Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 201

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, Д.Т-т холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүгийн хамт Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, “Шинэ булаг” гэх газарт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Д-н Т-.

Д.Т- нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг “Хошуут” дэлгүүрийн гадна хохирогч Г.Б-ийг хавсарч унагаасны улмаас түүний эрүүл мэндэд баруун шилбэ шаант ясны 1/3 дугаар хэсгийн ташуу зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Д.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Т- гаргасан гомдолдоо “...Миний бие 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз Г.Б-тай таарч уулзаж мэндлээд, гар, бариад, түүний хөлийг тоглоомоор хавсрахад хөл нь гэмтэж, хүндэвтэр хохирол учирсан. Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ “гэмт этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” бол санаатай үйлдэл, харин “гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан”-ыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэж үзнэ гээд хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж намайг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэн миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч Д.Т-ын үйлдлийг хуульд тусгагдаагүй агуулгаар тайлбарлаж, хуулийг төсөөтэй хэрэглэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн.

Шүүхийн энэхүү алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Т- нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг “Хошуут” дэлгүүрийн гадна хохирогч Г.Б-ийг араас нь хавсарч унагаасны улмаас түүний эрүүл мэндэд баруун шилбэ шаант ясны 1/3 дугаар хэсгийн ташуу зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Шүүх аливаа хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, үнэлэлт, дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлж, гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа эсэхийг нягтлан дүгнэсний дараа Эрүүгийн хууль, түүнд тусгагдсан хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.       

Прокуророос шүүгдэгч Д.Т-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн үйлдэл, түүний гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоон, түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг нарийвчлан заагаагүй, түүнчлэн өөрийн үйлдлийн улмаас учирсан үр дагаварт хандаж буй сэтгэл зүйн хандлагын шинжийг хайхрамжгүй, хөнгөмсөг гэж хольж тодорхойлон, гэм буруугийн санаатай, болгоомжгүй, холимог хэлбэр, түүний дотоод элементүүдийн талаар эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны онолд нийцсэн зөв дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид заагаагүй шинжээр тодорхойлж буруутгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байгааг дурдан хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...давж заалдах шатны шүүх миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                          Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

Ч.ХОСБАЯР

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН