Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02018

 

 

 

 

 2023 11 17 210/МА2023/02018

 

М.У...ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/03893 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.У...ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н...т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э...нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3228 дугаар захирамжаар иргэн Д.Г.., М.У.., Г... ХХК-уудаас 121,695,836 төгрөгийг гаргуулж К.. ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, Зайсан /..., Дүнжингарав гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 130.35 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 325,369,306 төгрөг гэж тогтоосон бөгөөд үүний 70 хувь буюу 227,758,514.00 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй.

1.2. Улмаар 2 дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж явуулсан атлаа дахин 2 дахь албадан дуудлага худалдаа гэсэн нэрийдлээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3 дахь удаагийн, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 4 дэх удаагийн албадан дуудлага худалдааг тус тус явуулж хууль зөрчсөн байна.

Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 2 дахь албадан дуудлага худалдааг түр зогсоох, хойшлуулаагүй тохиолдолд нэгэнт явагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.

1.3. Мөн, дээрх орон сууц нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч М.Уянгын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр тогтоосон.

1.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа нэртэй 2 удаа л дуудлага худалдаа зохион байгуулж явуулах, энэхүү 2 удаа явуулсан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тохиолдолд төлбөр авагчид барьцаа хөрөнгийг санал болох хуулийн зохицуулалттай байхад орон сууцыг заавал хамгийн бага боломжит үнээр нь борлуулахаар улайрч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин 4 дэх удаагийн албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуультай нийцэхгүй, илтэд хууль зөрчиж байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт зааснаар анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хоёр дахь дуудлага худалдааг явуулахаар зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад анхны албадан дуудлага худалдаагаар тухайн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй тохиолдолд 2 дахь удаагаа албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар зохицуулсан болохоос 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй бол 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа гэсэн нэр томьёог ашиглаж 3, 4 дэх удаа албадан дуудлага худалдааг явуулахгүй.

1.5. Шийдвэр гүйцэтгэгч нь үйлчлэл нь дуусгавар болж, хүчингүй болсон шүүхийн захирамжийг үндэслэн дуудлага худалдааг хүчингүй болгож хууль зөрчсөн.

1.6. Төлбөр авагчид барьцаа хөрөнгийг санал болгох тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хариу өгөхдөө 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дахь удаагийн албадан дуудлага худалдааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29701 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийг үндэслэн дуудлага худалдааг хүчингүй болгосон. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдааны ялагч нь хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3 дахь заалтыг үндэслэн дуудлага худалдааг хүчингүй болгосон гэсэн байдаг.

1.7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж нь дуудлага худалдааг хүчингүй болгох захирамж биш, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж байсан. Тухайн маргаан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00048 дугаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар дуусгавар болсон. Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн хүчин төгөлдөр үйлчлэл нь хэрэг маргаан дуусгавар болсноор мөн адил дуусгавар болсон.

Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2 дахь албадан дуудлага худалдаа гэсэн нэрийдлээр 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр албадан дуудлага худалдааг зохион байгуулж, барьцаалуулсан орон сууцыг хамгийн бага үнэ болох 166,700,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь илтэд хууль зөрчсөн, хуульд нийцэхгүй үйлдэл байх тул албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3228 тоот захирамжаар Г... ХХК, Д.Г.., М.У... нараас 121,695,836 төгрөгийг гаргуулж К... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Бид, төлбөр төлөгч Г.. ХХК, Д.Г.., М.У... нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүрэг, .... дүгээр хороо, Зайсан .. Дүнжингарав гудамж ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 130.35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22060... дугаартай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 21380849/5 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21380849/13 дугаар тогтоолоор хураасан.

2.3. Талуудаас үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10/337 тоот тогтоолоор Д... ХХК-ийг шинжээчээр томилсон ба тухайн компани энэхүү орон сууцыг зах зээлийн үнэ болох 325,369,306 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг талуудад танилцуулсан.

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг тус тус үндэслэн анхны дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ болох 325,369,306 төгрөгийн 70 хувь буюу 227,758,514 төгрөгөөр 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр оруулсан.

2.5. Шүүх болон төлбөр төлөгч нараас манай байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагаага түдгэлзүүлсэн захирамжийн талаар мэдэгдээгүй байсан бөгөөд дуудлага худалдаа явагдсан өдөр энэ талаар мэдсэн. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32022/29701 дугаар захирамжаар гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан тул дээр дурдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагатай болсон.

2.6. Шинжээчийн тогтоосон 325,369,306 төгрөгийн 50 хувь буюу 162,684,653 төгрөгөөр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд хөрөнгийг оруулахад худалдан борлогдсон боловч дуудлага худалдааны ялагч этгээд хөрөнгийг худалдан авахаас татгалзсан тухай хүсэлт ирүүлж, төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3 дахь заалтыг үндэслэл хоёр дахь албадан дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/17 тогтоолоор хүчингүй болгосон ба үүний дараа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 166,700,000.00 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

2.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хууль зөрчөөгүй, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2 удаа хүчингүй болсон. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч М.Уянгын гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдааны Ү-2206... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Зайсан ...Дүнжингарав гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 130.35 м.кв талбайтай 4 өрөө орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 3228 дугаартай захирамжаар "Г..." ХХК, М.У.., Д.Г.. нараас 121,695,836 төгрөгийг гаргуулж К..." ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

4.2. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч "Г..." ХХК, Д.Г.. Д.У.. нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг,...  дүгээр хороо, Зайсан ... Дүнжингарав гудамж ... дугаар байрны...  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22... дугаарт 4 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21380849/5 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21380849/13 дугаар тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10/337 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг "Д..." ХХК-аар үнэлүүлэхэд тус хөрөнгийг 325,875,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, албан бичгээр талуудад үнэлгээг мэдэгдсэн.

4.3. Дээрх үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаанд оруулахад дуудлагад худалдааны оролцогч Г.Ц... гэж хүн 230,000,000 төгрөгөөр худалдан авах санал гаргаж, дуудлага худалдааны ялагч болсон боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/Ш32022/29701 дугаар захирамжаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан учир хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/12 тоот тогтоолыг хүчингүй болгосон.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00048 дугаар захирамжийг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад дуудлага худалдааны ялагчаар 236,000,000 төгрөгөөр худалдан авах санал гаргасан С.Т... гэж хүн тодорсон боловч орон сууцыг андуурч оролцсон гэсэн шалтгаанаар 236,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан тул тус хоёр дахь дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75.1.3 дах заасныг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүйд тооцож, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хоёрдох дуудлага худалдаа дахин зохион байгуулсан.

4.4. Дээрх дуудлага худалдааг анхан шатны шүүх "Хоёр дахь дуудлага худалдааны ялагч худалдан авсан хөрөнгөөсөө татгалзсан тохиолдолд төлбөр авагчид санал болгох ёстой байсан" гэж дүгнэн хүчингүйд тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохоор заасан бөгөөд дээрх маргаан бүхий хөрөнгө нь 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдсон боловч дуудлага худалдааны ялагч авахаас татгалзсан хөрөнгө бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдсон хөрөнгөөс дуудлага худалдааны ялагч татгалзсан тохиолдолд төлбөр авагчид санал болгох тухай зохицуулалт байхгүй, 2 дахь дуудлага худалдааны үнээр худалдан борлогдох боломжтой гэж үзэн 2 дахь дуудлага худалдааг дахин зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр шуурхай, бодитой биелэгдэх боломжийг хангасан ажиллагаа болсон гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/03893 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Төлбөр төлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулах, төлбөрөө төлөхгүй гэж зайлсхийсэн зүйл байхгүй.

Өөрийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлж өгье гэх хүсэлтийг гаргахад Шийдвэр гүйцэтгэх газар үүнийг шийдэж өгдөггүй. Бидний зүгээс удаа дараа дуудлага худалдаа зохион байгуулж байхаар төлбөр авагчид санал болгооч гэх саналыг хариуцагчид тавьсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 305,000,000 төгрөгийн үнэтэй байрыг хамгийн бага үнээр худалдан борлуулах 166,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

5.2. Шийдвэр гүйцэтгэх газар 5 удаа дуудлага худалдааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд анхны дуудлага худалдааг 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааг 50 хувиар явуулна гэж заасан.

Хоёр дахь албадан дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж ирсэн үндэслэлээр цуцалсан. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахиад хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж, ялагч тодорсон. Ялагч нь би байрандаа андуураад орчихсон байна гэж хэлсэн. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдаагаар ялагч тодроогүй байна гээд дахин дуудлага худалдаа зарлаад, тус үл хөдлөх эд хөрөнгийг 166,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3 дахь хэсэгт заасан төлбөр төлөөгүй тохиолдолд дуудлага явуулах нь анхны дуудлага худалдаанд хамааралтай зохицуулалт юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М.У... нь Н...т холбогдуулан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжмаргажээ. /1-р хх 1-4, 47/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03228 дугаар захирамжаар Г... ХХК, М.У..., Д.Г... нараас 121,695,836 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 418,315 төгрөгийг тус тус гаргуулж, К... ХХК-д олгож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Зайсан ... Дүнжингарав гудамж ... байрны ... тоот хаягт байрлалтай, 130.35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206... дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1-р хх. 50-52/

3.б. Дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21380849 тоот тогтоолоор үүсгэж, хариуцагч байгууллага 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21380849/5 дугаар тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21380849/13 дугаар тогтоолуудаар, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Зайсан ... Дүнжингарав гудамж ... байрны ... тоот хаягт байрлалтай, 130.35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206... дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан. /1-р хх. 58, 67/

3.в. Хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Д.. ХХК-ийн шинжээч, Ц.Т...ийг томилж, шинжээч Д... ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар эд хөрөнгийн зэх зээлийн үнэлгээг 325,369,306 төгрөгөөр тогтоосон баримт хэрэгт авагджээ. /1-р хх. 83, 91-110/

3.г. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12-32 тоот тогтоолоор, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/12 тоот тогтоолоор тус тус явуулахаар тогтоосон. /1-р хх 119, 131/ Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчилэн түдгэлзүүлсэн захирамж гарсныг мэдээгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22/12/42 тоот тогтоолоор 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/12 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгосон, дээрх ажиллагаа хуульд нийсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4.а. Анхан шатны шүүх хоёр дахь албадан дуудлага худалдааг хэдэн ч удаа зохион байгуулахаар зохицуулаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 75 дугаар зүйлийн 75.1.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхтэй хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/03893 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД