Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0332

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 13 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0332

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Н.Б, Н.Э нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ж.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Б, Н.Э нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Н.Б, Н.Э нар гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийг Ж.Б шилүүлж бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр:

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.7, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.1-д заасныг тус тус баримтлан Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн улсын бүртгэлийн Г-......., Г-......... дугаартай Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийг Ж.Б шилүүлж бүртгэсэн улсын бүртгэл, ......., ........... дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Ж.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Н.Э Г-........, ............ дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Б Г-............., ........ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр Д.Б өмчлөх эрхэд шилжиж, Д.Б 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр Х.А өмчлөлд шилжиж, мөн Х.А 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр Ж.Б өмчлөлд шилжиж тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд “Газар өмчлөх эрхийг Д.Б шилжүүлсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр “Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийг Ж.Б шилжүүлсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж өөрчилж, үүнийгээ “нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэж тайлбарласныг шүүх хүлээн авсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, ихэсгэх, багасгах, татгалзах” эрхтэй байхаар хуульчилсан. Нэхэмжлэгч нар нь “Газар өмчлөх эрхийг Д.Б шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж “Ж.Б өмчлөлд шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилж байгаа гэсэн хуулийн зохицуулалтад хамаарна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хэргийн оролцогчид өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах, тайлбар гаргах, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах эрхээр хангагдах эсэхийг тодруулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжтой байсан.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэгч гэдэг нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд өргөдөл гаргаж байгаа этгээдийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нарын улсын бүртгэлийн Г-......, Г-........ дугаартай өмчлөлийн газрыг Х.А Ж.Б Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шилжүүлж бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Нотариатын тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулагдсан журмыг баримталж бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна. Гуравдагч этгээд Ж.Б нь Х.А газар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан атал Н.Б, Н.Э нар Ж.Б газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шууд шаардах эрх байхгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б, Н.Э нар “Х.А Ж.Б газар өмчлөх эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргах” эрхтэй эсэхэд дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй.

3. Нэхэмжлэгч нар нь шүүхэд “Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийн Ж.Б өмчлөлд шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “иргэн Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийг Ж.Б шилжүүлсэн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны эрх бүхий байгууллагын бүртгэл хийсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлагыг гаргасан атал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “газар өмчлөх эрхийг Ж.Б өмчлөлд шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэл хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх бөгөөд харин нэхэмжлэгч нарын шаардаагүй “...., ........ дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг” хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэсэн журмыг зөрчсөн нь шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Анхан шатны шүүх “хууль бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх боломжгүй тул Ж.Б дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнээд “хууль бус хэлцэл хийгдсэн болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, Төв аймгийн ....... дугаар тойргийн нотариатч Ч.Н шүүхэд өгсөн гэрчийн тайлбар мэдүүлэг, Төв аймгийн Прокурорын 282 дугаар тогтоол зэргээр нотлогдож байна” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Н.Б, Н.Э нараас газар өмчлөх эрх нь “Бэлэглэлийн гэрээ”-ний үндсэн дээр Д.Б шилжиж, мөн гэрээгээр Х.А өмчлөлд, Х.А мөн “Бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн өмчлөх эрх Ж.Б шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

Иргэний хуулийн 276-280 дугаар зүйлд “Бэлэглэлийн гэрээ” хийх зохицуулалтыг журамласан байх бөгөөд мөн хуулийн 56-61 дүгээр зүйлд “хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох” үндэслэл журмыг хуульчилсан. Иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр хийгдсэн “хүчин төгөлдөр бусад” тооцогдоогүй гэрээг захиргааны хэргийн шүүх хүчин төгөлдөр бус эсэхэд дүгнэлт өгөх эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй болно.

Төв аймгийн Прокурорын 282 дугаар тогтоолоор Н.Б, Н.Э нарын гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд зөвхөн шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох зарчмыг хуульчилсан бөгөөд дээрх тогтоол нь “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчсөн байх бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд хийгдсэн гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийсэн нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлтэй байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахын тулд нотлох баримт цуглуулах үүргийг шүүх хүлээхээр хуульчилсан.

Гэрчээр асуугдсан нотариатч дээр хийгдсэн бэлэглэлийн гэрээнүүд болон бүртгэлийн дэвтэрт үзлэг хийх, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт үзлэг хийж, маргаан бүхий газрын хувийн хэрэг бүртгэлтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулах болон хуульд заасан шаардлагатай бусад ажиллагааг хийх үүргээ биелүүлээгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан журмын зөрчсөн байна.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр, мөн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.

1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Э, Н.Б нарын тус тусын өмчлөлийн 5000 м.кв газрын өмчлөх эрхийг 2012 онд Д.Б, 2013 онд Д.Б Х.А, мөн онд Х.А одоогийн гуравдагч этгээд Ж.Б тус тус шилжүүлэн бүртгэж, тухай бүрт нь өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

Гэтэл нэхэмжлэгчдээс анх Д.Б шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх бүртгэлүүдийн сүүлийнх буюу Ж.Б шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.

Учир нь нэхэмжлэгчдийн зүгээс гуравдагч этгээд Ж.Б эрх зүйн ямар ч харилцаанд ороогүй, харин газар өмчлөгчдийг шилжүүлсэн эхний бүртгэлийн үндэслэл болсон иргэн Д.Б байгуулсан гэх бэлэглэлийн гэрээг хийгээгүй, мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, мөн уг бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатч Ч.Н мэдүүлгийг тус тус үндэслэн Д.Б шилжүүлсэн, Д.Б Х.А шилжүүлсэн бүртгэлийг алгасч шууд Х.А Ж.Б шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж буй нь хууль зүйн хувьд боломжгүй.

Өөрөөр хэлбэл Д.Б Х.А нарын болон Х.А Ж.Б нарын хооронд тус тус хийгдсэн газар өмчлөх эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээний талаар хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ямар нэгэн маргаан байхгүй, харин Д.Б байгуулсан гэх бэлэглэлийн гэрээнд нэхэмжлэгчид гарын үсгээ зураагүй, гэрээг гэрчилсэн нотариат Ч.Н “…Б.Ц гуйснаар гэрчилсэн…” гэх мэдүүлгийн хүрээнд маргааныг ийнхүү шийдвэрлэх боломжгүй.

2.Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/398 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Э, Н.Б нарт газар өмчлүүлэхэд бүрдүүлсэн бичиг баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргуулах шаардлагатай.

Холбогдох баримтыг гаргуулах нь шүүхийн зүгээс нэхэмжлэгч нарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар өмчлөх эрх үүссэн эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтой.

Учир нь Б.Ц гэх хүнээр дамжуулж газар өмчлөх эрхтэй болсон гэх тайлбарыг нэхэмжлэгчдээс гаргадаг тул тухайн үед ямар баримтыг бүрдүүлэн газар өмчилж авсныг шалгах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН