хүн надад 20,000,000 төгрөг нэг удаа өгснөөс өөр ямар ч төлбөр мөнгө өгөөгүй юм.

2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар 3,520.90 төгрөг байна, 1,500,000x3,520.90=5,281,350,000 төгрөг болно.

1.3. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Ч.Б...ын Хаан банкны 5070.... дугаартай дансны 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нь шалгахад иргэн Ц.М... гэдэг хүний Хаан банкны 5124... дугаартай дансанд “зээл төлөв, машины үнэ, Б...аас шилжүүлэг” гэсэн утгатай нийт 536,000,000 төгрөг, “Ш...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М...ын хаан банкны 5070... дугаартай дансанд “Б...аас барааны үнэ, шилжүүлэг” гэх утгаар нийт 385,000,000 төгрөг, “Ш...” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Д.Д...ийн хаан банкны 5070... дугаартай дансанд “Б...аас, барааны үнэ, шилжүүлэг” гэх утгаар нийт 871,000,000 төгрөг, Хаан банк 5124... дугаартай “М.А...” ХХК-ийн дансанд “Б...аас автомашины үнэ” гэсэн утгатай 13,307,885 төгрөгийг тус тус шилжүүлсэн, бэлэн зарлагаар 105,993,000 төгрөг авсан, дансны эцсийн үлдэгдэл 123,377,730.93 төгрөгтэй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Харин Б.М...ын Хаан банкны 5070... дугаартай дансны 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нь шалгахад Ч.Б...аас шилжүүлж авсан болон миний түүнрүү шилжүүлсэн мөнгөнөөс ихэвчлэн бэлнээр зарлага хийсэн байдаг ба Д.Д...ийн хаан банкны дансанд, мөн бусад дансанд сэлбэг, гүнт газрын төлбөр гэсэн гүйлгээ хийсэн, мөн нэр бүхий компаниудын дансанд болон хөдөлмөр халамжийн газрын дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосныг хяналтын прокурор хянаж үзээд “Иргэний хуульд заасан харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэв” гэсэн агуулгатай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1790 дугаартай прокурорын тогтоол гарсан.

Иймд холбогдох нотлох баримтуудыг хянан үзэж хариуцагч “Ш...” ХХК-аас 5,281,350,000 төгрөгийг гаргуулна.

1.4. Дээрх байдлаар нийт 1,500,000 ам.доллар буюу 2,127,518,000 төгрөгийн хөрөнгө оруулж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан боловч Ерөнхий захирал Ч.Б... нь 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нас барсан. Үүнээс хойш эхнэр нь санхүү эрхэлсэн захирал Д.Д... надад 20,000,000 төгрөгийг нэг удаа өгснөөс өөр ямар ч төлбөр мөнгө өгөөгүй.

“Ш...” ХХК-ийн ерөнхий захирал Б.М... болон санхүү эрхэлсэн захирал Д.Д... нартай удаа дараа уулзаж өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө болон ноогдох ашгаа авъя гэхээр элдэв янзын шалтгаан хэлдэг байсан ба 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13/122 дугаартай албан бичгээр 1,500,000 ам.долларыг авснаа хүлээн зөвшөөрч 2014 оны 7 дугаар сараас 11 дүгээр саруудын хооронд төлөхөөр баталгаа бичиж өгсөн, мөн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр санхүү эрхэлсэн захирал Д.Д... нь 2,000,000 ам.долларын төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч энэ талаар гараар бичиг үйлдэж өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад мөнгө өгөөгүй л байна.

1.5. Хэрэв миний мөнгө банкны хадгаламжид байсан бол би арилжааны банкны хүүгийн орлого олох байсан, тиймээс банкны жигнэсэн дундаж хүүгээр өнгөрсөн бүх хугацаанд хүү тооцож нэмж нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тодруулбал, 2013 оны 06 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны Монгол банкнаас гаргадаг арилжааны банкны хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүг /гадаад валют болон төгрөг/ жилээр гаргавал:

2013 онд ам.доллар 5,4 хувь, төгрөг 12,1 хувь,

2014 онд ам.доллар 5,5 хувь, төгрөг 12,3 хувь,

2015 онд ам.доллар 6,3 хувь, төгрөг 12,9 хувь,

2016 онд ам.доллар 6,3 хувь, төгрөг 13,2 хувь,

2017 онд ам.доллар 5,6 хувь төгрөг 12,9 хувь,

2018 онд ам.доллар 5,3 хувь, төгрөг 12,4 хувь,

2019 онд ам.доллар 4,9 хувь, төгрөг 11,6 хувь.

2020 онд ам.доллар 4,2 хувь, төгрөг 10,9 хувь,

2021 онд ам.доллар 2,5 хувь, төгрөг 7,7 хувь,

2022 онд ам.доллар 2,4 хувь, төгрөг 7 хувь,

2023 онд ам.доллар 5,4 хувь, төгрөг 10,2 хувь болж байна

Үүнээс ам.долларын болон төгрөгийн дундаж хүүг гаргавал нэг жилийн ам.доллар 4,9 хувь, төгрөг 11,2 хувь болж байна. Тэгэхээр 1,500,000 ам долларын хүү 4,9 хувиар тооцвол 73,500 ам доллар болох ба 2013 оны 06 дугаар сараас хойш 73,500 ам.доллар*9 жил=661,500 ам.доллар болж байна. Нэг ам.доллар 3,520.90 төгрөгөөр тооцвол 2,329,075,350 төгрөг болж байна.

Харин 2013 оны 06 дугаар сараас хойш төгрөгийн хүү 11,2 хувиар тооцвол шилжүүлсэн 2,127,518,000 төгрөгийн нэг жилийн хүү 238,282,016 төгрөг болох ба нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцвол 238,282,016 төгрөг*9 жил=2,144,538,144 төгрөг болж байна.

1.6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 227.3-т: “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д: гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй эсхүл харьцангуй их зардал гаргахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно". 228.2-т: “хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно” гэж тус тус заажээ.

Иймд холбогдох нотлох баримтуудыг хянан үзэж хариуцагч “Ш...” ХХК-аас 1,500,000 ам.доллар буюу 5,281,350,000 төгрөг байна. Мөн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор олох байсан орлого буюу учирсан хохиролд 2,329,075,350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тухайлбал, Нэхэмжлэлд яригдаж байгаа асуудал 2011-2013 онд үүссэн иргэний харилцааны шинжтэй асуудал байна. “Хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрх, хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа“-ны талаар Монгол Улсын Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд “...Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.(74.1), “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” (75.2.1), тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;(75.2.3) гэж маш тодорхой заасан. Нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл “Хөрөнгө оруулалтын гэрээний гэрээний үүрэг”-тэй холбоотой шаардлага гаргасан байна.

Тэгвэл Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар Нэхэмжлэгч “...2013 оны 05 дугаар сард 8,000,000 төгрөгийг Б.М... бэлнээр авсан” гэснээс нь хойш 3 жилийн дараа буюу 2016 оны 5 сарын 31-нд Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрхээ эдлэх боломжит хугацаа дууссан байгаа нь шүүх түүний нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Учир нь, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй”.

2.2. Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Ийм учир нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 76 дугаар зүйлд “76.1 Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.4. Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно.” гэж заасан байгаа.

2.3. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Ш...” ХХК-д “хөрөнгө оруулалт” гэж хийсэн гэж бичсэн ч хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэлгүй, хөрөнгө оруулалт хийснийг нотлох баримтгүй байх тул шүүх хувь хүний данс руу богино хугацааны дотор их хэмжээний мөнгө шилжүүлсэн үйлдлийг “хөрөнгө оруулалт хийсэн байна” гэж дүгнэх ёсгүй.

Хэрэгт авагдсан баримтаар “нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үе” хэзээ вэ гэдгийг шүүх тодорхойлох боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2. “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан. Гэтэл энэ тохиолдолд “эх үүсвэр нь тодорхойгүй, мөн шилжүүлсэн зорилго нь ч тодорхойгүй хувь хүний данс руу шилжүүлсэн, шилжүүлсэн даруй бэлнээр гарч байсан “их хэмжээний мөнгөний эзэн”-ий шаардах эрх хэзээ зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай “эзэн” хэзээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан”-ыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоох ямар ч боломжгүй байна.

2.4. Энэ тохиолдолд Иргэний хуулийн “Хөөн хэлэлдэх хугацаа түр зогсох” зохицуулалт үйлчлэхгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-д “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацаа үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана.”, 82 дугаар зүйлийн 82.4-д “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл ут хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.” гэсэн зохицуулалт энэ тохиолдолд үйлчлэхгүй. Учир нь нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэт харагдуулахын тулд, энэ асуудлыг дөнгөж саяхан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгаж дууссан учир одоо уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгах хууль эрх зүйн орчин бүрдсэн гэсэн нөхцөл бүрдүүлэхийн тулд 2022 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гомдолдоо “...2020 оны 06 дугаар сард 20,000,000 төгрөгийг Д.Д.... бэлнээр авсан...” гэж дурдсан нь огт нотлогдоогүй.

2.5. Хариуцагчаар үндэслэлгүй татагдсан “Ш...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д... би нэхэмжлэгчээс 2020 онд 20,000,000 төгрөг бэлнээр аваагүй, энэ бол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэт харагдуулах гэсэн санаа зорилгоос үүдэлтэй гүтгэлэг” гэж мэдүүлсэн.

2.6. Хувь хүнд ямар нэг гэрээ хэлцэлгүй шилжүүлсэн 2,127,418,000 төгрөгийг аж ахуйн нэгжээс 5,324,968,000 төгрөг болгон гаргуулахаар нэхэмжилснийг хангах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан, хавсаргасан баримтаас үзэхэд Нэхэмжлэгч талийгаач Ч.Б... болон түүний хүү Б.М... нарын хувийн дансанд төгрөг шилжүүлсэн байна, Гэтэл тухайн үед тодорхойгүй зорилгоор шилжүүлсэн төгрөгийг “америк доллар” гэж хэлэлцсэн гээд түүнийгээ америк долларт хөрвүүлэн тооцох, улмаар америк доллар төгрөгийн өнөөдрийн ханшаар нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд: Нэхэмжлэгч талийгаач Ч.Б...ын дансанд 2011 оны 12.08-с 2012.02.16-ны хооронд 7 удаагийн үйлдлээр 1,994,150,000 төгрөг шилжүүлсэн, 2012 оны 01 дүгээр сард нэг удаагийн үйлдлээр Б.М...ын хувийн дансанд 69,650,000 төгрөг шилжүүлсэн, 2012 оны 10 дугаар сард 12,618,000 төгрөгийг “Ж...” ХХК-д түлшний төлбөрт шилжүүлсэн баримт хавсаргасан. 2013 оны 01, 05 дугаар сард 2 удаагийн үйлдлээр Б.М...т бэлнээр 11,000,000 төгрөг, 2013 оны зун иргэн Д.Д...д бэлнээр 20,000,000 төгрөг өгсөн гэж бичсэн байна.

2.7. Нэхэмжлэгч болон түүний ах Н.А.... нарын нэр холбогдсон эрүүгийн хэрэг шалгагдаж, нэр дурдсан хүмүүст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх үед нэхэмжлэгч надтай уулзаж “хэрэг төвөгт шалгагдаад төвөгтэй байна, танай нөхөрт шилжүүлсэн мөнгийг хөрөнгө оруулалт, зээлсэн мөнгө гэх агуулгатай бичиг хийж өгөөч” гэх маягаар гуйхаар нь бичиг хийж өгснөөс биш нэхэмжлэгчээс тийм их мөнгө огт аваагүй.

2.8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтой ч Нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн зохицуулалт хэрэгжих нөхцөл байдал үүссэн.

2012 оны 10 дугаар сард “Ж..." ХХК-д түлшний төлбөрт шилжүүлсэн 12,618,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй байсаар “нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хүргэсэн” шалтгаан нь Нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан.

2.9. 2020 оны 06 дугаар сард иргэн Д.Д...д бэлнээр 20,000,000 төгрөг өгсөн” гэсэн нь Иргэний хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй мэт ойлголт өгч шүүхийг төөрөлдүүлэх зорилгоор хийгдсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

2.10 Нэхэмжлэгч 2013 онд нас барсан Ч.Б... гэгч хүнтэй “2011 онд уулзахад Талийгаач “...манайх гэр бүлийн компанитай юм, Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт алтны уурхайтай, манайд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна, манай уурхай маш их нөөц ихтэй, та манай уурхайд хөрөнгө оруулж хамтарч ажиллавал 1 жилийн дотор л таны хөрөнгө оруулсан мөнгийг гаргаж өгөөд цаашдаа уурхайгаас орж ирэх ашгаасаа хувааж аваад явъя” гэсэн саналыг тавиад надад компанийнхаа бичиг баримт, алтны уурхайн зураг төсөл, танилцуулга, эдийн засгийн тооцоо зэрэг баримтаа үзүүлсэн юм...” гэж бичсэн нь хэрэгт авагдсан ямар нэг баримтаар нотлогдоогүй.

2.11. Нэхэмжлэгч “...Ингээд би “Ш...” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Б...ын хэлснээр 1,500,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ба Ч.Б... нь хэлэхдээ “манай компани татварын болон бусад зарим нэг өр төлбөр байгаа тул компанийн дансаар мөнгийг авч болохгүй байна, тиймээс өөрсдийнхөө хувийн дансаараа мөнгийг шилжүүлж авъя, миний хүү Б.М... нь компанийн гүйцэтгэх захирал юм, тиймээс бид хоёрын дансаар хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж болно” гэсний дагуу дараах байдлаар хөрөнгө оруулалтыг хийсэн юм...” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн нотлогдохгүй байна. “Ерөнхий захирал” гэсэн ангиллын албан тушаал байхгүй, энэ талаар тус компанийн бүртгэлийн гэрчилгээнд байхгүй.

2.12. Нэхэмжлэлд дурдсанаар "...1,500,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон” бол хөрөнгө оруулах сонирхол бүхий этгээд энэ тухай Компанитай нь “Хөрөнгө оруулалтын гэрээ” хийж, эргэн төлөгдөх нөхцөл зэргийг тогтох ёстой. Аливаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зориулж хөрөнгө оруулалт хийх, ялангуяа “их хэмжээний хэлцэл”-ийн ангилалд багтах буюу тухайн үед “Ш...” ХХК-ийн өөрийн хөрөнгө, эсвэл хувьцааны үнийн дүнгийн 25%, түүнээс дээш үнэтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх бол энэ тухай хэлцэл, хэлэлцээр хийх зохицуулалт Иргэний хууль болон Компанийн тухай хуульд байгаа.

2.13. Энэ мөнгөний эх үүсвэр, зориулалт, зарцуулалт нь “эрүүгийн гэмт хэргийн шинжтэй” байгаа. Энэ тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий Прокурорт бичсэн гомдолд дурдсан. Ер нь хуулийн байгууллага эх үүсвэр нь тодорхойгүй энэ их хэмжээний мөнгөний гарал үүслийг шалгах л ёстой.

2.14. Талуудын хооронд хөрөнгө оруулалтын, эсвэл ямар нэг зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.

Уг нэхэмжлэлд “Ш...” ХХК-ийн тамганы дардас бүхий “1,500,000 ам доллар төлөх тухай” агуулгатай гар бичмэл хавсаргасан байгаагаас үзвэл Нэхэмжлэгч Барьцааны гэрээний үүргийн биелэлт хангуулах нэхэмжлэл гаргажээ гэж таамаглахаар ч байна.

2.15. “Ш...” ХХК-ийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлага ийнхүү тодорхойгүй нь Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн зөвшөөрөх, эсвэл эс зөвшөөрөх талаар үндэслэл бүхий тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэргээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох, мэтгэлцэх боломжгүй болгож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дах хэсгийн 115.2.3-д зааснаар “Ш... ХХК-с 7,610,425,350 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Ш...” ХХК-аас 7,591,565,936.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н...т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,477,413.76 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,115,779.68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 28,428,166.75 төгрөг гаргуулж, улсын орлого болгож, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хариуцагч "Ш..." ХХК-ийн захирал буюу тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Д.Д... 2016 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд компанийг 2009 онд Б.Х..., Д.Б... нар үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр Б.Х... Д.Б... нар бүртгэгдэж, 2016 оноос хувьцаа эзэмшигч Б.Х...ын хувьцааг Д.Д... миний бие шилжүүлсэн авснаар өнөөдрийг хүртэл хугацаанд тус компанийн хувьцаа эзэмшигчээр Д.Б..., Д.Д... бид бүртгэлтэй байгаа болно. Миний бие хэргийн материалтай танилцаагүй бөгөөд туслахынх нь "гарын үсэг зур" гэсэн хуудсанд гарын үсэг зураад шүүх хуралд орсон.

4.2. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргаж өгөхөд шүүгч уг баримтыг хүлээж авсан. Хариуцагч бидний зүгээс нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримттай танилцах хугацаа авах хүсэлт гаргахад шүүгч уг баримттай танилцаад "энэ баримтуудыг гаргаж өгөх шаардлагатай юм уу. Хэрэгт авагдсан баримтууд байна ш дээ" гэж хэлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтаа "буцааж авъя" гэхэд шүүгч түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаан өгсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох үүрэг хэргийн оролцогчид байдаг тул өөрийн шаардлага, ба татгалзалтай холбоотой нотлох баримтыг хэргийн оролцогч шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Харин хэргийн оролцогчийн өгсөн нотлох баримтыг шүүх буцааж өгөх хуулийн зохицуулалт байхгүй. Шүүгчид тийм эрх олгогдоогүй.

4.3. Шүүх хэрэг маргааныг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ... "Ш..." ХХК-ийн захирал Ч.Б...тай хамтран ажиллах гэрээний харилцаа уусч, уурхайн үйл ажиллагаанд хамтран ажиллахаар хөрөнгө оруулсан гэж тайлбарласан. Хэрэгт талийгаач Ч.Б... нь манай компанийг төлөөлж, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрх компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш олгогдож байгаагүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэтэл шүүгч нэхэмжлэгч талын нотлох баримтаар нотлогдоогүй хариу тайлбарыг үндэслэн "Ш...” ХХК-ийн удирдлагыг Д.Д...ийн гэр бүлийн гишүүд хэрэгжүүлдэг гэх хуульд байхгүй нэр томъеог гаргаж ирэн, хүчээр манай компанийг хариуцагч болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

4.4. Мөн шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч "Ш..." ХХК хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгөө хохирлын хамт шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ гэдэг нь талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой зорилгыг хэрэгжүүлэх буюу ашиг олох зорилгоор хамтын үйл ажиллагаа явуулахыг ойлгох бөгөөд хамтран ажиллах гэрээний талууд хамтын үйл ажиллагаандаа зориулж оруулах хураамжийн хэмжээ, хамтын үйл ажиллагаанд хэн хэн ямар үүрэгтэй оролцохоо тохирсон байхыг шаарддаг. Энэ нь хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаандаа зориулсан талуудын хураамж нь хамтын хөрөнгө буюу дундын хөрөнгө байх бөгөөд талууд хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг, алдагдлыг оруулсан хураамжийн хувь, хэмжээгээрээ хариуцдаг. Шүүх нэхэмжлэгч Н.Н...ээс талийгаач Ч.Б... луу. Н.Н...ээс Д.Д... руу. Н.Н...ээс Б.М... руу шилжүүлсэн бүхий л төгрөгийг нэхэмжлэгчийн компанитай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний хураамж гэж үзсэн атлаа нэхэмжлэгч нь тухайн хамтран ажиллах гэрээнд ямар эрх үүрэгтэй оролцсон болох, хамтын үйл ажиллагаа хэдий хугацаанд үргэлжилсэн болох, хариуцагч нь тухайн хамтран ажиллах гэрээний ямар үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах үндэслэл болсон болох, нэхэмжлэгч гэрээнээс хэзээ татгалзснаараа талууданы хооронд үүссэн гэрээ хэзээ дуусгавар болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

4.5. Түүнчлэн, шүүх хамтын үйл ажиллагаа үргэлжлээд, улмаар үүргийн зөрчил бий болсноор нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан гэж үзсэн бол хамтын үйл ажиллагаа явагдсан хугацааны ашиг, алдагдлыг тооцох ёстой гэх хамтран ажиллах гэрээний онцлог зохицуулалтыг анхаараагүй. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Н.Н..., хариуцагч "Ш..." ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч мөнгийг компанийн дансанд шилжүүлээгүй, талийгаач Ч.Б... нь хариуцагчийг төлөөлж бусадтай гэрээ хэлцэл байгуулах эрх олгогдож байсан гэх байдал тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалж, түүний өмгөөлөгч мэтээр асуудалд хандаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх хэрэгт авагдсан хариуцагч компанийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13122 дугаартай тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэжээ.

Хариуцагчийн зүгээс уг баримтуудыг үйлдэх болсон учир шалтгаанаа нэхэмжлэгч Н.Н... нь ирж "надад ийм бичиг хэрэг болоод байна, туслаач" гэж гуйсны дагуу бичиж өгсөн "дүр үзүүлэн хийсэн хэлцэл"-ийн баримт гэж тайлбарласаар байтал уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгчийн гаргасан "Ч.Б... нь тухайн компанийн захирал байсан, компанийн удирдлагыг гэр бүлээрээ хэрэгжүүлдэг байсан" гэх нотлох баримтад үндэслэгдээгүй тайлбарыг үндэслэж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүгчийг хараат бусаар, хөндлөнгийн байр сууринаас нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрж байна.

4.6. Дээрх 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13122 дугаартай тодорхойлолт зэрэг баримтууд үйлдэгдсэн үндэслэлд талууд маргаантай байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагааг хийхгүйгээр нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэйд тооцож, уг нотлох баримтыг шийдвэрийн ундэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс хариуцагчийн талын тайлбарласнаар ямар нэгэн нотлох баримтгүй, болсон үйл явдлыг өөрт ашигтай байдлаар мушгин гуйвуулж тайлбарласан байна. Мөн анхан шатны шүүхэд бүх асуудлуудыг хэлэлцсэн талаарх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Хариуцагчийн зүгээс хэргийн үйл баримтын талаар тайлбарлахдаа ямар нэгэн нотлох баримтгүйгээр зохион ярьж байна.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар уг татгалзлаа нотлох үүрэг нь хариуцагчид байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад ээж, талийгаач, хүү, хариуцагч байгууллагуудын хооронд бүх мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Мөн хариуцагчийн зүгээс тайлбарласан шүүхтэй холбоотой асуудлуудыг тусад нь шалгуулах ёстой гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч талаас уг нөхцөл байдалтай холбоотой янз бүрийн асуудлуудыг ярина. Анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай бүх асуудлуудыг хэлэлцэж, дүгнэлт гаргасан байдаг гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

1.а. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Нэхэмжлэгч Н.Н... нь хариуцагч “Ш... ХХК-д холбогдуулан хөрөнгө оруулсан 1,500,000 ам.доллар буюу 5,281,350,000 төгрөг, олох байсан орлого 2,329,075,350 төгрөг, нийт 7,654,043,350 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /1-р хх. 1-3, 32-36/

3. Нэхэмжлэгч хөрөнгө оруулах, хамтран ажиллахаар анх мөнгө шилжүүлсэн, одоо гэрээнээс татгалзаж, мөнгө гаргуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс тийм их хэмжээний мөнгө аваагүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хувь хүнд шилжүүлсэн мөнгийг хуулийн этгээдээс америк долларын одоогийн ханшаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан нь маргааны зүйл болжээ.

 

4. Нэхэмжлэгч Н.Н... нь хариуцагч “Ш...” ХХК-д холбогдуулж шаардлага гаргаж байгаа тохиолдолд тус компанийн 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх болон хойших хувьцаа эзэмшигчийн мэдээлэл хэрэгт ач холбогдолтой. Учир нь уг баримтгүйгээр их хэмжээний хэлцэл хийгдсэн эсэх талаар маргаж байгаа хариуцагчийн тайлбарын талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.  

4.а. Түүнчлэн хариуцагч “Ш...” ХХК-д мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй ба иргэн Н.Н...ээс Ч.Б... руу, Б.М... руу мөнгө шилжсэн байгааг дурдах нь зүйтэй. Хариуцагч компанийн захирал Д.Д... нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч байгаа боловч энэ хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

Учир нь хариуцагчаар хэнийг тодорхойлох нь хэрэгт чухал ач холбогдолтой байна.

5. Дээрх нөхцөл байдлыг залруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс нөхцөл байдлыг дүгнэх, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ш... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 38,115,779.68 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                                 Ш.ОЮУНХАНД