Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/0076

 

С.Н-н нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Засаг даргад

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Х.Батсүрэн

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                 М.Батсуурь

                                П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:       Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0259 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Л.И нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 380 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч С.Н-с Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн С.Н г албан тушаалаас чөлөөлөх тухай Б/240 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            Хэргийн нөхцөл байдал:

2. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/240 дүгээр захирамжаар “дүүргийн “...” сургуулийн захирал С.Н  нь Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөх, зарцуулах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих болон холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлээгүйгээс төсвийг үр ашиггүй зарцуулсан, захирлын тушаалгүйгээр хөрөнгө захиран зарцуулсан, мөн төсвийн хөрөнгө болох нийт 27,026.5 мянган төгрөгийн (24ш) компьютер алдагдсан зэрэг зөрчлүүдийг тус тус үндэслэн “...” сургуулийн захирлын албан тушаалаас нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэр:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0259 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/240 дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Нийслэлийн Баянгол дүүргийн “...” сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 259 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Хяналтын журмаар гаргасан гомдол:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-с шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Улсын байцаагчийн хүчингүй актыг үндэслэн захирамж гаргасныг хууль ёсны гэж үзэх боломжгүй гэх дүгнэлтийн талаар:

5.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй холбогдуулан ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр дүгнэлтийг үндэслэн, мөн өдрөө захирамж гаргаж албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж дурдсан байдаг.

5.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 11-д “... зөрчлийг тогтоосон улсын байцаагчийн актыг эрх бүхий албан тушаалтан хууль бус гэж үзэж, хүчингүй болгосон байх тул хүчингүй болсон актыг үндэслэн гаргасан хариуцагчийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх хууль зүйн боломжгүй юм” гэж дүгнэжээ.

5.3. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/127 дугаар “Төрийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, удирдах ажилтны сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах тухай” захирамж гарган, ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтыг явуулсан.

5.4. Ажлын хэсэг 2 өдрийн турш өргөн хүрээнд хяналт шалгалтыг явуулж, төсвийг үр ашиггүй, зориулалтын бусаа зарцуулсантай холбоотой зөрчлүүдийг илрүүлж, хяналт шалгалт явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтээ Засаг даргад танилцуулсан байдаг.

5.5. Улмаар хариуцагч нь уг хяналт шалгалтын үр дүнг үндэслэн захирамж гаргаж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тухай захирамжид ч уг зөрчлүүдийн талаар дурдсан байдаг.

5.6. Мөн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулан дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчаас эрх хэмжээнийхээ хүрээнд албан шаардлага, акт гаргаж, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч С.Н  нь дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н-н тогтоосон 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/01 дугаар актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Сангийн яаманд гомдол гаргасан үйл баримт байдаг. Энэ нь төсвийн удирдлагатай холбоотой зөрчлийг арилгуулах, төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой ажиллагаа юм.

5.7. Өөрөөр хэлбэл, сургуулийн үйл ажиллагаа, удирдах ажилтны сахилга хариуцлага, төсөв захиран зарцуулахтай холбоотой хяналт шалгалтын үр дүнг үндэслэн захирамж гаргасан бөгөөд харин улсын байцаагчийн актыг үндэслэл болгоогүй буюу тусдаа харилцаа юм. Захирамжийн үндэслэх хэсэгт улсын байцаагчийн актыг үндэслэл болгоогүй.

5.8. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг захирамж гаргахдаа улсын байцаагчийн актыг үндэслэл болгосон байдлаар дүгнэлт хийж, хүчингүй байцаагчийн актыг үндэслэн гаргасан захирамжийг хууль ёсны гэж үзэх боломжгүй хэмээн дурдсан нь ойлгомжгүй бөгөөд буруу дүгнэлт юм.

5.9. Нөгөөтэйгүүр,  нэхэмжлэгч С.Н-н гомдлыг Сангийн яам шийдвэрлэхдээ “Батлагдсан орон тооны нормативыг харгалзалгүй хавсран ажиллуулсны нэмэгдэл олгон, 2 ажилтанд илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлсийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр олгож төсвийг зориулалт бусаар зарцуулсан зэрэг зөрчлүүд нь хуулийн үндэслэлтэй байна” хэмээн дурдсан байдаг ба байцаагчийн актыг хүчингүй болгосон үндэслэл нь хэлбэрийн шаардлага зөрчсөнтэй холбоотой байдаг. Ийнхүү хэлбэрийн шаардлага зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон актыг бүхэл бүтэн хяналт шалгалтын хүрээнд гаргасан дүгнэлт, илрүүлсэн зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал болгон тайлбарлаж байгаа нь хэт нэг талыг барьсан, асуудалд бодитой хандаагүй дүгнэлт гэж үзэхээр байна.

5.10. Мөн дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н-н тогтоосон 2021.09.27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 39-01/23 дугаартай албан шаардлага нь хүчинтэй байгаа ба үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан зүйл байхгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ /гүйцэтгэлийн төлөвлөгөө/ байгуулаагүй атлаа гэрээний үүрэг зөрчсөн гэж буруутгасан нь ойлгомжгүй гэх дүгнэлтийн талаар:

5.11. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж заасан ба энэхүү төлөвлөгөө нь Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд боловсруулагддаг ба уг төлөвлөгөөний гуравдугаар зүйлд төсөв, санхүүгийн сахилга бат, шилэн данс, ил тод байдал зэрэг холбогдох хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийг нарийвчлан зааж, үүрэгжүүлсэн байдаг.

5.12. Төрийн албаны тухай хуульд заасан процедур, журмын дагуу дүүргийн Засаг даргаас харьяалах төсвийн шууд захирагч нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргуулан авч, хянан баталгаажуулсан ба уг батлагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 9/2476 дугаар албан бичгээр анхан шатны шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн болно.

5.13. Гэтэл шүүхээс нотлох баримтын шаардлага хангаж, хариуцагчийн зүгээс хүргүүлсэн төлөвлөгөөг үнэлээгүй атлаа ... сургуулийн шүүхэд гаргаж өгсөн гарын үсгийн баталгаажуулалт дутуу төлөвлөгөөг үнэлсэн ба үүндээ үндэслэл бүхий тайлбар дүгнэлт хийгээгүй, мөн энэхүү зөрүүтэй нотлох баримтын талаар үзлэг хийх, гэрч асуух зэрэг нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй.

5.14. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “...” сургуулийн захирлын албан тушаал нь байнгын ажлын байр ба хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулдаг. С.Н  нь нийслэлийн Засаг даргын захирамжаар тус албан тушаалд томилогдож, нийслэлийн Боловсролын газартай хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ба Боловсролын тухай хууль шинэчлэгдэж, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлдөг болсон. Үүнтэй холбоотойгоор байнгын ажлын байр тул нийслэлийн Засаг даргын захирамжаар С.Н-г чөлөөлөөгүй, Хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй болно.

Ажлаас чөлөөлөхдөө нийслэлийн Боловсролын газрын саналыг аваагүй нь захирамж гаргах процесс зөрчсөн гэх дүгнэлтийн талаар:

5.15. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан.

Энд дурдсан “болон” гэх холбоос үг нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийг зааглах, тэгш эрхтэй болгох үүрэгтэй.

5.16. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтад дурдсан “үр дүнгийн хэрэгжилт”, аймаг, нийслэлийн боловсролын газрын санал” гэсэн 2 үндэслэл нь тэгш эрхтэйгээр буюу аль нэг үндэслэл бий болсон байхад сургуулийн захирлыг ажлаас чөлөөлж болохоор зохицуулалт юм. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа нийслэлийн Боловсролын газрын саналыг авах ёстой байсан гэдэг анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

5.17. Иймд маргаан бүхий акт болон уг акт гарах болсон хэрэгцээ шаардлага, маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барин хэргийг шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0259 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр магадлалыг хүчингүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

7. Баянгол дүүргийн “...” сургуулийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд “27,026.5 мянган төгрөгийн (24 ширхэг) компьютер алдагдсан” гэх боловч эд хөрөнгө хариуцсан багш нар 11 зөөврийн компьютерыг орлуулан ашиглаж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2/12300 дугаар албан бичгийн хавсралтад дурдсанаар “...” сургуулиас 11 компьютер буцаан татсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогджээ.

8. Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3ж/277 дугаар албан бичигт “96 дугаар сургуулийн 211 тоот өрөөнөөс 2 ширхэг зөөврийн компьютер хулгайд алдагдсаныг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа” гэжээ.

9. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд “2,388.8 мянган төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулжээ. Иймд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн акт тогтоов” гэж дурдсан бөгөөд Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 39-01/01 дугаар актаар “... холбогдох хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэлгүй төсвийг үрэлгэн зарцуулсан 2,388.8 мянган төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, төсвийг хохиролгүй болгох”-оор шийдвэрлэсэн. Уг актыг Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай” 13-2/6787 дугаар албан бичгээр хүчингүй болгожээ.

10. Мөн ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан “... 7,439.7 мянган төгрөгийн ур чадварын нэмэгдэл, анги даасан болон мэргэшсэн зэргийн нэмэгдлийг холбогдох шийдвэргүйгээр олгосон” гэдэг нь дангаараа нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохооргүй байна.

11. Нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нийслэлийн Боловсролын газартай СУ2018/59 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Уг гэрээний 7.2-т “Энэ гэрээний 6.3-т заасан болон хууль, тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ” гэж заажээ.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг 1) үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон 2) аймаг, нийслэлийн боловсролын газрын саналын аль нэгийг үндэслэн чөлөөлөх эсэх, эсхүл дээрх хоёр шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэх тухай байна.

12. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд түүний эрх зүйн байдлыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор зохицуулсан.

13. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан сургуулийн захирлын албан тушаал нь төсвийн ерөнхийлөн захирагчтай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулан ажилладаг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан байх тул хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх тайлбар үндэслэлгүй байна.

14. Сургуулийн захирал (төрийн үйлчилгээний удирдах албан тушаал) нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боловч түүний зэрэгцээ сургуулийн төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үр дүнгийн гэрээ байгуулах ба хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор “ноцтой” зөрчил гаргасан бол уг гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах боломжтой.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн[1] 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.3-т “ажлаас халах” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

16. Учир нь нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон алдагдсан гэх 24 ширхэг компьютерээс 11 ширхэгийг нь буцаан татсан болох нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2/12300 дугаар албан бичгээр нотлогдсон, мөн үлдсэн 13 ширхэг компьютерээс 2 нь хулгайд алдагдсан, 11 ширхгийг нь эд хөрөнгийг хариуцаж байгаа этгээдүүд орлуулах боломжтой эд хөрөнгөөр орлуулсан зэргээс үзвэл маргаан бүхий актад дурдсан “24 ширхэг компьютер алдагдсан” гэх үндэслэл бодитоор тогтоогдохгүй байна.

17. Түүнчлэн, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд нь нотлогдоогүй, ажлын хэсгийн дүгнэлт болон дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт, албан шаардлага зэрэгтэй холбогдуулан тайлбар, санал гаргах Захиргааны ерөнхий хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр, маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна.

18. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан 1) үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон 2) аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн сургуулийн захирлыг томилж, чөлөөлөхөөр зохицуулжээ.

19. Дээрх зохицуулалтын нийслэлийн Боловсролын газрын саналыг авахыг “тодорхой зөрчил гаргасан тохиолдолд шууд ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульд тусгайлан заасан нөхцөлд” шаардахгүй талаар Улсын дээд шүүхийн 2020 оны 425 дугаар тогтоолд[2] тайлбарлаж байжээ.

20. Өөрөөр хэлбэл, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан сургуулийн захирлыг томилж, чөлөөлөхдөө аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг авах ажиллагаа нь тухайн албан тушаалтан үндсэн чиг үүргээ (боловсролын удирдлага, мэргэжлийн асуудлаар) хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хувьд өгөх саналын тухай зохицуулалт байна.

21. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хуулийн дээрх заалтад дурдсан “үр дүнгийн хэрэгжилт”, “аймаг, нийслэлийн боловсролын газрын санал” гэсэн 2 үндэслэл нь тэгш эрхтэйгээр буюу аль нэг үндэслэл бий болсон байхад сургуулийн захирлыг ажлаас чөлөөлж болохоор зохицуулалт” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

22. Энэ тохиолдолд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг санхүүгийн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар нийслэлийн Боловсролын газрын саналыг авах шаардлагагүй.

23. Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүд бүрэн нотлогдоогүй, шийдвэр гаргах ажиллагаанд тайлбар, санал гаргах боломж олголгүйгээр албан тушаалаас нь чөлөөлсөн маргаан бүхий акт үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0259 дүгээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                    М.БАТСУУРЬ

    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                Ц.ЦОГТ

 

[1] Энэ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.

[2] Ж.Г ба Баянхонгор аймгийн Засаг дарга, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2020/0425