Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01946

 

 

 

 

 

 

 

   2023         11       06                                    210/МА2023/01946

 

 

Х ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02301 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.А-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16,477,454 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 16,505,954 гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Б-, Б.А- нар нь Х ХК-ийн Арслантай гүүр тооцооны төвөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №3Г201642682922 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний зээл зориулалтаар зээлж авсан. Зээлдэгчид зээлийн барьцаанд Б.Б-, Б.А- нарын Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь 7 гудамж, 000 тоот хаягт байрлах гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 2,910,907 төгрөг, хүүгийн төлбөрт 2,241,787 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,806 төгрөг, нийт 5,159,499 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/01999 тоот шийдвэр гарч хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үүрэг болгосон бөгөөд тус хэлтсээс хариуцагчийн хаягийг олж тогтоон 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №28 к 1-3/5802 тоот албан бичгийг ирүүлсэн болно.

Хариуцагчийн хаяг тодорхой болж банк Б.А-т холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,089,094 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,565,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 823,058 төгрөг, нотариатын зардлын 28,500 төгрөг, нийт 16,505,954 төгрөг гаргуулна.

Үндсэн зээлдэгч нас барсан учраас хамтран зээлдэгч Б.А-аас нэхэмжилж байна. Хариуцагч Б.А- зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдэгт маргадаггүй, гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар үүрэг бий болж байгаа. Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар өөрсдийн сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж, үүргээ хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчийг тодорхойлсон гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Би Хаан банктай барьцаат зээлийн гэрээг албан ёсоор байгуулаагүй. Банк тантай ийм гэрээ байгуулж байна, хэрэв эрсдэл гарвал та энэ зээлийг хариуцан төлнө гэж ярилцаж тохирсон зүйл байхгүй. Харин энэ, энэ дээр гарын үсэг зур гэхээр хэд хэдэн цаасан дээр гарын үсэг зурсан нь үнэн. Зээлийн гэрээг 2016 оны 07 дугаар сард байгуулсан. Үүнээс хойш банк зээлээ төлүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй учрыг ойлгохгүй байна.

Талийгаач Б.Б- маань 2020 оны 06 дугаар сард нас барсан. Гэтэл зээл олгосноос хойш амьд сэрүүн үед нь зээлийн төлбөрөө төлүүлэх арга хэмжээ аваагүй.

Би энэ зээлээс нэг ч төгрөгийг авч, амьдралдаа зарцуулаагүй тул төлөхгүй. Манай гэр бүл урьд нь зээл авах талаар ярилцаж, тохиролцоогүй бөгөөд үүнийг би албан газрынхаа хэрэгцээнд авч байгаа зээл гэж ойлгосон.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан байх юм бол үүрэг дуусгавар болно гэж заасан. Тиймээс Б.А- энэ үүргийг хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн эрэн сурвалжлуулж хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх гэж байгаа нөхцөлүүд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.А-ийн хувьд Б.Б-г байгууллагын хэрэглээнд авах гэж байна, надад хамаагүй гэж бодсон. Талийгаач ажил хийж байсан учраас зээл авсан. Банкны өгсөн дансны хуулгаар 10,000,000 төгрөгийг бүгдийг нь авсан эсэх нь харагдахгүй. Банк хариуцлагагүй хандсан зээлд өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.А-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон нотариатын зардалд нийт 12,679,717 төгрөг гаргуулж, Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,854,737 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,479.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 217,369.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь маргаантай холбоотой баримтыг тодруулалгүй. Тухайлбал, талийгаач Б.Б- нас барснаар цалингийн зээлийн гэрээний 2.1.2-т заасан зээлийн зориулалтад нөлөөлөх эсэх, Б.Б-гийн цалинг үндэслэж олгосон зээлийн гэрээний үүрэг цаашид биелэгдэх боломжтой эсэхийг огт тодруулалгүйгээр, хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.3, 5.1.6-д гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар заасан байхад анхан шатны шүүх уг гэрээгээр олгосон зээл нь цалингийн зээлийн зориулалтаар ашиглагдах, “цалингийн зээл” төрлийн бүтээгдэхүүн гэсэн зээлийн нөхцөлд огт дүгнэлт хийгээгүй байна. Мөн анхан шатны шүүх нь ямар ч үндэслэлгүйгээр хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын нотариатын зардлын 28,500 төгрөгийг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.  

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,505,954 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Х ХК нь Б.Б-, Б.А- нартай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ201642682922 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 10,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нар зээл, хүүг тогтоосон хугацаанд буцааж төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна.

        /хх10-13/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3.а. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээс 5,159,499 төгрөг төлж, үлдэх хэсгийг гүйцэтгээгүй байгаа талаар маргаагүй. Харин зээлийн үүрэг дуусгавар болсон эсэх талаар маргажээ.

 

3.б. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “зээлдэгч Б.Б- нь нас барсан тул хамтран зээлдэгч Б.А-аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба үндсэн зээл 7,089,094 төгрөг, зээлийн хүүд 8,565,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 823,058 төгрөг, нотариатын зардалд 28,500 төгрөг гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

3.в. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “би мөнгийг авч хэрэглээгүй, гарын үсэг зурах шаардлагатай гэхээр нь зурсан, талийгаачийг амьд байхад мөнгөө шаардаагүй байж одоо надаас нэхэж байгааг би ойлгохгүй байна” гэж тайлбарлан, талууд маргасан байна.  

 

4. Талуудын байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ201642682922 дугаартай барьцаат зээлийн гэрээнд хариуцагч Б.А- хамтран зээлдэгчээр оролцон гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

4.а. Гэрээний 5.1.7-д “Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй” гэж заасан Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасантай нийцсэн байна.

 

4.б. Зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Б-гийн Хаан банкны 5021585546 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон байх тул хариуцагч Б.А-ийн уг мөнгийг хүлээн аваагүй гэх гомдол үндэслэлгүй. /хх15/

 

5. Талуудын гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан, зээлдэгч нар нь гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгээгүй, зээлдэгч Б.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нас барсан үйл баримт хэрэгт авагдсан 5021585546 дансны хуулга, №000250021 дугаартай нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймээс нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч Б.А-аас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлдэгч нас барснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргаж буй нь хуулийн үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нь гэрээний хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн. Уг үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгч Б.Б-гийн хувийн байдалтай салшгүй холбоотой, тэрээр нас барснаар уг үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх, зээлдэгч Б.Б-г нас барснаар зээлийн гэрээний нэмэлт үүрэг болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг дуусгавар болсонд тооцно гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг зөв хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хуулийн үндэслэлгүй байна.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дууссан байх бөгөөд гэрээний 2.1.6-д “Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

8. Дээрх үндэслэлээр зээлдэгч Б.Б-г нас барсан өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож, хариуцагч Б.А-аас үндсэн зээл 7,089,094 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 4,739,065 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 823,058 төгрөг, нотариатын зардалд 28,500 төгрөг, нийт 12,679,717 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

9. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулахтай холбогдож гарсан нотариатын зардалд 28,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,826 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 Ц.АЛТАНЦЭЦЭГ