Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02106

 

 

 

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02106

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02662 дугаар шийдвэртэй,

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 170,703,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай компанитай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулж, гэрээний ерөнхий хугацаа нэг жил байна, түлшийг хүлээж авснаас хуанлийн 10-20 хоногийн дотор төлбөрөө төлөх, ингэснээр дараагийн түлшийг авах эрх үүсэх гол нөхцөлийг гэрээний 2.2, 2.6, 2.9-д зааж харилцан тохиролцсон.

1.1. Гэрээний хугацаанд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 22,860 литр, дараа нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22,680 литр түлшийг тус тус авсан. Нэг литр түлшийг 3,490 төгрөгөөр тооцож авсан. Х ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 28,934,600 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгөөр 2 удаа төлөлт хийсэн. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн.

1.2. Гэрээнд заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр түлш хүлээн авснаас хойш хуанлийн 10-20 хоногт төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлж байсан тул бид 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш алданги тооцоход 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эхний төлөлт хийх хүртэлх хугацааны 21 хоногт 79,781,470 төгрөгөөс хоногийн 0,3 хувиар тооцоход 1 хоногийн алдангид 239,344.2 төгрөг, нийт 5,026,282.2 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 28,934,600 төгрөг хасч, 2022 оны 11 дүгээр сарын 11-нийг хүртэл 21 хоногт 50,846,800 төгрөгөөс алданги тооцоход 1 хоногийн 152,500 төгрөг, нийт 3,203,349 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-нээс 2022 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэл 19 хоногийн алдангид 2,328,267 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-наас 2023 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл 100 хоногт сүүлийн 5,000,000 төгрөг төлөх хүртэл алданги 11,354,040 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 2023 оны 03 дугаар сарын 14-нийг хүртэл 4 хоногийн алдангийн үлдэгдэл 34,846,800 төгрөгөөс тооцож 418,161.6 төгрөг буюу эхний удаагийн түлшний алданги 22,330,106.4 төгрөг, нийт 57,176,906 төгрөг болно.

1.3. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авсан 22,680 литр түлшний хувьд төлбөр 79,153,200 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-нийг хүртэл 142 хоногийн алдангид /1 хоног-237,459 төгрөг/ 33,719,263 төгрөг болно.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4, Компанийн тухай хуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ юм. Гэрээнд компанийн 52 хувийг эзэмшдэг эрх бүхий албан тушаалтан Ш.Т гарын үсэг зурж, тамга дарсан, гэрээ бичгээр хийгдсэн учраас алданги нэхэмжлэх эрхтэй. 2022 оны 12 дугаар сард манай компаниас Х ХХК-д холбогдох шаардлагыг хүргүүлж байсан. Түлш хүлээн авсан, өгсөн талаар маргаагүй.

Иймд эхний 22,860 литр түлшний үндсэн төлбөр 79,781,400 төгрөг, гэрээнд заасан алданги 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 165 хоног хугацаа хэтрүүлж төлсөн алдангид 22,330,106.4 төгрөг, үлдэгдэл 34,846,800 төгрөг, харин 2 дахь 22,680 литр түлшний үндсэн төлбөр 79,153,200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 142 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 33,719,263 төгрөг, нийт 112,872,462 төгрөг, бүгд 170,049,369 төгрөгөөс төлсөн 96,653 631 төгрөгийг хасч, 77,049 369.6 төгрөг нэхэмжилнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг төлөөлөгчид олгогдсон. Нэхэмжлэлийн шаардлага 117,000,000 төгрөг гэж итгэмжлэлд заасан нь алданги нэхэж болохгүй гэх үндэслэл болохгүй юм гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлгүй гэж үзэн зөвшөөрөхгүй байгаа.

2.1. Нэхэмжлэгч талаас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 22,860 литр түлш, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22,680 литр түлш авсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчид Т ХХК-иас олгосон итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчид Х ХХК-тай холбоотой 117,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэл гаргах, хүсэлт, гомдол гаргах, эвлэрэн хэлэлцэх, шүүхэд төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох гэх мэт эрхүүд олгогдсон. Анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр 117,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр зөвхөн үндсэн гэрээний үлдэгдэл төлбөртэй холбоотой асуудлаар шүүхэд төлөөлөх эрх олгосон байна. Алдангийн хэмжээг өөрчлөх, алдангийн тооцоолол хийх, тооцоололтой холбоотой маргааннд тайлбар гаргах, мэтгэлцэх эрх бол итгэмжилсэн төлөөлөгчид олгогдоогүй гэж үзэж байна. Өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой тайлбар гаргах эрхтэй.

2.2. Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2022/06 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан, гарын үсэг зурсан байдаг. Гэрээгээр анхны 22,860 литр түлшийг, литр тутамд 3,490 төгрөгөөр тооцож, нийт 79,781,470 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний 4.5-д талууд төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцоно гэж заасан. Гэвч гэрээний хавсралтад эргэн төлөх хугацааг тохироогүй. Гэрээний дагуу шилжүүлж авсан 79,781,470 төгрөгийг Х ХХК-иас төлж дуусгасан. Төлөх хугацаа удааширсан шалтгаан нь Х ХХК-ийн үйл ажиллагаа ковид цар тахлын үед доголдсонтой холбоотой.

2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн худалдан авалтын 22,680 литр түлшийг 79,153,200 төгрөгөөр худалдан авсныг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Энэ түлшний талаар хэзээ төлөх ёстой, хэзээ хүлээлгэн өгсөн тухай зарлагын баримт, ямар нэгэн баримт байдаггүй, тодорхойгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдан авч байгаа барааны нэр төрөл, үнэ гэрээний гол зүйл байдаг. Гол нөхцөлийг тохиролцоогүй бол гэрээ байгуулсанд тооцохгүй. Хариуцагч уг түлш хүлээн авснаа зөвшөөрсөн болохоос яг хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар талууд тохиролцоогүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээнд 22,680 литр түлш авсан, хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Гэхдээ хариуцагч түлшний төлбөрийг төлсөөр байна.

Хариуцагчаас төлбөр төлсөн өдөр, зарим тоо хэмжээ зөрж байгаа дэлгэрүүлэхэд, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 28,934,600 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 26,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 12 удаа нийт 100,934, 600 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 158,934,600 төгрөгөөс төлсөн дүнг хасаад үлдэгдэл 58,000,000 төгрөг төлөхөөр байна, хурдан төлж барагдуулна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу 2 дахь удаагийн худалдан авалт нь гэрээгээр тохиролцоогүй, хэзээ хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, бичгээр гэрээ байгуулаагүй учраас алданги тооцох эрхгүй. Иймд энэ худалдан авалтын хувьд үндсэн төлбөрийг төлнө, алданги төлөхгүй.Эхний худалдан авалтын хувьд гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч алданги тооцох, төлөх хугацааны талаарх заалтууд нь Иргэний хуульд заасан шаардлага хангахгүй учраас алданги нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэгч 2 удаагийн түлшийг Х ХХК-иас хүлээн авсан гэх тамга тэмдэг, гарын үсэгтэй баримт байхгүй. Баримт нь зөвхөн нэхэмжлэгч талын тамгатай байгааг хариуцагч талд түлшийг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй. Бид 2022 оны 2022/06 дугаартай гэрээний дагуу эхний худалдан авалтыг нэхэмжлэгч талын шаардсанаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс төлөх үүрэг үүссэнээс өмнө төлбөрөө төлөөд эхэлсэн. Гэрээний 2.2, 6.4-т заасны дагуу эхний шатахууны төлбөрийг төлөөгүй бол дараагийн худалдан авалтыг хийх эрхгүй гэж заасан. Үүнээс харахад дахин нийлүүлсэн шатахуун нь 2022/06 дугаартай гэрээний дагуу нийлүүлэгдээгүй, өөр тохиролцоогоор нийлүүлэгдсэн гэж үзэхээр байна. 2 дахь удаагийн түлшний нийлүүлэлт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар талууд үнэ тохиролцсон нь гэрээний гол нөхцөл юм. Энэ талаар тохиролцоогүй бол гэрээ байгуулагдсанд тооцогдохгүй. Хариуцагч хэдийгээр 2 дахь худалдан авалтын нийлбэр дүнг зөвшөөрч байгаа хэдий ч нэхэмжлэгч тал түлшийг хэзээ хүргэж өгсөн, литр тутмыг хэдэн төгрөгөөр тогтоосон баримтууд гаргаж өгөөгүй. Сүүлд 2 жолоочид хүлээлгэн өгсөн гэх баримтад хариуцагч тал эргэлзэж байгаа. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан 22,860 литр түлшний үнэ 79,781,470 төгрөгийг төлсөн. Харин 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан 22,680 литр түлшний үнэ 79,153,200 төгрөгөөс 58,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй тул нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 77,049,369 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 93,653,631 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,011,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 543,197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.21-ний өдрийн 182/ШЗ2023/08116 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1.-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч компаниас 22,306,099 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т төлбөр төлөх хугацааг заагаагүй, мөн гэрээний 4.5 дахь хэсэгт Гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг 2 тал харилцан тохиролцоно гэж заасан боловч ийн тохиролцсон тохиролцоогүй, гэрээний хавсралтын төлбөр төлөх огноо хэсгээс талууд хугацааг тохиролцон тогтоогдоогүй нь харагдана.

Харин гэрээний 1.1-д заасан гэрээний үндсэн нөхцлөөс харахад талуудын байгуулсан гэрээ нь дараа төлбөрт нөхцлөөр байгуулагдсан гэрээ биш болох нь тодорхой харагдана. Нэхэмжлэгч энэ чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явүулдаг бөгөөд худалдах нөхцлөөсөө хамаарч дараа төлбөрт нөхцлөөр шатахуун худалдсан тохиолдолд гэрээний 4.1-д заасан төлбөрийн нэхэмжлэлийг худалдан авагчид хүргүүлж, улмаар 10-20 хоногийн дотор төлөхөөр зохицуулсан нь манай компанийн худалдан авсан нөхцөлд хамаарахгүй юм. Манай компани шатахууны төлбөрийг боломжтой үедээ буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний нэг илэрхийлэл нь гэрээний 2.2, 6.4 дэх заалтад эхний төлбөрийг төлөөгүй нөхцөлд дараагийн шатахууныг нийлүүлэхгүй байх тухай заасан ба бид бие биенээс харилцан танидаг, танилын хүрээнд боломжтой үедээ үнийг төлөхөөр, тухайн үеийн зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авахаар тохиролцсон юм.

Талууд төлбөр төлөх хугацааны талаар бичгээр тохиролцоогүй тул манай компанийг хугацаа хэтрүүлсэн гэж алданги гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа гэрээний үндсэн төлбөр 117,000,000 төгрөг, алданги 53,703,000 төгрөг гаргуулах-аар шаардсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяад шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгохдоо зөвхөн Х ХХК-д холбогдох 117,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт төлөөлөх эрх олгосон байдаг. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас алданги гаргуулах асуудлаар буюу өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гарган шийдвэрлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.3. Нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд Т" ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй 2022 оны 09 дүгээр сарын 09, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 022325, 022340 дугаартай Шатахууны зарлагын баримт" гарган өгсөн ба эдгээр баримтыг ноглох баримгаар үнэлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дүгаар зүйлийн 62.1, 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа дээрх баримтуудыг гарган өгөх байсан ч өгөөгүй нь мөн хуулийи 38 дугаар зүйлийн 38.7, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан ч хүлээн аваагүй, эдгээр нотлох баримтыг шүүх хуралдаанд гарган өгөх ямар хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаар болон баримтад зурагдсан гарын үсэг зөрүүтэй талаар мэтгэлцсэн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа боловч хариуцагчийн хүвьд нэхэмжлэгчээс худалдан авсан шатахууны үндсэн төлбөрийн үлдэгдэл буюу 58,000,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрээс 22,306,099 төгрөгийн алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1, 4.2-т ...түлшийг ямар нэгэн барьцаагүй, эхэлж аваад, сүүлд төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Худалдан авагч тухайн сард дараа төлбөрт нөхцөлөөр худалдан авсан шатахууны төлбөрийг хуанлийн 10-20 хоногийн дотор худалдагчийн тоот дансанд бүрэн шилжүүлэх буюу кассанд бэлнээр төлнө. Худалдагч тал нь дараа төлбөрт нөхцөлөөр худалдсан шатахууны төлбөрийн нэхэмжлэлийг худалдан авагч талд хүргүүлнэ гэж заасан.

5.1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дахь хэсэгт заасны дагуу гэрээг шууд утгаар ойлгоход хөрвүүлнэ гэж байдаг. Хөрвүүлснээр хуанлийн 10-20 хоногийн дотор тооцно эсхүл хөрвүүлмэгц гэдэг байдлаар тохиролцоогүй. Гэрээний 4.2-т алдангийг 0,3 хувиар алданги тооцно. Хэрвээ худалдан авагч тал төлбөрийг төлөхгүй нөхцөлд 0,3 хувиар алданги тооцно гэж талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурж, баталгаажуулсан. Гэрээний 5.5-д заасны дагуу ...гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөр төлөхийг талууд тохиролцоно. Тохиролцсоны дагуу 4.1, 4.2-г оруулсан. Нэхэмжлэгч талаас анх 56,000,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн боловч явцын дунд хариуцагчийн зүгээс тодорхой хэмжээний төлөлт хийсэн учраас алдангиа багасгаж, 19,049,369.3 төгрөг болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болох өдөр 58,000,000 төгрөгийн алдангийг багасгаж 19,049,369.3 төгрөгийн алданги нэмж, 77,049,369.6 төгрөг болсон. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа алданги тооцсон нь үндэслэлтэй. Хоёр дахь түлш авалтыг гэрээнд заагаагүй үндэслэлээр анхан шатны шүүхээс бүхэлд нь алдангийг хасаж, зөвхөн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн түлшинд алданги тооцсон.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл алданги нэхэмжилж болохгүй үндэслэлд хамаарахгүй.

5.3. Мөн шатахуун хүлээлгэж өгсөн баримтыг нотлох баримтаас хасах үндэслэл байхгүй. Хавтаст хэргийн 137 дугаар талд ...эхний түлшээ хүлээн зөвшөөрсөн, авсан. Хоёр дахь түлшийг хүлээж авсанг зөвшөөрсөн. Эхний түлш худалдан авалт дээр гэрээ байгуулсан, дараагийн түлш худалдан авалт дээр гэрээ байгуулаагүйг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн. Үүнийг нотлох ямар нэгэн баримт байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт түлшний үнэ 117,000,000 төгрөг, алданги 53,703,000 төгрөг, нийт 170,703,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч түлшний үлдэгдэл төлбөр 58,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 2022/06 тоот Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ-гээр нэхэмжлэгч Т ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 22,860 литр түлш, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22,680 литр буюу 2 удаагийн худалдан авалтаар 158,934,670 төгрөгийн үнэ бүхий 45,540 литр түлшийг хариуцагч Х ХХК-д хүлээлгэн өгч, хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 12 удаагийн төлөлтөөр 100,934,600 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5. Худалдах-худалдан авах гэрээний хавсралтад 22,860 литр түлшний 1 литр нь 3,490 төгрөг гэж заажээ.

5.1. Хариуцагч тал эхний 22,860 литр түлшний үнэд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 46,934,600 төгрөг төлсөн байна. Тиймээс 22,860 литр түлшний үнэ 79,781,400 төгрөгөөс төлсөн 46,934,600 төгрөгийг хасаж тооцоход үлдэгдэл 32,846,800 төгрөг төлөгдөөгүй байна.

5.2. Мөн 2 дахь удаагийн 22,680 литр түлшний үнэ 79,153,200 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Иймд хариуцагч Х ХХК нь 22,860 литр түлшний үлдэгдэл төлбөр 32,846,800 төгрөг, 22,680 литр түлшний үнэ 79,153,200 төгрөг, нийт 112,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

6. Алданги гаргуулах нэхэмжлэлийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ зохигч гэрээгээр ямар үүрэг хүлээсэн, уг үүрэг гүйцэтгэх хугацаа, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр бичгийн гэрээгээр тохиролцсон эсэх, үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл бий болсон эсэх үйл баримтыг тогтооно.

6.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ гэж, 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ бичгийн хэлбэртэй, уг гэрээний 4.2-т ...төлбөрийн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төлнө гэж заасан байна. Иймээс талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

6.2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг хуульчилсан байна.

Хариуцагчийн үнэ төлөх үүргийн талаар газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээний 4.1-д Худалдагч тал нь дараа төлбөрт нөхцлөөр худалдсан шатахууны төлбөрийн нэхэмжлэлийг худалдан авагчид хүргүүлнэ. Худалдан авагч тухайн сард дараа төлбөрт нөхцлөөр худалдан авсан шатахууны төлбөрийг хуанлийн 10-20 хоногийн дотор төлбөрийг худалдагчийн ... тоот харилцах дансанд бүрэн шилжүүлэх буюу кассанд бэлнээр төлнө гэснээс үзвэл талууд гэрээндээ үнэ төлөх хугацааг заасан байна. Иймд төлбөр төлөх хугацааны талаар талууд бичгээр тохиролцоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.3. Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан.

Хариуцагч нь худалдан авсан газрын тосны үнэ, үүнээс төлөгдсөн төлбөрийн хэмжээ, төлөөгүй төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй.

Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээний 3.1-д зааснаар энэхүү гэрээний ерөнхий хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд дээр дурдсанаар тухайн сард худалдан авсан газрын тосны үнийг хуанлийн 10-20 хоногийн дотор төлөхөөр талууд тохиролцсон, энэ үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 22,860 литр түлшний үлдэгдэл төлбөр 32,846,800 төгрөгөөс алдангийг 165 хоногоор тооцон 22,306,099 төгрөг болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

7. Иймд шүүх хариуцагч Х ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 77,049,369 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,653,631 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

8. Хариуцагч нь 22,680 литр түлшний үнэ 79,153,200 төгрөгийг төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөх талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй гэж шүүх дүгнэн 33,719,263 төгрөгийн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

9. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

9.1. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн төлбөр 117,000,000 төгрөг, алданги 53,703,000 төгрөг, нийт 170,703,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хүрээнд явагдаж, зохигч мэтгэлцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төлөөлөгч нараар дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор Д.Л, Д.Н, Л.Ш нарт итгэмжлэл олгожээ. Уг итгэмжлэлд төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийн бүх эрх, үүргийг хэрэгжүүлэхээр заасан байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх гомдол үндэслэлгүй.

9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө. Шүүх хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд шинэ нотлох баримт гаргаж өгсөн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа дээрх нотлох баримтуудыг гаргаж өгөх ёстой байсан гэх гомдол үндэслэлгүй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН