Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01994

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01994

 

 

Э.С...ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22ы өдрийн 183/ШШ2023/02497 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.С...ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.О...д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Хадам ээжийн найз О.О.ийн вакум цонх захиалгаар хийлгэх гээд урьдчилгаа төлбөрийг төлөх хэрэгтэй байна гэсэн хүсэлтийн дагуу 5037... дугаарын дансанд О.О...ийн цонхны урьдчилгаа гэсэн утгаар 1,500,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн.

 

1.2. Түүнээс хойш надаас авсан мөнгө төлөгдөхгүй, ээжээс асуухад надаас бас мөнгө зээлсэн байгаа тэрэнтэйгээ хамт өгнө гэсэн гээд хугацаа өнгөрсөн.

 

Хадам ээж П.Э... нь О...д зээлсэн мөнгөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний төлсөн мөнгийг хамт нэхэмжилсэн боловч шилжүүлсэн дансны хуулгаар хадам ээж Д.Э... нэхэмжлэх эрхгүй гэж үзэж тухайн хэсгийг хангаж шийдвэрлээгүй.

 

Иймд вакум цонхны урьдчилгаанд төлсөн 1,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. О.О... нь нэхэмжлэгч Э.С...тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Д.Э...д 1,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

 

2.2. Мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч нь О.О...ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа бол хэргийн жинхэнэ хариуцагч нь О.О... биш мөнгө шилжүүлсэн авсан Хаан банкны 5037... тоот дансыг эзэмшигч Д.М...оос шаардах буюу түүнийг хариуцагчаар тодорхойлох учиртай.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.С...ын хариуцагч О.О.д холбогдуулан г..аргасан 1,500,000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэл гаргах буюу эрхээ хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь төлөөлөх эрхээ шилжүүлж төлөөлөн нэхэмжлэл гаргаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар тогтоогдох бүрэн боломжтой.

 

Тухайн маргаан нь шүүхийн шатанд 2 жил болж эцэслэн шийдвэрлэгдсэн ба анх нэхэмжлэлийг 2020 онд гаргаж байсан болно. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02497 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

 

5.1. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлоо гаргахдаа хадам ээж Д.Э...аар дамжуулан нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлсэн гэж байна. Уг асуудлаар хоёр ч удаа Д.Э... нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч зүйл бий, хангаагүй ч зүйл бий.

5.2. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн маргаан дээр 1,500,000 төгрөгийг ээжээрээ дамжуулан зээлдүүлсэн гэдэг байдлаар 2017 оны болсон үйл явдалд шүүх дүгнэлт өгөөд байгааг гайхаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э.С... нь хариуцагч О.О...д холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг асуудлын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ. /1-р хх 1, 28-29/

3. Нэхэмжлэгч Э.С.аас 2..017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 5037... тоот дансанд О.О...ийн цонхны урьдчилгаа гэх гүйлгээний утгатайгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн хариуцагч О.О...ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1-р хх. 3/

 

4. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

4.а. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.С...ын шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн тухай мэдэх ёстой байсан үеэс буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/03438 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00361 дугаар магадлал гарснаас хойш тоолох хуулийн зохицуулалттай.

 

4.б. Мөн бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжихтэй холбоотой маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилэх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03438 дугаар шийдвийн үндэслэх хэсгийн 4.5-д ... Э.С...аас Д.М...ын тоот дансанд 1,500,000 төгрөгийг О...ээс цонхны үнэ урьдчилгаа гэх утгаар шилжүүлсэн байх тул уг баримтыг үндэслэн, нэхэмжлэгч Д.Э... нь шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэх дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч Э.С... болон хариуцагч О.О... нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 469.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 1,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.С... нь О.О...ийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр О.О... нь Д.М...д төлөх вакум цонхны засварын хөлснөөс чөлөөлөгдсөн тул Э.С... нь 1,500,000 төгрөгийн зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иймд, хариуцагч О.О....ээс 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.С...т олгосон өөрчлөлтийн оруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22ы өдрийн 183/ШШ2023/02497 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.О....ээс 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С...т олгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч О.О...ээс 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД