Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/0078

 

“Г ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:  П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                 М.Батсуурь

                                Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:       Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0448 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2022/0589 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 467 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “Г ...” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            Хэргийн нөхцөл байдал:

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсанд нэхэмжлэгч “Г ...” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Х” гэх талбайн **-******, **-****** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл багтжээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэр:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0448 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г ...” ХХК-ийн  Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2022/0589 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г ...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Хяналтын журмаар гаргасан гомдол:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц-с шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

5.1. “Г ...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаа.

5.2. Тэрээр дэлхий нийтэд үүсээд буй Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад хүрэлцэн ирэх боломжгүй болсон тул компанийг хэлцэлд төлөөлөх “уул уурхайн салбарын холбогдох журам, баримт бичигт гарын үсэг зурах, холбогдох гэрээ хэлэлцээр хийх, гэрээнд гарын үсэг зурах, компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд, мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой лицензтэй харилцах, бизнесийн болон түүнтэй холбоотой асуудлыг зохицуулах, компанийн үйл ажиллагаатай холбоотой гүйлгээг банк, онлайн дансанд хийх” эрхийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В-д 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуульд заасны дагуу олгож байсан. Энэхүү итгэмжлэлийг В-д олгохдоо итгэмжлэлээр олгогдсон эрхээ бусдад шилжүүлэхгүй байхаар олгож байсан.

5.3. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дээрх шалтгаанаар Монгол Улсын иргэн Б-н Ц-т компанийг төлөөлж Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Ашигт малтмал, газрын тосны газарт төлөөлөх итгэмжлэлийг олгож байсан.

5.4. Дээрх итгэмжлэлүүдийг олгож байх цаг хугацаанд болон түүнээс хойш хайгуулын лицензтэй холбоотой асуудлаар ямар нэгэн маргаан, төлбөрийн асуудал үүссэн, шүүхэд хандах болсон талаар компанийн гүйцэтгэх захирал С-д мэдэгдээгүй байдаг.

5.5. Тэр ч утгаараа компанийг төлөөлж хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг “Г ...” ХХК-ийн гүйцэтгэх захирал С-с В болон Б.Ц нарт итгэмжлэлийн дагуу олгоогүй байдаг.

5.6. “Г ...” ХХК-ийн гүйцэтгэх захирал С нь 2020 оноос хойш Монгол Улсын хилээр нэвтрээгүй нь Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2-4в/999 дугаартай албан бичгээр тогтоогддог.

5.7. Харин нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1452 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасныг үндэслэн В-д тус компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх тусгайлан олгоогүй байх бөгөөд тус компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай байгааг дурдаж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн байдаг.

5.8. Гэтэл В нь дээрх байдлыг компанийн гүйцэтгэх захиралд мэдэгдэлгүйгээр компанийн тамгыг ашиглан 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хятад хэл дээр өөртөө болон Б.Ц-т итгэмжлэл хийлгэж, түүнийгээ орчуулан шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байна.

5.9. Өөрөөр хэлбэл, компанийн гүйцэтгэх захирал С нь 2020 оноос хойш Монгол Улсын хилээр нэвтрээгүй талаар Хил хамгаалах ерөнхий газраас ирсэн байхад итгэмжлэлийг Монгол Улсад байгаа мэтээр үйлдэж, компанийн албан бичгээр итгэмжлэл үйлдэж, гарын үсгийг сканнердаж, тамга дарсан байдаг.

5.10. Тэрхүү итгэмжлэлд Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64 дүгээр зүйлийн 64.2-т заасныг үндэслэж “шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхэд төлөөлөх ...” эрхийн талаар дурдсан бөгөөд захиргааны ямар хэрэг маргаанд оролцох талаар дурдаагүй байдаг.

5.11. Иргэний хуулийн 62 дугаар зүйл нь хэлцэлд төлөөлөх асуудлыг, 64 дүгээр зүйл нь төлөөлөх бүрэн эрхийн талаарх харилцааг зохицуулдаг бөгөөд шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг хуульд зааснаар тусгайлан олгодог билээ.

5.12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж заасан байдаг.

5.13. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах” зэрэг шаардлагыг хуульчилсан байдаг.

Хуулийн дээрх шаардлагыг хангаагүй итгэмжлэлийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үздэг.

5.13. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон захирамжаар В-д компанийг төлөөлж шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаанд Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасны дагуу олгогдсон итгэмжлэлийг хүлээн авч хуульд заасны дагуу үнэлж, дүгнээгүйн улмаас, компани өөрийн албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж чадаагүйн улмаас компанийн эрх ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахад хүрээд байна.

5.14. Өөрөөр хэлбэл, компани шүүхэд хандах болсон тохиолдолд хуулийн зөвлөх болон бусад хуулийн мэдлэгтэй, хариуцлагатай албан тушаалтныг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж оролцох байтал Иргэний хуульд зааснаар хэлцэлд төлөөлөх ерөнхий итгэмжлэлийн дагуу төлөөлөгч нарыг оролцуулж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

5.15. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг хуульд заасны дагуу төлөөлөх этгээдийг оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2, 27.24 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна.

5.16. В, Б.Ц нар нь Иргэний хуулийн 62, 64 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн буюу төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж чадаагүй гэж үзэхээр байна.

5.17. Өөрөөр хэлбэл, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлийг үндэслэж үйлдэгдсэн байх бөгөөд түүнд аль шүүхэд хандах, захиргааны ямар маргаанд оролцох талаар огт дурдаагүй байгаа нь нэхэмжлэгчийг бүрэн төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэдэг нь учир дутагдалтай байна.

5.18. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуульд зааснаар компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс нэхэмжлэл хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.4, 52 дугаар зүйлийн 52.1, 52.3-т заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0448 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2022/0589 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “Г ...” ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн (Ц.О) 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 1752 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, улмаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2427 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг буцаажээ.

8. “Г ...” ХХК-аас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Нэхэмжлэлийг тухайн захиргааны хэргийн шүүх хүлээн авч, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудасны тоог тэмдэглэн ... баримтжуулна” гэж заасны дагуу нэхэмжлэлд тэмдэглээгүйгээс уг нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэзээ хүлээн авсан, нэхэмжлэл, түүнд хэдэн хуудас баримт хавсаргасан, хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан зэрэг нь тодорхойгүй байна.

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3012 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Г ...” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан шүүгч Ц.О захиргааны хэрэг үүсгэжээ.

10. Хэрэгт “... 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 0408 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу Ц.О шүүгчийн “Г ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох 128/2022/0318/з индекстэй хэргийг Ц.Б шүүгчид шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтийг (хүсэлт гаргасан МЛМ С.Ё гэсэн тэмдэглэгээтэй) нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан, уг хүсэлтэд “шүүгч сольж хэргийг шилжүүлэв” гэж тэмдэглэгдсэн байна.

11. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.5, 19.3, 19.3.1, 19.3.2 дахь зохицуулалтуудаас үзвэл, хэрэг хуваарилах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчийг өөрчлөх асуудал нь “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д үндэслэн тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журмаар зохицуулагдах бөгөөд уг журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх, Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй байх зэрэг шаардлагыг хангах, хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх ёстой.

12. Гэтэл хэргийг хуульд заасан ямар үндэслэлээр, хэний шийдвэрээр шүүгч  Ц.О-с шүүгч Ц.Б-д шилжүүлсэн нь тодорхойгүй, энэхүү процессын алдаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болохоор байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна.

13. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт гаргасан хүсэлтэд “Тус шүүхийн шүүгч Ц.О-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байх “Д” ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох 128/2022/0268/з индекстэй хэрэг шүүгч Ц.Б нь “А” ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох 128/2022/0314/з индекстэй захиргааны хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3565 дугаар захирамжаар нэгтгэн шийдвэрлэсэн” гэсэн нь энэхүү хэрэгт ямар хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бий болсон эсэх нь тодорхойгүй байна.

14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1752 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоохдоо “... В-д тус компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тусгайлан олгогдоогүй байх бөгөөд тус компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай” гэж заасан бөгөөд уг үндэслэлийг бүрэн тодруулаагүй, энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар бичгээр гаргасан гомдлын үндэслэл болсон.

15. Нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээдийг төлөөлөх эрхгүй байсан талаар тус хуулийн этгээдийг төлөөлж буй өөр этгээд маргаан үүсгэж буй энэ тохиолдолд хуулийн этгээдийн өмнөөс гаргасан нэхэмжлэл, нотлох баримт, маргасан үйл баримт зэргийг нэхэмжлэл гаргасан этгээдийг үгүйсгэж буй тал ашиглах эрхтэй эсэхэд дүгнэлт өгч, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхийн талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

16. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0448 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2022/0589 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                    М.БАТСУУРЬ

    Х.БАТСҮРЭН

                                                                                Ц.ЦОГТ