Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02020

 

 

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02020

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02865 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номуундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр А-, Б- нараас 121,040,850 төгрөгийг гаргуулж В-т олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа болох А-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48В байрны ******* хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 187,937,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн.

Үнэлгээчин нь зах зээлийн үнэлгээг гаргахдаа орон сууцнуудад биечлэн үзлэг хийж, орон сууцны төлөв байдал, засан сайжруулалтыг харгалзан ижил төрлийн хөрөнгүүдтэй харьцуулах замаар бодит үнэлгээг тогтоох учиртай. Ийнхүү төлбөр төлөгчийн орон сууцад засвар хийсэн нөхцөл байдал зэргийг харгалзаагүй, орон сууцыг бодитоор үнэлээгүй. Жишээлбэл, орон сууцны ашиглалтад орсон огноо, засан сайжруулалт хийсэн байдал зэрэг нь үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ өсөх, буурахад нөлөө үзүүлэх байтал энэ талаар тодорхойлоогүй. Тус орон сууцны ойролцоо байрлах Ромёо Жульетта хотхонд орон сууцны үнэ 305,000,000 төгрөг байдаг.

Иймд Виннер Вэй ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 онд үүсгэсэн. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ-888 хороолол, 48В байрны ******* үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 18261851/06 тогтоолоор битүүмжилж, 2023 оны 1 дүгээр сарын17-ны өдрийн 18261851/158-09 дүгээр тогтоолоор хураасан.

Талуудаас дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон. Шинжээч орон сууцны чанар элэгдлийг тооцон үнэлсэн тул ашиглалтад ороогүй барилгаас доогуур үнэлсэн нь хууль зөрчөөгүй. Мөн олон улсын стандарт, хууль журмыг үндэслэн үнэлгээний тайлан гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А-, Б- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-, Б- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий орон сууцны үнэлгээ нь зах зээлийн ханшаас илт доогуур байгааг харьцуулан харуулах зорилгоор ижил төстэй байрны зарыг www.Unegui.mn сайтаас авч, үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан хэдий ч шүүгч уг хүсэлтийг хангахгүй орхисон нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчмыг хангаагүй.

4.2. Мөн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт хэсэгт орон сууцны үнэлгээг тооцохдоо зах зээлийн хандлагыг сонгож авч, эцсийн үнийг 187,937,000 төгрөгөөр буюу 1 м.квыг 2,760,000 төгрөгөөр тогтоосон нь байж болох хамгийн дээд үнэ гэжээ. Гэвч үл хөдлөх хөрөнгийн зарын сайтаас авсан мэдээллээс үзэхэд уг орон сууцтай ижил төрлийн хөрөнгийн м.кв-ын үнэ нь 3,500,000 төгрөгөөс эхэлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж дурдсан байх бөгөөд үүнийгээ нотлох үүргийг хэрэгжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А-, Б- нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00400 дугаар шийдвэрээр А-, Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөгийг гаргуулж В-т олгож шийдвэрлэжээ.

 

3.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, А-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48В байрны *******од байрлах, 68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн байна /хх 77-79, 82-83/.

 

3.2. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор явуулсан ажиллагаанд төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн саналын талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/19 тоот тогтоолоор Виннер вэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ /хх 86-90/.

 

3.3. Шинжээч Виннер вэй ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээний тайлан гаргахдаа олон улсын болон Монгол улсад дагаж мөрдөгдөж буй стандарт, орлогын, өртөгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг ашигласан, үүнээс зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтой гэж Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48В байрны *******од байрлах, 68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 187,937,000 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7-8 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх журам, аргачлалд нийцсэн байна /1хх 95-113/.

 

3.4. Нэхэмжлэгчийн үзлэг хийлгэхээр гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2023/16731 дүгээр захирамжаар цаг хугацааны хувьд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээтэй давхцахгүй, үнэлгээгээр тогтоогдсон үйл баримтыг няцаасан баримт болохгүй гэж дүгнээд хангахаас татгалзсан нь зөв болжээ.

Учир нь үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа бүрдүүлж нотлох ёстой бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах ёсгүй.

Мөн шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас бууруулж тогтоосон гэх тайлбараа нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсныг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ,122 дугаар зүйлийн 122.4 гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ