Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 194

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б  

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс С.Э ын 1986-1991 онд авч байсан цалин, орлогыг тогтоосныг үндэс болгож, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.4.2-т /2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/ зааснаар тэтгэврийг минь нэмэгдүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3 дахь заалтаар тэтгэврийг анх өргөдлөө өгсөн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлж өгөхийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , Э.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

С.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний төлөөлж буй иргэн С.Э ын 1986-1991 онд авч байсан цалин орлогыг тогтоосон Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т (2015 оны 01 дүгээр сарын З0-ны өдрийн хуулиар нэмсэн) “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” гэж зааснаар тэтгэврээ нэмэгдүүлэхээр 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар өргөдөл гарган хороо хариуцсан байцаагчид өгөөд шийдээ хүлээж байсан юм.

1. Гэтэл тэр байцаагч нь наадмын дараа 7 дугаар сарын 17-нд “манай хэлтсийн дарга бусад ажилтан нарт хандаж энэ асуудлаа шийдүүл” гэсэн ам хариуг өгч, дээрх өргөдлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан, 07 дугаар сарын 18-ны өдөр цааш нэмэлт хийж хөөцөлдүүлэхээр хүлээлгэн өгсөн огноог албан ёсоор тэмдэглэж өгсөн юм. (баримтыг хавсаргав) Ингэснээр өнөөг хүртэл Нийгмийн даатгалын асуудал хариуцсан шат шатны төрийн захиргааны байгууллагуудаар дамжин тэтгэврээ нэмэгдүүлэх талын зарга гомдол үргэлжилж, тасралтгүй явж байна.

2. Ингэснээр 06 дугаар сарын 23-ны өдөр өгсөн өргөдөлдөө нэмэлт тайлбар бичиж Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад нь албан ёсоор 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хандсан юм. Тэд мөн л асуудлыг “шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тогтоох практик байхгүй” гэсэн тайлбар хийж өвөр зуур шидэлцэн гомдлыг шийдэж өгөхгүй байсаар 8 дугаар сарын сүүлчээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартаа хандаж, бичгээр асуусан гэж амаар хариу өгөв. Тэд миний өргөдөлд хариу өгөх хугацаа их алдсан нь ихэнх ажилтнуудаа амраасан байж таарсан нь нөлөөлөх шиг болсон л доо. 

3. Би ч мөн адил Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж 8 дугаар сард өргөдлөө өгөв. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/07 тоотоор өгсөн хариундаа “Таны 1986-1991 онуудын цалинг тогтоосон Дундговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг үндэслэж өндөр насны тэтгэвэр тогтоосон цалин хөлс орлогыг өөрчлөх боломжгүй” гэв. 

Энэ нь шуудхан хэлэхэд, миний шүүхээр хамгаалуулсан хууль ёсны эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн, байгууллагын гэх явцуу эрх ашгаа хууль бусаар, эрх зүйн үндэсгүй хамгаалсан, Онцгой ажиллагааны журмаар, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаар тогтоосон шүүхийн шийдвэрийг архив болон байгууллагын тодорхойлолттой ч дүйцүүлж үзээгүй, шүүхийг илтэд үл тоомсорлосон, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхээ хэрэгжүүлж, Шүүхээс гаргасан шийдвэрийг нь илтэд үл хүндэтгэж, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”-гээ зөрчсөн явдал болов.

4. Ингээд 2016 оны 07 дугаар дугаар 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэснийг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/07 тоотыг илт хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэн түүний дээд шатны байгуулага болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх заалт өгч уг актыг хүчингүй болгох хүсэлт, гомдол гаргав.

2 сарын дараа 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ө ын гарын үсэг бүхий хариунд:  

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу таны тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шийдвэрлэнэ. Уг шийдвэр буюу нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан захиргааны актыг даатгуулагч эс зөвшөөрвөл Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасны дагуу гомдлоо дээд шатны байгууллага, улмаар шүүхэд хандах эрхтэй. 

Таны өргөдөлд дурдсан асуудлыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дээд шатны захиргааны байгууллагын хувьд хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/07 тоот албан бичгээр “... өндөр насны тэтгэвэр тогтоосон цалин хөлс, орлогыг өөрчлөх боломжгүй” гэжээ. 

Иймд та өргөдөлд дурдсан асуудлаарх маргааныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэсэн хариуг өглөө. Энэ хариу бол маш бөөрөнхий, хэрэг дээрээ харьяа байгууллага Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартаа хууль хэрэгжүүлэх шаардлага тавихаас зайлхийсэн хэрэг болов. 

5. Хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам миний хүсэлт өргөдлийг хянан үзэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1-д 3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 31 дүгээр зүйлийн 31.1-д 3ахиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй гэсэн ёсоор асуудалд ул суурьтай хандаж шийдвэр гаргах заалтууд дээрх байгууллагууд дээр огт хэрэгжээгүй, чимээгүй байж байж хугацаа хэтэрсэн хойно дээрх хариуг өгч байсан юм.

Ингэж манай төр, захиргааны байгууллагууд хуульд зааснаар иргэндээ үйлчлэх, тэдний үндсэн эрхийг хамгаалж, хэрэгжүүлэхэд нэн хойрго, хүнд сурталтай хандаж үнэндээ зовоож байгаад нь тун гомдолтой байна. Анх Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл өгснөөс хойш өдгөө бүтэн 5 сар буюу бараг хагас жил болоод байна.  

Цаашид хараат бус шударга шүүхээс өөр хандаж хөөцөлдөх газар үлдсэнгүй.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”; Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу “нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах” гэснийг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Миний энэхүү учир тайлбарыг хянан тольдож, гомдлын шаардлагыг минь хангаж өгнө гэдэгт иргэн миний үндсэн эрхийг хамгаалдаг хараат бус, шударга шүүхдээ итгэж байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны өндөр насны тэтгэвэр авагч С.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б гийн танай шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 

Уг нэхэмжлэлд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2016/00155 дугаар шийдвэрээр С.Э ын 1986-1991 онд авч байсан цалин, орлогыг тогтоосныг үндэс болгож, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 4.2-т /2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/ зааснаар тэтгэврийг нэмэгдүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа, мөн хуулийн 24.1.1, 24.1.3 дахь заалтаар тэтгэврийг анх өргөдлөө өгсөн 2016 оны 06 дугаар сарын 23- ны өдрөөс эхлэн нэмэгдүүлж өгнө үү гэжээ. Дээрх нэхэмжлэлд дараах тайлбарыг хийж байна. Үүнд: 

1. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-ийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно” гэсний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Тэтгэвэр, тэтгэмж, тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам” батлагдсан. Уг журмын 3-т “Цалин, хөлсний тодорхойлолтын талаар” заасан бөгөөд 3.1.10-д “иргэн 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл аль дараалсан 5 жилийг нь сонгохыг тодруулан зөвлөмж энэ хугацаанд авч байсан цалин хөлсний тодорхойлолтыг НД№16 маягтаар тухайн ажиллаж байсан байгууллагаар эсвэл архивын сан хөмрөгөөс гаргуулсан лавлагааг хавсаргана гэж заасан. 

2. Хэрэв даатгуулагчийн цалин хөлсний баримт нь ажиллаж байсан байгууллагын эсвэл архивын сан хөмрөгөөс олдохгүй байгаа тохиолдолд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.  

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/49, А/105 тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил мэргэжлийн жишиг цалингийн хэмжээний жагсаалт”-ын 8-д “Энгийн ажил, мэргэжлийг 1990 он ба түүнээс өмнөхийг 300 төгрөг/-өөр, 1991 оныг 600 төгрөгөөр тус тус баталсан. 

Гэвч Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2016/00155 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Э ын Дундговь аймгийн Мандалговь хотын Ахуйн үйлчилгээний комбинатад 1985-1991 онд үсчнээр ажиллаж байхдаа авч байсан цалинг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тоггоох боломжгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. 

Дээрх шийдвэрээр өндөр насны тэтгэвэр авагч С.Э ын тэтгэврийг нэмэх талаар тус хэлтсээс 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19/528 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 3/238 дугаар албан бичгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 20- ны өдрийн А/49, А/105 тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил мэргэжлийн жишиг цалинг баримтлан тэтгэвэр тогтоох нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн. 

Иймд Дундговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2016/00155 дугаар шийдвэрийг баримтлан С.Э ын өндөр насны тэтгэврийг өөрчилж тогтоогоогүй болно” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс С.Э ын 1986-1991 онд авч байсан цалин, орлогыг тогтоосныг үндэс болгож, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.4.2-т /2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/ тус тус зааснаар тэтгэврийг минь нэмэгдүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3 дахь заалтаар тэтгэврийг анх өргөдлөө өгсөн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлж өгөхийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Иргэн С.Э нь 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан өндөр насны тэтгэврийг тогтоолгох тухай өргөдлийг гаргасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасны дагуу С.Э ын тэтгэврийг 1999-2004 оны дараалсан 60 сарын дундаж цалин хөлснөөс буюу шимтгэл төлсөн хугацааг 25 жил, 11 сар, 17 өдрөөр тооцож, зохих нэмэгдлийг олгосон болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тэтгэвэр тогтоолтын хуудас зэргээр тогтоогдож байна. 

2011 онд иргэн С.Э ыг анх тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргах үед Дундговь аймгийн Мандалговь хотын Ахуйн үйлчилгээний комбинатад үсчнээр ажиллаж байсан 1985-1991 оны хооронд авч байсан цалин хөлс нь өндөр байсан хэдий ч хувьчлагдах явцад архивын бичиг баримт устгагдсан, даатгуулагчийн цалин хөлсний баримт нь ажиллаж байсан байгууллагын эсвэл архивын сан хөмрөгөөс олдохгүй нөхцөл байдал үүссэн, тухайн үедээ шүүхээр тогтоолгох боломжтой байсныг мэдээгүй, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтны зөвлөснөөр 1999-2004 онд ажилласан жилүүдийг сонгож, өндөр настны тэтгэврээ тогтоолгожээ. 

2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь өөрчлөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд зөвхөн нэг удаа тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно” гэж нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор нэхэмжлэгч анх сонгосон жилүүдийн хөдөлмөрийн хөлсний байдлыг 1 удаа өөрчлөн тогтоох боломжтой таатай нөхцөл байдал үүссэн гэж үзээд  “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэл /хүсэлт/-ийн дагуу Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2016/00155 дугаар шүүхийн шийдвэрээр Дундговь аймгийн Мандалговь хотын Ахуйн үйлчилгээний комбинатад үсчнээр ажиллаж байсан С.Э ыг 1985-1991 оны хооронд авч байсан цалин хөлсийг тогтоосон бөгөөд улмаар уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Ийнхүү С.Э , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б нь 1986-1991 онд авч байсан цалин, орлогыг тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэврийг шинэчлэн тогтоолгох хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан бөгөөд улмаар боломжгүй гэх хариуг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2016 оны А/49, А/105 тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил мэргэжлийн жишиг цалингийн хэмжээний жагсаалт”-ын 8-д “Энгийн ажил, мэргэжлийг 1990 он ба түүнээс өмнөхийг 300 төгрөг/-өөр, 1991 оныг 600 төгрөгөөр тус тус баталсан байхад иргэний хэргийн шүүхээс хэтэрхий өндөр тогтоосон байна” гэж маргасан бөгөөд өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэн нэгэн этгээд үгүйсгэх боломжгүй юм. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д “даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 163 дугаар тушаалаар “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 3 дахь хэсгийн 3.1.10-д “Иргэн 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл аль дараалсан 5 жилийг нь тодруулан зөвлөж энэ хугацаанд авч байсан цалин хөлсний тодорхойлолтыг ... тухайн үед ажиллаж байсан байгууллагаар эсвэл архивын сан хөмрөгөөс гаргуулсан лавлагааг хавсаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэгэнт дээрх тодорхойлолт, лавлагааг гаргаж өгөх боломжгүй учир шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний хэмжээг тодорхойлуулсан байна. 

Нэхэмжлэгч С.Э ын тэтгэврийг 1999-2004 онуудад авч байсан хөдөлмөрийн хөлснөөс тогтоосон нь дээрх үйл баримтаас тодорхой байгаа хэдий ч 1986-1991 оны хооронд авч байсан цалин, хөлс нь тухайн үедээ өндөр байсан, үүнийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан нөхцөл байдлыг харгалзан үзээд хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулж, асуудлыг дахин тодруулах боломжтой гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар С.Э ын өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь өөрчлөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд зөвхөн нэг удаа тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно” гэж нэмэлт өөрчлөлт орсон нь нэхэмжлэгч С.Э ын 1986-1991 оны хооронд авч байсан цалин, хөлсийг тогтоолгож, иргэний шүүхээр шийдвэрлүүлсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлтийг хүлээн авах үндэслэл болох эсэхийг хуулийн хүрээнд өөрийн эрх хэмжээний дагуу шийдвэрлэх хүртэл С.Э ын өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч С.Э ын өндөр насны тэтгэврийг тогтоосон шийдвэрийг өөрчлөн тооцохтой холбоотойгоор захиргааны байгууллагын актыг түдгэлзүүлсэн нь түүний нийгмийн даатгалын сангаас хүртэх өндөр насны тэтгэврийн мөнгийг хүлээн авах эрхийг хязгаарлахгүй болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “Тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх”-өөр заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг баримтлан  Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн С.Э ын өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, түүний тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлтийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хүлээн авах үндэслэлтэй эсэхийг хуулийн хүрээнд өөрийн эрх хэмжээний дагуу шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоосон шийдвэр хүчингүй болохыг мэдэгдсүгэй. 

3. Нэхэмжлэгч С.Э ын өндөр насны тэтгэврийг тогтоосон шийдвэрийг өөрчлөн тооцохтой холбоотойгоор захиргааны байгууллагын актыг түдгэлзүүлсэн нь түүний нийгмийн даатгалын сангаас хүртэх өндөр насны тэтгэврийн мөнгийг хүлээн авах эрхийг хязгаарлахгүй болохыг дурьдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА