| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2023/01100/И |
| Дугаар | 210/МА2023/02062 |
| Огноо | 2023-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2023/02062
2023 11 27 210/МА2023/02062
А-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/04211 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: В-, Г-,
Хувийн сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранбилэг, гуравдагч этгээд В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Б ХХК-тай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат вилла-3 хотхонд байрлах 273.57 м.кв талбай бүхий амины орон сууц, авто гараашийг 750,000,000 төгрөгөөр захиалан бариулах гэрээ байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
А- нь гэрээний үнэ 750,000,000 төгрөгийг төлсөн ба Б ХХК 2020 оны 10 дугаар сард амины орон сууц болон гараашийг хүлээлгэж өгсөн боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус орон сууц нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаанд байгаа тухай олж мэдсэн. Энэ талаар мэдэгдэхэд өнөөдрийг хүртэл барьцаанаас чөлөөлүүлж өгөөгүй.
Иймд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2/14011/, 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоотод байрлах 273.57 м.кв талбай бүхий хувийн сууц, авто гарааш болон уг хаягт байрлах 203 м.кв газрын өмчлөгчөөр А-ыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн. Төсөл эхлэх үед төслийн санхүүжилт бий болгох, зам барих зорилгоор тус хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан. Зээл төлөлтийг графикийн дагуу төлөөд явж байгаа, зээл бүрэн төлөгдсөн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк ХХК-аас барьцаа чөлөөлөгдөх учир өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г-ын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Одоогийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаанд байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-ыг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2/14011/, 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоотод байрлах, 273.6 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг А-д гаргаж өгөхийг хариуцагч Б ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх дээрх хаягт оршин байрлах, 203 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,978,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,907,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхээс талуудын тохиролцоо болон амины орон сууцны өмчлөлөөс гадна газрын өмчлөлийг шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг хариуцагчаас аваагүй. Гэрээ байгуулахдаа тухайн орон сууц болон газар өөр хүний өмчлөл, эзэмшилд байгаа талаар мэдээгүй тул гэрээ байгуулсан компанидаа хандаж нэхэмжлэл гаргасан.
Газрын эзэмшигч Г- нь газрыг шилжүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд өгсөн. Хариуцагч болон нэхэмжлэгч нар нь газрыг эзэмшигч болох Г-аас шууд нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөх талаар ярилцсан тул гуравдагч этгээд Г-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
Мөн маргаан бүхий газар нь өмчлүүлэх боломжтой байршилд хамаарч байгаа юм.
Хариуцагч болон гуравдагч этгээд нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байтал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.2. Гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч нь эрхийн доголдолтой буюу зээлийн барьцаанд байгаа эсэхийг улсын бүртгэлээс лавлагаа авах замаар мэдэх боломжтой байсан, худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй гэж шүүхээс дүгнэсэн.
Гэрээ байгуулагдах үед барилга ашиглалтад ороогүй байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байдаг талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Эрхийн доголдолтой гэдгийг нь гэрээ байгуулах үедээ мэдэх боломжтой байсан гэдэг нь дараа эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхээ алдана гэсэн ойлголт биш.
Барьцаанаас чөлөөлөх нь хариуцагчийн үүрэг учраас Худалдаа хөгжлийн банктай байгуулсан барьцааны гэрээний чөлөөт байдалд хөндлөнгөөс оролцсон зүйлгүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан боловч барьцаанаас чөлөөлж, үл хөдлөхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хугацааг тодорхойлох боломжгүй гэсэн тайлбар гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан хувийн сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг болон үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хувийн сууц, газар Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа, зээлийн төлбөрийг төлж дуусгамагц шилжүүлэхэд татгалзахгүй гэж тайлбарлажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В- нь барьцааны улмаас нэхэмжлэгчид хөрөнгө шилжүүлэх боломжгүй гэх тайлбар, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар тус тус гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарч буй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат-2/14011/, 15 дугаар хэсэг гудамж, 1581/1 тоотод байрлах 203 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өргөө групп ХХК-аас Г- шилжүүлэн авч, эзэмшиж буй үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна /хх 62-89/.
Үүнтэй холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2023/13732 дугаар захирамжаар Г-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ.
Шүүх газар эзэмших эрхийг шилжүүлэн авахтай холбоотой шаардлагыг нэхэмжлэгч хэнд холбогдуулан гаргасныг тодруулж, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлсны эцэст шүүхийн шийдвэр эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлөх этгээдэд газар эзэмшигч Г- хамаарах эсэхийг дүгнэх байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар шүүх хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлах замаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, маргааны хүрээг тогтоох, энэ талаар зохигчийг мэтгэлцүүлэх үүргийг хүлээнэ.
Гэвч нэхэмжлэгчийг Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй гэж шийдвэрт дүгнэснээс үзэхэд дээрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэх үндэслэлгүй.
4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/04211 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН