Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01868

 

 

 

 

 

 2023 10 18 210/МА2023/01868

 

Д.Э.....ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/02903 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Э...ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.... ХХК, Х.Б... нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 203,069,147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

 

Хүчин төгөлдөр бус хэлцлүүдээс үүссэн үр дагавар болох хохирлын 53,572,472 төгрөгийг алдангид тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э..., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Хариуцагч Б... ХХК болон захирал Х.Б....тай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 30,712,870 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10,615,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 28,912,940 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 25,531,410 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20,295,880 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 86,261,101 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 30,038,060 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 48,052,810 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16,412,950 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 43,038,430 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 32,067,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 140,315,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 77,043,750 төгрөг, нийт 589,297,201 төгрөгийн арматур төмрийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж худалдсан.

 

1.2. Гэрээнд заасан үүргээ биелүүлж 589,297,201 төгрөгийн арматур төмрийг хүлээлгэн өгсөн.

 

1.3. Худалдан авагч Б... ХХК болон захирал Х.Б... нар нь арматурын үндсэн төлбөрөөс 552,712,870 төгрөгийг төлсөн ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 12,000,000 төгрөг төлсөн байгаа.

 

Иймд төлбөрийн үлдэгдэл 24,584,331 төгрөг, алданги 178,484,816 төгрөг, нийт 203,069,147 төгрөгийг Б... ХХК болон Х.Б... нараас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Үүргийг гүйцэтгэлд дутуу төлсөн 36,584,331 төгрөг байгаа. Үүнээс нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн 12,000,000 төгрөгийг хасаад 24,584,331 төгрөгийг хүлээн зөвшөөрнө.

 

2.2. Алдангиас 83,404,286 төгрөгийг зөвшөөрөхгүй. Гэрээнд Д.Э...ын гарын үсэг зурагдаагүй, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10,615,000 төгрөгийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 28,912,940 төгрөгийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 25,531,410 төгрөгийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 20,295,885 төгрөгийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86,261,000 төгрөгийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 16,412,950 төгрөгийн гэрээ, 10 дугаар сарын 22-ны өдрийн 43,038,430 төгрөгийн гэрээ, 07 дугаар сарын 26-ны өдрийн 77,000,000 төгрөгийн гэрээнүүдэд тооцсон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

2.3. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ. 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан.

 

Анх гэрээг хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир сөрөг нэхэмжлэл гаргаж хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагагүй гэж үзсэн. Нийт 83,404,286 төгрөгийн алдангийг зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн үр дагаварт 53,572,472 төгрөгийн хэмжээгээр алдангиас хасуулах хүсэлтэй.

 

2.4. Харин 41,028,062 төгрөгийн алдангийг Б... ХХК зөвшөөрч байгаа. Х.Б...д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.       Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

3.1. Гэрээний дагуу эрхийн болон биет байдлын доголдолгүй бүтээгдэхүүнийг шилжүүлэх ёстой байхад эрхийн доголдолтой бүтээгдэхүүн шилжүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ёстой бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татваргүй өгсөн.

 

3.2. Талуудын хоорондын хууль зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож үр дагаврыг арилгаж өгнө үү. Нэхэмжилсэн алдангиас 53,572,472 төгрөгийг хасаж тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

4.       Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

 

4.1. Бүх гэрээнд Х.Б... захирал болон нэхэмжлэгч тал харилцан гарын үсэг зурсан, 53,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр гэж тохирч байгуулсан, зарлагын падаан дээр тодорхой бичсэн гэжээ.

 

5.       Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б... ХХК-аас 203,069,147 /хоёр зуун гурван сая жаран есөн мянга нэг зуун дөчин долоо/ төгрөг гаргуулж Д.Э...ад олгож, хариуцагч Х.Б...д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй тул 53,572,472 төгрөгийг алдангиас хасаж тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,233,296 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 425,812 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б... ХХК-аас 1,173,296 төгрөгийг гаргуулж Д.Э...ад олгож, шийдвэрлэжээ.

 

6.       Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

6.1. Шүүх 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхээр захирамж гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1; 38 дугаар зүйлийн 38.7, 38.9; 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтуудыг тус тус зөрчин оролцогчдын эрхийг бүрэн эдлүүлээгүй.

 

Шүүх 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн хувийг үндсэн нэхэмжлэл гаргагчид /хариуцагчдад/ гардуулан өгөхдөө 72.2-т заасан 14 хоногийн хугацаанаас богиносгосон хугацаа буюу 7 хоногийн хугацаанд тайлбар ирүүлэхээр тогтоож өгсний дагуу хариуцагч нь шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбараа уг хугацаанд ирүүлсэн байсан.

 

Хариуацгч нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө буюу 08 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн тайлбартай танилцаад, татгалзалтай холбогдуулан нэмэлт тайлбар нотлох баримт гаргаж өгөх, харьяа татварын албанаас лавлагаа авах шаардлагатай байгаагаа тайлбарлаж, үндэслэл бүхий хүсэлтээ гарган, хугацааны хувьд боломж олгон хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссээр байхад шүүх цаг хугацааны боломж олголгүйгээр, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн.

 

6.2. Д.Э...ын өгсөн нэмэгдсэн өртгийн албан татваргүй падаануудаас шалтгаалан хариуцагч Бу..." ХХК нь албан татвар ногдуулахад хасагдах ёстой зардалд тооцуулж чадалгүй Д.Э...ын өмнөөс 53,572,472 төгрөгийн хохиролд орсон.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдох ёстой байхад нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй үнээр тооцохоор бичигдсэн нь утга агуулгаараа хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлүүд.

 

6.3. Зарим гэрээнд талууд хоёулаа гарын үсэг зураагүй, барааг хүлээлгэн өгч падаан бичигдсэнээс хойш нэхэмжлэгч тал гэрээний хувийг хариуцагчид илгээж байсан зэргээс алдангийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэцлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

7.1. Б... ХХК-тай арматур төмөр нийлүүлж, үнийн дүнгээс НӨАТ-ын дүнг хасаж нийлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 589,297,201 төгрөгийн арматурыг зах зээлийн үнээс бага үнээр мөн гэрээнд зааснаар НӨАТ-ын дүнгээ хасаж цаг хугацаанд нь нийлүүлсэн.

 

7.2. Хариуцагч Б... ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж цаг хугацаандаа арматурын төлбөрийг барагдуулаагүйн улмаас банкнаас хүүтэй мөнгө зээлж түүний хэмжээгээр хохирч, олох байсан ашиг орлогоо олж чадахгүй байх зэргээр 2-3 жилийн хугацаанд алданги хүлээж ирлээ.

 

Энэ талаар бүх баримтаа гаргаж өгсөн байгаа. Хариуцагч тал гэрээнд талууд гарын үсэг зураагүй гэдэг. Бүх гэрээнд Б... ХХК болон миний бие гарын үсэг зурсан бөгөөд гарын үсэгтэй гэрээ болон зарлагын падаанаа нотариатаар гэрчлүүлэн өгсөн. Иймд Б... ХХК-ийн гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэв.  

2. Нэхэмжлэгч Д.Э... нь хариуцагч Б... ХХК, Х.Б... нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

2.а. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн арматур худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,584,331 төгрөг,

2.б. Алданги 178,484,816 төгрөг, нийт 203,069,147 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээ хүчин төгөлдөр бус гэж, сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1-р хх 1-2, 68, 190-191/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Д.Э... нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 15 удаагийн арматур худалдах, худалдан авах гэрээгээр 8, 12, 13, 16, 18, 22, 25, 28 каттингийн арматурыг нийлүүлсэн, Б... ХХК нь үнийг төлөх үүргийг хүлээсэн байна. /1-р хх. 7-21/

3.б. Д.Энхбат нь гэрээнд заасан арматурыг Б... ХХК-д шилжүүлэн өгсөн, хариуцагч арматурыг хүлээн авсанд маргаагүй.

4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

4.а. Хариуцагч нь ... үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа, алдангийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй, худалдах, худалдан авах гэрээний үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан.

4.б. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

Хариуцагч гэрээний бүх хувьд талууд гарын үсэг зураагүй учраас хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан гэрээг үндэслэн гэрээ бичгээр байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

4.в. Талууд гэрээний зүйлийн үнийг нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй байдлаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Мөн талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухайд ч хэлэлцэн тохиролцох эрхтэй юм.

Талууд гэрээний үнийг дээрх байдлаар тогтоосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

5. Талууд гэрээг бичгээр байгуулж, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

5.а. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан.

Зохигчийн хооронд 15 удаагийн гэрээгээр арматур нийлүүлэгдсэн, хариуцагч үнийг төлөх үүргээ биелүүлж 24,584,331 төгрөгийн хэмжээнд л төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн, мөн цаг хугацааны дарааллын хувьд өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хийгдээгүй буюу төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч дараачийн нийлүүлэлтээ хийж байсан үйл баримт тогтоогджээ. Иргэний эрх зүйн харилцааны оролцогчид диспозитив зарчмын хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа, ажил хэргийн зан заншил, зан үйлээ өөрсдөө журамлаж тогтоох юм.

Өмнөх төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад зөвшөөрч дараагийн нийлүүлэлтийг хийж байсан байдал, нэхэмжлэгчийн хүсэл зориг, цар тахалтай холбоотой хариуцагчийн үүргийн гүйцэтгэл, мөн татгалзал, тайлбарыг үндэслээд шүүх алдангийг 107,090,889 төгрөг буюу 60 хувьхүртэл хэмжээгээр бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

6. Хариуцагч талаас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Д.Э...ын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар хариуцагч нар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Уг хариу тайлбарт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргахаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг гаргаж өгөх хангалттай боломжит хугацаа байсан гэж үзнэ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/02903 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Б... ХХК-аас 203,069,147 төгрөг гаргуулж Д.Э...ад олгож, хариуцагч Х.Буманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хариуцагч Б. ХХК-аас 131,675,220 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э...ад олгож, нэхэмжлэлээс 71,393,927 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Х.Б...д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 гэж,

хариуцагч Б... ХХК-аас 1,173,296 төгрөгийг гаргуулж Д.Э...ад олгосугай гэснийг хариуцагч Б... ХХК-аас 816,326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э...ад олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,233,296 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД