Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0589

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, Д.Н нар

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Г ” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч “Г ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0448 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн өмгөөлөгч Г.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0318/З

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0448 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: Миний бие ковид өвчнөөр өвчилсөн 2021 оны 10 дугаар сарын 18 өдрөөс Сахрын хүндрэлд орж сар гаруй эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн энэ хугацаанд Ашигт малтмал газрын тосны газрын геологи уул уурхай кадастрын хэлтэст төлөх ёстой МҮ-017637, МҮ-017638 тоот ашигт малтмалын ашиглалтын лицензийн төлбөрийг эмнэлгээс гарсан даруйдаа өөрийн боломжоо ашиглан ажилтан Х.М-н эзэмшлийн хаан банкны дансаар дамжуулан алдангийн хамт 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 510 дугаар шийдвэр гархаас өмнө төлсөн. Ийм учраас миний гомдолыг хангаж 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, Д.Н нар нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтуудыг тал бүрээс нь хянан шалгаж үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1 Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр “Г ” ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын МҮ-017637, МҮ-017638 тоот тусгай зөвшөөрлүүдийн “тухайн жилд төлөх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан.

4.2 Хугацаандаа төлж амжаагүй гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг хэдий ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт авагдсан болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст удаа дараа гарган өгч байсан өргөдөл, хүсэлтэд хавсарган өгсөн баримтуудаар нотлогддог.

4.3 Төлөх ёстой үед итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц ковид өвчний улмаас сар гаруй эмнэлэгт хэвтэн тусгаарлагдсан, “Г ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Сун Хэ Шиан хоёр улсын хооронд хил хаасан байснаас Монгол улсад ирж чадаагүй, төлбөрийн мөнгийг шилжүүлээгүй байсантай холбоотойгоор Б.Ц эмнэлгээс гарсан даруйдаа өөрийн боломжоо ашиглан ажилтан Х.М-н эзэмшлийн Хаан банкин дах дансаар дамжуулан тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 510 дугаар шийдвэр гарахаас өмнө төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын газрын Төрийн сангийн 100900000712 тоот дансанд байна. Төлбөр төлөх байсан сүүлчийн өдөр 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байсан.

4.4 “Г ” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг АМГ-н 8/5907 дугаар албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч М-017637, М-017638 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан талаар мэдсэн байдаг.

4.5 АМГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4850 дугаар албан бичгийг “Г ” ХХК хүлээн аваагүй шуудангаас буцаалт хийгдсэн баримтыг хариуцагчаас гарган өгсөн. Буцаагдсанаас хойш АМГ ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Кадастрын системд бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн гэх боловч мэдэгдэл буцаагдсан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оролцоог, хангах, урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

4.6 Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт заасан нотлох баримт, гаргаж өгөх, шаардлагатай баримт бүрдүүлэн өгөх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан. Шуудангаар “мэдэгдэл”-ийг явуулсан гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дах хэсэгт заасан “эрх зүйн үр дагаврын талаар оролцогчид урьдчилан мэдэгдэнэ” гэсэн үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүйгээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан тайлбар болон санал гаргах боломжийг олголгүй шийдвэр гаргасан болно.

4.7 Хэрэв хаяглагдсан этгээд хаягаа байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлэх боломжтой байсан. “Г” ХХК-ийн зүгээс удаа дараа АМГ-т хандаж байсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага хугацааг сэргээх боломжтой байсан байна.

4.8 Дээрх үндэслэлүүдээр “Г ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган АМГ-ын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч “Г ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэдтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй” болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг баримтлан Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр  “Г ” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын МҮ-017637, МҮ-017638 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч “Г ” ХХК нь дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага гаргаж, үндэслэлээ “тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт төлж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, тусгай зөвшөөрлийг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцлана”, 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын МҮ-017637, МҮ-017638 тоот тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг түүнийг анх олгосон өдөр буюу 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд тус хугацааг алданги төлөх нөхцөлтэйгөөр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх боломжтой ч 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж ойлгоно.

7. Хавтас хэргээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнөх цаг хугацаанд нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн Ерөнхий захирал С нь Ковид-19 вирусын халдварт өвчний улмаас Монгол Улсын хил хаагдаж, нэвтрэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байх боловч үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм. Учир нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Г ” ХХК-ийн Ерөнхий захирал БНХАУ-н иргэн С /S/ нь Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газарт төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ц-г томилсон байна.

8. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц  нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Сахарный диабет 2 типа оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байх боловч тухайн төлбөрийг заавал биечлэн очиж төлөх шаардлагагүй, урьдчилж буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлөх, мөн цахим банк, бусад хүн, хуулийн этгээдээр дамжуулан төлөх боломжтой юм. 

9. Иймд “Г ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц ын “...хуульд заасан хугацаанд бус 2021 оны 12 дугаар сарын 11 ны өдөр төлөх ёстой хугацаанаас 50 хоног, алдангийн хамт төлөх боломжит хугацаанаас 20 хоногоор тус тус хэтрүүлэн төлснөө хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Ковидоор өвчилж үүнээс болж сахарын өвчин хүндэрч сар гаран эмнэлэгт хэвтэснээс болж тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй хожимдуулсан” гэх гомдол үндэслэлгүй.

10. Хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн цаг хугацаанд шийдвэрээ гаргасан байна.

11. Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн болон тусгай зарчмыг тусгаж өгсөн бөгөөд маргаан бүхий шийдвэрийн хувьд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимтай нийцсэн байна.

12. Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллага аливаа захиргааны акт гаргахдаа үндэслэл болсон бүх нөхцлийг бүрэн тодорхойлж, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулж, бий болсон нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэр гаргахыг “бодит нөхцөл байдлыг тогтоосон” гэж ойлгох бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хуульд заасан хугацаанд төлөөгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэснийг хариуцагчийн буруу гэж үзэхгүй.

13. Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ