Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/0081

 

Б.У-ийн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                       П.Соёл-Эрдэнэ

            Шүүгчид:                                        Д.Батбаатар

                                                                       М.Батсуурь

                                                                      Х.Батсүрэн                                                                      

            Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:          А.Гантогтох

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0450 дугаар шийдвэр,

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2022/0585 дугаар магадлалтай,

            Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 490 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И нарыг оролцуулан хянан хэлэлцэв.      

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

“Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1 Анх Баянгол дүүргийн Засаг даргын 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/37а дугаар захирамжийг үндэслэн иргэн Б.М-т Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 60 дугаар байрны урд талд 450 м.кв талбайд автомашины гаражийн зориулалтаар газар олгогдож, уг газар дээр 25 автомашины гараж барих зураг төсөл хийгдэж, гараж баригдсан байна.

2.2 Дээрх захирамжийг үндэслэн, Баянгол дүүргийн Газрын харилцааны алба нь иргэн М.Э-тай нэг гаражийн буюу 18 м.кв газрыг автомашины гаражийн зориулалтаар ашиглах гэрээг байгуулж, 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр газар ашиглах 789 тоот гэрчилгээ олгогджээ.

2.3. Үүний дараа 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.О нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж 60/18 тоот хаягт байрлах уг гаражийг өмчлөх эрхийн улсын бүртгэлд /эрхийн улсын бүртгэлийн Y-....... дугаарт/ бүртгүүлсэн,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Цо-ны өмчлөлд, 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.У-ийн өмчлөлд тус тус шилжжээ.

2.4. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамжаар “... иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто зам, явган хүний замын нөлөөлөлд өртсөн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арктай шар байрны урд, 20 дугаар сургуулийн хойно зөвшөөрөлгүй баригдсан 30 ширхэг тоосгон гаражийг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх”-ээр шийдвэрлэсэн, үүний дагуу дээр дурдсан автомашины гаражийг буулгасан байна.

3. Нэхэмжлэгч Б.У-с нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гаражийг буулгах тухай шийдвэрийг ямар байгууллага, албан тушаалтан, хэзээ гаргасан болох нь тодорхойгүй бөгөөд “мэдэгдэх хуудас” гэсэн бичигт ямар шийдвэрийг үндэслэж буй нь огт байхгүй, хууль бус хүч хэрэглэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан ажиллагаа хийгээгүй, сонсох үйл ажиллагаа явуулж, ямар ч санал авалгүйгээр иргэний өмчид халдаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, уг актын улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж маргажээ.

4. Хариуцагчаас: “... нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арктай шар байрны урд, 20 дугаар сургуулийн хойно эөвшөөрөлгүй баригдсан 30 ширхэг тоосгон гаражийн газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул дүүргийн Засаг даргын зүгээс газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дугаар захирамжаар газрыг албадан буулгаж чөлөөлсөн. Уг үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5-д тус тус заасантай нийцсэн ... ” гэжээ.  

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос “... иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зам талбайн зай хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газар чөлөөлөлт хийгдсэн нь үндэслэлтэй ...” гэх тайлбарыг тус тус шүүхэд гаргасан байна.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

6.1. “… иргэн Б.О тус газрын төлбөр төлж, уг газар дээрх гаражид үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, түүнээс нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан нь тогтоогдож байгаа хэдий ч гаражийн зориулалттай барилга нь түр барилга байгууламж төдийгүй, нэхэмжлэгчээс тухайн газрыг ашиглаж байсан талаар баримт байхгүй. Газрын тухай хуулийн /2002 он/ 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй байх тул маргаан бүхий актаар нэхэмжлэгч Б.У-ийн ашиг сонирхлыг зөрчөөгүй. Баянгол дүүргийн Засаг даргын 2000 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар 450м.кв газрыг гаражийн зориулалтаар Б.М-т ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч Б.М-аас газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн шийдвэр гараагүй. Нэхэмжлэгчид гаражийн газрыг ашиглуулах шийдвэр гараагүй, гэрээ хийгдэж, гэрчилгээ олгогдоогүй, газрын төлбөр төлж байсан нь тогтоогдоогүй, зөвхөн тухайн газарт баригдсан гаражид үл хөдлөхийн гэрчилгээ авсан байх тул түүнд газар ашиглах эрх үүссэн гэж үзэх боломжгүй. Сонсох ажиллагааны тухайд захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй, ... зөвшөөрөлгүй баригдсан гаражийг албадан буулгах тухай Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамжийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. ...” гэх дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.У-ийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн:

7.1. “... захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд нураагдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж-60/18 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий авто гаражийг нэхэмжлэгч Б.У-ийн нэр дээр 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-...... дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, энэхүү гэрчилгээ хүчин төгөлдөр байхад ... гаражийн зориулалттай барилга нь түр байгууламж төдийгүй нэхэмжлэгчээс тухайн газрыг ашиглаж байсан талаарх баримт байхгүй, Б.Мөнхбаярт гаражийн зориулалтаар олгосон газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн шийдвэр гараагүй, нэхэмжлэгч газрын төлбөр төлж байсан нь тогтоогдоогүй, тухайн газарт баригдсан гаражийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсаныг газар ашиглах эрх үүссэн гэж үзэх боломжгүй …” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон  нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагыг хангасангүй.

7.2. Өмчлөх эрх 2007 онд нэхэмжлэгчийн төрсөн дүү болох Б.Ц-д, улмаар 2011 онд нэхэмжлэгчид тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжсэн, нэхэмжлэгч Б.У-ийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг газар эзэмших эрхтэй холих байдлаар үндэслэлгүйгээр үгүйсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэжээ.

8. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-А 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1. “... Хууль зөрчиж олгосон, хүчин төгөлдөр бус үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан тухай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 60/18 тоот хаягт байрлах автомашины гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн У-...... дугаарын гэрчилгээг олгохдоо тухайн үед буюу 2006 онд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, Газрын тухай хуульд заасан газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байдаг. Тухайлбал:

8.2. Маргаан бүхий газрыг анх Баянгол дүүргийн Засаг даргын 2000 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар иргэн Б.М-т Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 60 дугаар байрны урд талд 25х18мкв= 450мкв газрыг автомашины гаражийн зориулалтаар олгосон.

8.3. Уг захирамжийн дагуу иргэн М.Э-д 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, №789 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг 1 жилийн хугацаатайгаар олгосон. /1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал/

8.4. М.Э-ын тухайн газар ашиглах гэрчилгээнд сунгалт огт хийлгээгүй бөгөөд газар ашиглах гэрээнд 2005 оны 12 дугаар сарын 3-ний1 өдрийг хүртэл сунгалт хийсэн байдаг. /1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал/ 2006 онд М.Э-ын газар ашиглах эрх дууссан бөгөөд, иргэн Б.О-д тухайн гаражийг худалдахдаа 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/789 дугаартай газрын төлбөр тогтоосон актыг шилжүүлэн өгсөн байдаг. /1 дүгээр хавтаст хэргийн 18, 182 дугаар тал/

8.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.

8.6. Газрын төлбөр тогтоосон акт нь Газрын төлбөрийн тухай хуульд заасан тухайн газрыг төлбөр төлсөн эсэх баримт бичиг бөгөөд газар эзэмших, ашиглах, өмчлөх хуульд заасан эрх биш юм.

8.7. Үүнээс үзэхэд иргэн Б.О нь анх тухайн гаражийг худалдан авахдаа газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд байсан болох нь нотлогддог. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 03 дугаар 30-ны өдөр ирүүлсэн 6/2720 дугаартай маргаан бүхий Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 60/18 тоот хаягт байрлах автомашины гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаарын гэрчилгээтэй гаражийн хувийн хэргийг шүүхэд ирүүлсэн байдаг.

8.8. Уг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаарын гэрчилгээтэй гаражийн хувийн хэрэгт газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй бөгөөд зөвхөн 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/789 дугаартай газрын төлбөр тогтоосон актыг хавсаргасан байдаг. /1 дүгээр хавтаст хэргийн 174-182 дугаар талууд/

8.9. Мөн иргэн Б.О нь Үл хөдлөх эд хөрөнгийн албанд газар эзэмших эрхтэй гэж худал мэдүүлэг бөглөсөн байдаг. /1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар тал/

8.10. Улсын бүртгэлийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн алба хууль зөрчиж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаарын гэрчилгээг олгосон тул уг гэрчилгээ хууль бус юм.

8.11. Дээрх гэрчилгээ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-т “мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана”; 13.5.3-т “Мэдүүлэгт тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ хавсаргана”; 13.5.4-т “Мэдүүлэгт газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбарыг хавсаргана”; Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 -т “Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана; 14.1,6-т “Энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:’’ гэж заасныг тус тус зөрчсөн байдаг.

8.12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийн нотлох баримтыг зөв үнэлж, Улсын бүртгэлийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн алба хууль зөрчиж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаарын гэрчилгээг олгосон тул уг гэрчилгээ хууль бус гэж үндэслэл бүхий шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүй, буруу шийдвэр гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна.

8.13. Нэхэмжлэгч нь газар эзэмших, ашиглах эрхтэй байсан болон Газрын төлбөрийг төлж байсан гэх дүгнэлтийн тухайд, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан байдаг.

8.14. Иргэн Б.О нь анх буюу 2006 онд иргэн М.Э-аас Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 60/18 тоот хаягт байрлах газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээгүй газар дээрх гаражийг худалдан авсан бөгөөд 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/789 дугаартай газрын төлбөр тогтоосон актыг Газар зохион байгуулалтын албанаас авсан байдаг.

8.15. Б.О-д маргаан бүхий газар газар эзэмших, ашиглах эрх огт үүсч байгаагүй. Газрыг төлбөрийг 2006 оноос 2017 он хүртэл төлсөн бөгөөд 2017 оноос хойш 2021 онд уг гаражийг буулгах хүртэл газрын төлбөрийг төлж байгаагүй юм. /1 дүгээр хавтаст хэргийн 24 - 27 дугаар тал/

8.16. Харин нэхэмжлэгч Б.У нь маргаан бүхий газар болон гаражийг 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.О-аас авсан байдаг ба газрын төлбөр төлж байгаагүй, газар эзэмших, өмчлөх эрх үүсч байгаагүй этгээд юм. /1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар тал/

8.17. Үүнээс үзэхэд иргэн Б.У нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшигч, өмчлөгч биш бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх. ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

8.18. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийн нотлох баримтыг зөв үнэлж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бодит байдал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн тайлбарыг илт гуйвуулан нэг талыг барьсан буруу шийдвэр гаргасан тул гомдолтой байна.

8.19. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/351 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухай, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамж нь Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, газрын зөвшөөрөлгүй гаражнуудыг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, газрын зөрчил арилгах тухай захиргааны акт юм. Тухайлбал:

8.20. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “Дүүргийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулна”, Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасныг үндэслэсэн.

8.21. Тус 2021 оны А/351 дүгээр захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх, түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй гаражнуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан.

8.22. Маргаан бүхий газарт Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу авто машины зам өргөтгөн шинэчлэх, авто зогсоол, ногоон байгууламжийн ажил хийгдсэн.

8.23. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны дугаар сарын -ны өдрийн А/251 дүгээр захирамжийн сонсох ажиллагааны тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”.

8.24. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол тэдгээрийн төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс тухайн байршилд байрлах гаражнуудын эздэд сонсох ажиллагааны мэдэгдлийг тараасан.

8.25. Уг сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тухайн Б.О /4380091813/ болон Д.Сэлэнгэ нарын 39 иргэнээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар уламжлан Газар зохион байгуулалтын албанд хандан санал, хүсэлтээ бичгээр гаргасан. /1 дүгээр хавтаст хэргийн 78-96 дугаар талууд/

8.26. Дээрх иргэдийн санал, хүсэлтийг судалж үзээд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/1573 дугаар албан бичгээр санал, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариуг хүргүүлсэн байдаг. /1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал/

8.27. Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/250 болон А/251 дүгээр захирамжуудыг 2021 оны 08 дугаар 11-ний өдрөөс 53 ширхэг гараж эзэмшигчдэд мэдэгдэж эхэлсэн байдаг. /1 дүгээр хавтаст хэргийн 30, 123 дугаар тал/

8.28. Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/05 дугаар тогтоолыг үндэслээгүй, бодит үйл явдал, хэрэгт хамааралгүй баримтыг хамааруулсан тул илт үндэслэлгүй гэх дүгнэлтийн тухайд, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн 2/05 дугаар тогтоолоор Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2021 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэмэлт, өөрчлөлтийн санхүүжилтийн төсвийг баталсан бөгөөд Авто зам, явган хүний зам засвар шинэчлэлтийн ажлын зургийн төсөвт 266 сая төгрөгийг тусгасан байдаг. Энэхүү төсвөөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 20 дугаар сургуулийн хойд талд авто зам тавихаар тусгасан талаар Анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан байдаг.

8.29. Иймд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/05 дугаар тогтоолыг үндэслээгүй, бодит үйл явдал, хэрэгт хамааралгүй баримтыг хамааруулсан гэх дүгнэлт нь өөрөө үндэслэлгүй байна.

8.30. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамжаар 30 ширхэг гараж буулгахаар заасан боловч маргаан бүхий газарт байрлах 53 ширхэг гаражийг албадан буулгасан гэх дүгнэлтийн тухайд,

8.31. Маргаан бүхий газарт Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/350 дугаар захирамжаар 17 ширхэг тоосгон, 6 ширхэг төмөр чингэлэг нийт 23 ширхэг гаражийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр албадан буулгаж, газрын зөрчил арилгах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан.

8.32. Харин 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/351 дүгээр захирамжаар маргаан бүхий газарт 30 ширхэг тоосгон гаражийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр албадан буулгаж, газрын зөрчил арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан. /1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар тал/

8.33. Тус 2 захирамжаар нийт 53 ширхэг гаражийг албадан буулгаж, газрын зөрчил арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан. Нэхэмжлэгчийн маргаан бүхий гараж нь 2021 оны А/351 дүгээр захирамжаар албадан чөлөөлсөн 30 ширхэг тоосгон гаражинд хамаардаг болохыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр энэ асуудлыг тайлбарласан болохыг дурдъя.

8.34. Иймд маргаан бүхий Захиргааны акт болон уг захиргааны акт гарах болсон үндэслэл шаардлага, маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барин хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2022/0585 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

9. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 490 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-А хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-Э, гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.А нарт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч талаас хяналтын журмаар гомдол гаргасан тухай цахимаар танилцуулсан байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж шийдвэрлэв.

12. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/351 дүгээр захирамжаар “ ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг ...-ийг тус тус үндэслэн, дүүргийн ... 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арктай шар байрны урд, 20 дугаар сургуулийн хойно зөвшөөрөлгүй баригдсан 30 ширхэг тоосгон гаражийг албадан буулгаж, газар чөлөөлөх”-өөр шийдвэрлэсэн, уг захирамжийн үйлчлэлд орсон 30 гаражийн нэгийг иргэн Б.У өмчилдөг, уг гараж байрлаж буй газрын хувьд Б.У-ийн эзэмшил, ашиглалтад олгосон талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байгаагүй, энэ талаар талууд маргаагүй байна.

13. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан, газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй юм.

14. Маргаан бүхий тохиолдолд, уг газарт анх 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн М.Э-д олгогдсон газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа дуусч, цаашид сунгагдаагүй, хугацаа нь дуусгавар болсон, нэхэмжлэгч Б.У нь автомашины гаражийн зориулалтаар өөрийн ашиглаж байгаа 18 м.кв газрыг хуульд заасан журмын дагуу  эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж аваагүй, гэрээ байгуулаагүй, түүнд газар эзэмших эсхүл ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй байх тул Б.У-д газар эзэмших, ашиглах талаар хамгаалагдах эрх үүсээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшээгүй этгээдийн “хууль бус” эзэмшлээс газар чөлөөлөх зорилгоор гарсан Баянгол дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/351 дүгээр захирамж хууль зөрчөөгүй гэж үзнэ.

15. Газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг /ашиглуулдаг/ бөгөөд хүн өөрийн хувийн өмчийн “автомашины гараж”-ийг төрийн өмчийн газар  дээр бэхэлснээр тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд уг “автомашины гараж”-ийг өмчлөх эрхээ бүртгүүлсэн нь газар эзэмших, ашиглах талаарх хуульд заасан нөхцөл шаардлага, газар эзэмшигч, ашиглагчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

16. Өөрөөр хэлбэл, иргэн Б.У нь төрийн өмчийн газар дээр баригдсан өөрийн хувийн өмчийн гаражийг өмчлөх, эзэмшихдээ хуульд заасан журмын дагуу төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах эрхийг олж авах, хадгалах үүрэгтэй, гаражийн газар ашиглах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах, эсхүл газар ашиглах эрхийг шилжүүлэн авах, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах болон гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар эрх бүхий этгээдэд хандаж байсан баримт байхгүй, энэ талаарх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

17. Энэ тохиолдолд, газарт бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхээс салгаж, тусад нь дүгнэх, эсхүл өмчлөх эрхийн бүртгэл нь давуу эрхийг тодорхойлно гэж үзэх  хууль зүйн боломжгүй, давж заалдах шатны шүүх “газар чөлөөлөх-тэй холбоотой маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, энэхүү маргаанд шууд хамааралгүй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

18. Иймд, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2022/0585 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

  ШҮҮГЧИД                                                                Д.БАТБААТАР

                                                                                       М.БАТСУУРЬ

                                                                                       Х.БАТСҮРЭН