Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01992

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр Дугаар 210/МА2023/01992

 

М... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02762 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н...т холбогдох,

Сүхбаатар дүүрэг, .... дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын гудамж, .... барилга, 827,69 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, .... тоот 144 м.кв талбайтай гражид дахин үнэлгээ хийлгэхийг даалгах,

2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/25 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. "М...." ХХК нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр "С... ХХК-д 2,420,808,570 төгрөг төлөхөөр болсныг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 201025040020/240 дугаар мэдэгдлийн дагуу "М... ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдсэн.

Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн зарим үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, зарласан байх ба үүнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд хандаж байна.

1.2. "М..." ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, НҮБ-ын гудамж, 8 дугаар барилга, 827,69 м2 талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, .... тоот, 144 м2 талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт нийтэд нь 2,916,356,800 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хүулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасан нөхцөл үүссэн бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэнээс хойш 10 жил өнгөрсөн байна.

1.3. 2011 оноос хойш 10 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийг үнэлгээнд огцом өөрчлөлт орсон, өөрөөр хэлбэл манай компанийн өмчлөлийн Улаанбаатар хотын А бүсэд орших үл хөдлөх хөрөнгийн хувьд 2011 онд тогтоосон үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт орсон тул барьцаа үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгох шаардлагатай байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж, 8 дугаар барилга, 827,69 м.кв талбайтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу миний өмчлөлд шилжүүлэхээр болсон 8/2 тоот 144 м.кв талбайтай гражид дахин үнэлгээ хийлгэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгнө үү.

1.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/25 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт зааснаас бусад хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор... албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасныг зөрчиж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдааг явуулж байгаа нь дээрх хуулийг илт зөрчиж, өмчлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэд шууд халдаж байна.

Мөн нэхэмжлэгч талаас дахин үнэлгээ хийлгэх болох өөр үл хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын лиценз зэргийг шийдвэр гүйцэтгэлийн төлбөрт төлөх боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй болно. Иймд 2022 оны 09 сарын 13-ны өдрийн 10/25 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний Арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр М... ХХК-аас 1,764,052 ам доллар буюу 2,420,808,559 төгрөгийг гаргуулж С... ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М... ХХК-д төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрөөс төлж барагдуулаагүй тул Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, НҮБ-ийн гудамж .... дугаар барилга, 827,69 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, ... тоотод байрлах 144 м.кв талбайтай гаражийн хамт 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 157/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 157/02 тоот тогтоолоор хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй.

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр В.... ХХК-ийн шинжээч О.Б....ийг томилж үнэлгээ тогтоолгоход 4,166,224,000 төгрөгөөр үнэлсэн.

2.3. Дээрх үнэлгээг талуудад албан бичгээр мэдэгдэхэд уг үнэлгээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1114 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1742 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1009 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ болох 4,166,224,000 төгрөгийн 70 хувь болох 2,916,356,800 төгрөгөөр худалдан борлуулахыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2-240/17623 мэдэгдэл, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/25 дугаартай албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор мэдэгдэж, тогтоол мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэн тэмдэглэлээр баримтжуулан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч талаас үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 613 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх захирамжид гомдол гаргасныг мөн шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч М.... ХХК нь нэхэмжлэлдээ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгдсэнээс хойш 10 жил өнгөрсөн бөгөөд 2011 онд тогтоосон үнэлгээнд дахин үнэлгээ тогтоолгох шаардлагатай байна гэжээ. Гэтэл хэргийн материалтай танилцахад уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий В... ХХК нь 4,166,224,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар удаа дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчиж байна.

3.2. МОНГМ ХХК нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Арбитрийн шүүхийн 2010 оны 04 сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр С.... компани1,д 1,700,000 ам.доллар гаргуулж олгохоор заасан. Тухайн үед долларын ханш 1355 төгрөг байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 3469 төгрөг байгаа бөгөөд С.д ХХК нь долларын ханшийн зөрүү буюу 3,600,000,000 төгрөгийн хохирол амсаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч М.... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.2. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч буюу М.... ХХК нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Энэ гомдол Нийслэлийн болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор мөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт ...хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэсэн заалтыг нэхэмжпэгч М.... ХХК зөрчиж хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад гомдол удаа дараа гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Дашрамд дурьдахад М... ХХК нь бүтэн 12 жил хөрөнгө худалдан борлуулах ажиллагааны явцад гомдол гарган төлбөр төлөхөөс зайлсхийж С... компанийг хохироож байна

Нэхэмжлэгч талаас өөр үл хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын лиценз зэргийг төлбөрт төлөх боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн болохыг шийдвэр гүйцэтгэгч танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх зөвшөөрөлтэй В... ХХК-аар хийлгэсэн бөгөөд хууль зөрчөөгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.1, 122 дугаар зүйлийн 122.3,122.5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Сүхбаатар дүүрэг, .....-р хороо, Нэгдсэн үндэсний байгууллагын гудамж,... -р барилга, 827,69 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу миний өмчлөлд шилжүүлэхээр болсон ... тоот 144 м.кв талбайтай гражид дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/25 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М...ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дугаар сарын 12-ний өдрийн 02762 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүхийн шийдвэрт ... нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч энэ асуудлаар удаа дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж байсан бөгөөд шийдвэрлээгүй, гомдлыг бүртгэж аваагүй байсан. Хариуцагч нь үндэслэл бүхий хуульд заасан тайлбар татгалзлаа нотлоогүй байхад зөвхөн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь илт үндэслэлгүй.

5.2. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр миний бие нь өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан бөгөөд өмгөөлөгч маань хөлний хагалгаанд орсны улмаас тус өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан тул эмнэлгийн магадлагаа шүүхэд хүргүүлж, биечлэн оролцох хүсэлт гаргасан боловч дээрхийг хүндэтгэн үзэх шалтгаан биш хэмээн үзэж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

 

6.1. Хөрөнгийн үнэлгээний компаниас нотлох баримтыг гаргуулаагүй, захирамжийн биелэлт хангагдаагүй гэж байна. Энэ асуудлын хувьд нотлох баримтыг авчирч өгсөн байдаг. Шинжээчийг оролцуулсан талаар тайлбар хэргийн материалд авагдсан байгаа.

 

Нэхэмжлэгч тал удаа дараа шүүх хурлыг хойшлуулж байсан учраас хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлж, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/02762 шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

 

7.1. Нэхэмжлэгч хугацаа хэтрүүлэн давж заалдах гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх танай шүүхэд хүргүүлсэнд гомдолтой байгаа. "С... ХХК нь гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж оролцсон. "М..." ХХК олон удаа шүүхээр явж, янз бүрийн арга заль хэрэглэн хугацаа авсаар байгаад асар их гомдолтой байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М... ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын гудамж, ....-р барилга, 827,69 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, .... тоот 144 м.кв талбайтай гражид дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/25 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р 1-2,63/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр хувьцааны төлбөрт төлсөн 1,600,000 ам.доллар, хүү 135,200 ам.доллар, арбитрын хураамж 28,852 ам.долларыг М... ХХК-аас гаргуулан Кипр Улсын Никози хот, Эсперидон гудамж, .... давхарт байрлах, С...д компанид олгохоор шийдвэрлэжээ. /1-р хх127-150/

3.б. Дээрх хүчин төгөлдөр арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203... дугаарт бүртгэлтэй Ү-2203... дугаарт бүртгэлтэй, 827,69 м.кв талбайтай .... давхар оффисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-22030... дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 157/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 157/02 тоот тогтоолоор хураан авсан. /1-р хх66-69/

3.в. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор В... ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрхи хөрөнгийн үнэлгээг 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 4,166,224,000 төгрөгөөр тогтоожээ. /1-р хх. 78-94/

3.г. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01114 дугаар шийдвэрээр М... ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1-р хх 175-177/

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1742 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01009 дугаар тогтоолуудаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. /1-р хх 178-180, 182-183/

3.д. Анхан шаты шүүхийн хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан гуравдагч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаар хийсэн дүгнэлт зөв.

4. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх шаардлага, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Төлбөр төлөгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл шүүхэд гаргаж, ажиллагааг түдгэлзүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацаанд албадан худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлж шүүхэд гомдол гаргасантай холбоотойгоор үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан дуудлага худалдаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнд хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

5. Анхан шатны шүүх М... ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан шийдвэрлэсэн байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан.

Мөн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э... хүндэтгэн үзэх шалтгаантай гэж Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн эмнэлгийн магадлагааг ирүүлсэн. Тухайн магадлагаанд Ерөнхий эмч гарын үсэг зураагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж шүүх хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгахгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.а. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаснаас харахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

5.б. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2023/14050 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлээгүй тул захирамжийн биелэлт хангагдаагүй талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлавал зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг баримтлаагүй байгааг залруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А...ийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02762 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн гэсний дараа 44 дүгээр зүйлийн 44.4 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД