Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01989

 

 

 

 

 2023 оны 11 сарын 15 өдөр Дугаар 210/МА202301989

 

А....компанийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02487 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А... компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А... ХХК-д холбогдох,

Хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах, А... ХХК-ийн 50,000 ширхэг энгийн хувьцааг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С. Б.А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О. хариуцагчийн өмгөөлөгч Э.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А... ХХК нь гадаад худалдаа, менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулах зорилгоор 2012 онд Австрали улсын хуулийн этгээд болох А... компанийн 100 хувийн охин компани болж үүсгэн байгуулагдсан.

1.2. Мөн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бизнесээ өргөжүүлэх зорилгоор А.. ХХК-д компанийн нэг бүр нь нэг ам.долларын үнэтэй 50 хувийн 50,000 ширхэг хувьцаагаа Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн.

1.3. Компанийн бизнесийг өргөжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад компанийн хувьцаа эзэмшигчдийн оролцоо байхаас гадна өнөөдрийг хүртэл компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, харилцагч байгууллагуудтай харилцах зэргээр гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг А... компанийн цор ганц хувьцаа эзэмшигч М... гүйцэтгэж ирсэн.

1.4. Гэвч хариуцагч А... ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Г.Б.., Австрали улсын иргэд Р., Д. нарын зүгээс манай компаниас хувьцааг өөрсдийн тогтоосон үнээр худалдахыг тулгаж, тус саналд нь хариу өгөөгүйгээс утсаар болон цахим шуудангаар, мессежээр байнга дарамталж ирсэн.

1.5. Улмаар 2019 оны 06 дугаар сарын 28 өдөр Компанийн тухай хуульд заасан журмын дагуу ээлжит бус хурлыг хуралдуулахад хариуцагч талын 3 хувьцаа эзэмшигчдээс гүтгэн, өөрсдийн гаргасан саналыг хүлээн авахгүй бол ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж, элдвээр харааж, доромжилсон. Г.Б...ын зүгээс цахим зурвасаар удаа дараа харааж, айлган сүрдүүлж байгаагаас гадна харилцагч компаниудад манай компанийг тусгаарласан, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон зэргээр худал мэдээлэл өгч, бизнесийн нэр хүндийг унагааж байгаа нь тогтоогдсон. Эдгээр үйлдлүүд нь А... ХХК-ийг Монгол Улсад цаашид үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл үүсгээд байгаагаас гадна М...болон гэр бүлд сэтгэл санааны дарамт үүсгэж байна.

1.6. А..  ХХК-ийн гүйцэтгэх захирал М...тай холбогдуулж, татварын албаны албан хаагчид авлига өгсөн гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт хэрэг үүсгэж, шалгасан. Ингээд шалгасны эцэст түүнийг авлигын шинжтэй үйлдэл гаргаагүй нь тогтоогдож, хэргийг хаасан.

Авлигатай тэмцэх газарт нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтныг холбогдуулан шалгах болсон шалтгаан нь эхнээсээ зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагаа байсан бөгөөд хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтнуудаас нэхэмжлэгчийг далайлган сүрдүүлж байсны дагуу явагдсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг.

1.7. Мөн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан А... ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын үеэр хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд эрх бүхий албан тушаалтан Р... нь нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтанд эрх бүхий байгууллагад нь хандаад чиний учрыг олоход бэлэн байна. Саналыг зүгээр л ав энэ уулзалтын дараа бид утсаар ярих болно. Г.Б...тай энэ талаар ярьж байсан, чамайг газартай чинь хамт тэгшлэх болно., Чиний хийсэн зүйл чинь гэвэл луйварчин гүйцэтгэх захирлын дүрд тоглох гэж удаа дараа сүрдүүлж байсан.

Мөн Г.Б... 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтанд өөрийн чадах бүх зүйлсээ хийх болно, бас бууж өгөхгүй, би гинжин хүзүүвчээ таслах гэж буй галзуу нохой, би чамайг шоронд ороосой гэж хүсэж байна, "би юунаас ч айж бас санаа зовохгүй байна, чи бол луйварчин, хахуульдагч, гэмт хэрэгтэн, худалч гэх зэргээр мессеж бичиж, гүтгэн доромжилж сүрдүүлж байсан талаар нотлох баримтууд байдаг.Дээрх байдлаар удаа дараа далайлган сүрдүүлж, дарамт үүсгэх байдлаар А... ХХК-ийн хувьцааг худалдах саналыг тулгах зорилгоор бэлэглэгчийг гомдоох олон үйлдэл гаргасан бөгөөд энэ нь зөвхөн нэг тохиолдол юм.

1.8. Үүний дараа хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Г.Б... нь А... ХХК-ийн үйл ажиллагааг доголдуулах зорилгоор татварын албанд хүсэлт гаргаж, компанид 665,845,591 төгрөгийн шийтгэл ногдуулахад хүргэсэн.Уг татварын зөрчлийн шийтгэлээс хамаарч А... ХХК нь төрийн худалдан авах ажиллагаанд оролцох боломжгүй болсон. Энэ бүх үйлдлүүд нь А... ХХК-ийн үйл ажиллагааг зориудаар дордуулж, татан буулгах зорилготой байсан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа бэлэглэх гэрээ-г хүчингүй болгож, А.. ХХК-аас А.. ХХК-ийн 50,000 ширхэг энгийн хувьцааг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч, нэхэмжлэгч нар нь 2016 оны сүүлчээр хоёр компанийн үйл ажиллагааг нэгтгэх, цар хүрээг нэмэгдүүлэх, хамтран ажиллах харилцааг тодорхойлох зэрэг асуудлуудаар хэд хэдэн хувилбар авч үзсэн.

Бэлэглэлийн гэрээний дагуу хувьцаа шилжүүлсэн үеэс өнөөдрийг хүртэл компанийн цар хүрээ, хөрөнгийг өсөхөд хамгийн их хувь нэмэр оруулж, ирсэн бөгөөд компанийн гол баялгийг бүтээгч юм. Хувьцааг өөрсдийн тогтоосон үнээр худалдахыг тулгаж, хариу өгөөгүйгээс утсаар болон цахим шуудангаар, мессежээр байнга дарамталж байгаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гомдоож байгаагүй. Үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, хүчин чадал, боломжуудыг нэмэгдүүлснээр компанийн нийт хөрөнгө, үнэлгээг хэд дахин нэмэгдсэн.

2.2. Бэлэглэх гэрээ, хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу талууд 50, 50 хувийн хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлын үүргийг М... хэрэгжүүлэх, санхүү хариуцсан захирлаар Г.Б... нарыг томилох замаар компанийн бүхий л хөрөнгө санхүү, мөнгөн хөрөнгө удирдах эрхийг дээрх хоёр этгээдэд хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр олгосон.

Улмаар 2018 оны сүүлээр компанийн гол харилцагч, захиалагч болох О... ХХК-аас гэрээт ажлын захиалга багассан, компанийн удирдлага М... захиалгат ажил буурсантай холбогдуулж стратеги, хүний нөөц, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шийдвэр гаргаж, цаашдын үйл ажиллагаа, компанийн хэтийн төлөвлөгөөнд анхаарч ажиллах байтал зөвхөн өөрийн ойрын хугацааны ашиг сонирхлыг дээгүүр тавьж хариуцагчийн хувьцаа эзэмшигчид Р..., хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн санхүү эрхэлсэн захирал Г.Б... нарыг буруутгах замаар талуудын дунд мухардал үүсгэж, маргааны эх үүсвэрийг бий болгосон.

2.3. Хувьцаа эзэмшигч хоорондын үүсээд байсан хурцадмал байдлыг далимдуулан санхүү эрхэлсэн захирал Г.Б...т Хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолт гаргаж өгөхөөс санаатайгаар зайлсхийж, байдлыг улам мухардмал байдалд оруулсан. Гүйцэтгэх захирлын хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, компанийн санхүү хариуцсан захирал, хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч болох Г.Б...ын визний материал өгөхтэй холбогдуулж, ажил эрхэлж байгаа тодорхойлолт гаргуулах хүсэлтийг санаатайгаар үл тоомсорлон хэдэн арван хоног утас, холбоогоо таслан алга болсон.

Ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таг алга болж хувь хүнийг мухардмал байдалд оруулж, эдийн болон сэтгэл санааны хямралд оруулж, хүндрэл учруулсан байдаг. Улмаар хариуцагч талыг мухардмал байдал оруулж, өдөөн хатгаж гомдоосон шалтгаан олж авах зорилгоор талуудын хоорондох бүх харилцаа холбоо, хүрэх замыг мухардуулсан. Эдгээр бүх үйлдлүүд нь бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах зорилготой үйлдлүүд байсан.

2.4. Бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах гомдоосон үндэслэлтэй болохын тулд хариуцагчийн хувьцаа эзэмшигч Р... намайг доромжилсон, дарамталсан хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл өгөн шалгуулж байна. Хариуцагчийн хувьцаа эзэмшигч М...н эцсийн зорилго бол компанийн 2018 оны О... ХХК-д хийж гүйцэтгэх ажлын хөлсийн үлдэгдэл төлбөрийг дангаар авч үлдэх, компанийн үлдэгдэл хөрөнгө, орлогыг дангаар өөрөө эзэмших авч үлдэх сонирхолтой болно.

Хариуцагчийн хувьцаа эзэмшигч Р...ийг ашиг сонирхлын зөрчилтэй үүнээс болж О... XXК манайд ажил өгөхгүй байна хэмээн буруутгаж гүйцэтгэх захирлын албан тушаалыг өөрт хадгалж байгаа давуу талыг ашиглан компанийн үйл ажиллагааг бүхэлд нь тасалдуулж, өнөөдрийн байдлаар Компанийн зүгээс итгэмжлэн удирдах эрхээ урвуулан ашиглаж Хас болон Хаан банк дахь дансны үлдэгдэл 525,000,000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн гэрээг зөрчин захиран зарцуулах этгээдээр зөвхөн өөрийгөө томилж, хоёрдогч гарын үсэгтэй этгээд болох Санхүү эрхэлсэн захирал Г.Б...ыг хасах хүсэлтийг гаргасан.

М... нь 08 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн гэрээг зөрчин Хас банкин дахь дээрх дансанд цахим интернет банкны үйлчилгээний эрх нээлгүүлж, улмаар 227,000,000 төгрөгийн олон удаагийн гүйлгээгээр нэг гарын үсэгтэй Хаан банк руу шилжүүлж авсан.

2.5. Бид үүнтэй холбогдуулж, итгэмжлэн удирдах хөрөнгийг завшсан. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх тухай хуулиудыг зөрчсөн хэмээн үзэж Монгол банкны хяналт шалгалтын Төлбөр тооцооны хэлтсүүдэд холбогдох өргөдлийг хүргүүлээд байгаа.

Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө Монгол дахь бизнесийн аливаа бүх ажиллагаа зогсоож, Австрали руу буцах шийдвэр гаргаад байсан.

2.6. А... XXК-ийн хувьцааг бэлэглэх гэрээ байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар IOT компани сүүлийн 3 жил дараалан алдагдалтай ажиллаж байсан төдийгүй Компанийн тухай хуулийн дагуу татан буугдахад хүрээд байсан. Өөрийн хөрөнгө нь хувь нийлүүлсэн хөрөнгөөс багассан учир хувьцаа эзэмшигчид нь Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл татан буулгах шийдвэрүүдийн аль нэгийг гаргах ёстой байсан. Үүний дагуу компанийг дахин хөрөнгөжүүлэх шийдвэр гаргасан.

2.7. Хувьцаа эзэмшигчид А... компани болон А... ХХК нь 2016 оны 04 дүгээр сараас эхлэн О... ХХК-д үзүүлэх тухай хэлэлцэж байгаа үйлчилгээг IOT-оор дамжуулан гүйцэтгэх ингэснээр гэрээний үнэ 85,000 ам.доллар бүхий үйлчилгээний хөлсийн ашгийг IOT-д үлдээж, IOT-ийг дахин хөрөнгөжүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.

А... ХХК нь сүүлийн 3 жилийн хугацаанд А... ХХК-д маш их хэмжээний эдийн бус хөрөнгө оруулсан байдаг. Компанийн хувьцаа эзэмшигч болсноор компанид үйл ажиллагаа, үзүүлэх үйлчилгээний цар хүрээ, захиалагч, худалдан авагчдын хүрээ тэлж хувьцаа шилжүүлсэн үеэс хойш компани жилийн 5-6 сая ам.долларын буюу хэдэн тэрбум төгрөгийн орлоготой, тэрбум төгрөгийн ашигтай ажиллагаатай болж эхэлсэн.

Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө буюу 2016 он хүртэл IOT компани нь ISG ME нэрээр үйл ажиллагаа явуулж байсан ба зөвхөн цахилгаан холболт, угсралт үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байсан. 2016 оны 12 сар хүртэл IOT компани нь нэг ч удаа харилцаа холбооны чиглэлээр өөр ямар ч байгууллагад үйлчилгээ үзүүлж байгаагүй.

2.8. Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулснаар 2016 онд О... ХХК-д гүйцэтгэсэн харилцаа холбооны зураг төслийн дизайны 85,000 ам.доллар бүхий ажлуудыг А... ХХК-аар дамжуулан гүйцэтгэж эхэлсэн ба угсралт, байнгын ажиллагааг хариуцах замаар компанийн үйл ажиллагаа шинэ түвшинд гарсан. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу компани нь өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ. Түүнчлэн уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй хэмээн тус тус заасан.

Талуудын хувьцаа шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээ нь хуулийн этгээд буюу хоёр компани хоорондын харилцаа бөгөөд аль нэг хуулийн этгээд гомдсон, хуулийн этгээдийг гомдоосон байж болзошгүй хувьцаа эзэмшигчийн үйлдлийн хариуцлагыг компани хүлээх үүрэггүй. Иргэний хуульд хуулийн этгээд хэрхэн гомддог тухай зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А... компанийн хариуцагч А... ХХК-д холбогдуулан гаргасан компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах, А...ХХК-ийн 50,000 ширхэг энгийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А... компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэмэгдүүлсэн тухай хүсэлт болон тэдгээрийн үндэслэх хэсэгт хариуцагч "А... ХХК-ийн 3 хувьцаа эзэмшигч болон түүний гүйцэтгэх захирал Г.Б... нь бэлэглэгч болох "А... компанийн цор ганц хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал М.г ноцтой гомдоосон үйлдлийг удаа дараа хийсэн тул "А..." ХХК-ийн 50 хувийн 50,000 ширхэг хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгох талаар тодорхой тусгасан.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх заалтад зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй" гэж заасан. Иргэний хуульд хэрэв бэлэг хүлээн авагч нь бэлэглэгч талыг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн бол бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн гаргасан үйлдлүүдэд гомдож байгаагаа хангалттай илэрхийлсээр байтал шүүх хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэлтэй байна.

4.2. Бэлэглэгч тал болон бэлэг хүлээн авагч тал нь хуулийн этгээд боловч эдгээр хуулийн этгээдийн хүсэл зориг, шийдвэр гаргах эрх бүхий этгээд хооронд эдгээр үйлдлүүд гарсан гэдгийг харгалзаж үзнэ үү. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж заасны дагуу түүний хувьцаа эзэмшигчдээр эсвэл гүйцэтгэх захирлаар дамжин хуулийн этгээдийн хүсэл зориг илэрхийлэгддэг.

Мөн бэлэглэгчийг гомдоосон үйлдлүүдийн дийлэнхийг үйлдсэн этгээд болон гомдсон тал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болно.

4.3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв үнэлээгүй.

Хариуцагч "А... ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч Г.Б... нь утасны зурвасаар бэлэглэгчийг удаа дараа харааж, айлган сүрдүүлж, байсан талаарх нотлох баримтуудыг гаргаж үзлэг хийлгэсэн. 

Энэ баримтад бэлэглэгч талыг дарамталж, дайрч давшилж байгаа нь тодорхой байтал шүүх харилцсан зурвасын агуулгаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна" гэж үзэн дайрч давшиж, дарамталж, элдэв үгээр доромжлох нь бэлэглэгчийг гомдоохгүй мэтээр тайлбарласан нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй.

4.4. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн гомдоосон ноцтой үйлдлийн зорилго болон харилцаа ямар байх талаар тодорхойлоогүй. Энд бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн хооронд гаргасан үйлдэл, үйл ажиллагаа хамааралтай байхаар байна. Харин ноцтой үйлдэл гаргасан боловч энэ нь "бэлэг"-тэй холбоогүй, агуулгатай байгаа тул хамаарахгүй гэж үзэх нь үндэслэлгүй.

4.5. Хариуцагч "А..." ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан "А... ХХК-ийн ээлжит бус хурлын үеэр хариуцагч талын 3 хувьцаа эзэмшигчдээс бэлэглэгч талын цор ганц хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал М...г элдвээр гүтгэж, өөрсдийн гаргасан хувьцаа худалдан авах саналыг хүлээн авахгүй бол түүнд ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж, элдвээр харааж, доромжилсон.

Энэ талаар тус хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж, судлуулсан. Хариуцагч талын төлөөлөгч ч тус өдөр тэмдэглэлд дурдагдсан үйлдлийг гаргасныг үгүйсгэж маргаагүй байтал үүнийг шүүх компанийн дүрэмд заасан эрхээ хэрэгжүүлэн, хэлэлцэх асуудалд санал оруулж, компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал хэлэлцсэн нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй" гэж үзсэн.

4.6. Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр сүрдүүлэх нь компанийн хууль дүрмэнд заасан эрхээ хэрэгжүүлж байгаа мэтээр тайлбарласан нь хуулийг хэрэглэсэн мөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв үнэлээгүй.

Хариуцагч "А... ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Г.Б... нь нэхэмжлэгч компанийн захирал, хувьцаа эзэмшигч М...г удаа дараа айлган сүрдүүлж, танхайрч байсныг нотлох зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Н... нэртэй хоолны газарт хоол идэх үеэрээ элдвээр доромжилж "ална шүү" гэж зодохоор дайрч, араас нь хөөж байсан талаар нотлохоор тухайн үед хамт байсан 2 гэрчээс мэдүүлэг авсан.

Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт дурдагдсан "хариуцагч "А..." ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Г.Б... нарын зүгээс байнга дарамталж ирсэн гэх үндэслэлийг нотлох зорилготой байсан. Гэвч ийнхүү гэрчээс авсан мэдүүлгийг шүүх огт авч үзэлгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар огт дурдаагүй байгаа нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэхэд хүргэж байна.

4.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн Цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газар болон Авилгатай тэмцэх газраас "А..." ХХК буюу Г.Батбаатарын гаргасан гомдлын талаарх нотлох баримтуудыг гаргуулсан.

Уг нотлох баримтуудаар Г.Б... нь хэрхэн М...г эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэх мэтээр худал гүтгэж цагдаагийн байгууллагад удаа дараа гомдол гаргаж 3 жилийн туршид шалгуулсан талаар болон цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг 4 удаа хааж шийдвэрлэсэн талаарх баримтууд авагдсан.

Гэтэл шүүх эдгээр баримтыг "төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдолоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хүрээнд гомдол гаргаж, эрх бүхий этгээд гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээр байна" гэж өнгөцхөн дүгнэж, энэ бүх худал гүтгэлэгээс болж компанийн үйл ажиллагаа хэрхэн доголдсон, орлого ашиг хэр хэмжээгээр хоргодсон талаар огт дүгнээгүй.

4.8. Г.Б... "А..." ХХК-ийн санхүү эрхэлсэн захирлаар 2017 оноос 2019 оны хооронд ажиллаж байх хугацаандаа тухайн компанийн санхүүгийн тайлан, татвартай холбоотой асуудлыг хариуцдаг байсан нь нотлох баримтаар нотлогддог. Гэвч Г.Б...ын хариуцан ажиллаж байсан 2017, 2018 онуудын санхүүгийн тайланд зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илэрсэн гэж татварын байгууллагаас 665,845,591.70 төгрөгний торгууль ногдуулсан. Г.Б... энэ хугацаан дахь санхүү, татварын асуудлыг хариуцаж, холбогдох хуульчдаас зөвлөгө авч байсан талаар нотлох зорилготойгоор и-мэйлд үзлэг хийлгэсэн боловч шүүх и-мэйлд хийсэн үзлэгийг шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дүгнээгүй.

Шүүх бэлэглэгч бэлэг хүлээн авагчийн тавьсан саналыг хүлээж аваагүйн төлөө ийм олон байгууллагуудад бэлэг хүлээн авагчийн гаргасан худал гүтгэлгийн шинжтэй гомдлын дагуу шалгуулсан талаар огт дүгнээгүй.

4.9. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б...нь хариуцагчийн өмнөөс Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, прокурорын бүх шатны байгууллагуудад "Ай ... компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал М... мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн, тэр нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон мэтээр албан бичгүүд бичиж, бэлэглэгчийн хувь хүний бөгөөд бизнесийн нэр төр, алдар хүндэд маш том хохирол учруулсан.

Шүүх эдгээр нотлох баримтуудыг мөн огт үнэлж, дүгнээгүй. Эдгээр бүх үйлдлүүдийн эцсийн зорилго нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар бэлэг хүлээн авагч талын саналаар хэлэлцэхээр оруулсан "А... ХХК-ийг татан буулгах зорилготойгоос гадна "А... компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал М...н хувийн болоод бизнесийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой хийгдэж байна. А.. ХХК-ийг Монгол Улсад цаашид үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл үүсгээд байгаагаас гадна болон бэлэглэгч талын цор ганц хувьцаа эзэмшигч болон түүний гэр бүлд сэтгэл санааны дарамт, эд хөрөнгийн алдагдал үүсгэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу "хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр" мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэснийг зөрчсөн бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02487 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. А... компани нь 100 хувийн хувьцаа эзэмшигч байгууллага байхад уг байгууллага нь сүүлийн 3 жилийн турш 45,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан.

Харин хариуцагч А... ХХК нь холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уг чиглэлээр О...н тендерт оролцох хүсэлтэй байсан учраас 2 компани нэгдэж, 50, 50 хувийн хувьцааг эзэмшсэн. 2019 онд А... компани болон А.. ХХК-ууд нийт 7,000,000,000 төгрөгийг жилийн эцсийн борлуулалтын орлоготой. Тухайн маргаан үүсэх үед 500,000,000 төгрөгийн мөнгөн гүйлгээтэй, О... ХХК-аас орж ирэх 1,000,000,000 төгрөгийн авлагатай байсан.

5.2. Мөн 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ноогдол ашиг хэрхэн хуваарилах, компанийн үйл ажиллагаа яаж өрнөх болон гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн. Гэтэл тодорхой шийдвэрийг гаргахад талуудын хэн аль нь 50, 50 хувийн хувьцаатай учраас бүх саналд эсрэг санал өгсний улмаас ямар нэгэн шийдвэрт хүрч чадаагүй. Манай зүгээс тухайн компанийн хувьцааг 2016 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авах үед Австрали улсад бүртгэлтэй хуулийн этгээдээс Монгол Улс дахь компанийн 50 хувийг шилжүүлэн авсан. Гэтэл Австрали улсын иргэн М... гэх хувь иргэнээс ямар нэгэн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж аваагүй.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар бэлэглэгчийг гомдоосон гэх ойлголт байвал бэлэглэгч нь Австрали улсын хуулийн этгээд байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хуулийн этгээд гүйцэтгэгч захирлаар дамжуулан иргэний харилцаанд оролцдогч учраас М... руу хандсан аливаа үйлдлүүдийг хуулийн этгээдийг гомдоосонтой адилтган үзнэ гэх тайлбарыг гаргадаг. Уг нөхцөл байдалд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

5.3. Тухайн маргаан нь 2020 онд үүссэнээс хойш давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, анхан шатны шүүх рүү буцсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 2019 онд Г.Б...ын зүгээс М... руу бичсэн мессежийг нотлох баримтаар үнэлсэн боловч тухайн үзлэгийн тэмдэглэлийг хэрэгт хавсаргаагүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа хэд хэдэн үндэслэлийг дурдсан байна.

Г.Б...раас М... руу сүрдүүлгийн шинжтэй мессежүүдийг бичсэн байдаг. Уг нөхцөл байдалтай холбоотой тайлбарыг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дэлгэрэнгүй дүгнэсэн байна.

5.4. Мөн Г.Б.... нь санхүүгийн эрхэлсэн гүйцэтгэх захирлын албан тушаалтай болж, уг албан тушаалын хүрээнд компанийн зүгээс гаргах бүх гүйлгээ тухайн 2 этгээдийн гарын үсгээр баталгаажих ёстой. Гэтэл 2019 онд Г.Б... нь Австрали улс руу ажлаар явах шаардлагатай болж, компанийн удирдлагаас санхүү эрхэлсэн гүйцэтгэх захирлын албан тушаалтай гэх тодорхойлолт гаргуулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл М...ийн зүгээс уг хувьцаа эзэмшлийн үл ойлголцолтой хамааралтай асуудлаар тодорхой үе шалтгаанаар гаргаж өгөхөөс татгалзсан.

Тухайн визний хугацаа тулсан нөхцөл байдалтай холбоотойгоор компанийн хөдөлмөрийн гэрээтэй санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын хувьд тодорхойлолт гаргаж өгнө үү, хувьцаа эзэмшигчийн үл ойлголцолтой асуудал нь тусдаа гэх агуулгаар М... руу мессеж бичсэн.

Хэрвээ гэмт хэргийн шинжтэй зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд уг асуудлыг Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах ёстой. Гэтэл уг асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулахад гэмт хэргийн шинжгүй гэж тогтоогдсон.

5.5. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хууль бус шаардлагыг тавьсан гэж үзэж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Уг хурал дээр М... хувьцаа эзэмшигчийн хувьд оролцоогүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б... нь бэлэглэгч тал болох А.Т компанийн төлөөлөгчийг төлөөлж, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон.

Талуудын хэн аль нь өөрсдийнхөө хувьцааг худалдахаас татгалзсан. Компанийн тухай хуульд зааснаар хувьцааг бэлэглэлийн замаар шилжүүлсэн учраас хувьцаа худалдах, худалдан авах саналыг тавьж болохгүй.

5.6. Мөн компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой санал шүүмжлэлийг хувьцаа эзэмшигч нар илэрхийлж болохгүй гэх хориглосон заалт байхгүй. Уг агуулгаар бэлэглэгчийн гомдоосон ямар нэгэн ноцтой үйлдэл гараагүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага нь Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан боловч 3 жилийн хугацаанд шалгагдсаны эцэст гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш байна.

Харин татвараас зайлсхийсэн зөрчил байна гэх үндэслэлээр татварын улсын байцаагчийн актыг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байдаг.

Гүйцэтгэх захирлыг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэх гомдлыг хувьцаа эзэмшигчийн зүгээс гаргасан болохоос биш 50 хувийн хувьцааг бэлэглэж авсан учраас нөгөө байгууллагад холбогдуулан гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцааснаас хойш нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дахин хэд хэдэн үндэслэлээр нэмэгдүүлсэн.

5.7. Цагдаагийн байгууллагад гаргасан гомдолтой холбоотой асуудлууд байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдолд шаардлага гаргах эрх нь нээлттэй байна.

Цагдаагийн байгууллагаас шалгах явцдаа тодорхой дансыг битүүмжлэх арга хэмжээнүүдийг авсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон, бэлэглэгчийг гомдоох үйл ажиллагаа гэж үзэхгүй.

Мөн Г.Б... нь тухайн харилцаанд өөрөө оролцож, компанийг хохироосон атлаа нэхэмжлэл гаргаж, санхүү эрхэлсэн захирлын хувьд хамтран шийдвэрийг гаргасан байдаг. Дундын компанид ямар нэгэн санхүүгийн хохирол учруулж, хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд тухайн гомдлыг мөн адил гаргах ёстой. 2016 онд байгуулсан бэлэглэлийн гэрээг ноцтой зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргасан нь хамааралгүй.

5.8. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа 2016 оны хэлцэлтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Учир нь уг хэлцлийг улсын бүртгэлд буруу бүртгэсэн байна гэх гомдлыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гаргасан боловч үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болсон. Мөн тухайн бэлэглэлийн гэрээг баталсан нотариатын үйлдэл буруу гэх нэхэмжлэлийг гаргасан боловч 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тухайн байгууллага нь 2019 онд 7,000,000,000 төгрөгийн ашигтай ажилласан атлаа одоогийн бэлэглэлийн гэрээг буцааж, ноогдол ашгийн асуудлын талаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд маргаантай байна. Манай байгууллагыг компанийн үйл ажиллагаанд оролцуулахаа больчихсон тохиолдолд тухайн хувьцааг буцаан ав гэж хэлэхэд уг асуудлыг хүлээн авдаггүй. Энэ талаарх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг бэлэглэлийн гэрээний маргаанаас болж тухайн асуудлыг түдгэлзүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дугаар талд талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтууд, нэхэмжлэгчийн зүгээс бэлэглэгчийг гомдоосон гэх үйлдлүүдийг Иргэний хуульд нийцүүлэн хянасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагы хангасан. Мөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв үнэлж дүгнэсэн байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А... компани нь хариуцагч А... ХХК-д холбогдуулан хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах, А... ХХК-ийн 50,000 ширхэг энгийн хувьцааг буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /1-р хх. 1-2, 109-113/

3. Хэргийн үйл баримт ,шүүхийн шийдвэрийн талаар:

3.а. Австрали Улсын хуулийн этгээд болох А... компанийн Хувьцаа эзэмшигчийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А... ХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн гэрчилгээ авчээ. /1-р хх 46-48, /

3.б. Улмаар 2016 оны 12 дугаар сарны 08-ны өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ-гээр Австрали Улсын А... компани нь нэг бүр нь 1 ам.доллар буюу 2,467 төгрөгийн үнэтэй, А... ХХК-ийн 50 хувийн энгийн хувьцаа болон хувьцаагаар илэрхийлэгдэх хөрөнгийг А...ХХК-д бэлэглэх үүргийг хүлээсэн байна. /1-р хх 55-56/

Мөн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр А...компани нь А... ХХК-ийн 50 хувийн хөрөнгө болох 50,000 ширхэг хувьцааг болон хувьцаатай холбоотой эрх, үүрэг хариуцлагыг эрх хүлээн авагч А.. ХХК-д шилжүүлэх үүргийг мөн хүлээсэн байна. /1-р хх 59-60/

3.в. Мөн А.. ХХК нь оноосон нэрээ А... ХХК гэж өөрчилсөн талаарх баримт хэрэгт авагдсан.

4. Зохигч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэх үүрэг хүлээдэг.

Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт нийцсэн байна.

4.а. Хариуцагчийн тайлбарт 2016 оны сүүлчээр хоёр компанийн үйл ажиллагааг нэгтгэх, цар хүрээг нэмэгдүүлэх, хамтран ажиллах харилцааг тодорхойлох зэрэг асуудлуудаар хэд хэдэн хувилбар авч үзсэн гэсэн бол нэхэмжлэгч бизнесээ өргөжүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан талаар тус тус тайлбарласнаас үзэхэд бэлэглэлийн гэрээ нь тодорхой бизнесийн зорилготой байсан байна.

4.б. Хариуцагчийн Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулснаар 2016 онд О... ХХК-д гүйцэтгэсэн харилцаа холбооны зураг төслийн дизайны 85,000 ам.доллар бүхий ажлуудыг А... ХХК-аар дамжуулан гүйцэтгэж эхэлсэн ба угсралт, байнгын ажиллагааг хариуцах замаар компанийн үйл ажиллагаа шинэ түвшинд гарсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Дээрхээс дүгнэж үзэхэд бизнесээ өргөжүүлэх зорилгоор байгуулсан бэлэглэлийн гэрээ зориулалтын дагуу тодорхой үр дүнд хүрсэн байна.

4.в. Нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал зэргээс үзэхэд хоёр компанийн удирдах албан тушаалтнуудын хооронд маргаан үүссэн. Хариуцагчийн тайлбараас Санхүү эрхэлсэн захирал Г.Б...т хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолт гаргаж өгөхөөс гүйцэтгэх захирал зайлсхийж, хэдэн арван хоног утас, холбоогоо таслан алга болсон гэх нөхцөл байдал, мөн хоёр компанийн удирдлагуудын хооронд Хас болон Хаан банк дахь дансны үлдэгдэл 525,000,000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн гэрээг зөрчин захиран зарцуулах этгээдээр зөвхөн нэг захирлыг томилох, Санхүү эрхэлсэн захирал Г.Б...ыг хасах хүсэлтийг гаргах, хувьцаа эзэмшигчдийн гэрээг зөрчих зэрэг хуулийн маргаан үүссэн нь хоёр талын үйл ажиллагаатай холбоотой, тусдаа шүүхийн маргаан явж байгаа талаар талууд тайлбарлажээ.

4.г. А. компанийн хувьцаа эзэмш..игч бөгөөд А... ХХК-ийн гүйцэтгэх захирал М...г хариуцагч А. ХХК-ийн удирдлагын зүгээс татварын байцаагчид авлига өгсөн гэж шалгуулсан үйлдэл нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Дээрхи хэрэг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаагдсан баримт авагдсан боловч хууль зөрчсөн эсэх асуудлаар компанийн удирдлагыг шалгуулах, мөн ажил хэргийн зөрчлөөс компанийн эрх бүхий албан тушаалтнуудын хооронд харилцан зөрчил маргаан үүссэн нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. /3-р хх 110,139-145/,

4.д. Хэргийн баримтаас компанийн хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, төсөв, бизнес төлөвлөгөө зэргийг авч хэлэлцэж, гүйцэтгэх захирлыг чөлөөлөх эсэх, ногдол ашиг хуваарилах, компанийн үйл ажиллагааг дуусгавар болгож, татан буулгах эсэх асуудлаар маргаж байгаа нь бэлэглэгчийг гомдоох үйлдэл биш, харин тусдаа хуулийн маргаан юм.

Мөн Г.Б...тай харилцсан цахим зурваст А... ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах, үнэ хөлсний тухайд биш, харин баталгааны бичиг, ажлын тодорхойлолт гаргуулахаар харилцсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.е. Нэхэмжлэгч байгууллагын захирал М..г дарамталж байсныг нотлохоор 2 гэрч асуулгасан боловч гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй. Гэрчээр М...н эхнэр гэх Б.Т... болон танил гэх Х... нар мэдүүлэг өгсөн. Гэрчүүд хоёр этгээдийн хооронд таарамжгүй харилцаа болж өнгөрсөн талаар мэдүүлсэн байх боловч энэ нь чухам юунаас болсон, М...г дарамталсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэсэн байна.

4.ё. М...г эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэх мэтээр худал гүтгэсэн, гүтгэсний улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, орлого, ашиг хорогдсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг мөн хүлээн авахгүй. Компанийн хувьцаа эзэмшигчид компанийн засаглал, үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэхээр хандах, уг өргөдөл, гомдлын дагуу төрийн байгууллага шийдвэр гаргах нь хуулийн хүрээний процесс үйл ажиллагаа байна.

Хувьцаа эзэмшигч нарын хооронд хуулийн маргаан үүсэх нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарахгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Харин анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч хуулийн этгээдийн оноосон нэрийг буруу бичсэн алдааг залруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02487 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт А... ХХК гэснийг А... компани гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,023,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД