Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01950

 

 

 

 

 

2023 11 08 210/МА2023/01950

 

 

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/03082 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.*******-*******од холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,817,339 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чулуунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

1.1. Б.*******-******* нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ******* *******тай зээл болон барьцааны гэрээ байгуулан 5,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн.

1.2.Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2,623 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна. Хариуцагч нь 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 4,823,834 төгрөг, хүү 6,097,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 896,350 төгрөг, нийт 11,817,339 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: 

2.1. Хариуцагчийн хувьд 2015 оноос хойш зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж байсан ба 5,800,000 төгрөгөөс нийт 1,751,456 төгрөгийг барагдуулсан боловч удалгүй жирэмсэн болж үүнтэй зэрэгцээд ар гэрийн асуудал тулгарч ажлаас гарахаас өөр аргагүйд хүрсэн. Үүний улмаас зээлийн төлбөрийн барагдуулалт маань удааширсан буюу хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон.

Иймд нэхэмжилсэн нийт 11,817,339 төгрөгийн үнийн дүнгээс зээл 4,823,834 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүү 6,993,505 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.*******-*******оос 11,817,339 /арван нэгэн сая найман зуун арван долоон мянга гурван зуун гучин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******инд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,028 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 204,028 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1.Миний бие 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хариуцагч С.*******-*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор итгэмжлэл авч, тус итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрхийг надад олгосон. Гэтэл тус итгэмжлэл хэрэгт авагдсанаас хойш 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт тус шүүх хуралдааныг товлоход миний бие Хэнтий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хуралтай байсан бөгөөд 08 дугаар сарын 22-ны өдөр тус хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлт, тов мэдэгдсэн баримт, Хэнтий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шүүгчийн туслах руу цахим шуудангаар явуулсан.

Гэтэл тус өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасан зохигч, түүний төлөөлөгчийг биеэр оролцох эрхийг хангаагүй гэж үзэж байна.

4.2. С.*******-******* нь өрх толгойлсон эх учраас зээлийн төлбөрийг төлөх нөхцөл боломж муу ч гэсэн уг төлбөрийг төлнө гэж тайлбарладаг. Шүүх талуудын тэгш эрхтэй мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 

5.1. Тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хурал 3 удаа хойшилсон. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр товлоход хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам мэдээд, өөрөө гарын үсэг зурсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн байсан бөгөөд манай шүүх хурал өмнө нь товлогдсон нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох эрхээ алдсан гэж үзэж байна.

5.2.Хариуцагч С.*******-******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Хулан, Г.Гэлэгдуламаар дамжуулан нэхэмжлэлтэй танилцаж, зээлийн гэрээтэй маргах зүйл байхгүй гэх тайлбарыг өгсөн тул тухайн өдөр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч С.*******-*******од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,817,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч тал нэхэмжлэлээс зээлийн үлдэгдэл 4,823,834 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ар гэрийн асуудлаас шалтгаалан ажлаасаа гарсан, Ковидын нөхцөл байдал зэргээс шалтгаалан зээл төлөх боломжгүй болсон, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. ******* ******* ХК, С.*******-******* нар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 5,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүг хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-11/ Гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлжээ. /хх-12, 13/

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

 

4. Хариуцагч С.*******-******* нь гэрээгээр тогтоосон хугацаанд зээл, түүний хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан. /хх-21, 22/

 

Талууд гэрээгээр зээлийн хүү, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ. /хх-11/ Гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч С.*******-******* нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш зээл, түүний хүүг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

5. Талууд гэрээний 5.1-д Зээлдэгч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /үүнд: байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг, эрх бүхий этгээдийн тогтоосон хорио цээрийн дэглэм г.м/ нь энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлийг харилцан тохиролцжээ. Иймээс хөдөлмөр эрхлээгүй, Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн нь 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаарх анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийн зохицуулалтыг талуудын хооронд үүссэн зээлийн харилцаанд хэрэглэхгүй гэж зөв тайлбарлажээ. ХаринИргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасан анзыг ******* шаардаагүй гэх дүгнэлт оновчгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэнэ. Учир нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд олгох зээлд анзыг хэрэглэхгүй.

 

8. Хариуцагч тал хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

8.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр товлон зарласан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 102/ШЗ2023/13031 дугаартай захирамжаар 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. /хх-36, 37/ Тус өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын хүсэлтийг үндэслэн мөн сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж байжээ. /хх-42/

 

8.б. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцох тул шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, нэхэмжлэгч талаас хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт тус тус гаргасан байна.

 

Шүүгч захирамж гарган, хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасныг тус тус хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш байх, мэтгэлцэх зарчимд үндэслэн явагддаг бөгөөд шүүх хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, мэтгэлцэх боломжоор бүрэн хангасан, эрхийг хязгаарласан гэх байдал тогтоогдохгүй байна. Иймээс зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

9. Нэхэмжлэгч ******* ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаат компани болж өөрчлөгдсөн болох нь хэргийн 51 дүгээр зүйлд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон байхад анхан шатны шүүх ХХК гэж шийдвэрт бичсэн алдааг залруулна. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг баримталсан нь оновчгүй байгааг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болгон зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/03082 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь гэснийг хасч, гэснийг 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх гэж, ******* *******инд гэснийг ******* ******* ХК-д гэж, шийдвэрийн удиртгал хэсэг болон үндэслэх хэсэгт ******* ******* ХХК гэснийг ******* ******* ХК гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД